Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2016/0051/з |
Дугаар | 04 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн хуралд холбогдох,
Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж,өргөн мэдүүлэх тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулж,дахин санал хураалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Р.Чулуунбаатар, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”... Миний бие Ц.Б нь 2016 оны 12 дугаар сарын 03-нд 9-р багийн Засаг даргыг сонгох сонгуульд өрсөлдсөн. Энэ сонгуульд өрсөлдөгч Э.С нь 4 хүний саналаар надаас илүү байсан. Энэхүү сонгуулийн үйл ажиллагаанд дараах зөрчлүүд гарсан.
1.Нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тооноос 13-аар зөрсөн. Энэ нь сонгуулийн тоонд нөлөөлөхөөр байна.
2.Нэг хүний гарын үсгээр нилээд хэдэн хүний нэр дээр саналын хуудас олгосон, /4 хуудас цаасан дээр эдгээр зөрчлүүд харагдаж байна./
3.Өөр багийн иргэдийг авч ирж санал өгүүлсэн, /10-р багийн иргэд санал өгсөн./
4.Сонгогчдыг санал өгөх боломжоор хангаагүй, хурлын дэгээ зөв баримтлаагүй, өөрсдийнхөө хүмүүсээр сонгуулийн бүхий л үйл ажиллагааг удирдуулж, зохион байгуулсан, сонгууль өгөхөөр ирсэн 12 сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй, санал өгч дуусах хугацааг зарлахгүйгээр сонгуулиа шууд хаасан. Иймд 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9-р багийн Засаг даргыг сонгох сонгууль хууль зөрчиж зохион байгуулагдсан тул багийн ИНХ-ын 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн. Тэрхүү сонгуулийн үеэр олон зөрчил гарсны улмаас сонгогчдын саналд нөлөөлсөн гэж үзэж байна.
Нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тоо нь зөрүүтэй байсан.
Нэг хүний гарын үсгийг маш олон хүний нэрний ард давхардаж зурагдсан байсан.
Өөр багт оршин суудаг 50 гаруй иргэдийг авч ирж саналыг өгүүлж манай багийн иргэдийн сонголтыг үл хүндэтгэсэн тохиолдол гарсан.
Сонгогчдын эрхийг зөрчсөн сонгууль болсон ба санал хураалтыг хэзээ, хэдэн цагт дуусгахыг тогтоогоогүй байсан ба зохион байгуулалтгүй болсон. Тухайн өдөр би санал хураах байрны гадна зогсож байхад сонгуулийн санал хураалт хаалаа гэж хэлэхэд би орж “Яагаад санал хураалтыг хааж байгаа юм бэ?, би саналаа өгөөгүй байгаа гэж хэлэхэд” миний саналыг авсан. Харин надтай хамт орсон иргэдийн саналыг авахгүйгээр санал хураалтыг хаасан зөрчил гарсан. Санал хураалтын өдөр манай гэр бүлийнхэн саналаа өгч чадаагүй. Э.Г, Э.С нар нь сонгуулийн өмнө хоорондоо тохиролцож миний эсрэг ажиллаж байгаа нь зарим зүйлс дээр ажиглагдаж байсан. Сонгуулийн тооллогын комисст байсан Н гэх хүн нь нийгмийн ажилтандаа Ц.Б-ийн саналын хуудсыг хүчингүй болгож байж яллаа шүү гэх зүйлсийг хэлснийг тухайн нийгмийн ажилтан нь надад хэлсэн. Би нийгмийн ажилтантай уулзаж энэ талаараа гэрчийн мэдүүлэг өгөх боломж байгаа эсэхийг асуухад “Би ажилтайгаа үлдмээр байна. Гэрчийн мэдүүлэг өгвөл намайг ажлаас минь халах байх” гэж хэлсэн. Э.Г нь сонгуулийн дараа ажлаа хүлээж авснаар хэт нэг талыг барьж ажиллаж эхэлсэн. Сонгуулийн үеэр миний сурталчилгаанд ажилласан хүмүүсийг хүнсний талонаас хасч өөрийнхөө талд ажилласан хүмүүсийг хүнсний талонд оруулах зэрэг нэг талыг барьсан үйлдлүүдийг хийж эхэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын 4 дэх үндэслэлээсээ татгалзаж,энэ талаар маргахгүй байгаа “ гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумын 9 дүгээр багийн ИНХ хуралдаж тухайн багийн Засаг даргыг сонгох сонгууль зохион байгуулсан. Энэхүү хэргийн маргааныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрт гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. 1120 дугаар сонгуулийн хэсгийн хорооны зохион байгуулагчид нь төрийн албан хаагчид байсан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн албан хаагчийн үүргийг зааж өгсөн байдаг. Сонгууль зохион байгуулж байгаа төрийн албан хаагчид нь Монгол улсын хууль тогтоомж, Сонгуулийн тухай хууль, Монгол улсын Үндсэн хууль зэрэг хуулиудыг хэрэгжүүлж сонгуулийг будлиангүй зохион байгуулах ёстой байсан. Гэтэл зохион байгуулагч нар нь сонгогчдын гарын үсгийг буруу зурсан 9 дүгээр багийн сонгогчдын саналыг хүндэтгээгүй зэрэг олон асуудлаар сонгуулийг будлиантай зохион байгуулсан. Монгол улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Монгол улсын хууль тогтоомжийг хэрэглэж сонгуулийг шударга явуулах ёстой байсан. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д зааснаар сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөх, санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү эсхүл их байхыг ойлгоно гэж заасан байгаа. Э.С нь 152, Ц.Б нь 148 санал авсан ба тамга дарагдаагүй 2 саналын хуудсыг хасч 150 санал авсанд тооцох ёстой байхад хүчинтэйд тооцсон. Гэрчүүдийн мэдүүлгээр энэхүү сонгууль нь будлиантай болсон нь тодорхой харагдаж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.19-д зааснаар шууд буюу төлөөлөгчийн байгууллагаар уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй гэж заасан байдаг. Ц.Б нь өөрөө Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгуульд оролцсон. Гэтэл тухайн сонгуулийг будлиантай шударга бусаар зохион байгуулсан. 9 багийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1332 нэрс байдаг боловч Улсын бүртгэлээс авсан сонгогчдын нэрсийн жагсаалтад 1321 хүний нэрс байдаг ба 11 хүний зөрүүтэй байдаг. Энэ зөрүүтэй асуудлыг сонгуулийн хорооны дарга нь өөрөө тайлбарлаж хэлж чадаагүй ба үүнээс харахад тухайн сонгуулийг эмх замбараагүй, будлиантай зохион байгуулсан нь харагдаж байна. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...”гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлөн дарга Э.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 189 тоот тогтоолоор багийн ИНХ-ын товыг тогтоож өгсний дагуу 9 дүгээр багийн ИНХ-ыг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт “Увс Эрдэм” ахлах сургуулийн урлагийн зааланд зохион байгуулсан. Багийн иргэдийн нийтийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дагуу нэгдүгээрт багийн ИНХ-ын даргыг сонгох сонгуулийг нууц санал хураалтаар зохион байгуулсан, гуравдугаарт багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшихээр улс төрийн 2 намаас нэр дэвшигчийн материал ирсэн бөгөөд заалнаас нэр дэвшигч Э.С нэрээ дэвшүүлж нийт 3 хүн багийн Засаг даргын сонгуульд өрсөлдсөн билээ. Ингээд багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөхөөр МАН-аас П.А, АН-аас Ц.Б, бие даагч Э.С нарын нууц санал хураалтыг 15 цагт эхэлсэн бөгөөд санал хураалтыг 15 цагт эхэлсэн бөгөөд санал хураалтыг 16 цаг 19 минутад хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар тасалбар болгосон. Ингээд 16 цаг 20 минутанд санал тоолох үйл ажиллагаа эхэлсэн. Сонгуулийн санал хураалтын дүнг тооллогын комиссын дарга Р.Барианжав танилцуулав.
1-рт Нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тооноос 13-аар зөрсөн. Энэ нь сонгуулийн тоонд нөлөөлөхөөр байна гэсэн нь буруу ойлголт юм. Учир нь 3 удаагийн санал хураалтанд гарын үсэг зурж орсон иргэд, 3 удаагийн хайрцагнаас гарсан саналын хуудсыг нийлүүлж нийтэд нь тоолсон болохоор зөвхөн энэ удаагийн санал хураалтан дээр 13-аар зөрсөн гэсэн баталгаа байхгүй болно.
2-рт Нэг хүний гарын үсгээр нилээд хэдэн хүний нэр дээр саналын хуудас олгосон гэх нь 1.Өндөр настай, хараа муутай, даралт харвасан гэх мэт хүмүүс итгэмжлэгч болон үр хүүхдээрээ гарын үсэг зуруулж саналын хуудас авсан. 2.Цаг орой болсон учир яарсан хүмүүс нэрээ бүтэн бичилгүйгээр гарын үсгээ таталж, товчилж зурсан.
3-рт Өөр багийн иргэдийг авч ирж санал өгүүлсэн. Энэ нь боломжгүй юм. Учир нь ард иргэдийг хэвлэгдсэн сонгогчдын нэрсийн дагуу тулгаж гарын үсэг зуруулж оруулсан болно.
4-рт Хурлын дэгт хурал хаах цагийг заагаагүй, хаалга дээр санал өгөх сонгогч байгаагүй тул хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар санал хураалтыг тасалсан. Санал хураалт дуусаж, тооллогын комисс саналыг тоолох гэж байхад Д.Бадамнямбуу гаднаас орж ирж санал өгье гэхэд нь уучлаарай 100 хувийн саналаар санал хураалтыг тасалж тооллогын комисс ажилдаа орж байгааг тайлбарласан. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн санал болгосон хүмүүсийг оруулсан. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын агуулгууд дээрх тайлбаруудаар няцаагдаж байгаа болно. Улаангом сумын 9-р багийн ИНХ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаж ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоол хуулийн дагуу гарсан шийдвэр болохыг үүгээр тайлбарлан гарган хүргүүлж байна...” гэжээ.
Гуравдагч этгээд Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” ....Миний бие багийн нийт сонгогчдын 50.7 хувийн саналаар 2016.12.03-ны өдрийн сонгуульд ялсан тул 2016.12.05-ны өдөр Улаангом сумын Засаг даргын батламж авч одоог хүртэл багийн Засаг даргын ажлаа амжилттай гүйцэтгэж багийн иргэдээс ямар нэгэн гомдол гаргуулахгүй ажиллаж байна.
Иймд Улаангом сумын 9-р багийн Засаг даргын сонгууль хуулийн хүрээнд зохион байгуулагдаж ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоол хуулийн дагуу гарсан тул Ц.Б-ийн нэхэмжлэлтйг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Э.С-д эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх үндэслэлийн тухайд авч үзэхэд. Нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудаснаас 13-аар зөрсөн нь сонгуулийн тоонд нөлөөлөх үндэслэл гэж байгаа. энэхүү зөрүүтэй тоог хэрхэн яаж гаргаж ирж байгааг нэхэмжлэлдээ тодорхой тусгаж өгөөгүй ба ойлгомжгүй байна. Энэхүү үндэслэлээ нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нь хүмүүсийн хэлснээр гаргаж ирсэн тоо баримт гэж үзэж байна. Шүүх нь зөвхөн бичгийн нотлох баримтыг үнэлдэг, хүмүүсийн хэлж ярьсан зүйлсийг нотлох баримтад тооцохгүй. Мөн 1 хүний гарын үсгээр олон хүний нэр дээр саналын хуудас олгосон гэж байна. Сонгуулийн ажиллагааг зохион байгуулсан хүмүүс болон нийт 37 хүнээс гэрчийн мэдүүлэг авахад өөр хүний гарын үсгээр саналын хуудас авсан гэдэг зүйлийг огт мэдүүлээгүй. Өөр багийн иргэдийг 9 дүгээр багийн сонгуульд санал өгүүлсэн гэж байгаа нь Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар няцаагдаж байна. Нэхэмжлэгчээс шинжлэн судлуулсан гэрчүүдийн мэдүүлгээс 5 иргэн нь 2 дахь санал хураалтад оролцоогүй гэж мэдүүлсэн. Мөн 2 дахь санал хураалтад нийт хэдэн иргэн оролцсон, хэдэн саналын хуудас тараагдсан зэрэг тоо баримт нь тодорхой бус гэж үзэж байна. Саналын хуудас тараасан Долгорсүрэн нь багийн Засаг даргын санал хураалтад оролцсон иргэдийн гарын үсгийг ИНХ-ын тэргүүлэгчид гэх хэсэгт зуруулсан гэж байгаа ба энэ хэсгийн тоог гаргах боломжтой. Энэхүү сонгуулийн зохион байгуулалтгүй замбараагүй явагдсан нь саналын хайрцганд авагдсан сонгогчдын саналыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Улаангомын сумын 9 дүгээр багийн ИНХ-ын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай тооллогын комисс байгуулах тухай тогтоолоор томилогдсон тооллогын комисс нь хүчинтэй гэж үзсэн 300 санал, Ц.Б-148, Э.С-152 санал авсан байна гэх тооллогын комиссын тогтоол байна. Э.Г, Э.С нарыг нэг баг болж Ц.Б-ийн эсрэг ажилласан гэж нэхэмжлэгч тайлбартаа хэлсэн нь нотлох баримтгүй үндэслэлгүй зүйл юм. нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өмнө нь хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг өнөөдрийн шүүх хуралдаанд үндэслэх шаардлагагүй гэж үзэж байна. Иргэдийн гарын үсгийг зөрүүтэй гэж маргаж байгаа бол шүүхэд хүсэлтээ гаргаж шинжээч томилуулах боломжтой байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодорхойлоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...“ гэжээ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч Р.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:”...Багийн иргэдийн хуралд санал хураалтаар 50-иас дээш хувийн санал авсан Э.С нь Засаг даргаар сонгогдсон нь хууль зөрчөөгүй байна... “гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж,өргөн мэдүүлэх тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулж,дахин санал хураалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Б нь “Улаангом сумын 9-р багийн багийн Засаг даргын сонгуулийн үйл ажиллагаанд “ нэрсийн жагсаалтанд гарын үсэг зурж, саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тооноос 13-аар зөрсөн, нэг хүний гарын үсгээр нилээд хэдэн хүний нэр дээр саналын хуудас олгосон, өөр багийн иргэдийг санал өгүүлсэн,тамга дарагдаагүй саналын хуудсаар санал өгсөн байсан” гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гарган оролцов.
Харин нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлдээ дурдсан нэхэмжлэлийн шаардлагын 4 дэх үндэслэл буюу “ Сонгогчдыг санал өгөх боломжоор хангаагүй,хурлын дэгээ зөв баримтлаагүй,өөрсдийнхөө хүмүүсээр сонгуулийн бүхий л үйл ажиллагааг удирдуулж,сонгууль өгөхөөр ирсэн 12 сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй, санал өгч дуусах хугацааг зарлахгүйгээр сонгуулиа хаасан “ гэсэн үндэслэлээсээ татгалзсан талаараа тайлбар гаргасан болно.
Хариуцагч Улаангом сумын 9 дүгээр багийн ИНХ-ын дарга Э.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... санал хураалтанд 13-аар зөрсөн гэсэн баталгаа байхгүй, өндөр настай, хараа муутай, даралт харвасан гэх хүмүүс итгэмжлэгч болон үр хүүхдээрээ гарын үсэг зуруулж саналын хуудас авсан, цаг орой болсон учир яарсан хүмүүс нэрээ бүтэн бичилгүйгээр гарын үсгээ таталж, товчилж зурсан, ард иргэдийг хэвлэгдсэн сонгогчдын нэрсийн дагуу тулгаж оруулсан учраас өөр багийн иргэд санал өгөх боломжгүй ” гэж үзэн тайлбараа ирүүлжээ.
Гуравдагч этгээд Э.С,түүний өмгөөлөгчийн зүгээс “Улаангом сумын 9-р багийн Засаг даргын сонгууль хуулийн хүрээнд зохион байгуулагдаж ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоол хуулийн дагуу гарсан” гэж үзжээ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
1.Нэхэмжлэгчийн “нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тооноос 13-аар зөрсөн, нэг хүний гарын үсгээр нэлээд олон хүний нэр дээр саналын хуудас олгосон нь саналын дүнд нөлөөлсөн “ гэх үндэслэлийн талаар:
Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид болон багийн Засаг даргыг сонгох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тус Хурлын хуралдаанаас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох санал хураалтын тооллогын комиссыг Р.В, Г.Г, Я.Б, Т.Б, Б.Н нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, санал хураалтыг хууль журмын хүрээнд шударга зохион байгуулж, гарсан дүнг багийн иргэдийн Нийтийн Хуралд танилцуулахыг тооллогын комисст даалгаж 01 тоот тогтоолыг гаргасан байна.
Багийн Засаг даргын сонгуульд Монгол ардын намаас П.А, Ардчилсан намаас Ц.Б нарын нэрийг дэвшүүлсэн ба Э.С бие даан нэрээ дэвшүүлж өрсөлдсөн бөгөөд санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдийн аль нь ч уг Хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй учир дахин санал хураалтыг хамгийн олон санал авсан нэр дэвшигч Ц.Б, Э.С нарын дунд явуулжээ.
2016 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 04 дугаартай Тооллогын комиссын тогтоолоос үзэхэд уг тогтоолд багийн Засаг даргын дахин санал хураалтанд оролцсон нийт сонгогчдын тоог 1332, тамгалагдсан саналын хуудасны тоо 303, саналын хайрцагнаас гарсан саналын хуудасны тоог 303 гэж тэмдэглэсэн байгаа ба тооллогын комиссын бүрэлдэхүүн дахин санал хураалтад 300 хүчинтэй саналын хуудас тоологдсоноос нэр дэвшигч Э.С-г 152 иргэний санал буюу 50.7 хувийн санал авсан гэж үзээд түүнийг багийн Засаг даргаар өргөн мэдүүлэхээр хуралдаанд уламжилжээ.
Маргаан бүхий захиргааны акт буюу Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг шүүхээс бичиг баримтанд үзлэг хийн эх хувиас нь хуулбарлан үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулан хэрэгт хавсаргасан байх бөгөөд уг тогтоолоор тооллогын комиссын шийдвэрийг үндэслэн Э.С-г тус багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сумын Засаг даргад мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Улаангом сумын 9-р багийн Засаг даргын 2 дахь удаагийн сонгуулийн үед иргэдэд саналын хуудсыг олгохдоо 1332 иргэний нэр бүхий нэрсийн жагсаалтыг үндэслэн гарын үсэг зуруулан олгосон байх бөгөөд тухайн үед саналын хуудсыг олгож ажилласан Ж.Долгорсүрэн,Ц.Наранбат-Очир нар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2 дахь удаагийн санал хураалтад оролцогчдоор гарын үсэг зуруулахдаа ИНХ-ын тэргүүлэгчид гэх хэсэгт гарын үсэг зуруулсан гэж, Д.Агиймаа гэрчийн мэдүүлэгтээ 2 дах удаагийн санал хураалтанд оролцогчдоор БЗД гэсэн баганын 2 дахь хэсэгт нь гарын үсэг зуруулсан талаар мэдүүлжээ.
Иргэдийн Нийтийн Хурлын үеэр явагдсан сонгуулийн талаар үйлдсэн протоколд нийт сонгогчдоос хэдэн иргэн санал өгсөн талаар тэмдэглэгдээгүй ба зохин байгуулалт хариуцаж ажилласан дээрх иргэдийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн сонгогчдын нэрсийн жагсаалтаас ИНХ-ын тэргүүлэгчид болон БЗД гэсэн баганын 2 дахь хэсэгт зурагдсан гарын үсгийн байдлаар тоолж үзэхэд 234 иргэн санал өгснөөр бүртгэгдсэн нь саналын хайрцгаас гарсан 303 саналын хуудаснаас 69-өөр зөрсөн,мөн дээр дурдсан 2 баганаас өөр газар гарын үсэг зурагдсан байдал зэрэг нь нийт хэдэн иргэн багийн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтад оролцсоныг тодорхойлох боломжгүй болгож байна.
Шүүхээс багийн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтад оролцсон сонгогчдын нэрсийн жагсаалтад адил төстэй бичвэрээр гарын үсэг зурагдсан 42 иргэний нэрийг шүүн үзэж гэрч асуух ажиллагааг хийсэн бөгөөд үүнээс 1 иргэн хүнд өвчний улмаас мэдүүлэг өгөх боломжгүй,3 иргэн оршин суугаа хаягтаа байхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүйн улмаас гэрчийн мэдүүлгийг аваагүй болно.
Нийт гэрчийн мэдүүлэг өгсөн иргэдээс С.Д, Б.З, Б.М, М.З, Т.Н, Б.Д нарын 6 иргэн багийн Засаг даргын сонгуулийн 2 дахь удаагийн санал хураалтанд оролцоогүй талаар бусад гэрчүүд 2 дахь удаагийн санал хураалтанд оролцсон талаар мэдүүлэг өгсөн байна.
Иргэдийн Нийтийн Хурал, холбогдох сонгуулийг зохион байгуулах ажлын хэсэгт ажилласан Ц.Н шүүхэд өгсөн мэдүүлэгтээ” өглөөнөөс орой хүртэл байсан хүмүүс харих гэж яарсан,цухалдсан учраас намайг чи гарын үсэг зурчихаач гэхээр нь зарим нэг хүмүүс дээр тэмдэглэгээ хийгээд явсан” гэж мэдүүлсэн бөгөөд 6 иргэнийг санал хураалтад оролцоогүй байхад гарын үсэг зурах хэсэгт гарын үсгийн тэмдэглэгээ хийсэн үйл баримт болон санал хураалтад оролцсон иргэдийн тоог тодорхойлох боломжгүй нөхцөл байдал нь саналын хайрцагнаас гарч ирсэн сонгогчдын саналыг үгүйсгэх үндэслэл болохгүй болно.Өөрөөр хэлбэл энэхүү нөхцөл байдал нь иргэд илүү саналын хуудас авсан,зохион байгуулагчид бусдын өмнөөс санал өгсөн байдлыг нотлоогүй байна.
2.Өөр багийн иргэд санал хураалтанд оролцсон гэх үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хуралд өөр багийн хэн гэх хэдэн иргэн санал өгсөн талаар тайлбар гаргаж чадахгүй байгаа ба шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 2016 оны 09 сарын 22-ны өдөр гаргасан 9-р багийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг 2016 оны 12 сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуульд ашиглагдсан нэрсийн жагсаалттай тулгаж шүүн үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан 25 иргэн 9-р багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож санал өгсөн байх ба эдгээр иргэдийн оршин суух хаягийн лавлагааг шалгахад багийн иргэдийн Нийтийн Хурлаас өмнө 9-р багт шилжин ирсэн бүртгэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн өөр багийн иргэд санал хураалтад оролцсон гэх үндэслэл нь тогтоогдоогүй болно.
3.Тамга дарагдаагүй саналын хуудсаар санал өгсөн гэх үндэслэлийн талаар:
Санал хураалтын дүнгийн тухай тооллогын комиссын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 4 дугаартай тогтоолд саналын хайрцагнаас 303 саналын хуудас гарсан,үүнээс хүчинтэй 300 саналын хуудас тоологдсон талаар тэмдэглэгдсэн ба үүнээс Ц.Б-ийн төлөө өгсөн саналын хуудас 148, нэр дэвшигчийн нэрний өмнөх тоог дугуйлсан саналын хуудас 6 ширхэг,нэр дэвшигчийн өмнөх тоог харлуулж бусдсан 2 ширхэг байсан байх ба Э.С-ийн төлөө өгсөн саналын хуудас 152 ширхэг,нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан саналын хуудас 140 ширхэг,овгийн эхний үсгийг дугуйлсан саналын хуудас 10 ширхэг,тамгагүй саналын хуудсаар санал өгсөн 2 саналын хуудас байсан нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.
Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.14-д “Баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно “ гэж, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-д “Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тус тус зохицуулсан бөгөөд Улаангом сумын 9-р багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 04 тоот тогтоолд тамгалагдсан саналын хуудас 303 гэж тэмдэглэсэнээс үзэхэд багийн Засаг даргыг сонгох сонгуульд тамгалагдсан саналын хуудсыг ашиглахаар тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хуулийн дээрх заалтуудыг үндэслэн Э.С-ийн төлөө санал өгсөн тамгагүй хоёр саналын хуудсыг хүчингүй гэж үзэн нэр дэвшигч Э.С-ийн төлөө санал өгсөн хүчинтэй 150 саналын хуудас байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд багийн Засаг даргыг сонгох 2 дахь удаагийн санал хураалтад хэдэн иргэн оролцсон талаарх тоог тодорхойлох боломжгүй тул саналын хайрцагнаас гарсан 303 саналын хуудсыг үндэслэн 303 иргэнийг санал хураалтад оролцсон гэж дүгнэв.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “ Баг,хорооны Засаг даргад хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж зохицуулсан ба нэр дэвшигч Э.С нь хүчинтэй нийт 150 саналын хуудсаар санал авсан нь санал өгсөн иргэдийн 50-иас дээш хувийн саналыг авсан байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл Э.С нь 303 иргэний 50-иас дээш хувийг буюу 151 иргэний саналыг хүчинтэй саналын хуудсаар авсан тохиолдолд багийн Засаг даргад нэр дэвших эрхтэй байжээ.
Иймд Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “ Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй саналын дүнд үндэслэсэн байх тул уг тогтоолыг хүчингүй болгож, Улаангом сумын 9-р багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хоёр дахь удаагийн хуралдааныг дахин зохион байгуулахыг Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэв.
Мөн дээр дурдсан үндэслэлээр шүүхийн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж , Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “ Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Улаангом сумын 9-р багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хоёр дахь удаагийн хуралдааныг дахин зохион байгуулахыг Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
ШҮҮГЧ М.РИЗА
ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ