Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 803

 

Ё.Э, Ж.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан,

Шүүгдэгч Ё.Э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

            Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,                                    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Тын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ё.Э, Ж.Т нарт холбогдох эрүүгийн 201726021038 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Т, Ё.Э нар нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47/а байрны 42 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо зодолдож, Ё.Э нь Ж.Тын биед баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Ж.Т нь Ё.Эын биед тархины доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана хамрын ясны хугарал, дээд, доод уруул, эрүү, ооч, баруун шуу, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ё.Э, Ж.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Арвин овогт Жамбалдоржийн Ж.Т, Боржигон овогт Ёндөнгийн Ё.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Тыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ё.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг баримтлан Ё.Эын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоног тутмыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 450 нэгжийн торгуулийн ялаас 90 /6*15/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90.000 төгрөгийг хасч, Ё.Эын торгуулийн ялыг 360 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ё.Эын торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Т, Ё.Э нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ж.Тын өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр миний үйлчлүүлэгч Ж.Т нь өөрийн 10 гаруй жил хамтран амьдарсан Гэрэлмаатай Ё.Э нь удаа дараа уулзаж, бэлгийн харилцаанд орж байснаас үүдэн маргалдаж, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Шүүх хуралдааны өмнө Ж.Т нь хохирлоо сайн дураараа нөхөн төлж, Ж.Т, Ё.Э нар нь сайн дураараа эвлэрч, харилцан санал гомдолгүй болохоо шүүхэд бичгээр илэрхийлж өгсөн. Ж.Т, Ё.Э нарын хэн хэн нь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. 2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт "...Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь тур хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхул нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "...Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ" гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт "...Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно" гэж тус тус заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ хэдийгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа хэдий ч тусгай ангийн санкцын хувьд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байна гэж үзэн, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасны дагуу миний үйлчлүүлэгч Ж.Тыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй. Энэ нь Ж.Тын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж заасан. Үүнээс харахад зөвхөн тусгай ангид заасан ялын хэмжээнээс гадна эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол буцаан хэрэглэх боломжтой. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Ж.Тыг 2002 оны Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Т “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Ё.Э “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.  

Шүүгдэгч Ё.Эын өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт холбогдогч нар сайн дураараа эвлэрч, хохирлыг бүрэн төлсөн. Энэ талаарх баримтаа шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Миний үйлчлүүлэгчийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй боловч өмгөөлөгч Г.Ганцэцэгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн саналд тайлбар хийхэд 2017 оны 4 дүгээр сарын 18-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломж олдож байгаа учраас үүнийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Т, Ё.Эрхэмбаатар нар нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 47а байрны 42 тоотод хувийн таарамжгүй харилцаа, эр эмийн хардалтын улмаас харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээр Ж.Т, Ё.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд тэдэнд оногдуулах ялын хэмжээ нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзээд тэдэнд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоол хууь ёсны үндэслэлтэй гарсан. Гэвч өнөөдөр гэмт хэрэгт үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар Ж.Т, Ё.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ё.Э, Ж.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэв.

Ё.Э, Ж.Т нар нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47/а байрны 42 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо зодолдож, Ё.Э нь Ж.Тын биед баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Ж.Т нь Ё.Эын биед тархины доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамрын ясны хугарал, дээд, доод уруул, эрүү, ооч, баруун шуу, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Ж.Тын хохирогчоор өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 5 дугаар давхарт байрлах 42 тоот айлд Батсайхан, Нямдаваа, Халиунаа бид нар хөзөр тоглоод сууж байтал гаднаас зүс таних Ё.Э орж ирсэн. Тэгээд Нямдавааг гаднаас хүн дуудаад гарсны дараа зүгээр сууж байснаа над руу дайрч, ам руу салаавч өгөөд "би чиний эхнэрийг шаасан юм уу" гэхээр нь гарыг нь цааш түлхтэл ширээн дээр байсан пивоны бакал аваад намайг цохих гэхээр нь баруун гараараа хаатал уг бакал хагараад унасан. Тэгэхээр нь би Ё.Эыг хэдэн удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тэгтэл Батсайхан, Халиунаа нар намайг Ё.Эаас “яах гэсэн юм бэ” гээд салгасан. Ер нь Ё.Э нь намайг үргэлж дээрэлхдэг. ...Миний баруун гарын шууны хэсэг хавдаж хөхөрсөн, өөр учирсан гэмтэл байхгүй. ...” /Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Ё.Эын хохирогчоор өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ... нэг мэдэхэд миний толгой дээр юм хагарах шиг болоод уруулын дээд болон доод хэсэг, эрүү орчим шилээр зүсэж байгаа мэт шар хийж дуугарахад нүүр рүү бүлээн зүйл урсаад явчихаар нь хартал Ж.Т миний толгой дээр архины шил бариад зогсож байсан. Тэгээд гал зууханд ороход Ж.Т тэдний дунд суусан байсан бөгөөд би “яаж байгаа юм бэ” гээд Ж.Т луу гар далайхад Ж.Т “чамаас өөрөөс чинь болсон шүү дээ” гэхэд Батсайхан болон Халиун бид хоёрыг салгасан. …Ж.Т нь миний дээд, доод уруулыг архины шилээр зүсэж, энэ үед бас баруун шууны доод хэсэгт шилээр зүссэн. Хамар цөмлөсөн, зүүн нүдний ухархай цөмөрсөн, зүүн нүд хөхөрч хавдсан. ...Ж.Т намайг эхнэр Гэрэлмаатайгаа байнга харддаг. ...Гэрэлмаа бид хоёр оноос өмнө 3, 4 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Одоо бол тийм харьцаа байхгүй. ...” /Хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Э.Батсайханы “...2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ...Би Ж.Т ахын хажуу талд сууж байсан бөгөөд Ж.Т ахын цаад талд Ё.Э сууж байснаа “танай эхнэр янхан биз дээ, надтай явалдахаасаа өмнө зөндөө хүнтэй унтаж хэвтдэг байсан биз дээ” гэснээ ам руу нь салаавч хийтэл Ж.Т ах босоод иртэл Ё.Э нь ширээн дээр байсан пивоны грушикийг Ж.Т ах руу шидтэл Ж.Т ах түүнийг гараараа хаасан. Тэр грушик гарыг нь цохиод газар унаж хагарсан. Ж.Т ах Ё.Эыг 2-3 удаа нүүр лүү нь цохихоор нь Ж.Т ахыг араас нь тэвэрч салгасан. ...Тухайн үедээ Ж.Т ахын баруун гарын шуу нь нилээд хавдаад хөхөрсөн байсан. Ж.Т ах гараараа хаагаагүй бол улаан нүүрэн дунд нь онох байсан байх. Ж.Т ах Ё.Эыг нүүрэн тус газар нь 2, 3 удаа цохиход нүүрнээс нь цус асгараад явчихсан. ...” /Хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Т, Ё.Э нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5493 дугаартай “...Ж.Тын биед баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5401 дугаартай “...Ё.Эын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамрын ясны хугарал, дээд, доод уруул, эрүү, ооч, баруун шуу, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /Хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ё.Э нь согтуурсан үедээ Ж.Тт “танай эхнэр янхан биз дээ, надтай явалдахаасаа өмнө зөндөө хүнтэй унтаж хэвтдэг байсан биз дээ” гэж хэлж, таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Ё.Э нь Ж.Тлуу пивоны грушик шидэж, биед нь баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, харин Ж.Т нь Ё.Эын нүүрэн хэсэгт гараараа цохиж, биед нь тархины доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана хамрын ясны хугарал, дээд, доод уруул, эрүү, ооч, баруун шуу, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх тэдний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжид хамааруулан үзэж, уг зүйлээр зүйлчлэн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэвч, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаас үзэхэд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр заасан бөгөөд уг зүйлд заасан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээнээс хөнгөрсөн боловч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хугацааны хувьд буюу эрх зүйн байдлын хувьд хүндэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад Ё.Э, Ж.Т нарыг эрүүгийн хариуцлагад татах дээрх хугацаа дуусчээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ё.Э, Ж.Т нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж,  шүүгдэгч Ж.Тын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан “... эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.