Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 338

 

Л.Баясгалангийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/01083 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Баясгалангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдох          

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 182.72 м.кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг даалгах, хохиролд 800 403 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Баясгалан нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Сандэй” ХХК-тай “Худалдаа, үйлчилгээний барилгын хөрөнгө оруулалт”-ын 12/0106 тоот гэрээг байгуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын 12 дугаар давхрын 07, 08 тоотод байрлах нийт 212.6 м.кв оффисын зориулалттай талбайг 1 м.кв-ыг нь 2700 ам.доллараар тооцож нийт 574 020 ам.доллараар худалдаж авахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний 2.1-т заасны дагуу урьдчилгаа 155 367 ам.доллар буюу 220 127 073 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр төлж, үлдсэнийг графикийн дагуу бүрэн төлж дуусгасан. Мөн гэрээний 3.1-т "... энэ гэрээний 1.1-т дурдсан барилгын 12 давхарын 07, 08 тоот, 212.6 м.кв-ыг иж бүрэн, чанар сайтай барьж 2012 оны 01 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид өгнө” гэж заасан боловч гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиалагчийн зүгээс төлбөрөө бүрэн төлж худалдаж авсан тайлбайгаа ашиглах боломжийг олгохгүй бүтэн 1 жил гаруй хугацаанд хүлээлгэн чирэгдэл учруулж сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд маш их хохироож байна. “Сандэй” ХХК-ийн зүгээс 12/0106 тоот гэрээний 6.1-т заасны дагуу 2013 оны 3 дугаар сарын 15-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсны дагуу нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээгээр гүйцэтгэгч буюу “Сандэй” ХХК нь ...үндсэн гэрээний 3.1-т заасан ажлын үр дүнг хөрөнгө оруулагчид 2013 оны 3 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх ба хэрэв тогтсон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутам үндсэн төлбөрийн 0.1 хувиар алдангийг хөрөнгө оруулагчид төлнө... гэж тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй чирэгдүүлж байна. Оффисын гэрчилгээгээ авахаар удаа дараа шаардсан боловч ...аливаа асуудлаар шүүхэд гомдол гаргахгүй гэж гарын үсэг зурсан тохиолдолд бичиг баримтыг хүлээлгэж өгнө... гэсээр өнөөдрийг хүргээд байна.

Захиалагчаас дээрх оффис, үйлчилгээний талбайг “Инжкон” ХХК-иар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэмжилт хийлгэхэд цэвэр ашигтай талбайн хэмжээ 182,72 м.кв буюу гэрээнд зааснаар 29,88 м.кв-аар талбай дутуу байсан нь тогтоогдсон. Дутуу олгосон талбайг худалдаж авахад зориулж Улаанбаатар хотын банктай 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ОСЗГ0001/130528 зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 230 000 000 төгрөгийг жилийн 15,60 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэхүү зээлийн гэрээний хүүд 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 31 cap буюу 2 жил 7 сарын хугацаанд нийт 33 980 ам.долларын хүү төлсөн. Энэ нь гүйцэтгэгч талын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэж байна. Учир нь: худалдан авсан оффис, үйлчилгээний талбай нь 182,72 м.кв хэмжээтэй гэдгийг мэдсэн бол 230 000 000 төгрөгийн зээл авах шаардлага гарахгүй байсан. Мөн нэмэлт гэрээний 1-т гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0.1 хувиар алданги тооцож, хөрөнгө оруулагчид төлнө гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг 2013 оны 7 дугаар сарын 15-наас хойш тооцвол 860 хоногийн 493 657,2 ам.долларын алданги захиалагчид төлөх үүрэгтэй боловч үндсэн төлбөрийн 50 хувь буюу 287 010 ам.долларын алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй байна. Гүйцэтгэгч нь захиалагчаас илүү авсан 29,88 м.кв талбайн үнэ 80 676 ам.доллар, зээлийн хүүн 33 980 ам.доллар, алданги 287 010 ам.доллар нийт 401 666 ам.доллар төлөх үүрэгтэй бөгөөд Монгол банкны 2015 оны 12 дугаар сарын 27-ны ам.долларын ханш 1992,71 төгрөгт тооцож 800 403 850 төгрөгийг захиалагчид төлөх, мөн 07,08 тоот оффис үйлчилгээний ашигтай талбай болох 182,72 м.кв-ын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд хүлээлгэж өгөх үүрэгтэй. Иймд хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 182,72 м.кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг даалгах, хохиролд 800 403 850 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2012 оны 01 дүгээр сарын 06-нд хийсэн гэрээндээ барилгын 12 дугаар давхрын 07, 08 тоот 212,6 м.кв талбайг /нийтийн эзэмшлийн талбай орж байгаа/ авахаар тохиролцсон. 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрээ дүгнэж акт үйлдэж, түүнд нэхэмжлэгч гарын үсгээ зурсан. 2015 оны 5 дугаар сарын 25-нд “Инжкон” ХХК-иар талбайн хэмжилт хийлгүүлсэн гэх боловч нормын дагуу хэмжилт хийгээгүй, оффис үйлчилгээний зориулалтай барилгын талбайд хөлийн өрөөний талбайг оролцуулж тооцоогүй. Хөлийн өрөө гэдэг нь өрөө рүү явж орох коридорын талбай юм. Зураг дээрээс харахад хөлийн өрөөний хэсгийн талбай 81,41 м.кв ба 9 өрөөнд хувааж, нэг өрөөнд 9,26 м.кв, 07, 08 тоот өрөөнүүдэд 18,52 м.кв оногдож байгаа. Шүүхээс талбайн хэмжээг гаргуулахаар шинжээч томилсон боловч өөр компани хэмжсэн, хэмжих багаж нь баталгаажсан нь харагдахгүй, ямар багажаар хэмжсэн нь тодорхойгүй, мөн баримталбал зохих норм дүрмийг баримтлаагүй. Ер нь 2013 оны 7 дугаар сараас талбайгаа ашиглаад эхэлчихсэн. Хэрэглээний төлбөр төлж байсан нь баримтаар тогтоогдож байгаа, түүнээс өмнө ч авсан байдаг. Өмчлөх эрхийн гэрчилгээний хувьд нэхэмжлэгч өөрөө гэрчилгээгээ хөөцөлдөж авах байсан. Бид өөрсдийн зүгээс холбогдох бичиг баримтыг Эрхийн бүртгэлийн газарт 2013 оны 12 дугаар сард явуулж, тооцоогоо нийлж гэрчилгээгээ гаргуулж авах талаар худалдан авагчдаа хэлж байсан. Одоо өөрсдөө хүсэлтээ гаргаад өмчлөх эрхээ бүртгүүлэх ёстой. Хаягийн тодорхойлолтыг “Пийс тауэр” ХХК хариуцна. 2013 оны 7 дугаар сарын 24-нд улсын комисс хүлээн авсан барилга. Санхүүгийн хямралаас болж манай компани хүнд нөхцөлд орсныг Худалдаа аж үйлдвэрийн танхим нотолсон. 2013 оны эхэн үеэс талбайгаа хүлээн авч ашиглаж эхэлчихээд одоо талбайн зөрүү, алданги, хохирлын асуудал ярьж буй нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “Сандэй” ХХК-иас 43 456 703 төгрөгийг  гаргуулж  Л.Баясгаланд  олгож, нэхэмжлэгчийн 756 947 147 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-ыг баримтлан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 12 дугаар давхрын 1207, 1208 тоотод байрлах оффисын зориулалттай талбайн өмчлөлийн гэрчилгээг 182,72 м.кв талбайтайгаар нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг “Сандэй” ХХК-д даалгаж,

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 4 159 970 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Сандэй” ХХК-иас 375 233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, шинжээчийн ажлын хөлсөнд 300 000 төгрөгийг гаргуулж “Мөнх-Оргил трейд” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/0106 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт, Орон сууцны зээлийн гэрээнүүд, хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1. "...Л.Баясгалан нь хариуцагч "Сандэй" ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 15-нд "Хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын 12 дугаар давхарын 1207,1208 тоотод байрлах нийт 212,6 м.кв офиссын зориулалттай талбайг 1 м.кв-ыг 2700 ам.доллараар тооцож нийт 574 020 ам.доллараар тохиролцсон байна. Энэ нь худалдах-худалдан авах гэрээ байна..." гэж илт үндэслэлгүй хууль зөрчсөн шударга бус дүгнэлт хийснээс гадна шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэж үзэж байна. ...нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан "Сандэй" ХХК-ийн "Пийс тауэр" оффис үйлчилгээний зориулалттай барилгаас нийт 212,6 м.кв талбайг захиалж үүний төлөө хөлс төлөх, хариуцагч "Сандэй" ХХК нь гэрээний 3.1-т зааснаар дээрх талбайг иж бүрэн, чанар сайтай барьж 2012 оны 01 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон агуулга тогтоогдож байгаа бөгөөд энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа болно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу гэрээний агуулгыг хууль хэрэглээний хувьд тайлбарлах боломжтой байсан бөгөөд гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй мэргэжлийн хувьд алдаа гаргасан гэж үзэж байна. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй,шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадсангүй.

 

2. “...Хариуцагч нэхэмжлэгчид хөлийн өрөөний талбайг оруулан худалдсан талбай 201,24 м.кв бөгөөд хөлийн өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зуйлийн 15.1.1-т зааснаар дундын өмчлөлийн талбайд орох тул нэхэмжлэгчийн худалдан авч өмчилсөн 1207, 1208 тоот талбайнуудын хэмжээ 182,75 м.кв байна. ...шүүхээс “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба нэхэмжлэгчийн ашиглаж буй талбайн хэмжээ "Инжкон" ХХК-ийн хэмжилттэй ижил гарчээ" гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан "Мөнх-Оргил трейд" ХХК-ийн гаргасан дүгнэлтэд "Уг оффис үйлчилгээний талбайн ...нийт ашигтай талбай нь 182,25 байна. Энэ нь 212,6 м.кв-аас 30,35 м.кв-аар дутуу байна" гэсэн дүгнэлт гарсан байхад уг дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй. Учир нь: зөвхөн энэ хагас м.кв буюу 50 см.кв талбайн төлөө 1350 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар /1350*1992.71=/ 2 690 158 төгрөг төлсөн. Энэ зөрүүг өнөөдрийн /2016.12.13/ ханшаар тооцвол 1350*2483$ = 3 352 050 төгрөг болно. ...Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр хамгийн наад зах нь эзэмшигч хэдэн м.кв талбай эзэмшиж байгааг бичнэ. Барилгын "Инжкон" ХХК-ийн "...оффисын зориулалттай талбай нь 182,72 м.кв байна, гэрээнд заасан хэмжээнээс 29,88 м.кв дутуу байна" гэсэн дүгнэлт болон анх "Сандэй" ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг шаардаж би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч тал "Инжкон" ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх "Мөнх-Оргил трейд" ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь бидний маргаж байгаа "...талбайн хэмжээг 182,25 м.кв буюу гэрээнд заасан хэмжээнээс 30,35 м.кв байгааг тогтоосон. Гэрээнд заасан байх ёстой талбайн хэмжээнээс 30,35 м.кв талбай дутуу байгаа нь хэрэгт хавсаргагдсан гэрээ, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар хөдлөшгүй нотлогдож байхад шүүх хэт нэг талыг барьсан илт үндэслэлгүй дүгнэлт хийж шудрга бус хандлаа.

3. "...Хариуцагч нэхэмжлэгчтэй анх гэрээ хийхдээ хөлийн өрөөний талбайн хэмжээг оруулж үнэлж худалдахаар тохиролцсоныг буруутгах боломжгүй ба одоо тогтоогдоод байгаа 07,08 тоот өрөөнүүдийн талбайн хэмжээ дээр хөлийн өрөө ногдох 18,52 м.кв талбайг нэмбэл 201,24 м.кв талбай болох ба энэ нь худалдахаар тохиролцсон 212,6 м.кв-11,36 м.кв-аар бага байна. Хөлийн өрөөний талбайн хэмжээ 83,.41 м.кв нь барилгын зургаас харагдаж байх ба коридорыг ашиглаж буй 9 өрөөнд хуваахад нэг өрөөнд 9,26 м.кв 1207,1208 тоот талбайд 18,52 м.кв оногдож байна. Ийм аргачлалаар оффисын зориулалттай талбай худалдсаныг хариуцагч тайлбарлаж байна. Иймд талбайн зөрүү 43 456 703 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж олгох нь зүйтэй гэж дүгнэсэн тооцооны хувьд алдаатай, илт үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Шүүх "...нэхэмжлэгчийн худалдан авч өмчилсөн 07,08 тоот талбайнуудын хэмжээ 182,75 м.кв байна..." гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэчихээд хариуцагчийн тайлбарт захирагдаж миний худалдаж авсан талбайн хэмжээг 201,24 м.кв болгов. Хариуцагч талд ашигтай байх нөхцлийг хангах, гэхдээ энэ хэсэгт ямар нарийн дүгнэснийг харж болно. "Сандэй" ХХК анх гэрээ байгуулахдаа баригдаж байсан барилгын 12 дугаар давхрын “сууц /өрөө/ хоорондын талбай”-гаас 1207,1208 тоот хаалгатай ханаар бусдаас тусгаарлагдсан талбайн нийт хэмжээ 212.6 м.кв гэж итгүүлэн гэрээнд гарын үсэг зуруулсан. "Сандэй" ХХК-ийнхан болон гэрээ, гэрээнд хавсаргасан барилгын зурганд нь итгэснээсээ болж 81 945 ам.доллар энэ компанид илүү төлж хохирсноо мэдсэн. Одоо миний бодитоор эзэмших талбай 182,25 м.кв юм байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдэх, Иргэний хуульд заасан дангаар өмчлөх эрхтэй надад олгогдоогүй талбайнхаа төлөө илүү төлсөн мөнгөө “гэрээ” нэрийн дор залилсан хүмүүсээс гаргуулан авч хохиролгүй болох гэж би шүүхэд хандсан. Гэтэл шүүх гэрээнд зааснаас дутаж байгаа "хөлийн өрөө"-ний талбай чинь танай 12 давхрын коридорт байгаа гэх дүгнэлт хийж хууль зөрчсөн шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хөлийн өрөө гэсэн ойлголт ямарч хуулинд байхгүй. Дундын өмчлөлийн буюу нийтийн эзэмшлийн талбайг бусд худалдах.. ашигтай талбайд оруулж тооцдог хуулийн зохицуулалт байхгүй.

Харин “Сандэй” компанийнхан, дараа нь зориуд мушгиж гуйвуулах зорилготойгоор санаатайгаар "хөлийн өрөөний талбайн хэмжээг" оролцуулж гэдэг үг гэрээнд шургуулж надаар гарын үсэг зуруулсан байна. Хариуцагч тал гэрээгээр халхавчлан хууль зөрчсөн энэ "санаатай" үйлдлийг шүүх сайшааж дэмжиж тэрч бүү хэл ямар ч хуулинд байхгүй үг хэллэг ойлголт бий болгон тайлбарлаж, надад өгөөгүй талбайгаа дундын өмчлөлийн талбайд шингээлээ. Тэгвэл би дундын өмчлөлийн эд хөрөнгө, талбай ашиглаж байгаагийн төлөө 700-800 мянган төгрөг cap бүр энэ компанид төлж байгаа.

4. ...Шүүх хэт нэг талыг барьж буруу дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэмэлт гэрээ байгуулсан өдөр талбайг хүлээж аваагүй болох нь нотлогдоно. Өөрөөр хэлбэл, зохигчид 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний 1 зүйлд: "...Гүйцэтгэгч тал Үндсэн гэрээний 3.1-т заагдсан ажлын үр дүнг хөрөнгө оруулагчид 2013 оны 3 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх ба хэрэв тогтсон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдол хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0.1 хувиар алдангийг хөрөнгө оруулагчид төлнө" гэж харилцан тохиролцсон боловч энэ хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байхад шүүх нэмэлт гэрээ байгуулсан өдөр хүлээлгэж өгсөн гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн хариуцагч "Сандэй" ХХК нь анх байгуулсан гэрээ, болон нэмэлт гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй нь хэрэгт авагдсан 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Гэрээ дүгнэсэн акт”-аар тогтоогдно. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан ажлын үр дүнг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байгаа ба нэмэлт гэрээ байгуулсан өдөр ажлын үр дүнг хүлээн авч, ашиглаж байсан гэсэн шүүхийн дүгнэлт энэ баримтаар үгүйсгэгдэнэ. Би алдангийг тооцож нэхэмжлэхдээ бидний хооронд байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 15-ны №ХНГ12/0106-01 тоот нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг 2013 оны 7 дугаар сарын 15-наас хойш тооцож, хэтэрсэн 860 хоногийн алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгэгч төлөх үүрэгтэй гэж үзэж нэхэмжилсэн. Гэтэл алданги нэхэмжлэх эрхтэй эсэхэд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй.

5. "...Мөн банкнаас авсан зээлийн хүүг байрны талбай бага болсонтой  холбоотойгоор хариуцагчаар төлүүлэх үндэслэл харагдахгүй байна. Баикны зээлийг авах үед барилга баригдсан, Л.Баясгалан талбайг хүлээн авч ашиглаж байсан үе байна..." гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь: нэхэмжлэгч Л.Баясгалан нь 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын банктай ОСЗГ0001/130528 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 230 000 000 төгрөгийг зээлж хариуцагч "Сандэй" ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрийг төлж дуусгасан байдаг. Зээл авсан үндэслэл, хэрэгцээ шаардлага нь зохигчдын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээний 2 дугаар зүйлд заасан ...Хөрөнгө оруулагч нь гэрээний 2.2-т заасан төлбөрийн үлдэгдэл 160 735 ам.долларыг 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэг хүлээсэнтэй шууд шалтгаант холбоотой. Нэхэмжлэгч банкнаас зээл авч нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлсэн. Гэтэл хариуцагч "Сандэй" ХХК нь өнөөдрийг хүртэл нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хэрэв анхнаасаа 212,6 м.кв талбай биш 182,25 м.кв талбай гэрээний дагуу хүлээж авахаа мэдсэн бол 117 254 424 төгрөгийг банкнаас зээлж энэ компанид төлөхгүй байсан. Захиалсан талбайгаас 30,35 м.кв дутуу байгаа гэдгийг мэдсэн бол сүүлд байгуулсан нэмэлт гэрээний дагуу банкнаас зээл авах шаардлага үүсэхгүй байсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар банкны зээлийн хүүд 33 980 ам.долларыг төлсөн бөгөөд үүнийгээ өөрт учирсан гэм хорын хохиролд тооцон нэхэмжилж байгаа. Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын банкны 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-в/577 дугаартай тодорхойлолт, банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар гэм хор тогтоогдож байхад нотлох баримтыг үнэн зөв үнэлж шударга шийдсэнгүй гэж үзэж байна. Банктай байгуулсан зээлийн гэрээний 4.2, 4.3-д хэсгүүдэд заасан зээлийн зориулалт нь оффис үйлчилгээний талбайг худалдан авахад зориулагдсан болохыг, мөн 30,35 м.кв талбайн төлөө 81 945 ам.доллар илүү төлсөн, түүнд ногдох хүүг банкинд төлснийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх талбайн зөрүүгийн хэмжээ, түүнд ногдох үнийн дүнг тооцохдоо хүртэл санаатай алдаа гаргасан, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон. “Инжкон” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр гэх мэт шүүх зайлшгүй шийдвэрлэх ёстой хохирлуудыг ч нарийн тооцож шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд залруулах бүрэн боломжтой гэж ойлгож байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Баясгалан нь хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 182.72 м.кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг даалгах, хохиролд 800 403 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах 12 давхрын 07,08 тоотын нийт 212,6 м.кв офиссын зориулалттай талбайн 1 м.кв-ыг 2700 ам.доллароор тооцохоор тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө “Пийс тауэр” 12 давхарт байрлах 07, 08 тоот офисс үйлчилгээний зориулалттай талбайд хэмжилт хийлгэх тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, “Мөнх Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ /хх-ийн 81-82, 92/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилох бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн байх учиртай.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2016/12858 дугаар захирамжаар “Мөнх Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана” гэж, 9.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасныг баримтлаагүй байна.  

Анхан шатны шүүх шинжээч томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдсан гэж үзэхгүй.

Уг шинжээчийг дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийнн 38.5 дахь хэсэгт заасанд нийцэхгүй юм.

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Peace Tower” офисс, үйлчилгээний зориулалттай барилгын 12 дугаар давхрын 07, 08 тоот талбайн зөрүү, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний хохирол, алданги гаргуулахаар буюу гэрээний үүргийн гэрчилгээтэй холбоотой шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх гэрээний бус үүрэг буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэснийг анхаарах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/01083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Баясгалангаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 942 686 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                             ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА