Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00292

 

    С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 178 дугаар шийдвэр,

 

            Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар магадлалтай,                                                                                                                                           

            C-ын нэхэмжлэлтэй,

            З-д холбогдох

           Эмчилгээний зардал 1.075.650 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, 2016 оны 11, 12 сар, 2017 оны 1 сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд хохирсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлгийг сар бүр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч C-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгч C-ын нэхэмжлэлд: Миний бие 2016 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 02 цагийн орчимд иргэн З-д зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан ба Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоол гарсан. З-д холбогдох гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд гэм хор учирсан. Эрүүл мэндэд учирсан гэм хороос үүдэн миний тархи толгой өвдөж, чих шуугидаг, зүүн гар мэдээгүй болсон. Чимээ шуугианд байж чадахаа больсон. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоосон акт гарсны улмаас байгууллагын удирдлагууд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн. Иймд З-гээс 2016 оны 11 сараас хойш ажилдаа очих боломжгүй байдалтай холбоотой гэм хор учруулснаас гарсан эмчилгээний зардал 1.075.650 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 300.000 төгрөг,  хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 2016 оны 11 сараас одоог хүртэл ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон учир олох байсан орлого 2016 оны 11, 12 сар болон 2017 оны 1  дүгээр сараас хойшхи цалинг гаргуулж өгнө үү. Мөн эрүүл мэнд хохирсноос болж хөдөлмөрийн чадвар алдсан тул тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлгийг сар бүр З-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч З-гийн тайлбарт: Иргэн C-тай Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж төлөх ёстой мөнгийг нь төлж барагдуулсан. Шүүх хуралдаанаас хойш Одчим наран эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 240.000 төгрөгийг төлсөн. Биеийн байдлаасаа болж ажлаасаа гараагүй. Архи ууж ажилдаа очихгүй байсаар ажлаасаа гарсан. Би ажилдаа яв гэж удаа дараа хэлж байсан. Өрхийн эмнэлгээс акт авч өг гэхээр нь худлаа акт авч өгч байсан. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

          Нэхэмжлэгч C-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Надад их хэцүү байна. Уруул ам татаад ухаан алдаж унадаг, гар зуураад байдаг болсон. Сая ойрхон 2 удаа унасан. Ганцаараа амьдарч чадахгүй байгаа. Өвөл хүйтэнд дулаан байр түрээсэлж амьдарсан одоо хүртэл мөнгийг нь өгөөгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагуудаасаа 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, эрүүл мэнд хохирсноос болж хөдөлмөрийн чадвараа алдсан тул тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлгийг сар бүр гаргуулах гэсэн шаардлагуудаасаа татгалзаж байна. Харин одоо эмчилгээний зардалд 3.190.338 төгрөг нэхэмжилж байна. Би одоо хүртэл эм ууж байгаа гэжээ.

       Хариуцагч З-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад эмчилгээний зардал мөнгийг бүгдийг нь төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсний дараа C-ыг Ариунсайхан эмчийн эмнэлэгт хэвтсэн гэхээр нь эхлээд 200.000 төгрөг өгсөн, дараа нь 40.000 төгрөгөгсөн. Эмнэлэгт хэвтсэн төлбөрийг төлсөн. Эмийн баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчийн бичсэн дүгнэлт байх ёстой. Гэтэл өрхийн эмчийн бичсэн бичилт байгаа. Эмийн жор өгсөн баримт хавтаст хэрэгт байхгүй. Зарлагын падаан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоо бүх л аж ахуйн нэгжүүд татварын Е баримт хэвлэдэг болчихсон. Гэтэл хэрэгт тийм баримт огт байхгүй. Зарлагын баримт огт байхгүй байгаа. C- надад 50 хувиар групп тогтоолгочих юм бол давхар ажлаа хийгээд явах боломжтой юм байна гэжхэлсэн. Тэгэхээр нь би олон жил эрүүл мэндийн байгууллагад ажилласан учраас эмч нартай уулзаж ярилцаад 50 хувиар тогтоогоод өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд яг 50 хувиар групп тогтоолгосон. Энэ хүний ажлаас гарсан асуудал нь надтай хамааралгүй гэж үзэж байна. Онцгой байдалд жолооч ажилтай байж байгаад 10 дугаар сарын 06-ны өдөр жолооны эрхээ хасуулсан байна. Жолооч хүн жолооны эрхээ хасуулчихсан байхад ямар ч байгууллага гэрээгээ цуцлана шүү дээ. Би өөрөө жолооч учраас мэдэж байна гэжээ.

          Хариуцагчийн өмгөөлөгч Т.Баасанжаргалын тайлбарт: Нэхэмжпэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн зарим шаарлагуудаасаа татгалзаж байна гэж ойлголоо. З-гийн тухайд C-д болгоомжгүйгээр гэмтэл учруулсан гэж эрүүгийн хэргий н анхан шатны шүүх үзсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь энэ хэргийн улмаас цаашид гарах үр дагаврыг шийдэж өгсөн. Эмчилгээний төлбөрт 10 сая орчим төгрөг гаргуулж өгсөн. C-ын нэхэмжлээд байгаа мөнгөнөөс 1.775.650 төгрөгийн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх талаар тайлбар хэлье. Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар бол 2 дахь шатлалын эмнэлгийн эмчийн эмчлэх ёстой эмчилгээг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой өрхийн эмнэлгийн эмч бичих ямар ч боломжгүй. Тиймээс өрхийн эмнэлгийн эмчийн бичиж өгсний дагуу авсан эмнүүд нь няцаагдаж байгаа. Өрхийн эмнэлгийн бичсэн бичилтүүд нь он, сар, өдрийн хувьд учир дутагдалтай байна гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр З-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон. Тэр шүүх хуралдаан өглөө 09 цагт эхлээд оройны 18 цаг дуусч байхад буюу ажлын цаг дуусч байхад дууссан. Гэтэл C- тэр өдөр эмнэлэгт үзүүлээд 208.000 төгрөгийн эм авсан баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ мэтчилэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, цуглуулсан байх боломжтой юм уу гэж харж байна. 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2 сард авах ёстой байсан цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ хугацаанд огт цалин аваагүй гэж үзэж байгаа. Цалин авахгүй байх үндэслэлтэй. Учир нь C- 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жолооны эрхээ хасуулсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Жолооны эрхээ хасуулсан учраас жолооч хийх ямар ч боломжгүй. Тиймээс дээрх хугацааны цалинг гэм хорын хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. 2017 оны 02 дугаар сард C-т холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарсан. Ажлаас чөлөөлсөн тушаал 2 сарын 24-ний өдөр гарсан байна. Шүүхийн шийдвэрээр шийтгэгдсэн этгээд төрийн жинхэнэ албанд ажиллах боломжгүй. З-гийн учруулсан гэм хорын улмаас C- ажлаасаа халагдсан зүйл байхгүй. З-гийн тухайд мал, хашаа, байшин бүх зүйлээ зарж C-ын хохирлыг төлж барагдуулсан. З- айлын түрээсийн байранд амьдардаг. Түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаа. Өөрийнх нь буруутай үйлдлээс болж C-д гэмтэл учирсанд маш их харамсдаг гэдгээ шүүх хуралдаан дээр хэлж байсан. З- нь шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлдөг, мөн банкны зээлтэй, энэ бүхэн нь цалингаас нь хасагдаж гар дээр 140.000 төгрөгсард авдаг. Магадгүй шүүх хуралдаанаас баримтуудыг үнэлээд З-гээс гаруулах үндэслэлтэй гэж үзэх юм бол Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. З- 2 настай охинтойгоо хамт амьдардаг. Хэрвээ 1.775.650 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхээр бол      дээрх нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж багасгаж өгөөч. 2016 оны 11, 12 сар 2017 оны 1, 2 сарын цалингийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсч байна гэжээ.

            Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 178 дугаар шийдвэрээр: C-ын нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү болон эмчилгээний зардалд 1.855.488 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан З-гээс 1.334.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч C-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч З-гээс 36.308 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

            Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 178 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З-гээс 1.334.850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч C-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.885.488 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч C- нь 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд хохирсоны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул сар бүр тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 3 дахь заалтад “Нэхэмжлэгч C- нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхтэй” гэж нэмж, шийдвэрийн 3, 4, 5 дахь заалтуудын дугаарыг 4, 5, 6 гэж өөрчилж шийдвэрлэжээ.

           Хариуцагч З-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 15 дугаартай магадлалыг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч C- нь нэхэмжлэлийн шаардлагаа ‘‘З-гийн үйлдлийн улмаас өөрийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлуудыг гаргуулах болон эрүүл мэндийн шалтгаанаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд хохирсноос болж хөдөлмөрийн чадваргүй болсон тул тэжээн тэтгүүлэх” гэж тодорхойлсон боловч шаардлагаа нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, “Монос Завхан” ХХК-иас 208.250 төгрөгийн, “Эм импекс” ХХК-иас 775.800 төгрөгийн, “Гэрэлт шүтээн” ХХК-иас 290.800 төгрөгийн, нийт 1.574.850 төгрөгийн эм тариа худалдан авсан талаарх баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ба анхан шатны шүүх дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шийдвэрлэсэн юм. Гэтэл хариуцагч миний гаргасан өргөдлийн дагуу Завхан аймгийн МХГ-ын улсын байцаагч эмийн сангуудаас олгосон санхүүгийн дээрх баримтуудад шалгалт хийгээд хууль зөрчсөн хуурамч нотлох баримт болохыг нь тогтоосон билээ. Эл байдал нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал бөгөөд уг хуурамч нотлох баримтуудыг үндэслэсэн болох нь хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх явцад илэрсэн тул ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

           Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий боловч магадлалд зохигчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

        Нэхэмжлэгч C- нь хариуцагч З-д холбогдуулан эмчилгээний зардал 1.075.650 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд хохирсоны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул сар бүр тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, сар бүр тэтгэлэг гаргуулах гэсэн шаардлагуудаас татгалзаж, харин эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрт нийт 3.190.338 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж, 2016 оны 11, 12 сар, 2017 оны 01 сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас гаргуулна гэжээ.

       Хариуцагч З- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, эрүүгийн хэрэг шийдвэрлэх үед эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, дараа нь эмнэлэгт хэвтсэн гэхэд 240.000 төгрөгийг өгсөн, эм авсан баримтуудыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

             2016 оны 03 дугаар сарын 05-ны шөнө C-тай маргалдаж түүнийг түлхэж унагаасны улмаас C-ын биед хүнд гэмтэл учруулсан болох нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч C- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч З-гээс шаардах эрхтэй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

         Нэхэмжлэгч C- нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр болон эмчилгээний зардалд нийт 1.574.850 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд үүнээс хариуцагч З-гийн өгсөн 240.000 төгрөгийг хасч тооцож, 1.334.850 төгрөгийг хариуцагч З-гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.855.488 төгрөгийг хасч шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

        Хариуцагч тал хэрэгт авагдсан эм тариа авсан баримтууд нь хуурамч гэж Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлсэн боловч дээрх баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй давж заалдах журмаар гаргасан нотлох баримт учраас шүүх үнэлэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчим болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт нийцжээ.

         Нэхэмжлэгч C- нь хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалингийн зөрүүний талаарх нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаагүй, түүнчлэн зарим шаардлагаас татгалзсаныг батлалгүй үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг үндэслэл бүхий хэрэглэжээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэхийг шийдвэрлээгүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд нэмэлт оруулна.

        Хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... улсын байцаагч эмийн сангуудаас олгосон санхүүгийн баримтуудыг хуурамч нотлох баримт болохыг нь тогтоосон ...” тухай гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцэхгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар магадлалын тогтоох хэсэгт 2 дахь заалтаар “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөлөгдсөн болохыг дурьдсугай.” гэж нэмэлт оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

               2. Хариуцагч З-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.148 /дөчин мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

                             ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН