Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 15

 

С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

 заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: С.*******

Хариуцагч: З.*******

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.*******

 Нарийн бичгийн дарга: Э.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 178 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн С.*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 02  цагийн орчимд иргэн З.*******д зодуулан тархиндаа хүнд гэмтэл авсан ба Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. З.*******д холбогдох энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэж байна. Эрүүл мэндэд учирсан гэм хороос үүдэн миний тархи толгой өвдөж, чих шуугидаг, зүүн гар мэдээгүй болсон. Чимээ шуугианд байж чадахаа больсон болно. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 50%-иар тогтоосон акт гаргасны улмаас байгууллагын удирдлагууд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй байна гэж үзсэн. Иймд З.*******гээс 2016 оны 11 сараас хойш ажилдаа очих боломжгүй байдалтай холбоотой гэм хор учруулснаас гарсан эмчилгээний зардалд 1075650 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 300000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж 2016 оны 11 сараас одоог ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон учир олох байсан орлого 2016 оны 11 сар, 12 сар болон 2017 оны 01 дүгээр сараас хойшхи цалинг гаргуулж өгнө үү. Мөн эрүүл мэнд хохирсоноос болж хөдөлмөрийн чадвар алдсан тул тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлгийг сар бүр З.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн С.*******ын нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авсан. Иргэн С.*******тай Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж төлөх ёстой мөнгийг нь төлж барагдуулсан. Шүүх хуралдаанаас хойш ******* ******* эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 240.000 төгрөгийг төлсөн. Биеийн байдлаасаа болж ажлаасаа гараагүй. Архи ууж ажилдаа очихгүй байж байгаад ажлаасаа гарсан. Би ажилдаа яв гэж удаа дараа хэлж байсан. Өрхийн эмнэлгээс акт авч өг гэхээр нь худлаа акт авч өгч байсан. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: С.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү болон эмчилгээний зардалд 1.855.488 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан З.*******гээс 1.334.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч З.*******гээс 36308 төгрөг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Миний бие Улиастай сумын Товцог баг Тэжээлийн фондын хэсгийн 6-2 тоотод оршин суудаг ам бүл 1, одоогоор хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан групт байдаг. Би 2016.03.05-нд эрүүл мэндийн төвийн жолооч З.*******д зодуулж тархиндаа хүнд гэмтэл авч 2016.03.06-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины хагалгаанд орсон. 2016.03.09-нд Улаанбаатар хотоос гэмтлийн эмнэлэгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг дуудаж тархины хагалгаанд дахин орсон. 2016.04.14-нд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 3 удаагаа хагалгаанд орсон.

З.*******д зодуулсаны улмаас миний эрүүл мэндэд хүндээр нөлөөлсөн одоо би ойр ойрхон ухаан алдаж унадаг, юм ярихдаа ээрдэг, гацдаг, нүүр ам татдаг ба байнга эм уудаг. Өмнөх шүүх хуралдааны шийдвэрт хохирогч С.******* нь цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзжээ.

Би иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Амбулаторын картанд бичсэн эмчийн тэмдэглэл, эм авсан падан зэргийн хавсарган өгсөн. 2016.09.20-ны өдөр “Тунгийн увидас” ХХК-аас авсан эмийн паданыг 29-нд авсанаар хассан байна. Энэ эмийг шүүх хурлаас өмнө манай ээж надад авч өгсөн. Бусад нэхэмжилсэн эм тарианы паданыг ямар үндэслэлээр хасч байгаа нь ойлгомжгүй байна.

2016 оны 11, 12 сар, 2017 оны 01, 02 сарын цалин, одоо авч байгаа групын мөнгө тодорхой баримт нь байхад баримтгүй гэж хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч миний З.*******д хохирлыг гаргуулах тухай хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Би эрүүл мэндээрээ их хэмжээгээр хохирсон одоо эд хөрөнгөөрөө дахин хохирмооргүй байна гэжээ.

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүний буруугаас эрүүл мэндээрээ хохирсон. Одоо эмчилгээ, эм тарианы мөнгөө гаргуулж авмаар байна. Би удаа дараа эм тарианы мөнгө авах гэж утсаар мессеж бичсэн. Гэтэл өөдөөс хэл амаар доромжилж мөнгө өгдөггүй  гэв.

Хариуцагч З.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.  Хэрэв үнэхээр эмчлүүлсэн бодитой зардал мөн бол төлбөрийг төлж болно. Би өмнө ******* ******* эмнэлэгт эмчлүүлсэн 240.000 төгрөгийг өгсөн. Тэрнээс хойш нэхэмжлэгч эмийн баримт худлаа бүрдүүлээд мөнгө авах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хяналтын газрын эмийн байцаагчид хандаж эдгээр эмнүүдийн талаар дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтийг би давж заалдах шатны шүүхэд өгсөн. Хугацаагүй, үнэгүй олгодог эмнүүдийг заавал үнээр авах шаардлагагүй байхад худалдаж авсан гээд мөнгө нэхэмжлээд байна. Анхан шатны шүүх хуралдааны үед ээжийн бие муу байсан учраас би шүүх хуралд оролцож чадаагүй. Анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч З.*******гийн өмгөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргах нөхцөл байдал байсан боловч нэхэмжлэгч гомдол гаргасан учраас давхар гомдол гаргаагүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан. 2016 оны 11 сараас анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олох байсан орлого буюу цалин, тэтгэмжийн зөрүү гаргуулах, мөн тэжээн тэтгүүлэх шаардлагаас татгалзсан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзаад байгаа шаардлагыг нь батлахгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг батлах нь дараагийн шатанд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үр дагавартай байдаг.  Анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 497 дугаар зүйл 501 дүгээр зүйлд зааснаар С.*******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнээд шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас нь “Монос Завхан” компаниас авсан эмний үнэ 208.250 төгрөг, “Эм импекс” компаниас авсан эмийн үнэ 375.800 төгрөг, “Гэрэлт шүтээн” компаниас авсан эмийн үнэ 290.800 төгрөг, “Эм импекс” компаниас авсан эмийн үнэ 400.000 төгрөг,  нийт 1.574.850 төгрөгнөөс хариуцагчийн өгсөн 240.000 төгрөгийг хасч үлдэгдэл 1.334.850 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар болсон.

Эдгээр эм авсан гэх нотлох баримт нь хууль бус аргаар цуглуулсан хуурамч нотлох баримт гэж үзэх үндэстэй байна. Хариуцагчийн зүгээс эдгээр эм олгосон баримтуудын талаар Мэргэжлийн хяналтын газарт хандаж шалгуулаад дүгнэлт гаргуулсан. Гэтэл эдгээр эмнүүд нь жороор олгох заалттай байхад нэхэмжлэгч тус эмийг жоргүйгээр эмийн сангаас авсан байсан. Энэ нь эмийн жор бичих стандартын 7.3-ийг зөрчсөн. Жоргүй эм олгосонтой нь холбогдуулж эмийн сангуудад торгууль тавигдсан байдаг. Иймээс дээрх эм авсан гэх баримтууд нь хууль ёсны нотлох баримтанд тооцогдохооргүй байна.

Анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх явцад энэ байдал мэдэгдээгүй, хэргийг давж заалдах журмаар хэлэлцэх явцад илэрсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Эдгээр баримтууд хуурамч гэдэг нь нотлогдож байгаа учраас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан эмчилгээний зардал 1.075.650 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэний төлбөр 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас хойших ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд хохирсоны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул сар бүр тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн зарим шаардлагууд болох 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртлэх хугацааны олох байсан орлого, эрүүл мэнд хохирсоны улмаас хөдөлмөрйин чадвараа алдсан тул сар бүр тэтгэлэг гаргуулах гэсэн шаардлагуудаасаа татгалзаж, эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэний төлбөрт нийт 3.190.338 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ мөнгөн шаардлагыг нэмэгдүүлж, 2016 оны 11, 12, дугаар сар, 2017 оны 01 сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч З.******* нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны шөнө С.*******тай маргалдаж түүнийг түлхэж унагаасаны улмаас С.*******ын биед хүнд гэмтэл  учируулсан болох нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Нэхэмжлэгч С.******* нь Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролыг хариуцагч З.*******гээс шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.******* нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэний төлбөр болон эмчилгээний зардалд нийт 1.574.850 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон байх бөгөөд үүнээс хариуцагч З.*******гийн өгсөн 240.000 төгрөгийг хасч тооцож, 1.334.850 төгрөгийг хариуцагч З.*******гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.855.488 төгрөгийг хасч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч тал хэрэгт авагдсан эм тариа авсан баримтууд нь хуурамч баримтууд байна гэж Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлсэн байх боловч дээрх баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй давж заалдах журмаар гаргасан нотлох баримт учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар  шүүх үнэлэх боломжгүй юм.

Түүнлчэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгөх боломжгүй байсан гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа хэдий ч энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 179.2 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлыг бий болгоогүй байх тул хариуцагч талын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалингийн зөрүүг хэрэгт авагдсан баримтаар тооцох боломжгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу биш байх бөгөөд харин нэхэмжлэгч С.******* нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байжээ.

Мөн нэхэмжлэгч С.******* нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзалыг батлалгүй үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх бөгөөд энэ талаарх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих  нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 178 дугаартай  шийдвэрийн 1 дэх заалтыг  “Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.*******гээс 1.334.850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.885.488 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* нь 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас хойших ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд хохирсоны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул сар бүр тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай” гэж тус тус өөрчилж,

Шийдвэрийн 3 дахь заалтад “Нэхэмжлэгч С.******* нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхтэй” гэж нэмж, шийдвэрийн 3, 4, 5 дахь заалтуудын дугаарыг 4, 5, 6  гэж өөрчилсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР