Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1988 онд төрсөн, 29 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Багануур, Зүүн, Өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Дундговь салбарт нярав ажилтай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 8-р байрны 3 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Дэрэн суманд 1989 онд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт саатуулах байрны цагдаа ажилтай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Говийн тэнгэр хотхон 17А байрны 13 тоотод оршин суух, Цэрэнбатын Хатанбаатарт холбогдох,

Үндсэн зээл 9600000 төгрөг, алданги 5499900 төгрөг, нийт 15099900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 15-ны өдөр 139/2016/00405/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Боржигон овогт Дашнамжилын Дарьсүрэн /Өмгөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1030/,

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Г.Мөнхзаяа, хариуцагч Ц.Хатанбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 сарын 11-ний өдөр иргэн О.Мөнхжаргалаас би 11  сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, 2015 оны 8 сарын 12-нд Ц.Хатанбаатарын эхнэр Д.Амар-Энхэд 11 сая төгрөгийг зээлж бэлнээр хүлээлгэж өгсөн. Үүнээс 1100000 төгрөгийг тухайн сарын хүүнд тооцон  хасаж надад өгсөн. 9900000 төгрөгийг хариуцагч авсан. Хүүгээ урьдчилж өгсөн л гэсэн үг. Тухайн үед аман гэрээгээр мөнгө зээлүүлсэн. Хугацаагаа хариуцагч оноос өмнө өгнө, 11 сарын 26-нд Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж үүгээр зээл маань тодорхой болно. Тэгэхээр байрныхаа зээлийг хөөцөлдөөд эргүүлээд өгнө гэж хэлээд хариуцагч мөнгө зээлсэн байгаа. Тэгээд 11 сард өгнө гэж авсан боловч өгөхгүй байхаар нь гэрээ байгуулсан нь зөв юм байна гэж ойлгоод 2015 оны 12 сарын 17-ны өдөр хариуцагч Ц.Хатанбаатартай зээлийн гэрээ байгуулсан. Үүнийг хариуцагч хариу тайлбар гаргахдаа хүлээн зөвшөөрсөн байсан. Үүнээс өмнө нь хүүний хувьд ямар ч асуудал байхгүй. Би зөвхөн гэрээний хугацаанд нэхэмжлэл гаргасан. Нөхөр бид хоёр мөнгө хүүлж ашиг хонжоо олдог хүмүүс биш. Зүгээр л найзууддаа тусалж хүнээс мөнгө зээлж авч өгсөн. Нотариат дээр очоод хугацаагаа өөрсдөө тодорхойлдог юм байна лээ. Хариуцагчаас хэзээ өгөх боломжтой вэ гэж асуухад 6 сараас өмнө нь барагдуулчихсан байна байх гэж хэлсэн учраас хагас жилийн хугацаа өгсөн. 2015 оны 12 сарын 17-ноос 2016 оны 12 сарын 17-ныг хүртэл хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хувьд хариуцагч эхний 3 сар хүртэл хүүгээ өгч байсан. Хамгийн сүүлд 3 сарын 30-нд мөнгө өгсөн байгаа. 6 сарын 11-нд 2500000 төгрөг өгсөн. Гэрээ дуусаад 7 сарын 17-н билүү 18-нд би эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаад хариуцагч тал өөрсдөө эвлэрээгүй. 10 сарын 15-ны өдөр зээл авах боломжтой болоод тал хувийг нь ч гэсэн өгнө гэж хариуцагч хэлсэн. Гэхдээ би тэр саналыг нь хүлээж аваагүй. Дараа дараачийнх нь шатанд хандана гээд татгалзсан. Тэгээд ямар ч данс хөдөлгөөгүй явсаар байхаар нь би 2016 оны 11 сарын 4-нд Хаан банкнаас 16 сая төгрөгийн зээл авч уг мөнгөөрөө би хариуцагч талын өмнөөс 15990900 төгрөгийг 2017 оны 1 сарын 7-ны өдөр О.Мөнхжаргалд өгч зээлийг нь барагдуулсан. Миний өмнөх 2016 оны 12 сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлд үндсэн зээл болох 11000000 төгрөгийг 9600000 төгрөг мэт ойлгогдохоор бичсэн байна. Үүнийг задруулж харуулбал: Үндсэн зээл 11000000 төгрөг болон түүний 7,8,9,10-р сарын хүүд 4100000 төгрөг төлсөн болно. Ийм учраас хариуцагч Ц.Хатанбаатараас хуульд заасан үндсэн зээлийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2%-ийн алданги тооцож 3344000 төгрөг, үүнээс үлдсэн зөрүү мөнгө болох 755900 төгрөгийг хохирлоор гаргуулж өгнө үү. Учир нь нэхэмжилсэн 15099900 төгрөгийн нийт дүнд өөрчлөлт ороогүй болно гэв.

 

Хариуцагч Ц.Хатанбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 сарын 12-нд эхнэр бид хоёр байранд орох гээд урьдчилгаа мөнгө хайж байсан юм. Эхнэр бид хоёр нэхэмжлэгчтэй найз, нөхөд байгаа юм. Тэгээд 12-ны өдөр манай эхнэр Д.Амар-Энх нь нэхэмжлэгч дээр очиж 11 сая төгрөгийг зээлсэн байсан. Мөнгө зээлэхэд би байгаагүй. 11 сая төгрөгөөсөө 1100000 төгрөгийг хүүнд нь суутгаад бэлнээр 9900000 төгрөгийг авсан. Хугацаандаа хүүг нь төлж байсан. Нэхэмжлэгч надтай 2015 оны 12 сарын 17-нд 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар анх 8 сард авсан зээлийн үнийн дүн болох 11 сая төгрөгөн дээр нөхөж гэрээ байгуулсан. 6 сард 2500000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхдөө үндсэн мөнгөнөөс хасаад өгөөрэй гэж өгсөн. Тэгээд эхнэр бид хоёр нийт 8800000 төгрөгийг хүүнд нь өгчихсөн байгаа юм. 7 сард эвлэрүүлэн зуучлагчаар ороод хугацаан дээрээ тохиролцож чадаагүй учраас нэхэмжлэгч дараачийн шатанд нь өргөдөл гаргана гээд гарсан. Нэхэмжлэгчид хүүнд 8800000 төгрөг, үндсэн зээлд 2500000 төгрөг, нийт 11300000 төгрөг төлсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 11 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй тохиролцож уг мөнгийг өгсөн гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-д зааснаар нотлогдох ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. 2015 оны 8 сарын 12-ны өдөр Г.Мөнхзаяагаас мөнгө авахад Ц.Хатанбаатар өөрөө очоогүй Д.Амар-Энх гэдэг хүн очсон гэдэг талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хангалттай тайлбарласан. Сая 1 сарын 31-ний өдөр буюу өнөөдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө тодруулсан шаардлага гаргаж байгаа боловч мөн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна. Хэн, хэнээс, хэдэн төгрөг авсан тал дээр талууд маргадаггүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Хатанбаатарын эхнэр Д.Амар-Энхэд 11 сая төгрөгийг өгөөд 1100000 төгрөгийг урьдчилж хүү тооцож 9900000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бид тухайн үед ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулаагүй. Харин амаар хэлцэл хийж 10 хувийн хүүтэй мөнгийг зээлүүлэхээр харилцан тохиролцсон гэж ярьдаг. 5 сарын хүү болох 1100000 төгрөг буюу 5500000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш 3 сарын хүү болох сарын 1100000 төгрөг гээд 3300000 төгрөгийг төлсөн. Үндсэндээ 11 сая төгрөг зээлсэн зээлийн хүүнд 8800000 төгрөг, тэгээд 2500000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасуулахаар өгсөн боловч нэхэмжлэгч үндсэн мөнгөнөөс хасахгүйгээр зээлийн хүүнд тооцож авсан гэж үзэхээр 11300000 төгрөгийг зөвхөн хүүнд өгсөн байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гол нотлох баримт гэж үзээд байгаа 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд заавал сөрөг нэхэмжлэл гаргаж, хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагагүй гэж үзсэн. Зээлийн гэрээ нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан. Зээлийн гэрээний 2.5 дахь заалт нотариатчийн дэргэд 11 сая төгрөгийг бэлнээр тоолж өгөөд зээлийн гэрээ байгуулсан юм шиг харагддаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь 8 сард буюу зээлийн гэрээ байгуулагдахаас 4 сарын өмнө авчихсан мөнгө байгаа. Мөнгийг авсан хүн нь Д.Амар-Энх гэдэг хүн. Хэдийгээр мөнгийг амаар ч өгсөн бай, бичгээр ч өгсөн бай энэ мөнгийг хүлээх этгээд нь Д.Амар-Энх байсан. Тэгэхээр Ц.Хатанбаатар гэдэг хүн энэ гэрээний үүргийг биелүүлэх эрхтэй этгээд биш. Нотариатын тухай хуулийн 27-р зүйлд зааснаар нотариатч үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоох бичиг баримтад үндэслэж хийнэ гэж заасан байдаг. Гэтэл 2014 оны 12 сарын 03-ны өдөр хугацаа нь дуусчихсан иргэний үнэмлэхээр нотариат үйлдэл хийсэн. Нотариат үйлчлүүлэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоохгүйгээр, хүчин төгөлдөр бус иргэний үнэмлэхээр хийсэн, хууль зөрчсөн учраас шүүх хүчин төгөлдөр бусад тооцох боломжтой. Иймд Д.Амар-Энхийн зээлж авсан мөнгийг Ц.Хатанбаатартай зээлийн гэрээ байгуулсан, 9900000 төгрөгийг гар дээр өгсөн хэрнээ 11 сая төгрөг өгсөн мэтээр гэрээ байгуулсан, 2015 оны 12 сарын 17-нд мөнгийг бэлнээр өгч, авалцсан гэсэн гэрээ байгуулагдсан хэрнээ бодит байдал дээр тийм зүйл байхгүй, хүчин төгөлдөр бус бичиг баримтан дээр үндэслэж нотариат үйлдэл хийсэн учраас энэ зээлийн гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримт болгох ямар ч боломжгүй юм гэж үзэж байна. Зээлийн гэрээ нэгэнт хүчин төгөлдөр бус болчихсон учраас нэхэмжлэгчийн хүү авах эрх нь алдагдаж байгаа юм. Тэгэхээр хариуцагчийн өгсөн нийт мөнгө нь 11300000 төгрөг гээд сая тооцоо гарчихсан хариуцагч хангалттай зээлсэн мөнгөө төлчихсөн. Ямарч байсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй учраас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой юм гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналыг оруулж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Г.Мөнхзаяа хариуцагч Ц.Хатанбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 9600000 төгрөг, алданги 5499900 төгрөг, нийт 15099900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 11000000 төгрөг, алданги 3344000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 755900 төгрөг, нийт 15099900 төгрөг гаргуулах гэж тодруулжээ.

 

            Хариуцагч Ц.Хатанбаатар зээлийн гэрээг Г.Мөнхзаяатай байгуулсан боловч 11 сая төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй, гэрээг нөхөж 2015 оны 12 сарын 17-нд надтай байгуулсан. 2015 оны 08 сарын 11-нд манай эхнэр Д.Амар-Энх Г.Мөнхзаяагаас 10%-ийн хүүтэй 11 сая төгрөг зээлж, 1 сарын хүүг суутгуулж 9900000 төгрөг хүлээж авч түүнээс хойш хүүнд 8800000 төгрөг, үндсэн мөнгөнд 2500000 төгрөг, нийт 11300000 төгрөг төлсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Нэхэмжлэгч Г.Мөнхзаяа нь Ц.Хатанбаатар, түүний эхнэр Д.Амар-Энх нартай 11 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож 2015 оны 8 сарын 12-нд 8 сарын 12-ноос 9 сарын 12-ны хүү 1100000 төгрөгийг хасч 9900000 төгрөгийг Д.Амар-Энхэд хүлээлгэн өгч, Д.Амар-Энх, Ц.Хатанбаатар нар нь зээлийн хүүнд 8800000 төгрөг, үндсэн зээлээс хасуулахаар 2500000 төгрөгийг тус тус төлсөн болохыг нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг, зохигчдын тайлбар давхар гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд 2015 оны 12 сарын 17-нд нэхэмжлэгч Г.Мөнхзаяа, хариуцагч Ц.Хатанбаатар нар зээлийн гэрээ байгуулахдаа Г.Мөнхзаяа нь  Ц.Хатанбаатарт зээл 11000000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй, өмнө Д.Амар-Энхэд 2015 оны 8 сарын 12-нд зээлсэн 11000000 төгрөгийн зээл дээр нөхөж зээлийн гэрээ байгуулсан гэдгээ талууд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд, шүүх хуралдаанд гаргаж байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Хатанбаатараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй байна.

 

Нэгэнт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа 2015 оны 12 сарын 17-нд нэхэмжлэгч Г.Мөнхзаяа, хариуцагч Ц.Хатанбаатар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйл болох 11000000 төгрөгийг зээлдэгч Ц.Хатанбаатарт /гэрээ байгуулах үед буюу 2015 оны 12 сарын 17-нд/ шилжүүлсэн байхыг шаардаж байна.

 

Өөрөөр хэлбэл 2015 оны 12 сарын 17-нд Г.Мөнхзаяа, Ц.Хатанбаатар нарын байгуулсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч уг зээлийн гэрээг байгуулахдаа 11000000 төгрөгийг Ц.Хатанбаатарт шилжүүлж өгөөгүй байх тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй, нэгэнт зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй учир хариуцагч Ц.Хатанбаатар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 12 сарын 17-нд 11000000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 10%-ийн хүүтэйгээр зээл эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2%-ийн алданги тооцож төлүүлэх нөхцөлтэйгөөр зээлж, зээлийн гэрээ байгуулсан боловч 11000000 төгрөгийг хариуцагч Ц.Хатанбаатарт бодитоор шилжүүлж өгсөн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн хариуцагч Ц.Хатанбаатарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 9600000 төгрөг, алданги 5499900 төгрөг, нийт 15099900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ