Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2021/0008/З |
Дугаар | 221/МА2021/0420 |
Огноо | 2021-08-04 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2021/0420
Ц.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М, Т.О нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.Б-н гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Э-н нэхэмжлэлтэй, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: ”Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.2, 19.4.3, 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг тус тус баримтлан Ц.Э-н нэхэмжлэлтэй Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б.Б-т Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон улсын бүртгэлийн *-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний 1 тоотод холбогдох хэсгийн бүртгэл, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн захиргааны үйл ажиллагаа /захиргааны актыг/-г хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *-********** дугаарын бүртгэлд бүртгэгдсэн Б.Б-т Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн ********* 1 дүгээр гудамжны 101 дүгээр байрны 01 тоотод байрших орон сууцыг өмчлөх эрх олгосон улсын бүртгэлийг хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Б.Б түүний өмгөөлөгч Г.М, Т.О нар давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т “Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна , 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн ********* 1 дүгээр гудамжинд байрлалтай 101 дүгээр байрны 1 тоот орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө байна.
... Нэхэмжлэгч Ц.Э нь Г.Б-с 2017 онд тус орон сууцыг худалдан авахдаа Иргэний хуулийн 109.1, 109.2, 110.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, харьяа бүртгэлийн газарт анхан шатны бүртгэлийн баримтуудыг бөглөх, мэдүүлэг гаргах, мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 -т заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгийн 2 хувийг татварт төлөх, Булган аймгийн Улсын бүртгэлд бүртгүүлэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олж авах ёстой байсан.
Үүний үр дагаварт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө , мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцлийг 2017 онд Г.Б-тэй байгуулсан байна. Энэ талаар баримт хэргийн материалд байхгүй болно.
... Нэхэмжлэгч Ц.Э-н хувьд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт Ц.Э нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг, Сэлэнгэбүрэн ********* 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1 тоот орон сууцыг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч байж түүний хуульд заасан эрх, ашиг сонирхол хөндөгдөх ёстой. Гэтэл Нэхэмжлэгч Ц.Э-н эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй.
... Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Б.Б-т Үл хөдлөх эд хөрөнгө олгосон шийдвэр нь хууль тогтоомж, дээд шатны байгууллагаас гаргасан аливаа хэм хэмжээг зөрчөөгүй байх тул энэ нь эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байна гэж үзэж байна.
... Тухайн орон сууцны хууль бус эзэмшигч нь хууль ёсны өмчлөгчийн Б.Б-н Булган аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тухайн иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаад туйлын харамсалтай байна.
... Анхан шатны шүүхээс өвлөх эрх, түүнтэй холбогдох хөөн хэлэлцэх хугацаа, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь иргэний эрх зүйн харилцаа бөгөөд тус харилцаатай холбогдон үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх учиртай гэж дүгнэсэн хэрнээ уг иргэний эрх зүйн харилцааны улмаас бий болсон нотлох баримтад үндэслэн хийсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэн гэсэн нь эргэлзээгүй дүгнэлт гэж үзэхээргүй байна. Нотариатчийн үүрэг гүйцэтгэсэн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны даргын үйлдэл Н1 захиргааны актыг шинжийг агуулахгүй бөгөөд захиргааны хэргийн уг үйлдэлд дүгнэлт хийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг иргэний хэргийн шүүхээс хянан шийдвэрлэсэн нөхцөлд захиргааны хэргийн шүүх улсын бүртгэл үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжтой юм.
Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус аймгийн Сэлэнгэ сум, 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн ********* 1 дүгээр гудамжны 101 дүгээр байрны хууль ёсны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *-********** дугаартай Б.Б-ийг бүртгэсэн бүртгэлийн 1 тоотод холбогдох хэсэг, мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр уг 101 дүгээр байрны сууц тус бүрийг салгаж, 01 тоот 51,67 м.кв гурван өрөө сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000784025 дугаар гэрчилгээг Б.Б-т олгосныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
1. Хариуцагч улсын бүртгэлийн хэлтэс нь дээрх бүртгэлийг хийхдээ Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна: ...25.1.4.өвлөх эрхийн гэрчилгээ олгох” гэж, 25 дугаар зүйлийн 25.3-т “Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4, 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна.” гэж тус тус заасныг зөрчиж, Булган аймгийн Хялганат тосгоны захирагч /нотариатын үүрэг гүйцэтгэгч/-аас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Б-т олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн дээрх орон сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасныг зөрчсөн талаар зөв дүгнэжээ.
2. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Ц.Э нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй этгээдээс худалдаж авсан учраас өмчлөгч биш нэхэмжлэл гаргах эрхгүй гэх боловч тухайн орон сууцанд 1991 оноос хойш ямар нэгэн маргаангүйгээр эзэмшиж амьдарч байсан Ц.Г-н хүү Г.Б-с худалдан авч амьдарч байсан нь тогтоогдож байх тул дээрх хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн амьдарч байгаа орон сууцны өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар зохих журмаар маргаж, шийдвэрлүүлэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан гуравдагч этгээд Б.Б-н ээж А.Б нь тухайн орон сууцыг 1991 онд хувьчлан авсантай холбоотой баримтад уг орон сууцыг эзэмшиж амьдарч байсан Ц.Г, түүний гэр бүлийн гишүүд тэмдэглэгдсэн /хэргийн 124-129 дүгээр хуудас/, А.Б нь 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан, хувьчилж авснаасаа хойш тухайн орон сууцыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй, Ц.Г-тай маргаан үүсгэж байгаагүй зэргээс үзэхэд тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй этгээдийг захиргааны хэргийн шүүх шууд тодорхойлох боломжгүй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх хууль бус бүртгэлийн улмаас Ц.Э-н өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзээгүй тул гуравдагч этгээдийн “Ц.Э тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш” гэх гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Харин давж заалдах гомдолд дурдсан “... нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх, өвлөх эрхийн хөөн хэлэлцэх хугацаа, гэрчилгээ олгох асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх учиртай атал захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй асуудлаар захиргааны шүүх дүгнэлт хийсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчсөн” гэсэн нь үндэслэлтэй байна.
Тухайлбал анхан шатны шүүх нь өвлөх эрхийн талаар Иргэний хуулийн заалтуудыг тайлбарласан, дуудлага худалдааг хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх зэргээр иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудалд дүгнэлт өгсөн нь буруу байх боловч энэхүү үндэслэл нь улсын бүртгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийг хангах үндэслэлээ болгоогүй байх тул энэхүү давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Г.М, Т.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ