Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0389

 

 

 

 

 

 

“К б” ХХК дахь банкны эрх хүлээн

авагч, “Ц” ХХК, “Ү т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С, С.Н, нэхэмжлэгч “Ц” ХХК, “Ү т” ХХК болон гуравдагч этгээд “Ц” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Ц” ХХК, “Ү т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр:

“...1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын МV-013676 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8, 54.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК, “Ү т” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 583, 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 543 дугаар тушаалуудаар ашигт малтмалын ашиглалтын ........ тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг хүчингүй болгож, ........ тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч “Ц” ХХК, “Ү т” ХХК болон гуравдагч этгээд “Ц” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Ц” ХХК нь “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас зээлийн гэрээгээр нийт 3.000.000.000 төгрөгийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж барьцааны гэрээний хамт байгуулан зээл авсан. Уг гэрээний барьцаа хөрөнгүүдийг шилжүүлэх асуудал дээр талууд 2015 оны 12 дугаар сараас эхлэн маргаан үүсгэж, тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тодорхой бус ээлжит төлбөрийг талуудын хэн төлөх эсэх нь маргаантай байсан учраас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг түр түдгэлзүүлэхийг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг “К б” ХХК-ийн зүгээс гаргаж байсан бөгөөд шүүх энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан зохих байгууллагад мэдэгдэл хүргүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн байх тул “К б” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар “Ц” ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгө болох “Ц” ХХК, “Үүрт-Тур” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх хөрөнгүүд, газрын хамт битүүмжлэн, захиран зарцуулах эрх, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн тухай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/10819 дугаартай албан бичиг, “К б” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1/4553 албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Ашигт малтмал, Газрын тосны газарт гаргаж байсан.

Барьцаа болох тусгай зөвшөөрлүүдийн ямар нэгэн хөдөлгөөн хийх эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн, маргаантай байсан талаар банкны зүгээс мэдэгдсэн, “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 21-ий өдрийн 1894 дугаартай албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж өгөх хүсэлт гаргасан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1/2652 дугаартай албан бичгээр “Кадастрын хэлтсийн даргын тушаалаар цуцалсан тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн.

Эцэст нь “К б” ХХК болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх хүсэлтийг Ашигт малтмал, Газрын тосны газарт гаргахад нэгэнт шийдвэр гарч цуцлагдсан тул сэргээгдэх боломжгүй гэсэн хариуг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 8/1668 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ирүүлснийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр мэдсэн.

Дээрх асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргэгдээд 5 жил, дараа нь банкны өр төлбөр барагдуулах алба руу мөн шилжээд 2 жилийн хугацаа өнгөрч байна.

Ийнхүү төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдлаас болж өнөөдрийг хүртэл манай компаниудын ажил хэргийн нэр хүнд, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хамтран ажиллагч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн эрх зөрчигдөж, сэтгэл санаа болон эд материалын их хэмжээний хохирол учрах эрсдэл бий болоод байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 285 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн хоёр дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С, С.Н нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаар захирамжаар “Ц” ХХК-иас 1.556.217.370 төгрөг гаргуулах, харилцан тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг К банд үл маргах журмаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:

1.1.Төв аймаг Сэргэлэн сумын Салаагийн алт орд нэртэй газарт орших 227 гектар талбайтай, 30 жилийн хугацаатай 1865А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл,

1.2.Төв аймаг Сэргэлэн сумын “Салхит” нэртэй газарт орших 78 гектар талбайтай, 60 жилийн хугацаатай, 13676 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл,

1.3.Төв аймаг Сэргэлэн сумын Налгар нэртэй газарт орших 77 гектар талбайтай, 30 жилийн хугацаатай 4016А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл,

1.4.Төв аймаг Сэргэлэн сумын Салбарын ам орд нэртэй газарт орших 139 гектар талбайтай, 30 жилийн хугацаатай 120290А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл,

1.5.Төв аймаг Сэргэлэн сумын Салхит нэртэй газарт орших 132 гектар талбайтай, 10856Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл,  

1.6.Төв аймаг Сэргэлэн сумын Өлгийн хөтөл нэртэй газарт орших 1349 гектар талбайтай, 12168 дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл,

1.7.Төв аймаг Сэргэлэн сумын Налгарын дээд ам нэртэй газарт орших 610 гектар талбайтай, 12028Х дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан болно.

            2.Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явц буюу тодорхой, шалтгааны улмаас тухайн хуулийн 32.2, 32.6, 56 дугаар зүйлд зааснаар төлбөрийг хэрхэн төлөх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд ижил төсөөтэй хуулийн зүйл, заалтыг хэрэглэх нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан болно.

                        3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх хөрөнгүүд, газрын хамт битүүмжлэн, захиран зарцуулах эрх, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн тухай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/10819 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, Газрын тосны газарт хүргүүлж, түдгэлзүүлсэн талаар хариу өгөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн, мөн “К б” ХХК-иас тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч нь тодорхой бус, ээлжит төлбөрийг талуудын хэн төлөх нь маргаантай байсан учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг түр түдгэлзүүлэхийг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргахад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан зохих байгууллагад мэдэгдэл хүргүүлэх боломжтой” гэсэн хариу ирүүлсэн бөгөөд К б” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1/4553 албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг төлөх, цуцлах асуудлыг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хойшлуулж өгөх хүсэлтүүдийг Ашигт малтмал, Газрын тосны газраас өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлээгүй нь тухайн байгууллагын буруу юм.

Ашигт малтмал, Газрын тосны газар нь хууль зөрчиж, нэг талын давуу байдлаа ашиглаж, бусдын эрх ашгийг хөндөж, хүсэлт, мэдэгдэлд ашигт малтмалын ээлжит төлбөрийг төлөх, эс төлөх, түдгэлзүүлсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичигт ямар үндэслэлээр үгүйсгэж буй талаар хариу хүргүүлж байгаагүй болно.

4.Хэргийн нотлох баримтуудыг шинэчлэн судлахад Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар Ашигт малтмал, Газрын тосны газар нь эзэмшигч “Ц” ХХК, “Үүрт-Тур” ХХК-д ........ тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн гэх боловч нотлох баримтаар шуудангаар буцаагдсан байдаг бөгөөд гардан аваагүй байхад нь тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийг зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх урьдчилан мэдэгдэх нь ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн хуулийн заалтыг үгүйсгэлээ.

Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэн, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн, шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалагч талын эрх ашгийг хөндөж, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар заалтыг зөрчсөн байх тул Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 583 дугаар шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 543 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, ......тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү.

 

 
   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “төлбөрийн чадваргүй болсон банканд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө” гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулсан, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-ын “…гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн үндэслэлээр “Ү т” ХХК-ийн, 54.1.8-ын “нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9536 дугаар захирамжаар анх “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт “Ц” ХХК, “Ү т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан атлаа 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 802 дугаар захирамжаар тус 2 компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг “Ц” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Цогт-Эрдэнийн гаргасан хүсэлтийг үндэслэн дээрх хэрэгтэй нэгтгэхдээ эрх зүйн байдлын хувьд “Ц” ХХК, “Ү т” ХХК-ийг цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, эсхүл гуравдагч этгээдийн алинаар нь оролцох болохыг тодорхойгүй орхижээ.

Ж.Цогтгэрэлийн хүсэлтээр хэргийг нэгтгэсэн ч тэрбээр 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “…К бны нэхэмжлэлтэй хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй тул хэргийг нэгтгэж өгөхийг хүссэн байна.

Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны “Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 163 дугаар захирамж, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 12671 дүгээр дээрх захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжаар К бны барьцаа хөрөнгүүд, түүний дотор ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг банкинд үл маргах журмаар шилжүүлэх талаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/10819, нийслэлийн прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 3070 дугаар прокурорын зөвшөөрөл, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10а-3/5260 тоот албан бичгээр К бны барьцаанд бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэн бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан,

-“Ц” ХХК-иас 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд хандаж тусгай зөвшөөрлүүдийг К бинд үл маргах журмаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохоо илэрхийлсэн зэргээс үзэхэд маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх этгээдийг зөв тодорхойлох шаардлагатай байна.

2.Анх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/5324 дүгээр бичигт “…“Ц” ХХК болон “Ц” ХХК-ийн захирал Ж.Цогт-Эрдэнийн нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлттэй танилцаад хугацаа сэргээх шаардлагагүй, Ашигт малтмал, газрын тосны газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаярын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/2905 дугаар албан бичгээр өгсөн хариунаас хойш тооцоход мөн оны 7 дугаар сарын 22-ны дотор нэхэмжлэлээ гаргах боломжтой…” гэж үзсэн, энэ хугацаанд буюу Ж.Цогт-Эрдэнийн 7 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн 2020 оны 5526 дугаар захирамжаар “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 645 дугаар тогтоолоор хүчингүй болгож, улмаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаанд “Ц” ХХК, “Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.

Ийнхүү нэхэмжлэл гаргах хугацаа хэтрээгүй, хугацаа сэргээлгэх шаардлагагүй гэж үзэж байсан атлаа шүүхийн шийдвэрт 2 компанийн нэхэмжлэлийг хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх үйл баримттай зөрчилтэй болсон төдийгүй түүнийгээ үгүйсгэсэн дүгнэлт огт хийгдээгүй байна.

3.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “…кадастрын асуудал хариуцсан нэгж нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах… асуудлыг эрхэлнэ”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй…” гэсэн нь Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий шийдвэрийн талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах шаардлагагүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон зохицуулалт. 

Гэтэл шүүхийн шийдвэрт “Ү т” ХХК-ийн тухайд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэгжүүлэх боломжтой гэж үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна “Ц” ХХК-ийг нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлүүдэд хязгаарлалт хийсэн, мөн энэ талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан талаарх баримтууд нь нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхийг дүгнэхэд зайлшгүй анхаарах нотлох баримтууд байна. 

4.Ашигт малтмалын ашиглалтын ..... тоот тусгай зөвшөөрлүүдийг 2010 онд К бинд барьцаалсныг Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын зохих шийдвэрүүдээр бүртгэснээр тус банк нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасны дагуу барьцаалагч болсноос бус уг хуулийн 51.6-д заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээхгүй.

Гэтэл барьцаанд буй тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар хариуцагчийн К б болон тусгай зөвшөөрөл эзэмшигч 2 хуулийн этгээдэд хүргүүлсэн гэх мэдэгдлүүдээс “Ү т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MB-001865 тоот тусгай зөвшөөрөлд хамаарах 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 7/6668 дугаар мэдэгдлийг тус компанид хэзээ, хэрхэн хүргүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байна. 

Энэ мэтчилэн “мэдэгдэл” хүргүүлсэн эсэх талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай хийгээгүй атлаа “мэдэгдэл” ач холбогдолгүй, төлбөр төлөх талаар урьдчилан заавал мэдэгдэх шаардлагагүй, “…нэхэмжлэгч тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн шийдвэрүүдийг гарахаас нь өмнө төдийгүй гарсан даруйд нь мэдсэн…” гэх зэргээр мэдэгдлийн талаарх хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэсэн нь цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан шийдвэр гарсан талаар зайлшгүй тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн хуулийн шаардлага.  

Чухамдаа цуцалсан талаар нэхэмжлэгчийг мэдсэн гэж дүгнэх бус харин энэ талаар хариуцагчаас хэзээ, хэрхэн мэдэгдсэн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож буй тохиолдолд нэхэмжлэл гаргах хугацааг “мэдсэн” бус “мэдэгдсэн” үеэс тооцох ёстой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН