Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00969

 

Г.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00001 дүгээр шийдвэр,

            Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 218/МА2018/00006 дугаар магадлалтай,

            Г.М-гийн нэхэмжлэлтэй,

            Ц.Х, Д.А нарт холбогдох

            16,221,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

        2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, хариуцагч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч Г.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2015 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагч Ц.Х, Д.А нарт 11,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Хариуцагч нарт 11 сая төгрөгийг тус болох үүднээс О.Мөнхжаргалаас сарын 10 хувийн хүүтэйгээр өөрөө зээлж авч өгч зээлдүүлснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа боловч намайг О.Мөнхжаргалаас тус мөнгийг сарын 10 биш 8 хувийн хүүтэй зээлж авсан хэмээн маргаж байгаа. Гэвч О.Мөнхжаргалын мэдүүлгээр сарын 10 хувийн хүүтэй 11 сая төгрөгийг авсан гэдэг нь нотлогддог. Намайг О.Мөнхжаргалд 2015 оны 08 сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 сарын 17-ны өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд 4,400,000 төгрөгийг төлсөн гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2015 оны 12 сарын 17-ны өдөр 11,000,000 төгрөгийн дүнтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч нар 2015 оны 12 сарын 17-ны өдөр гэрээ байгуулах үедээ мөнгө аваагүй, гэрээг Ц.Хтай байгуулсан гэж маргаж байгаа хэдийч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ” гэсэн заалтаар хариуцагч нарын 11,000,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, ийнхүү гэрээ байгуулснаас хойш хугацааны хүүг 2015 оны 12 сарын 22-ны өдрөөс эхлэн төлсөн. Тодруулбал гэрээний дагуу сар бүр 6 сарын хугацаанд төлөгдөх 1,100,000 төгрөгийн хүүг 2015 оны 12 сарын 22, 2016 оны 01 сарын 18, 2016 оны 02 сарын 16, 2016 оны 03 сарын 30, 2016 оны 06 сарын 11, 2016 оны 06 сарын 11-нд төлсөн. Бид зээлийн гэрээний 2.6 дахь хэсгийн заалтаар зээлийн хүү төлөх хугацааг сард нь буюу зээл төлөх тухайн сардаа багтаан өгч, зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлөхөөр тохирсон боловч 2015 оны 4 сард зээл төлөх хугацааг 45 хоног, 5 сард 11 хоног, үндсэн зээл төлөх хугацааг 485 хоногийн хугацаагаар тус тус хэтрүүлсэн. 2016 оны 06 сарын 11-ний өдөр зээлийн хүү төлөх хүүгээс гадна 300,000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг алданги, үндсэн зээлээс хасч тооцсон буюу 2016 оны 06 сары 11-ний төлсөн 300,000 төгрөгөөс 114,000 төгрөгийг тэдний төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээр тооцогдох алдангийн дүнгээс 185,600 төгрөгийг үндсэн зээлийн дүнгээс тус тус хасч тооцсон. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээл 10,814,400 төгрөг, гэрээний дагуу тооцогдох алданги 5,407,200 төгрөг, нийт 16,211,600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Ц.Хын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: Анх Д.А нь 2015 оны 08 сарын 12-ны өдөр Г.М-, Г.Чагнаадорж нартай уулзаж 11,000,000 төгрөг зээлэх талаар ярилцан тохиролцож тухайн өдөр миний бие гар дээрээ бэлэн 9,900,000 төгрөг хүлээн авч, 1,100,000 төгрөгийг Г.М- уг өдрөө хүүнд нь тооцон авч үлдсэн гэсэн. Бидний зүгээс зээлдүүлэгчид 11,300,000 төгрөгийг төлсөн ба зээлсэн үнийн дүнгээс 2,400,000 төгрөгийг илүү төлөөд байгаа. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тодорхой заасан байдаг. Зээлдүүлэгчийн хувьд мөнгө шилжүүлэн өгсөн өдрөө буюу 2015 оны 08 сарын 12-ны өдөр бичгээр гэрээ огт байгуулаагүй, харин 4 сарын дараа буюу 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан хэдий ч гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасанчлан дүр үзүүлсэн хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд зээлдэгчээс бид 9,900,000 төгрөг зээлсэн, уг зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан төдийгүй 2,400,000 төгрөгийг илүү төлөөд байгаа учир уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү гэжээ.

            Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00001 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Ц.Х, Д.А нараас 7,590,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ц.Хын 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,971 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х, Д.А нараас 136,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 218/МА2018/00006 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00001 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3” гэснийг “232.6” гэж, 2 дугаар заалтын “Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.            

             Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00001 дугаартай шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 218/МА2018/00006 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийг хянуулахаар дараах үндэслэлээр гомдлоо гаргаж байна.

1. 2015 оны 08 сарын 12-ны өдөр Г.М- нь Д.Аэд 11 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /амаар/ харилцан тохиролцсон боловч 1 сарын хүүг урьдчилан суутгах нэрээр 9,900,000 төгрөгийг Д.Аэд шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбараар нотлогддог. Гэтэл 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлдэгчийн гэр бүлийн хүн болох Ц.Хтай шинээр зээлийн гэрээ байгуулж гэрээ байгуулагдах өдөр 11,000,000 төгрөг бэлнээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх “Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэжээ. Бодит байдал дээр гэрээ байгуулагдах үед Г.М- нь Ц.Хт мөнгө шилжүүлэн өгөөгүй болох нь талуудын тайлбараар хангалттай нотлогддог. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Хаас Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцуулан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

3. Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын хүрээнд бус харин гэрээний агуулгыг өөрчилж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх түүнийг залруулаагүйд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч Г.М-гийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь 11,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Зээлийн гэрээний үүргийн биелэлт болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан үр дагаварыг арилгуулахаар шүүхэд хандсан байхад шүүх 6,600,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн үндэслэлийг өөрийн дураар өөрчлөн шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийг ноцтой зөрчсөн.

4. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хүчин төгөлдөр байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ” гэжээ. Шүүх Иргэний хуулийн 56.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэрлэхдээ мөн хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8 дахь хэсэгт заасан хэлцлүүдээс ямар төрлийн хэлцэл байгуулагдсан талаар тодорхой дүгнэлт хийх ёстой атал энэ талаар огтхон ч дурдалгүйгээр 56.3 дахь заалтыг дангаар хэрэглэсэн байхад Давж заалдах шатны шүүх “ ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ... гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн” хэмээн шүүхийн шийдвэрийн үндэслэлд огт тусгагдаагүй зүйлийг зохиомлоор оруулж дүгнэсэн байна.

5. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2016 оны 06 сарын 17 - 2017 оны 11 сарын 02 хүртэлх хугацааны алданги нэхэмжилснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг үндэслэн хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Учир нь нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш 1 жил гаруй хугацаанд анхан шатны шүүх 2 удаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүх тогтоож шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл хариуцагч нарыг хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй хэмээн дүгнэсэн нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байна. Д.А нь Г.М-д нийт 11,400,000 төгрөг хүлээлгэн өгсөн нь баримт болон талуудын тайлбараар тогтоогддог ба нэхэмжлэгчийг хохироосон үйлдэл байхгүй билээ. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00001 дугаартай шийдвэр, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 218/МА2018/00006 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүх хариуцагч Ц.Х, Д.А нараас 7,590,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож, хариуцагч Ц.Хын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцээний үндсэн дээр, зохигчдын бүрдүүлсэн нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэрэглэх ёстой хуулийн заалтыг зөв баримтлаагүй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

        Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Ц.Х, Д.А нараас зээлийн үлдэгдэл 10,814,400 төгрөг, алданги 5,407,200 төгрөг, нийт 16,221,600 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Ц.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Х, Г.М- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

       2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г.М- нь Д.Аэд 11,000,000 төгрөг  зээлүүлэхээр аман хэлбэрээр гэрээ байгуулсан, нэг сарын хүүнд тооцож 1,100,000 төгрөгийг суутган 9,900,000 төгрөгийг Д.Аэд зээлүүлсэн ба талууд хүү тооцохоор тохиролцсон хэдий ч гэрээг  бичгээр хийх шаардлагыг хангаагүй тул 9,900,000 төгрөгийн зээлийн гэрээг хүүгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т нийцсэн байна.

         Хариуцагч Д.А нь 2015 оны 9, 10, 11 дугаар саруудад Г.М-д нийт 3,300,000 төгрөгийг буцаан төлсөн, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г.М-, Ц.Х нарын хооронд 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

             Анхан шатны шүүх Г.М- нь Ц.Хт 6,600,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр гэрээ байгуулсан гэж дүгнэхдээ 2015 оны 08 сарын 12-ны өдрийн 9,900,000 төгрөгийн зээлээс 2015 оны 8, 9, 10 саруудад хариуцагчийн төлсөн нийт 3,300,000 төгрөгийг хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойш хариуцагч Ц.Х, Д.А нар нь нэхэмжлэгчид 5,500,000 төгрөг төлсөн, үүнээс 6,600,000 төгрөгийн зээлийн хүү 3,960,000  төгрөгийг хасч, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх өдрийн байдлаар 5,060,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

           Нэхэмжлэгч нь гэрээнд заасан алданги шаардсаныг зээлийн үлдэгдэл 5,060,000 төгрөгийн 50 хувиар тооцон хариуцагч Ц.Х, Д.А нараас гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д нийцжээ.

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээг хүчин төгөлдөр гэж үнэлсэн тул хариуцагч Ц.Хын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.  

        Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс  хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг бүхэлд нь баримталсан нь учир дутагдалтай байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулна.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172  дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 218/МА2018/00006 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “56.1” гэснийг “56.1.2” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       2. Хариуцагч Д.Аийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,340 /гурван зуун хорин долоон мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН