Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 291

 

 

 

Т.Лхагвасүрэнд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 614 дүгээр магадлалтай, Т.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 201525022221 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрдоржийн Лхагвасүрэн нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Лхагвасүрэнг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар 17 жил хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 254 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч Г.Бямбадорж өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэргийн эд мөрийн баримт хохирогчийн хувцасыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах”-аар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Лхагвасүрэнгийн эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ямар ч үндэслэлгүйгээр хүндрүүлж ял шийтгэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар ял шийтгэснийг мөн хуулийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх саналтай байна. Шүүгдэгчийн тухайд бусдын амь насыг хохироосон гэдэгтэй маргадаггүй бөгөөд гагцхүү ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.12-т зааснаар ял шийтгэсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих ёсны өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг “... шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч Т.Лхагвасүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй ял оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Лхагвасүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 25 дугаар гудамжны 176 тоот гэртээ өөрийн үеэл дүү Г.Сугардоржид “хөргөгчинд байсан хүний шар айраг битгий дур мэдэж аваад бай” гэж ах ёсны шаардлага тавихад амь хохирогч Г.Сугардорж үг сөрж эсэргүүцэн маргалдаж, улмаар Т.Лхагвасүрэнгийн толгой руу гараараа 2-3 удаа цохьсоны улмаас шүүгдэгч нь хохирогчийг хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тухайн хэргийн цорын ганц гэрч, амь хохирогчийн төрсөн ах Г.Бямбадоржийн мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдсон үйл баримт тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг хохирогчийн буруутай үйлдэл бус харин шүүгдэгч Т.Лхагвасүрэн нь амь хохирогч Г.Сугардоржоос “шар айраг харамласан үл ялих зүйл” гэж үзэн улмаар “хохирогчийг гэрээсээ хөөн дарамталсан догшин зан авираа удтал үргэлжлүүлж танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Мөн “ ... хохирогчийг 3 удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэн өвтгөж зовоохдоо төрсөн ахынх нь дэргэд алж ахыг нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан” гэж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д заасан “онц хэрцгий арга” гэдэг хууль зүйн ойлголтыг тодорхойлохдоо хохирогчийн бие цогцост учирсан гэмтлийн шинж чанар, тоо зэрэг обьектив талыг харгалзан үзэхээс гадна гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талыг заавал анхаарах ёстой.

Гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг урьдчилан ухамсарлаж, үр дагаврыг зориуд хүсч, санаатайгаар бий болгосон байдаг.

Тухайлбал, хохирогчийг удаан хугацаагаар зовоох, тарчлаах, тамлах зорилгоор олон тооны шарх, гэмтлийг зориудаар хүсч учруулсны улмаас хохирогч зовж шаналсан, тарчилсан, өвдөлтийн шоконд орсон үр дагаврыг бий болгосон үйл баримт тогтоогдсон тохиолдолд онц харгис аргаар үйлдэгдсэн гэж үзнэ.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Сугардоржийн биед 3 удаа хутгалагдсан шарх тогтоогдсон нь гэмтлийн тоо, шинж чанарыг тогтоосон эмнэлзүйн дүгнэлт бөгөөд онц хэрцгий арга гэдэг нь эмнэлгийн ойлголтод хамаарахгүй онц харгис хэрцгий аргыг тодорхойлохгүй болно.

Үүнээс гадна гэмт этгээд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн төрөл садан, ойр дотны хүнийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж зовоох зорилгоор зориуд түүний дэргэд, нүдэн дээр нь гэмт үйлдлээ гүйцэтгэсэн зэрлэг балмад, онц жигшүүрт үйлдлийн улмаас сэтгэл зүйн гүнзгий хямралд орсон, сэтгэцийн өөрчлөлт, өвчтэй болсон зэрэг үр дагаврыг харгалзан “онц харгис хэрцгий арга” гэдгийг тодорхойлох учир хохирогчийн ойр дотны болон төрөл, садан хүний дэргэд санаатай алсан тохиолдол бүрийг “онц харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Т.Лхагвасүрэн нь хохирогчийг онц ихээр зовоон тарчлаах зорилгоор зориуд 3 удаа хутгалж шарх, гэмтэл учруулсан үйлдлээ төрсөн ахынх нь дэргэд хэрэгжүүлж, сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж зовоосон гэх субьектив санаа зорилгыг нотолсон баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүйн дээр хохирогч Г.Бямбадоржийн “... дүүгээ хэрхэн хутгалж гэмтээсэн болохыг хараагүй, мэдээгүй” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж няцаагдсан байна.

Хяналтын шатны журмаар хэргийн бүх ажиллагааг хянахад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж хөнгөн ялтай хууль хэрэглэн шүүгдэгч Т.Лхагвасүрэнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүх Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох хүний амь нас хохирсон байдлыг “хэзээ ч нөхөн төлж баршгүй хүнд хор уршиг” гэж ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, “гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд үйлдсэн” гэж хуулиар тогтоогоогүй үндэслэлээр хорих ял эдлэх дэглэмийг чангаруулж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хуулиар тогтоосон ял хүндрүүлэх нөхцөл байдал нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзан үзэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заагаагүй нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болно.

Иймд “... шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгож, ялыг тухайн зүйлд заасан доод хэмжээгээр тогтоож, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дараах өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 614 дүгээр магадлалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж”, “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхагвасүрэнд 13 жил хорих ял оногдуулж”, “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхагвасүрэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                       ДАРГАЛАГЧ,

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       Т.УРАНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                                 Б.ЦОГТ