Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 000108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                           Г.Ж.д холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0244/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

       Шүүх хуралдаанд: 

 

                   Прокурор                                          Л.Оюунтуяа

                   Шүүгдэгч                                           Г.Ж

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                С.Батмөнх-Очир

                   Хохирогч                                           Г.А

                   Хохирогчийн өмгөөлөгч               О.Сарантуул

                   Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолтой Г.Ж.д холбогдох, 1725000030021 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Г.А.ын давж заалдах гомдлыг  үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 20-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт Булган аймаг Бүрэгхангай суманд оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай, Ш овгийн Г.Ж.

 

Шүүгдэгч Г.Ж нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-11 дүгээр байрны зүүн талд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г.А.ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Ш.д овогт Г.Ж-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Ж-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,0 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Г.Ж.х нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-од урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Г.Ж-од холбогдох хэргийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Ж-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрхи мөнгөн төлбөрийг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.6.д хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” –ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэсэн заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6.д заасан шаардлагыг хангаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 

Иймд Г.Ж-д холбогдох Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ. 

 

Хохирогч Г.А давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс харгалзан үзээгүй. “Шүүх учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзаж хөнгөрүүлсэн нөхцөл байдлыг үүсгэсэн” гэж тодорхойлох хэсэг дээрээ тусгасан нь Г.А миний гаргаж өгсөн шүд хийлгэх зардлын баримтыг үнэлээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй шийтгэх тогтоол гаргасан учир энэ хэргийг дахин хэлэлцэж эмчилгээний зардал 531 000 төгрөг, 8 шүд хийлгэх 21 332 000 төгөрг нийт 21 863 700 төгрөгөөс шүүгдэгчийн надад өгсөн 3 000 000 төгрөгийг хасч 18 863 700 төгрөгийг гаргаж  намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул гаргасан тайлбартаа:

 

Хохирогчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохиролд 18 863 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир гаргасан тайлбартаа:

 

Нотлох баримтын хүрээнд хохирогчид 3 000 000 төгрөг өгсөн байгаа. Хохирогч Г. нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн тогтоод тусгаж өгсөн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна.., шийтгэх тогтоолд эсэргүүцэлд заасан нэмэлт заалт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ж нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-11 дүгээр байрны зүүн талд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г.А-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

Хохирогч Г.А-ны мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн

...2017 оны 06 дугаар сарын 16-ны 12 цагийн орчимд байх Ж надруу залгаад хаана байна би төв рүү ороод ирчихлээ гэхээр нь уулзаж биллъяард тоглосон.., намайг очиход Ж, О хоёр хамт байсан..., хэдүүлээ 6-16 дугаар байрны биллъяардын газарт тоглоод дараа нь “Эрдэнэт зочид” буудлын караокед Ж, Д нарын хамт архи, пиво уусан..., дараа нь  дэлгүүрээс дахин пиво авч уусан.., тэгээд эгчийг дуудхаар нь би явсан..., Гэртээ иртэл эгч архи, дарс уулаа гэж загнаж байгаад хэнтэй явсан гэж асуухаар нь цуг явсан хүмүүсээ хэлтэл эгч түүний утас руу залгаад тэр хоёр хэрэлдсэн юм шиг байна лээ. Эгчийг утсаар ярьж дууссаны дараа Ж над руу залгаад “эмээгийнхээ мөөмнөөс гараагүй юм уу эгч чинь над руу залгаад уурлаад байна” гэж хэлээд утсаа салгасан.

 

Түүний дараахан Ж над руу залгасанаа эгч чинь над руу залгаад байна би танайх руу очлоо гэхээр нь би гартал Ж, О хоёр хүрч ирсэнээ Ж шууд миний нүүр лүү цохих гэтэл би булттал заамдаж аваад толгойн зүүн тал руу нилээд хэдэн удаа цохьсон.., Цохиж байхад би ...эгч намайг гэртээ ороод ирсэн чинь архи уучихсан байна гээд хөөгөөд гаргачихсан..., Намайг ийм байхад чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ ...гэж хэлэхэд дахин заамдаж аваад ам руу нэг удаа цохисон..., Шүлсээ хаясан чинь 5 шүд уначихсан..., Гэтэл Ж дахиад над руу дайрах гэтэл О одоо болно хөгшөөн гэж хэлээд аваад явсан..., гэсэн мэдүүлэг, /хх-ийн 8-9-р хуудас/

 

Гэрч Б.А-ын ....Орой 20 цагийн үед дүүрүүгээ залгахад одоо очлоо гэж хэлээд утсаа салгасан. .., Удалгүй дүү гаднаас орж ирсэн бөгөөд архи уучихсан байхаар нь уур хүрч Ж руу залгаж яагаад дандаа хүүхэд уруу татаж архи өгч байдаг юм бэ та нарт удаа дараа хэлж байгаа биз дээ ”гэхэд бид ямар авч явсан юм уу ална шүү ...гэж хэлээд утсаа салгасан. Гэтэл А-ны утсанд дуудлага ирээд дүү маань ярьж байгаад гарлаа очлоо гэж хэлээд утсаа салгахаар нь хэн юм бэ гэж асуухад Ж ярьж байна “танай эгч хэзээ ийм том болчихсон юм бэ..., очоод зодчих уу” гэж байна гэж хэлээд гарах гэхээр нь гараад хэрэггүй гэж хэлтэл үг авалгүй гараад явсан..., Удалгүй би гадуур хувцасаа өмсөөд араас нь гартал дүү маань амаа барьчихсан ирж явсан ..., гэсэн мэдүүлэг, /хх-ийн 7-8-р хуудас/

 

Гэрч Б.О-ын ...А-ы эгч нь Ж-ны утас руу залгаад хүүхэд уруу татлаа гээд уурлаж загасан..., Тэгэхээр нь Ж А-ны утас руу залгаад эгч чинь залгаад байна чи хаана байгаа юм бэ гэж ярьсанаа очиж уулзъя гээд намайг дагуулаад явсан..., бид хоёр түүнтэй уулзаад Ж, А хандаж “чи хариач эгч чинь бид нар луу залгаад уурлаад загнаад  байна” гэж хэлээд алгадах гэтэл А бултчихсан.

 

Тэгээд А би хүнд зодуулчихаад гэрээсээ хөөгдөөд гарч ирж байхад чи ингэдэг юм уу гээд Ж-ыг заамдаад авахад Ж зөрүүлж заамдаж байгаад түүний нүүр лүү цохисон..., Тэр хооронд миний утсанд дуудлага ирээд намайг утсаар ярьж байх хооронд Ж, А-ны нүүр лүү нэг удаа цохисон..., Гэтэл А амнаасаа цусаа гоожуулаад цаашаа явсан..., Цохиулсаны дараахан шүлсээ хаях үед амнаас нь 3 ширхэг шүд унасан нь үнэн ...гэсэн мэдүүлэг,  /хх-ийн 29-30-р хуудас/

 

Гэрч Б.Д-ийн  ...тэр үед Н, Ж бид 3 уулан дээр үлдсэн бөгөөд 30 минутын дараа Ж, О нар эргэж ирээд Ж би А-ыг цохичихлоо гэж хэлсэн..., Удалгүй А бид нарын хэн нэгэн рүү залгаад уулзъя гэж хэлэхэд би яваагүй гэртээ харьсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31-32-р хуудас/

 

Гэрч Г.Ж-ны  ...А-ны эгч над руу залгаснаа  ...та нар хүүхэд уруу татлаа муусайн гөлөг... гэх мэт хэл амаар доромжилсон би ч урдаас нь ганц нэг үг хэлээд утсаа салгасан..., Тэгж байтал Д-ийн утас руу А залгаад ...та нар хаана байна би гэрээсээ хөөгдчихлөө... гэж хэлэхээр нь манай ах Ж найз О нар түүнтэй уулзахаар явсан..., Тэр хоёр эргэж ирсэнээ ах Ж А-ыг цохичихлоо гэж хэлсэн..., Юунаас болж цохисныг мэдэхгүй ...гэсэн мэдүүлэг ,/хх-ийн 32-33-р хуудас/

 

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 582 дугаартай:

 

...Г.А-ны биед дээд дөрөв, доод нэг нийт 5 шүд унасан..,. Доод гурван шүд ганхсан.., Хүзүү зүүн чамархайд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, нэг тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ..., Уг гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ..., Дээрхи гэмтэл нь цохих, өшиглөх, унах үед аль алинд нь үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.2.т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 15 хувь байна..., Гоо сайханд нөлөөлөхгүй ганхсан гурван шүд эмчилгээний үр дүнгүй авагдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нэмэгдэж тогтоогдоно ..., гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогджээ.

 

Мөн хохирогч нь эмчилгээний зардал гэж 21 332 000 төгрөг нэхэмжилснээс 531 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон боловч шүүгдэгч нь хохирогчид нийт 3 000 000 төгрөг төлсөн бөгөөд хэрэгт өөр нотлох баримт авагдаагүй байгаа учраас анхан шатны шүүх хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгасан байна.

 

Иймд хохирогч Г.А-ын шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан ... би 531 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн.., шүүгдэгч 3 000 000 төгрөг төлсөн..., одоо  шүд хийлгэх зардал 18 863 700 төгрөг гаргаж өгнө үү ...гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын яллагчийн гаргасан ... анхан шатны шүүх шүүгдэгчийг 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бөгөөд торгуулийн ялыг /мөнгөн төлбөрийг / ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тогтоолд тусгаж өгөөгүй байх тул шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү ...гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т заасныг баримтлан шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 1,0 сая төгрөгийн торгуулийн ялыг нэг сард 200.000 төгрөгөөр тооцож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай ... гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хохирогч Г.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                                                                                      

                   ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА                                                                    

                                                                                                Ц.ТУЯА