Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 000109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                         Э.М.д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0234/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Б.Жавхлантуяа

               Шүүгдэгч                                           Э.М,

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Оюунчимэг

               Хохирогч                                           Д.О

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолтой Э.М.д холбогдох, 1725000500024 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.О-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн, Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч  мэргэжилтэй, “” ХХК-ийн засварчин ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-1б-33 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Э.М.  

 

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-1б-35 тоотод оршин суух Д.О-ийн гэрт нэвтэрч 2 ширхэг хөөрөг, даалин, хавтага, бэлэн 4 000 төгрөг зэргийг хулгайлж 2 204 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Э-ын М-г оронд байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар шүүгдэгч Э.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ий эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Хохирогч нь хаалганы цоож эвдсэн зардал 100.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.О давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Гэмт этгээд хулгайлж авсан 2 хөөрөг дээр шээж бузарласан гэдгээ мөрдөн байцаалтын шатанд өөрөө хэлсэн байсан. Тиймээс цаашид хэрэглэж, ашиглах боломжгүй тул нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нотлох баримт нь дээр үндэслэсэн дүгнэлт мэдээллийг мөрдөгч прокурор дутуу гаргаж өгсөн байна. Энэ хэрэг болсноос хойш 4 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд дахин 2 хөөрөг даалинтай 2 300 000 төгрөг, хаалга цоож эвдэсний зардал 100 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг гэмт этгээдээс нэхэмжилж байна.

 

Э.М.д оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэг, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн асуудал дээр гомдолгүй. Зөвхөн хохирол төлбөрийн асуудлыг ярьж байна. Иймд хуулийн дагуу шалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

 

Хохирогч Д.О нь шүүгдэгч Д.М.д оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч зөвхөн хохирол төлөгдсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Тэрээр хөөрөг дээр Э.М нь шээсэн тул мөнгийг нь гаргуулна, мөн хаалга эвдсэн тул засуулсан зардал 100 000 төгрөг авна гэжээ.

 

Хэргийн материалд авагдсан 2 ширхэг хөөрөгний болон даалингийн зургийг харвал цэвэрхэн шинэ харагдана. Мөрдөн байцаалтын үед хохирогч нь хулгайд алдсан зүйлээ хүлээгээд авчихсан байдаг бөгөөд дээр нь шээсэн байна гэж хэлээгүй, энэ талаар ямар нэг баримт байхгүй тул энэ талаархи гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Хаалга засуулсан тухай хохирогч шүүх хурлын өмнө ярьдаг бөгөөд шүүгдэгчийн зүгээс ямар нэг баримт шаардахгүйгээр 100 000 төгрөгийг өгье гэхэд өөрөө авахгүй, хөөрөгний мөнгөтэй хамт авна гээд аваагүй юм. Энэ 100 000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Д.О гаргасан тайлбартаа:

 

2 хөөргөө нөхөн төлүүлэх гомдол гаргасан. Хөөргөө аваад ирсэн байна. Шээгээд нороод зэвэрсэн. Даалингаас шээс үнэртээд сэжиглээд хэрэглэхгүй байгаа. Иймд хөөргийг буцааж өгч мөнгийг нь гаргуулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэгдэж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хаалганы эвдэрлийг нэгэнт хаалга эвдээд орсон хохирол учирсан юм чинь хохирлыг төлье гэх асуудал анхан шатны шүүх хурал дээр яригдсан.

Хохирогчийн хувьд хөөргийг буцааж өгөөд мөнгийг нь хаалганыхаа мөнгөтэй цуг авна гэдэг зүйл ярьдаг. Тухайн үед хуулийн шаардлага нь нотлох баримтанд тулгуурлан хохирлыг гаргах учраас анхан шатны шүүх шийдвэрлэх боломжгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Б” овогтой Э.М нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-1б-35 тоотод оршин суух Д.О-ийн гэрээс 2 ширхэг хөөрөг, хөөрөгний даалин, хөөрөгний хавтага тус бүр 1 ширхэгийг, 4000 төгрөгийн хамт хулгайлж нийт 2.204.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

... 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны хооронд Булган аймгийн Баян-Агт сумын Хануй рашаанд амраад 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим ирээд орц руу ороход манай бүргэд хаалганы цоожийг эвдэж хулгай ороод миний 2 ширхэг хөөргийг хулгайлсан байсан ...гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 ...Гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож бариулыг эвдсэн байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэртээ ороход гэрийн цонхнууд цоожтой бүрэн хаалттай байсан. Гэтэл унталгын өрөөнд байсан сейфийг түлхүүрээр нь онгойлгоод дотор нь байсан нөхрийн 2 хөөргийг хулгайлаад явсан байсан... гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.М-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

 ... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хүмүүстэй хамтарч бизнес хийх гээд бүтээгүй, өрөнд орж сэтгэл санааны дарамтанд орсон учир ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч 2 хөөргөн дээр шээсэн гээд байгаа тийм зүйл болоогүй. Хулгайлсан хөөргөө буцаан өгсөн... гэсэн мэдүүлгүүд болон

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нягтлан бодох үнэлгээний “Далай ван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/57 дугаарыг дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд анхан шатны шүүх Э.М.д ял оногдуулахдаа түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс доошгүй хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд нь тохирчээ.

 

Хохирогч Д.О нь “...Э.М нь миний 2 хөөрөг дээр шээсэн тул дахин ашиглах боломжгүй байна..., Иймд 2 хөөрөг даалинтай 2.300.000 төгрөг, хаалга цоож эвдэсний зардал 100.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгийг гэмт этгээдээс гаргуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн байхаас гадна хохирогч Д.О 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2 хөөрөг болон хөөрөгний даалин зэрэг эд зүйлээ буцаан авсны дараа ... дээрх эд зүйлийг манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйл мөн..., хөөрөгний содон шинж тэмдэг болон даалингийн хээ зэргээр нь таниж байна..., эд зүйлээ буцааж авсан..., одоо миний зүгээс гаргаад байх гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..., хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэсэн мэдүүлэг, тайлбар гаргаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.  

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.О-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн шүүх хохирогчийн хаалганы цоожтой холбогдсон хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.О-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА 

                                                                                      

               ШҮҮГЧ                                                                Ц.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР