Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Алгирмаа, шүүгч В.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 4-р баг, Буянт шанд гудамжны 1-6 тоотод  оршин суух, Боржгин овогт Болормаагийн Батболд /РД:СТ90102119/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р багт байрлах, Саруул цонх ХХКомпанид холбогдох

 

Бусдын эрхийг зөрчсөнөөс учирсан хохирол 483 000 төгрөг гаргуулах, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 111 тоот тушаал гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунтогос, хариуцагчийн төлөөлөгч Н.Буянбат, иргэдийн төлөөлөгч Б.Батчөдөр, нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Саруул цонх ХХК-д эсгэгч, наагчаар ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа гарах тухай захирал Н.Буянбатад амаар хэлсэн боловч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш бүтэн сар ямар нэгэн хариу өгөөгүй болно. Иймд миний бие 30 хоногийн дараа захирал Н.Буянбаттай уулзахад надад Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг үндэслэн намайг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр халагдсан тухай 111 дугаартай тушаал өгсөн ба нийгмийн даатгалын дэвтэр дээр 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр халагдсан гэж он сарыг зөрүүтэй бичилт хийж, тамга дарж өгсөн. Ажлаас халагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт зөрүүтэй бичсэн захирал Н.Буянбатын буруугаас болж, миний бие ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хохирч байна. Нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэлт гаргасан боловч тушаалын он, сар, өдөр нь нийгмийн даатгалын дэвтрийн он, сар, өдөр 2 зөрсөн учир Саруул цонх ХХК-аас холбогдох учир шалтгааны талаар тайлбар бичсэн албан бичиг гаргуулж авчирсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг олгож болно гэсэн хариу өгсөн боловч захирал Н.Буянбат нь тийм албан бичиг гаргаж өгөхгүй байгаа тул ажилгүйдлийн тэтгэмж 483 000 төгрөгийг авч чадахгүй хохирч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтанд хамрагдах эрх анх үүснэ гэсний дагуу надад ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох, сургалтын зардал санхүүжүүлэх журам”-ын 3.4 дэх заалтад даатгуулагч ажлаас халагдсан тухайн сардаа бүтэн ажиллаагүй бол түүний ажлаас халагдсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон сарын өмнөх саруудад энэ журмын 3.1-д заасан ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хангаж байвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ гэсний дагуу миний бие ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Иймд Саруул цонх ХХК-аас 483 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунтогос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Батболд нь Саруул цонх ХХК-д ажиллаад 2 жил болж байна. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө ажлаас гарах тухайгаа Буянбатад утсаар мэдэгдсэний дараа миний бие 10 гаруй хоногийн дараа Буянбат захирал руу нь утсаар ярьж нөхрийнхөө ажлаас гарсан тушаалыг авах гэсэн юм гэхэд сарын дараа гарна 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр очиж тушаалаа авъя гэж хэлэхэд оройн 20:00 цагт ирж аваарай гэж хэлсэн боловч орой очиж тушаалаа авах гэхэд тушаалыг нь өгөхгүй гээд өгөөгүй, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө очиж ажлаас гарсан тушаалаа авсан. Тушаал дээр бичигдсэн 2 он, сар, өдөр нь зөрүүтэй бичигдсэн байхыг нь би харчихаад Нийгмийн даатгалын хэлтэст очиж ажилгүйдлийн тэтгэмж авах гээд асуусан чинь он, сар, өдөр нь зөрсөн тул ажилгүйдлийн тэтгэмж олгогдох боломжгүй гэж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 тоот тушаалыг авах хүсэлттэй байна. Буянбат даргын гаргасан тушаал 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 тоот тушаал гээд нийгмийн даатгалын дэвтэр дээр нь бичилт хийсэн байгаа, өөр өөр сард гарсан тушаал нэг дугаартай байна гэсэн ойлголт байхгүй, тэгээд ч албан тоот гаргадаг хэвлэмэл хуудсан дээр тушаал гаргадаг гэж мэдэхгүй юм. Өөр хариуцагч талтай маргалдсан зүйл байхгүй, ажилгүйдлийн тэтгэмж 483 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 тоот тушаалыг гаргуулах нэхэмжлэл гаргасан юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Буянбат шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батболд нь Саруул цонх ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилдаа ирэлгүй, ажлаа тасалж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө ирээд ажлаас халагдах тухай амаар хэлэхэд нь би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан ёсоор өргөдлөө өг, тэгээд ч хуульд заасны дагуу өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцдог тухай хэлсэн. Тухайн үед Б.Батболд юм хэлэлгүй яваад өгсөн. Б.Батболд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө албан ёсоор бичгээр өгөөгүй байж байгаад 30 хоногийн дараа халагдсан тушаалаа авахаар ирэхэд нь өргөдлөө албан ёсоор гаргахаар нь ажлаас халагдсан тушаал гаргахаар хүлээж байсан тул тухайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тушаал гаргасан. Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажиллаагүй учир Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус шашны болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна гэж заасан тул нэхэмжлэгч Б.Батболд нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул нийгмийн даатгалын дэвтэр дээр нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөр нийгмийн даатгалын дэвтрийг хаасан. Түүнээс хойш хугацаа сунгаж хаавал манай компани дээр нийгмийн даатгалын шимтгэл нэмж гарах тул ажилдаа ирээгүй хоногоос нь эхэлж хаасан. Нэхэмжлэгч Б.Батболдын эхнэр Х.Ариунтогос нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр гар утсаар ярьж, Б.Батболдын ажлаас халагдсан тухай тушаалыг авъя гэхээр нь Батболд хаана байгаа юм бэ, өөрт нь өгнө гэж хэлсэн... Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Батболд ирээд та миний ажлаас халагдсан тушаалын хугацааг нааш нь татаад бичээд өгөөч, ямар танаас гарах мөнгө биш, танд ямар хамаатай юм гэхээр нь би тэгэхгүй, үнэн юм үнэнээрээ байвал дээр гэж хэлсэн. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгал төлөх үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл Б.Батболд нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй учир цалин хөлс аваагүй юм. Иймд манай компаний зүгээс Б.Батболдыг 30 хоног хүлээсэн бөгөөд энэ хугацаанд Б.Батболд нь ажилдаа ирээгүй учир хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай өргөдлөө бичгээр ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцно гэж заасан байхад нэхэмжлэгч нь манай компанид хандаж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө албан ёсоор бичгээр өгөөгүй билээ. Тийм учраас нэхэмжлэгч Б.Батболдын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаал гэж байхгүй гэв.

 

Хэрэгт цуларсан нотлох баимтуудыг шинжлэн судлаад:

 

                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Саруул цонх ХХК-д холбогдуулан

  •  Бусдын эрхийг зөрчсөнөөс учирсан хохирол 483 000 төгрөг гаргуулах,
  •  2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 111 тоот тушаал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

        Нэхэмжлэгч Б.Батболд нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ажилгүйдлийн тэтгэмж 483 000 төгрөг нэхэмжилж байсан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ариунтогос нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаалыг гаргуулах гэж нэмэгдүүлсэн байна.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунтогос: Манай нөхөр Батболд нь  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө ажлаас гарах тухайгаа Буянбатад утсаар мэдэгдсэн. Тэгээд манай нөхөр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр очиж тушаалаа авъя гэж хэлэхэд..” “... 2016 оны 10 дугаар сарын 13-ний өглөө очиж ажлаас гарсан тушаалаа авсан. Тушаал дээр бичигдсэн 2 он, сар, өдөр нь зөрүүтэй бичигдсэнээс ажилгүйдлийн тэтгэмж олгогдох боломжгүй гэж хэлсэн. Тушаал зөрүүтэй бичигдсэнээс ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ эдэлж чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 483 000 төгрөг гаргуулах, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаалыг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Буянбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Батболд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаа орхиж явсан тул нийгмийн даатгалын дэвтэр дээр нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэж тушаалыг бичиж өгсөн. Б.Батболдыг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Харин нийгмийн даатгалын дэвтэр дээр нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөр хаасан. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаал гэж байхгүй гэжээ.

 

 Саруул цонх ХХК-ны захирал Н.Буянбат нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 111 тоот захирал тушаалдаа:

Тус компанид эсгэгч, наагч ажилтай Болормаа овогтой Батболдыг хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 үндэслэн 39 дүгээр зүйлин 39.1-ээр 2016 оны 09-р сарын 12-ноос эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай..Холбогдох тооцоог хийхийг ня-бо А.Азжаргалд үүрэг болгов гэжээ./хх-17-р тал/

 

НДД№А000267461 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарын “ Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай “ гэсэн хэсэгт 2016/09/12/ №111 гэсэн тэмдэглэгээ хийгджээ./хх-5-р тал/

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Буянбат:  “...Б.Батболд нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул нийгмийн даатгалын дэвтэр дээр нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөр нийгмийн даатгалын дэвтрийг хаасан. Түүнээс хойш хугацаа сунгаж хаавал манай компани дээр нийгмийн даатгалын шимтгэл нэмж гарах тул ажилдаа ирээгүй хоногоос нь эхэлж хаасан...”, “...2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаал гэж байхгүй...” гэжээ.

 

Мөн Б.Батболд нь 2016 оны 9 дүгээр сард 3 хоног ажилласан байна. /хх-16-р тал/

 

Саруул цонх ХХК-ны захирал Н.Буянбат нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 111 дугаартай тушаал гаргаж Б.Батболдын хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан боловч Б.Батболдын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаал  гэж зөрүүтэй буюу огт байхгүй тушаал бичсэн үйлдэл нь нэхэмжлэгч Б.Батболдын ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг зөрчиж түүнд хохирол учруулсан байна.

 

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан байна.

 

 Нэхэмжлэгч Б.Батболдын “... Би 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа гарах тухай захирал Н.Буянбатад амаар хэлсэн...” гэсэн тайлбараар түүнийг ажлаас халагдах тухайгаа 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн байна гэж үзлээ.

 

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 357 дугаартай албан бичигт: “... ажилгүйдлийн тэтгэмж авахаар бүрдүүлсэн материалд байсан Саруул цонх ХХК-ны захирлын тушаалд ажлаас чөлөөлсөн огноо, тушаал гарсан огноо зөрүүтэй байсан. Үүний улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй байх үндэслэлүүдийг тайлбарласан...” гэжээ. /хх-21/

 

Нэхэмжлэгчээс ажилгүйдлийн тэтгэмж 483 000 төгрөг нэхэмжилсэнээс заримыг буюу 254 720 төгрөгийг хариуцагчаас гаргуулан үлдэх 228 280 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Саруул цонх ХХК-нь Б.Батболдын цалин хөлсийг 300 000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгал төлсөн байх тул энэ дүнгээр тооцож бодох нь зүйтэй гэж үзлээ./хх-5-тал, 62-р талд авагдсан нотлох баримтууд/

 

Ажилгүйдлийн тэтгэмжийг бодохдоо: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 3 дугаар зүйлийн 1-д зааснаар, ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4-т заасан аргачлалыг ашигласан болно.

 

300 000 х3=900 000 төгрөг /3 сарын цалин/

900 000:3=300 000 төгрөг / 1 сарын дундаж цалин/

300 000 төгрөгний 45% =135 000 төгрөг /шимтгэл төлж ажилласан 5 хүртэлх жилд 45% /

135 000 /төгрөг/ :21,2 / ажлын хоног/ =6,368 төгрөг

6,368 х 40 /хоног/ =254 720 төгрөг

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх ...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь бусдын эрх /ажилгүйдлийн тэтгэмж авах/-ийг зөрчиж түүнд гэм хор учруулсан гэм буруутай байх тул Саруул Цонх ХХК-иас 254,720 төгрөг /ажилгүйдлийн тэтгэмжээс авах байсан/-ийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаалыг гаргуулахаар шаардсан боловч уг тушаал гарсан, байгаа эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нотлогдон тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батболд нь улсын тэмдэгтийн хураамж 15 140 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 8 292 төгрөгийг хариуцагч Саруул цонх ХХК-иас гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Саруул цонх ХХК-аас 254 720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгож, үлдэх   228 280 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаалыг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батболд нь улсын тэмдэгтийн хураамж 15 140 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 8 292 төгрөгийг хариуцагч Саруул цонх ХХК-иас гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ

 

                                                       ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА

  

                                                                                              В.АМАРТҮВШИН