Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00932

 

   “И Ж Э Э” ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02245 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00409 дүгээр магадлалтай,

“И Ж Э Э” ХХК-ийн “дампуурсанд тооцож, татан буулгах” тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 125.659.393 төгрөг,

Нэхэмжлэгч О.Мөнхсайханы 35.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгч Ж.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Хүсэлт гаргагч “И Ж Э Э” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: тус компани нь  2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, барилгын материалын худалдаа, хүнсний болон барааны дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 хөрөнгө оруулагчтай байгуулагдсан. Компани үүсгэн байгуулсан цагаасаа Энержи ресурс ХХК болон тэдний салбар охин компаниудад барилгын туслах материал, багаж хэрэгсэл бусад бараа материалыг нийлүүлж эхэлсэн. Эхний жилүүдэд буюу 2010-2013 он хүртэл компани хэвийн сайн ажиллаж байсан тул татвар, нийгмийн даатгалаа цаг тухайд нь төлж барагдуулж байсан. Гол харилцагч компаниа алдахгүйн тулд банк, санхүүгийн байгууллага, хувь хүмүүсээс зээл авч бараа ханган нийлүүлэх ажлаа үргэлжлүүлж байсан ч 2013 оны сүүлээс улс орны эдийн засаг хямарч үйл ажиллагаа доголдож эхэлсэн. 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй ба хойшид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадамжгүй болсон. Энэхүү нөхцөл байдал нь манай компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д заасан компанийг татан буулгах үндэслэл бүрдсэн. Манай компани  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2158 дугаар захирамжаар татварын өр төлбөрт 52.134.590 төгрөгийн төлбөртэй. Гэвч тус компани цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадваргүй, сүүлийн 1 жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул компанийг дампууруулах тухай үүсгэн байгуулагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот шийдвэрийг гаргасан. Иймд “И Ж Э Э” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И Ж Э Э" ХХК нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 125.659.393 төгрөгийн татварын өртэй байна. Үүнд: 1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2158 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажсан 52.068.590 төгрөгийн татварын өрнөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2015 оны 2411 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу 1.143.000 төгрөгийн татварын өр барагдуулсан. Үлдэгдэл 50.925.590 төгрөг.

2. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 240012307 дугаар Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 58.893.579,6 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд төлбөрийг барагдуулаагүй.

3. Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын 264.000 төгрөг.

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 15.505.909 төгрөг байна. 5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 70.314,6 төгрөгийн татварын өртэй тул “И Ж Э Э” ХХК-аас 125.659.393,20 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “И Ж Э Э” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг бэлнээр компанийн захирал Р.Эрдэнэбаярт өгсөн. Гэрээг сард 3 хувийн хүүтэй нийт 3 сарын хугацаатай хийсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж тооцсон. Төлж барагдуулах хугацаа 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул зээлсэн 30.000.000 төгрөг, хүү 5.400.000 төгрөг нийт 35.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: “И Ж Э Э” ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мал аж ахуй эрхлэх, барилгын материалын худалдаа, хүнсний болон барааны дэлгүүр эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд ХААН банкинд 5009379377 тоот төгрөгийн данстай гэж бүртгэгдсэн боловч лавлагаагаар ХААН банкинд данс эзэмшдэггүй, Хас банкинд 5000847814 тоот төгрөгийн данстай 8955,26 төгрөгийн үлдэгдэлтэй. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2016 оны тайлангийн үзүүлэлтүүдээс харахад 2012-2015 онуудад нийт 10.430.450 төгрөгийн ашигтай ажилласан байна. Хас банкин дахь 5000847814 тоот төгрөгийн дансаар 2012 оноос дампуурлын хэрэг үүсгэх хүртэлх хугацаанд нийт 715.330.635,26 төгрөгийн орлого орж, 715.321.680 төгрөгийн зарлага гарч үлдэгдэл 8955,26 төгрөг байна. Cанхүүгийн тайлангийн 2015-2016 оны жилийн эцсийн байдлаар компанийн өр төлбөр 68.508.600 төгрөг болж өөрийн хөрөнгийн 459,84 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. “И Ж Э Э” ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгөгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “И Ж Э Э” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Өдрийн сонины 2017 оны 4дүгээр сарын 06-ны №078 дугаарт нийтэд мэдээлсний дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, иргэн О.Мөнхсайхан нараас нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн. Иймд хэрэгт авагдсан баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “И Ж Э Э” ХХК нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “И Ж Э Э” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02245 дугаар шийдвэрээр: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-т зааснаар  “И Ж Э Э” ХХК /РД:5424887/-ийг дампуурсанд тооцож татан буулгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И Ж Э Э” ХХК-аас 32.700.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Мөнхсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.700.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу хариуцагч “И Ж Э Э” ХХК-аас 74.733.802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баянзүрх дүүгийн татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 50.925.591 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу “И Ж Э Э” ХХК-ийн хөрөнгө захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч И Ж Э Э ХХК-ийн хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах; холбогдох гүйлгээг хянаж үзсэний үндсэн дээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасны дагуу ажиллагаа хийхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлантай танилцаж, мөн зүйлийн 36.2.1, 36.2.2-т заасан үндэслэлээр холбогдох эрх зүйн актыг гаргаж татан буулгах ажиллагааг дуусгавар болгохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу шүүх дампуурлын ажиллагааг дуусгавар болгосноор мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу “И Ж Э Э” ХХК-д холбогдох дараах нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж, Нэхэмжлэгч О.Мөнхсайханд зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх 32.700.000 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2158 тоот захирамжийн дагуу төлөх татварын өр 50.925 591 төгрөг,  Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэст төлөх өр 74.733.802 төгрөг. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “И Ж Э Э” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэн тайлангаа ирүүлэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Г.Золзаяа, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд нарт даалгаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2158 тоот захирамжийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хуулбарыг хавсаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагч “И Ж Э Э” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч О.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “И Ж Э Э” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч О.Мөнхсайханд олгохыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00409 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгч Ж.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02245 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00409 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.

Хэрэг гүйцэтгэгчийн 2017.10.04-ны өдрийн дүгнэлтийг нэхэмжлэгчдийн хуралдаанаар танилцуулсан. Уг хуралдаанаар хэрэг гүйцэтгэгчид дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэн банкны  дансны орлого зарлагын гүйлгээг дахин нягтлуулах хүсэлтийг хурлын тэмдэглэлд тусгуулан хүсэлт гаргасан. Энэ талаар шийдвэрлээгүй байхад шүүх хуралдаан зарлан шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хэрэг үүсгэхээс өмнө сүүлийн 2 жилийн хугацаанд хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийгдсэн эсэх талаар судалсан баримт материал хавсаргаагүй байхад эцсийн шийдвэр гаргасан.Иймд хэргийн материалыг бүрэн судлалгүй төлбөрийн чадваргүй болсон гэх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн шийдвэр гаргасанд гомдолтой тул  шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

“И Ж Э Э” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ үүргээ биелүүлж чадахгүй болсон талаар дурдаад  дампуурлын хэрэг үүсгэж, татан буулгахыг хүсчээ.  

1.Шүүх хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3354 дүгээр шүүгчийн захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухайг Өдрийн сонины 2017 оны 04 дүгээр сарын 6-ний өдрийн 078 дугаарт нийтэлжээ.  

Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосноос хойш 7 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг мэдээлэлд нэхэмжлэгчдийн анхны хурал хийх он, сар, өдөр, газар, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг заахаар Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан, шүүх уг  ажиллагааг явуулсан байна.  

“И Ж Э Э” ХХК-г төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлснээс  хойш нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс 125.659.393 төгрөг, О.Мөнхсайхан 35.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус гаргаснаас үзвэл тус компаний бусдад төлөх төлбөр нийт 161.059.393 төгрөг байна.  

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш түүнийг дахин хөрөнгөжүүлэх тухай санал болон төлөвлөгөө гараагүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсон, тэрээр Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу зохих ажиллагааг явуулжээ. Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...зөвхөн бусдад бараа материал нийлүүлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байгаагүй, гол харилцагч байгууллага нь худалдан авалтаа багасгахад үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон, ...компанийн хувьцаа эзэмшигч нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож, санхүүгийн тогтвортой ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ...” гэжээ.

2.Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс “И Ж Э Э” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

2.1. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь “И Ж Э Э” ХХК-с 125.659.393 төгрөг нэхэмжлэхдээ шүүхийн шийдвэрээр төлөх төлбөр 50.925.590 төгрөг, Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөр 58.893.579 төгрөг, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын татварын үлдэгдэл 264.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар төлөх татвар 15.505.909 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татварын төлбөрийн үлдэгдэл 70.314 төгрөг гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Р.Эрдэнэбаяр нь гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, барилгын материалын худалдаа, хүнсний болон барааны дэлгүүр эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай  “И Ж Э Э” ХХК-г үүсгэн байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр компани үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь “И Ж Э Э” ХХК-с нэмэгдсэн өртгийн болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 52.068.590 төгрөг нэхэмжилсэн, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ний өдрийн 2158 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна /хэргийн 1 дүгээр хавтас 114-115 дугаар тал/.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс  “И Ж Э Э” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны санхүүгийн үйл  ажиллагаанд  шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн актаар 377.205.000 төгрөгийн зөрчилд 37.720.500 төгрөгийн нөхөн татвар, 11.316.150 төгрөгийн торгууль, 9.856.929 төгрөгийн алданги нийт 58.893.579 төгрөгийн төлбөр ногдуулахдаа “...татвар ногдуулах орлогоо бууруулсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, татвар  төлөгч нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-т заасан  татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох үүргээ биелүүлээгүй бөгөөд мөн зүйлийн 18.1.5.-т зааснаар уг актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ талаар маргаагүй байна.

2.2. Үйл ажиллагаа явуулах хугацаанд  тус компани 2012 онд 640.252.700 төгрөг, 2013 онд 460.736.800 төгрөг, 2014 онд 399.540.200 төгрөг, 2014 онд 214.036.300 төгрөгийн орлого тус тус олсон, мөн 2012 онд ногдол ашгийн өглөг 21.404.600 төгрөг, 2014 онд 61.883.200 төгрөг хуваарилж олгосон, хуримтлагдсан ашиг 2012 онд 5.146.700 төгрөг, 2013 онд 7.997500 төгрөг,  2014 онд 13.235.200 төгрөг, 2015 онд 13.898.300 төгрөгийг санхүүгийн тайланд тусгасан талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд  дурдсан, хүсэлт гаргагч үгүйсгээгүй байна. Үүнээс үзвэл тус компани тухайн жилийн үйл ажиллагаанаас олсон ашгаас эхний ээлжинд татварын өр төлбөрийг төлөөд компанийн цаашдын үйл ажиллагаанд зарцуулах эх үүсвэрээ тооцоолж, үлдэгдлээ хуваарилсан гэж үзэхээр байна.  

2.3. Дампуурлын хэрэг үүсгэхээс өмнөх  2 жилийн хугацаанд  “И Ж Э Э” ХХК-ийн Хас банк дах 5000847814 тоот харилцах дансаар  1.000.000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 48 удаагийн зарлагын гүйлгээ хийгджээ /хэргийн 96-107 дугаар тал/. Дээрх гүйлгээнүүдийн утга тодорхой бус бөгөөд энэ нь тус компаний дүрэм, гэрчилгээнд заасан ямар ажил үйлчилгээтэй холбоотой төлбөр болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч эдгээр гүйлгээний талаар “... эмчилгээ болон банкны төлбөр, хүү, хувь хүмүүсээс авсан өр, зээл, хувийн амьдралын зайлшгүй хэрэгцээнд зарцуулсан...” гэсэн тайлбар гаргажээ. 

Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1.-т “дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хариу төлбөргүйгээр хариуцагчийн удирдах байгууллагын гишүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан.  

Шүүх “...зарлагын гүйлгээнд орлого, нэмнэ гэх утга бүхий гүйлгээнүүд нилээд хувийг эзэлж байна, ...хүсэлт гаргагч хувийн хэрэгцээндээ компанийн хөрөнгийг ашигласан байх нөхцөл байдал байхыг үгүйсгэхээргүй байна...” гэж дүгнэсэн  атлаа “...энэ асуудлыг дампуурлын хэргийн 2 дах үндсэн шат болох татан буулгах ажиллагааны явцад сайтар судлан тогтоох шаардлагатай...” гэсэн нь хуульд нийцээгүй байна. 

3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 6 дугаар зүйлийн 6.1.-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар, үнэн зөв хөтлөх ба “мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч  бүртгэх  аргыг  аккруэл суурь” гэж мөн  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т тодорхойлжээ.

Нэхэмжлэгч  О.Мөнхсайхан  нь  Р.Эрдэнэбаяр, С.Ганчимэг нарт 2015 оны 11 дүгээр сарын 13-нд 30.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан, уг мөнгийг компанийн түрээсийн төлбөрт зарцуулсан талаар хүсэлт гаргагч тайлбар гаргажээ. Гэвч бусдаас зээлсэн дээрх мөнгийг санхүүгийн тайланд  тусгаагүй, анхан шатны баримтгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т заасныг зөрчсөн ба энэ талаар хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ  дурдаагүй   байна. 

Шүүх дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг анхаараагүйгээс “И Ж Э Э” ХХК-ийн  бусдад төлөх өрийн нийт хэмжээ компанийн өөрийн хөрөнгөөс давсан гэж дүгнэж, хүсэлтийг хангасан нь Дампуурлын тухай хуулийн зорилго, агуулгад нийцээгүй гэж үзнэ.  

Дампуурлын хэрэг үүсгэх замаар хүсэлт гаргагчийг татан буулгах хуулийн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн гомдлыг хангаж,  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “И Ж Э Э” ХХК-ийн  хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02245 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00409 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн “И Ж Э Э” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ