Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 04

 

,

Б.Бын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00024 дүгээр шийдвэртэй,

нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: С ХХК-нд холбогдох

ажилгүйдлийн тэтгэмж 483000 төгрөг гаргуулах, С ХХК-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 тоот тушаалыг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгч Н.Уийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 8 сарын 25-наас эхлэн тус байгууллагад эсгэгч, наагчаар ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа гарах тухай амаар захирал Н.Бад уламжилсан боловч бүтэн сар ямар ч хариу өгөөгүй болно. Иймд би 30 хоногийн дараа захирал Н.Бтай уулзахад надад Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39.1 дэх заалтыг үндэслэн намайг 2016 оны 10 сарын 13-ны өдөр ажлаас халагдсан 111 тоот тушаал өгсөн боловч нийгмийн даатгалын дэвтэр дээр 2016 оны 9 сарын 12-ны өдөр гэж он сарыг зөрүүтэй бичилт хийж, тамга дарж өгсөн захирал Н.Бын буруугаас болж миний бие ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хохирч байна. Нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэлт гаргасан боловч тушаалын он сар өдөр, нийгмийн даатгалын он сар өдөр 2 зөрсөн учир тухайн байгууллагаасаа холбогдох учир шалтгааны талаар тайлбар бичсэн албан тоот гаргуулан авчирвал ажилгүйдлийн тэтгэмж олгож болно гэсэн боловч С ХХК-ийн захирал Н.Б тийм албан тоот хийж өгөхгүй байгаагаас Б.Б миний бие ажилгүйдлийн тэтгэмж 483000 төгрөгөө авч чадахгүй байна.  Иймд Б.Б миний ажилгүйдлийн тэтгэмж болох 483000 төгрөгийг хуулийн дагуу буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б нь манай компанид 2014 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн ажилласан. 2016 оны 9 сарын 3-наас хойш ажилдаа ирэхгүй, ажил тасалж байгаад 9 сарын 12-ны өглөө ирээд ажлаас халагдах тухай амаар хэлсэн. Тэгэхээр нь би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан ёсоор бичгээр өргөдлөө өг, тэгээд ч хөдөлмөрийн тухай хуулинд өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцно гэж заасан байдаг гэж хэлсэн. Нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө албан ёсоор манайд бичгээр өгөөгүй байж 30 хоногийн дараа ирж халагдсан тушаалаа авахаар ирэхэд тэр өдрөөр нь буюу 2016 оны 10 сарын 13-нд тушаал гаргасан. Нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 9 сарын 12-ноос хойш ажиллаагүй учир ниймгийн даатгалын дэвтэр дээр нь 2016 оны 9 сарын 12-ны өдрөөр хаасан. Б нь 2016.10.12-ны орой 20 цагийн үед ирж уулзаад нийгмийн даатгалаас тэтгэмж авах гэсэн юм, та надад халагдсан тушаалаа хугацааг нь нааш нь татаад бичээд өгөөч, танаас мөнгө гарах биш улсаас гарах мөнгө юм чинь гэхээр нь би тэгэхгүй, үнэн юм үнэнээрээ сайхан гэж хэлсэн. Б.Б хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй учир цалин хөлс аваагүй юм. Иймд манай компанийн зүгээс Б.Быг 30 хоног хүлээсэн бөгөөд энэ хугацаанд тэрээр ажилдаа ирээгүй учир хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалсан юм. Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлөө албан ёсоор бичгээр өгөөгүй юм. Тийм учир тушаал гаргаагүй хүлээсэн. Иймд нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 “хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тооцно” гэсэн нь захирал Н.Б нь тушаалаа 30 хоногийн дараа гаргах үндэслэл болохгүй... Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нь тушаалын он сар, нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн он сар зөрсөн учир тухайн байгууллагаасаа холбогдох учир шалтгааны талаар тайлбар, албан тоот гаргуулан авчирвал ажилгүйдлийн тэтгэмж олгож болно гэсэн. Гэтэл Н.Б захирал тайлбар, албан тоот хийж өгөөгүйгээс манай нөхөр ажилгүйдлийн тэтгэмж 483000 төгрөг авч чадахгүй хохирч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1 “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэсэн заалтын дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрх бүрэн хангагдсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох, сургалтын зардал санхүүжүүлэх журам”-ын 3.4 дэх заалт “Даатгуулагч ажлаас халагдсан тухайн сардаа бүтэн ажиллаагүй бол түүний ажлаас халагдсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон сарын өмнөх саруудад энэ журмын 3.1-д заасан ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хангаж байвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ” гэсний дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Иймд С ХХК-иас ажилгүйдлийн тэтгэмж болох 483000 төгрөгийг төлүүлж хохиролгүй болгох, С ХХК ажилгүйдлийн тэтгэмжийг төлөхгүй гэсэн тайлбар гаргасныг зөвшөөрөхгүй. Эсвэл С ХХК-ийг Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн хэлсний дагуу учир шалтгааны талаар тайлбар бичсэн албан тоот гарган өгүүлэх талаар шийдвэр гаргуулмаар байна. ... 2 өөр сард гарсан тушаал 1 дугаартай байна гэж байхгүй, ажилгүйдлийн тэтгэмж болох 483000 төгрөгийг гаргуулна, 2016 оны 9 сарын 12-ны өдрийн 111 тоот тушаалыг гаргуулах хүсэлтэй байна. Энэ тушаалыг гаргаад өгчих юм бол 483000 төгрөгийг гаргуулах шаардлагагүй болж байгаа юм гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-аас 254720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгож, үлдэх 228280 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаалыг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж 15140 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 8292 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж улсын төсөвт оруулахаар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.У давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхээс хариуцагч С ХХК-ийн захирал Н.Б нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 111 дугаартай тушаал гаргаж Б.Бын хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалсан боловч Б.Бын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ 2016 оны 9 сарын 12-ны өдрийн 111 тоот тушаал гэж зөрүүтэй буюу огт байхгүй тушаал бичсэн үйлдэл нь нэхэмжлэгч Б.Бын ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг зөрчиж түүнд хохирол учруулсан байна гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 9 сарын 12-ны өдрийн тушаал гэж бичсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй байх үндэслэл болоогүй бөгөөд хариуцагчийн үйлдэл, нэхэмжлэгчид учирсан гэм хорын хоорондох шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасан. Ийнхүү өргөдлөө өгөх гэх ойлголтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тайлбарласнаар ...”хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 9 сарын 12-ны өдөр ажлаас гарах тухай хүсэлтээ биечлэн амаар мэдэгдсэн гэх бөгөөд үүнийг албан ёсны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтны өргөдөл гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд ажил олгогч буюу С ХХК-ийн захирал Н.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр заалтыг үндэслэн түүнийг ажлын байраа орхиж явснаас 30 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг албан ёсоор цуцалсан байна. Ийнхүү ажилтан Б.Б нь ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас цалин хөлс тухайн сард бодогдоогүй буюу улмаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Б нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ үл биелүүлэн, ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж, ажлаа хийгээгүйгээс түүний сүүлийн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй буюу ажилгүйдлийн тэтгэмж авах эрх түүний өөрийнх нь хууль зөрчсөн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан байхад шүүхээс ажил олгогч буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00024 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б нь Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр багт байрлах, С ХХК /захирал Н.Б/-нд холбогдуулж, ажилгүйлдлийн тэтгэмж 483 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг 2016-09-12-ны өдрийн 111 дугаар тушаал гаргуулах гэж нэмэгдүүлжээ.

Хариуцагчаас “...нэхэмжлэгч Б.Б С ХХК-нд 2014-08-25-ны өдрөөс  2016-09-03-ны өдрийг хүртэл ажилласан,  03-наас хойш ажилдаа ирэлгүй,  ажлаа тасалж байгаад 2016-09-12-ны өглөө ирээд ажлаас халагдах тухай амаар хэлсэн, миний зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өргөдлөө өг гэж хэлэхэд юм хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд 30 хоногийн дараа халагдсан тушаалаа авахаар ирэхдээ миний ажлаас халагдсан тушаалын хугацааг нааш нь татаад бичээд өгөөч, ямар танаас мөнгө гарах биш гэхэд нь би тэгэхгүй гээд тушаалыг 2016-10-13-ны өдөр гаргасан. Б.Бын нийгмийн даатгалын дэвтрийг 2016-09-12-ны өдөр гэж бичилт хийж хаасан. Он, сарыг андуурч буруу бичсэн, хэрвээ хугацаа сунгаж хаавал манай компани дээр нийгмийн даатгалын шимтгэл нэмж гарах тул ажилдаа ирээгүй хоногоос нь эхэлж хаасан, тэрээр хуульд заасан хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй учир цалин аваагүй юм. Компанийн зүгээс Б.Быг 30 хоног хүлээсэн бөгөөд энэ хугацаанд тэрээр ажилдаа ирээгүй учир хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалсан. 2016-09-12-ны өдрийн 111 дугаар тушаал гэж байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаас 254 720 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 228 280 төгрөг, 2016-09-12-ны өдрийн 111 дугаар тушаал гаргуулах тухай шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “...ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалт, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр, зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажлаас гарах, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдөл буюу бичгийн хүсэлтийг гаргалгүйгээр ажлын байраа орхисон үйл баримт тогтоогдсон байх ба тэрээр 2016-09-03-ны өдөр /хх-16/-өөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажилдаа ирээгүй  буюу холбогдох хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаар талууд маргаагүй байна. 

Мөн хуульд зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С ХХК-ийн захирал нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан 30 хоногийн хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах болон ажилтны 2016-09-03-ны өдрөөс хойш 2016-10-13-ны өдөр буюу хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалсан тушаал гаргасан өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 357 дугаар албан бичиг /хх-21/, гэрч С.Ган-Одын /хх 67-68/ мэдүүлэг зэргээр ажилгүйдлийн тэтгэмжийн материал бүрдүүлэх хугацаа хэтэрсэн, тушаалын огноо зөрүүтэй гэсэн үндэслэлээр тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзсэн байх ба үүнд ажил олгогч буруутай гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Энэ нь  ажил олгогч С ХХК  Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, энэ талаар талууд маргаагүй, нийгмийн даатгалын дэвтэр дээр тушаалын огноог зөрүүтэй бичсэнийг ажилтны ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б 2016-09-03-ны өдрөөс хойш ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан, 2016-09-12-ны өдөр ажлаас гарах тухайгаа ажил олгогчид амаар мэдэгдсэнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид  өгөөгүй, өргөдөл өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй тухай хуулийн заалтыг биелүүлээгүй учир ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалыг,  мэдэгдснээс хойш 30 хоногийн дараа гаргаж, түүнийг  ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн ажилтан 2016-09-03-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй учир ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан огнооноос өмнөх нэг сарын нийгмийн даатгалын шимтгэл нь нэхэмжлэгч Б.Бын буруугаас төлөгдөөгүй байх тул тэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хангахгүй учир түүнд ”ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх”-ээ ажил олгогчийн буруугаас эдэлж чадаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр зохигч талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой маргаан үүссэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх ... -д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн зохицуулалтад хамааруулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бын “С ХХК-нд холбогдуулж, ажилгүйдлийн тэтгэмж 483 000 төгрөг, 2016-09-12-ны өдрийн 111 дугаар тушаал гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00024 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.3, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын “ажилгүйдлийн тэтгэмж 483000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Н.Уийн давж заалдсан гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                Г.ТЭГШСУУРЬ

                                                                          Н.БОЛОРМАА