Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч О.Биндэръяа

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч Б.Мөнх-Од

Хохирогч Г.Бямбадорж

Шүүгдэгч Т.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий  /үнэмлэх 0-294/

нарыг оролцуулав.

 

Тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрдоржийн Лхагвасүрэнд холбогдох 201525022221 тоот хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад яллагдагчийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, ам бүл 1, Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1-р гудамж 14 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Алтайн 25-р гудамжны 176 тоотод оршин суудаг гэх,  боловсролгүй /бичиг мэднэ, уншиж чаддаг, гарын үсгээ зурдаг гэх/, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа барилга дээр ажилладаг байсан /улсад ажиллаж байгаагүй, цэргийн алба хааж байгаагүй/, ял шийтгэлгүй, Боржигон овогт Төмөрдоржийн Лхагвасүрэн, /РД: ЧД 81090975/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Лхагвасүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 хороо Алтайн 25-176 тоотод байрлах өөрийн гэрийн үүдний амбаарт талийгаач Г.Сугардоржтой хөргөгчинд байсан пиво уусан хэмээн маргалдаж улмаар түүнийг 3 удаа хутгалж /цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушигны дунд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт гэмтээсэн шарх, гэмтлийн улмаас цээж, үнхэлцгийн хөндийд цус хуралдаж зүрх дарагдаж нас барсан/ биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэн, мөн төрсөн ах Н.Бямбадоржийн дэргэд алж ахыг нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.         

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Лхагвасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Энэ хэрэг 2015 оны 11 дүгээр сарын 11-нд болсон. Оройны 9 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэртээ орж ирэхэд Бямбадорж хохирогч хоёр гэрт утсаараа тоглоод байж байсан. Тэгээд би орж ирээд хохирогчоос “Хөргөгчинд байсан юм яагаад аваад явчихсан юм бэ?” гэсэн чинь “Сүртэй юм, пизда минь” гээд баахан юм хэлээд, доромжлоод байсан. Тэгээд “Чи хүний юм дураараа авч болохгүй шдээ” гэсэн чинь “Сүртэй юм, пизда чинь” гэж хэлээд гурав, дөрвөн удаа цохисон.  Тэгээд яагаад ч юм ширээн дээр хутга байсан. Тэгээд хохирогчтой би ноцолдоод гэрээс гарсан. Тэгээд Г.Бямбадорж намайг салгаад хойноос барьчихсан байсан. Тэгэхэд л би нэг ухаан орсон. Дараа нь гадаа явж байсан. Тэгээд гадаа байхад ээж утсаар яриад “Чи хаана байна? Цагдаа чамайг хаана байна гэж байна” гэж утсаар яриад цагдаа ирээд аваад явсан. Тийм л юм болсон. Намайг хэл амаар доромжлоод, 3-4 удаа эрүү нүүр рүү цохиод тэгээд би яагаад ч юм ухаанаа алдсан байсан, нилээн хүчтэй цохьсон. Өмнө нь маргаж байгаагүй, би ажлаа хийгээд орой ирдэг, хохирогч хичээлээсээ ирээд байж л байдаг байсан. Хэрэлдэх шалтгаан байхгүй байсан. Хохирогч явлаа гээд хувцасаа авсан юм байхгүй, хэлэхийн завдалгүй босож ирээд намайг цохьсон. Хурдан хугацаанд л болж өнгөрсөн. Хохирогчийг хорьсон хөөсөн юм бол байхгүй. Гэр дотор ноцолдоод үүдний амбаар руу гарсан. Гэрийн амбаар ширээ хоёр жоохон зайтай байдаг. Хутга ширээн дээр байсан. Хохирогчид хохирлын мөнгө төлж өгсөн. Миний буруу. Тэгэхдээ хохирогчийн буруутай үйлдэл бас байгаа. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энд энгийн хүний нүдээр харахад нэг пивонаас болчихсон юм шиг юм бичсэн байна. Хохирогч өөрөө л овилгогүй зан гаргасан. Би худлаа яриагүй. Хутгалж алсанаа бол хүлээн зөвшөөрч байна маргах юм байхгүй. Үнэхээр их гэмшиж байна. Бямбадоржид уучлаарай гэж хэлмээр байна. Хааяа ядрахаараа архи уучихдаг байсан. Тэр пивийг аваад гурав дөрөв хонож байсан. Пиво авлаа гэж хутгалаагүй, хэл амаар доромжлоод цохихоор нь би хяналтаа алдчихсан байна. Г.Бямбадорж таслан зогсоох арга хэмжээ аваагүй. Би анхны мэдүүлэгтээ хэлсэн. Бямбадорж үүдний амбаарт байсан эсэхийг мэдэхгүй байна. Г.Бямбадорж намайг араас барьчихсан байсныг нь л санаж байна. 2.850.000 төгрөг оршуулгын зардалд өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Т.Лхагвасүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Хэрэг болохоос 3-4 хоногийн өмнө 2.5 литрийн Нийслэл пиво аваад хөргөгчиндөө хийсэн. Тэгтэл хэрэг болдогийн урд өдөр нь алга болчихсон байсан. Тэр өдөр талийгаач гэртээ ирж хоноогүй. Тэгээд би 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа яваад орой 20 цаг 30 минутанд гэртээ ирэхэд Сугардорж болон түүний ах Амбага буюу Бямбадорж нар байсан. Сугардорж арын орон дээр хэвтэж байсан. Тэгээд би зуухан дээр хийсэн хоол байхаар нь аваад идэж байгаад чи хөргөгчинд байсан пиво яагаад аваад явчихсан юм бэ гэж Сугардоржоос асуусан чинь “сүртэй юм бэ үхлээ юу пизда минь намраас хойш давраад байгаарай пизда минь" гээд босож ирээд миний баруун талын шанаа руу 3-4 удаа цохисон. Тэгэхэд нь би юм хэлээгүй. Тэгээд гэрт байсан ясан юм шиг бариултай төмс арилгадаг хутганаас арай том хутга байхаар нь Сугардоржтой барьцалдаж аваад ноцолдоод үүдний амбаар руу гарсан. Тэгээд нэг мэдсэн хутгалсан байсан. Тэгээд би бензин клонк дээр ирээд сууж тайвширсан. Тэнд би 40 орчим минут байсан. Тэгээд ээж Долгорсүрэн над руу утсаар яриад наана чинь юу болсон юм бэ гэхээр нь би бензин клонк дээр байна гэхэд ээж нэг цагдаатай ирээд намайг хэлтэс рүү аваад явсан. Тэр хутга нь манай гэрийн хоолны хутга. Ер нь манай хутга жижиг хайрцаганд байдаг. Тухайн үед хутга хэрэглэх хүн нь аваад л хэрэглэдэг. Тухайн өдөр тэдний гэрээс мах ирчихсэн байсан. Тэгээд Амбага, Сугардорж 2 хоол хийхдээ хэрэглээд ширээн дээр гаргаад тавьчихсан байсан. Би хоол идэхдээ хутга хэрэглээгүй. Би архи уугаагүй эрүүл байсан. Сугардорж надтай хэзээ ч тэгж харьцдаггүй байсан. Тэгтэл тэр өдөр намайг сүртэй пизда вэ гэх зэргээр хэлсэн. Мөн намайг 3-4 удаа цохиод авсан. Урд нь бид 2 огт хэрэлдэж маргалдаж байгаагүй. Зодоон болж байгаагүй. Сугардорж тэр өдөр архи уучихсан байсан эсвэл намайг заначихсан байсан байх гэж бодож байна. Сугардорж бид хоёрт ямар нэгэн өс хонзон байхгүй. Би хэрүүл хийе гэж бодоогүй. Хөргөгчинд байсан пиво авч явлаа гэж хэлсэн тэгэхэд пизда вэ үхлээ юу гээд босож ирээд 3-4 удаа цохисон тэгэхээр нь би зайл гэж хэлсэн. Түрүүлж хэрүүл өдөж гэрээс зайл гэж хэлээгүй. Би нэг л удаа хутгалсан гэж бодож байна. Цээж орчимд нь хутгалсан байх тэгээд сайн мэдэхгүй байна. Амбаар дотор би Сугардоржтой ноцолдсон. Энэ үед би ухаан балартчихсан байсан юу болсныг сайн мэдэхгүй байгаа учраас хутгаа Бямбадоржид булаалгасан эсвэл өөрөө хаяад гарсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Намайг хутгалсны дараа Амбага /Бямбадорж/ намайг барьж авсан байсан. Миний гарт хутга байгаагүй. Сугардоржийг хутгалахаас өмнө Бямбадорж намайг барьж аваагүй. Бямбадорж бид нарын хэрүүлийг зогсоож салгаагүй юу ч дугарахгүй суугаад байсан. Би эрүүл байсан хэрвээ Бямбадорж салгасан бол ийм хэрэг гарахгүй байсан. Би 1981 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын нэгдүгээр төрөх газарт төрсөн. Одоо 34 настай. Миний дээд талд нэг эгч байдаг. Нэг дүү байсан нас барсан. Одоо эгч бид хоёр л байдаг. Багадаа 54 дүгээр цэцэрлэгт /хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн хажууд байсан/ явж байсан. Ерөнхий боловсролын 22 дугаар сургуульд 7 настайдаа нэгдүгээр ангид элсэн орж суралцаад гарчихсан. Түүнээс хойш дахиж сургуульд сураагүй уншиж бичихдээ муу. Түүнээс хойш 17-18 наснаасаа эхлээд хувийн барилга дээр очиж туслах ажилтан хийж байгаа. Тэгээд ээжтэйгээ хамт барилгын заслын ажил хийгээд 10 орчим жил болж байна. Би төрийн болон хувийн ямар нэгэн компанид ажиллаж байгаагүй. Би Алимаа гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан. Тэгээд нэг охинтой.  Алимаагийн хаана амьдарч байгааг би мэдэхгүй байна. Амьдарч байсан газраасаа нүүгээд явчихсан байсан. Хуучин Салхитад байдаг байсан. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй би өөр гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Надад хэргийн талаар маргах зүйл байхгүй би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. / 1 дүгээр хх 100-102 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...2015 оны 11 дүгээр сарын 11-ны орой 9 цаг өнгөрч байхад Лхагвасүрэн орж ирсэн. Би зурагт үзээд талийгаач дүү гудсан дээр хэвтээд мессеж бичээд байж байсан. Тэгээд бид хоёр хоол хийгээд тавьчихсан байсан хоол идээд “хөргөгчинд байсан пиво яагаад дур мэдэн авсан вэ?” гэхэд талийгаач дүү “манай найзууд өчигдөр ирээд харчаад өгчих гээд байхаар нь харамлаж чадаагүй өгчихсөн юм. Би маргааш аваад өгье” гэж учир явдалаа хэлэхэд Т.Лхагвасүрэн “Хүний юм дур мэдэн аваад, одоохон манайхаас зайл” гэж хөөсөн. Тэгээд талийгаач дүү “явчихна одоохон явчихна” гэсэн чинь “одоохон хувцасаа аваад зайл” гэсэн. Тэгэхэд талийгаач дүү уурлаад очоод гараа зангидаж байгаад хоёр цохиод авсан. Би очоод салгаад талийгаач дүүг хойш нь гудсан дээр суулгасан. Тэгсэн чинь Лхагвасүрэн зогсож байснаа ширээн дээрээс хутга аваад зуух тойроод дайрсан. Тэгээд би голоор нь ороод араас нь бариад авсан чинь талийгаач дүү зуух тойроод урагшаа амбаар руу гарсан. Тэгээд би Т.Лхагвасүрэнг араас нь бариад авсан чинь “Тавь пизда минь” гээд нүдний шилрүү тохойлдсон. Миний нүдний шил газар унасан. Тэгээд араас нь гараад бариад авсан чинь доороо хийчихсэн цохиод байсан. Тэгээд Т.Лхагвасүрэнг татах гэсэн чинь дийлдэхгүй байсан. Тэгээд би хажуу айлын Гөөжөө гэдэг залууг хашгирч дуудсан. Тэгээд Гөөжөө гараад ирсэн. Т.Лхагвасүрэн дүүг хутгалчихсан байсан. Би араас нь салгаад “хутга хаана байна?” гэсэн чинь талийгаач “надад байна би авчлаа” гээд тэнцвэр алдсан байдалтай амбаараас гарсан. Тэгээд дүү “намайг хутгалчихсан байна” гэсэн. Т.Лхагвасүрэн гэрт эргэж ороод хувцасаа өмсөөд гараад явсан. Тэгээд уг хэрэг бол санаатай, хэрэг явдал болсон газрыг санаатай орхиод явсан. Өөрөө бол ухаантай байсан. Хувцасаа өмсөөд гарч байна гэдэг бол өөрөө ухаантай байсан. Сэтгэл санаа цочролд орсон гэдэг байдлаар худал ярьж байна. Оршуулгын зардалд 2.800.000 төгрөг өгсөн. Орон нутгаас ирсэн зардал байцаалт өгсөн зардал гээд 80.000 төгрөг нэмж гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг, 

 

Гэрч Н.Лхагважав нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Талийгаач Сугараа нь манай үеэл ах Лхагвасүрэнгийн хамт хажуугийн гэрт амьдардаг юм. Би энэ хашаанд нүүж ирээд 20-оод хонож байгаа. Намайг энд нүүж ирэхээс өмнө тэр хоёр хамтдаа амьдардаг байсан юм. Тэгээд намайг нүүж ирсэний дараа талийгаачийн ах гээд залуу ирээд тэр гурав амьдрах болсон. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би гэртээ байсан. Тэр өдөр би гэрээсээ гараагүй. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цаг 40 минутын үед намайг гэртээ бууз жигнээд байж байхад гэнэт Лхагвасүрэнгийн гэрийн үүдний амбаарт хүмүүс зодолдож байгаа юм шиг түжигнэсэн дуу чимээ гарсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очиход тэдний гэрийн үүд цоожтой байсан. Сонсоход амбаар дотор зодоон болоод байсан. Би тэгээд хаалгыг нь нүдсэн, гэтэл гэнэт хаалга нь онгойсон. Хаалга онгойход өөдөөс талийгаач Сугараа өөдөөс хөл дээрээ тогтож чадахгүй, гуйваад гараад ирсэн. Тэгэхээр нь би зүүн суганаас нь сугадаж бариад амбаарын хажуу талд газар суулгасан. Тэгтэл талийгаачийн ах нь гээд нүдний шилтэй залуу "хутга нь хаана байна" гээд байсан. Энэ үед талийгаач надад байна гээд хутгыг нь гартаа барьчихсан байсан. Тэгээд би эхнэр рүүгээ түргэн дүүдаарай гээд орилсон юм. Лхагвасүрэн тэр үед юу ч дуугаралгүй, хажуугаар зөрөөд хашаагаар гараад яваад өгсөн. Би араас нь гараагүй. Өөр хүн ч араас нь гараагүй. Түргэн дуудаад ирээгүй болохоор би талийгаачийн ахтай нь хамт талийгаачийг өргөөд гэмтэл рүү авч явахаар хашаанаас гарсан юм. Би цээжнээс нь өргөөд, ах нь хөлнөөс өргөөд явсан. Тэгтэл талийгаач цус их алдаад байхаар нь бид хоёр гадаа гудамжинд талийгаачийг газар буулгасан. Би тэгээд такси олж ирэх гээд замруу гүйсэн юм. Тэгээд би нэг такси зогсоогоод дагуулаад иртэл жолооч нь цустай хүн юм уу, өө тэгвэл авахгүй гэсэн. Тэгээд нөгөө машин эргээд явтал өөдөөс түргэний машин, цагдаагийн машин зөрөөд ороод ирсэн. Тэгээд бид хоёр гудамжинд хэвтүүлсэн газраасаа хөдөлгөөгүйХахаалбохрло  о...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх 36 дугаар хуудас/,

 Гэрч Д.Долгорсүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг юм. Сүүлийн хоёр өдөр "Парк сайд" гэх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байх барилга дээр өөрийн төрсөн хүү Лхагвасүрэнгийн хамт ажилласан юм. Лхагвасүрэнтэй ажил дээрээ уулзаад 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цаг 30 минутын үед ажил тарсан. Лхагвасүрэн надаас анх төрөхдөө дутуу төрсөн юм. Их түргэн ууртай боловч тэрэндээ юм санадаггүй, их цагаахан сэтгэлтэй. Миний хүү 2014 оноос хойш ганцаараа амьдарч ирсэн. Тэгээд сүүлд нь 2015 оны 9 сарын 20-ны үеэр манай дүү Пүрэвсүрэнгийн төрсөн хүү Сугардоржийн хамт амьдрах болсон юм. Сугардорж хөдөөнөөс оюутан болж ирээд, манай гэрт байя гэхээр нь ханьтай байж байг гэж бодоод хамт амьдруулсан юм. Гэтэл ийм асуудал болчихлоо...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Д.Пүрэвтуяа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Уг хүн нь манай нөхөр Лхагважавын хамаатан залуу гэсэн би сайн танихгүй. Манайх уг хашаанд нүүж ирээд удаагүй байна. Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 25-176 тоот хашаанд байх гэртээ нөхөр Лхагважав, хүү Мөнх-Эрдэнэ /нялх/, эгч Дуламжав нарын хамт 21 цагийн үед хоолоо хийж идэх гээд байж байсан. Тэгтэл манай зүүн талын гэрийн амбаарт "түр тар" гээд л аймаар чанга дуу чимээ гарсан. Тэгэхэд нь зодоон болж байна гэж мэдээд нөхөр Лхагважавыг "гар даа юу болоод байгаа юм бэ? гэхэд нөхөр маань гарсан. Тэгээд л буцаад шууд "өмсөж явсан хувцас нь цус болчихсон, цагдаа түргэн дуудаарай" гээд л орилсон. Тэгэхээр нь би өөрийнхөө 94401078 дугаарын утсаар 103 дугаарт залгаж "хүн хутгалуулчихлаа, хаягаа мэдэхгүй байна, шинэ замын хажууд байна" гэж 21 цаг 51 минутанд ярьсан. Тэгээд удалгүй манай нөхрийн хувцас нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 43 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /ШШҮХ/ шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №1999:

“...Шинжээчийн дүгнэлт

1. Талийгаач Г.Сугардоржийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний баруун дээд хэсгийн хөндий рүү нэвтэрч баруун уушигны дунд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт гэмтээсэн шарх, цээж, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, зүрх дарагдал, нуруу, зүүн бугалганы ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн хөмсөг, баруун хацрын зулгаралт, хүзүүний баруун, зүүн хэсгийн цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2. Цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, нуруу, зүүн бугалганы ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, зүүн хөмсөг, баруун хацрын зулгаралт, хүзүүний баруун зүүн хэсгийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушигны дунд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цээж, үнхэлцэгийн хөндийд цус хуралдаж зүрх дарагдаж нас баржээ.

4. Цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн зүйл илрээгүй байна.

5. Талийгаач нь АВО системээр А 2-р бүлгийн цустай байна.

6. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй...” /шинжээч эмч Г.Энхбаатар/ /1 дүгээр хх 54-55 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №10052: “...Талийгаач Г.Сугардоржийн гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна...” гэжээ. /1 дүгээр хх 56 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №10053 дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Сугардоржийн гэх цус, шээс, ходоодны шингэнд спиртийн агууламж илрэхгүй байна.

2. Ирүүлсэн цусанд мансууруулах бодис тодорхойлох шинжилгээ хийх аргачлал байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна.

3. Ирүүлсэн шээс нь согтолтын зэрэг тогтоох шинжилгээнд зарцуулагдсан тул мансууруулах бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна...” гэжээ. /1 дүгээр хх 57 дугаар хуудас/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт:    10079 “...1. Сэжигтэн Т.Лхагвасүрэнгийн гэх улаан хүрэн цамц, жинсэн өмд дээр цус илэрсэн. Энэ нь А /II/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

2. Сэжигтэн Т.Лхагвасүрэнгийн гэх хүрэм дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй.

3. Сэжигтэн Т.Лхагвасүрэнгийн гэх бусад хувцсан дээр цус илрээгүй...” гэжээ. /1 дүгээр хх 62 дугаар хуудас/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №5561: “...:1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс адилтгалын шинжилгээний шаардлага хангах гарын мөр илрээгүй...” гэжээ. /1 дүгээр хх 64 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №5562: “...1. Шинжилгээнд шинжээч д/ч С.Анхбаярын авч ирүүлсэн Ганхуяг овогтой Сугардоржийн гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангана.

2. Шинжилгээний шаардлага хангах гарын хээний дардас гарын хээний нэгдсэн сан дахь эзэнгүй гарын мөрүүдтэй болон иргэдийн гарын хээний дардсуудтай тохирохгүй байна.

 

3. Сэжигтэн Т.Лхагвасүрэнгийн гэх бусад хувцсан дээр цус илрээгүй...” гэжээ. /1 дүгээр хх 67 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №5539: “...: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд 4 ширхэг, футболконд 3 ширхэг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдсэн уранхай, харин футболкны зүүн энгэрт татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 2 ширхэг уранхай байна...” гэжээ. /1 дүгээр хх 72 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10080 дүгнэлт: “...1. Хохирогчийн гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь А /II/ бүлгийн харъяалалтай цус байна.

            2. Хэргийн газраас авсан гэх хутга, 2 ширхэг чулуу, марьлд бэхжүүлсэн хүрэн толбо зэрэг зүйлс дээр цус илэрсэн. Энэ нь А /II/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

 

3. Хэргийн газраас авсан гэх шаргал өмд, ягаан ноосон өмд дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй...” гэжээ. /1 дүгээр хх 74 дүгээр хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №1091: …1. Т.Лхагвасүрэн нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй.

2. Өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна.

3. Т.Лхагвасүрэн нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /1 дүгээр хх 78 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолд: “...Эд мөрийн баримт болох улаан хүрэн өнгийн футболк, шаргал өнгийн куртик, хөх саарал өнгийн жинсэн өмд, саарал оймс, хар өнгийн гутал, шар өнгийн ясан иштэй хутга, 2 ширхэг чулуу, цус шингэсэн самбай, хар өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, улаан эрээн хүзүүний алчуур, саарал өнгийн дотоож, хар ногоон өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ зэргийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар тогтов...”  гэжээ /1 дүгээр хх 22 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх 2 дугаар хуудас/,

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хх 3-8 дугаар хуудас/,

  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 10-12 дугаар хуудас/,

              Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 23 дугаар хуудас/,

              Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх 24 дүгээр хуудас/,

              Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 25-30 дугаар хуудас/,

              Хэрэг учралын газрыг хамгаалсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх 13 дугаар хуудас/

              Фото зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 14-21, 27-30 дугаар хуудас/

              Хохирогч Г.Бямбадоржийн мэдүүлэг /1 дүгээр хх 33-34, 2 дугаар хх 250/

              Гэрч Д.Саранчимэгийн мэдүүлэг /1 дүгээр хх 46-48 дугаар хуудас/

              Гэрч Ц.Алимаагийн мэдүүлэг /1 дүгээр хх 46-48 дугаар хуудас/

              Шинжээч эмч Г.Энхбаатарыг байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх 51-52 дугаар хуудас/

              Хохирол төлсөн баримт /1 дүгээр хх 173-174, 190 дүгээр хуудас/

              Урьд өмнө сонсгосон ял дээр шинээр нэмж ял сонсгосон тогтоол /2 дугаар хх 4 дүгээр хуудас/

              Иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх 105 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх 107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.Лхагвасүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 хороо Алтайн 25-176 тоотод байрлах өөрийн гэрийн үүдний амбаарт талийгаач Г.Сугардоржтой “хөргөгчинд байсан пиво уусан” гэсэн үл ялих төдий шалтгаанаас улбаалан маргааныг үргэлжлүүлэн талийгаачийг гэрээсээ хөөж, дарамтлан догшин зан авираа удтал үргэлжлүүлж, улмаар түүнийг 3 удаа хутгалж /цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушигны дунд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт гэмтээсэн шарх, гэмтлийн улмаас цээж, үнхэлцгийн хөндийд цус хуралдаж зүрх дарагдаж нас барсан/ бие махбодид нь олон тооны шарх гэмтэл үүсгэн өвтгөн зовоож, төрсөн ах Н.Бямбадоржийн дэргэд алж ахыг нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч Т.Лхагвасүрэнгийн “...Тэгээд би зуухан дээр хийсэн хоол байхаар нь аваад идэж байгаад чи хөргөгчинд байсан пиво яагаад аваад явчихсан юм бэ гэж Сугардоржоос асуусан чинь " Сугардорж надад сүртэй юм бэ үхлээ юу пизда минь намраас хойш давраад байгаарай пизда минь" гэж босож ирээд миний баруун талын шанаа руу 3-4 удаа цохьсон. Тэгэхэд нь би юм хэлээгүй. Тэгээд ширээн дээр байсан ясан юм шиг бариултай төмс арилгадаг хутганаас арай том хутга байхаар нь Сугардоржтой барьцалдаж аваад ноцолдоод үүдний амбаар руу гарсан. Тэгээд нэг мэдсэн хутгалсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

хохирогч Г.Бямбадоржийн “...Лхагвасүрэн хоол идээд “хөргөгчинд байсан пиво яагаад дур мэдэн авсан вэ?” гэхэд талийгаач дүү “манай найзууд өчигдөр ирээд харчаад өгчих гээд байхаар нь харамлаж чадаагүй өгчихсөн юм. Би маргааш аваад өгье” гэж учир явдалаа хэлэхэд Т.Лхагвасүрэн “Хүний юм дур мэдэн аваад, одоохон манайхаас зайл” гэж хөөсөн. Тэгээд талийгаач дүү “явчихна одоохон явчихна” гэсэн чинь “одоохон хувцасаа аваад зайл” гэсэн. Тэгэхэд талийгаач дүү уурлаад очоод гараа зангидаж байгаад хоёр цохиод авсан. Би очоод салгаад талийгаач дүүг хойш нь гудсан дээр суулгасан. Тэгсэн чинь Лхагвасүрэн зогсож байснаа ширээн дээрээс хутга аваад зуух тойроод дайрсан. Тэгээд би голоор нь ороод араас нь бариад авсан чинь талийгаач дүү зуух тойроод урагшаа амбаар руу гарсан. Тэгээд би Т.Лхагвасүрэнг араас нь бариад авсан чинь “Тавь пизда минь” гээд нүдний шилрүү тохойлдсон. Миний нүдний шил газар унасан. Тэгээд араас нь гараад бариад авсан чинь доороо хийчихсэн цохиод байсан. Тэгээд Т.Лхагвасүрэнг татах гэсэн чинь дийлдэхгүй байсан. Тэгээд би хажуу айлын Гөөжөө гэдэг залууг хашгирч дуудсан. Тэгээд Гөөжөө гараад ирсэн. Т.Лхагвасүрэн дүүг хутгалчихсан байсан. Би араас нь салгаад “хутга хаана байна?” гэсэн чинь талийгаач “надад байна би авчлаа” гээд тэнцвэр алдсан байдалтай амбаараас гарсан. Тэгээд дүү “намайг хутгалчихсан байна...” гэсэн мэдүүлгээр

 гэрч Н.Лхагважавын “...Лхагвасүрэнгийн гэрийн үүдний амбаарт хүмүүс зодолдож байгаа юм шиг түжигнэсэн дуу чимээ гарсан. Хаалга онгойход талийгаач Сугараа өөдөөс хөл дээрээ тогтож чадахгүй гуйваад гараад ирсэн. Тэгэхээр нь би зүүн суганаас нь сугадаж бариад амбаарын хажуу талд газар суулгасан. Тэгтэл талийгаачийн ах нь гээд нүдний шилтэй залуу "хутга нь хаана байна" гээд байсан. Энэ үед талийгаач надад байна гээд хутгыг нь гартаа барьчихсан байсан. Лхагвасүрэн тэр үед юу ч дуугаралгүй, хажуугаар зөрөөд хашаагаар гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Т.Пүрэвтуяагийн “…манай зүүн талын гэрийн амбаарт "түр тар" гээд л аймаар чанга дуу чимээ гарсан. Тэгэхэд нь зодоон болж байна гэж мэдээд нөхөр Лхагважавыг "гардаа юу болоод байгаа юм бэ? гэхэд нөхөр маань гарсан. Тэгээд л буцаад шууд "өмсөж явсан хувцас нь цус болчихсон, цагдаа түргэн дуудаарай" гээд л орилсон…” гэсэн мэдүүлгээр,

 ШШҮХ-ийн задлан шинжилгээ хийсэн акт №1999 тоот “... Талийгаач нь цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушигны дунд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цээж, үнхэлцэгийн хөндийд цус хуралдаж зүрх дарагдаж нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг, ШШҮХ-ийн 10052, 10053, 10079, 5539, 10080 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Т.Лхагвасүрэнг танхайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь талийгаачийг танхайн сэдэлтээр болон онц харгис хэрцгий аргаар алаагүй, талийгаачийн буруутай үйлдэл байсан тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаж, онолын тайлбар хийсэн боловч үүнийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч, талийгаач нарын хооронд урьд хувийн таарамжгүй харьцаа байгаагүй бөгөөд хэрэг болох үед шүүгдэгч нь талийгаачийг “хөргөгчинд байсан пиво уусан” гэсэн үл ялих зүйлээр маргааныг үүсгэж, асуудлыг хурцдуулан талийгаачийг гэрээсээ хөөн хэл үгээр доромжилж, улмаар хутга барин дайрч, зэрлэг балмад үйлдлээ идэвхитэйгээр зориуд үргэлжлүүлж, талийгаачийг 3 удаа хутгалж олон тооны шарх гэмтэл үүсгэн өвтгөн шаналгаж, эмнэлгийн тусламж авах боломжгүйгээр биед нь гэмтэл учруулж, төрсөн ахынх нь дэргэд алж, сэтгэл санааг нь хүндээр зовоосон болох тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн дээрх үл ялих зүйлээр үүсгэсэн маргаанаас болж талийгаач түүнийг нүүрэн тус газар нь цохьсон байх боловч энэ талаар шүүгдэгчийн бие махбодид гэмтэл учраагүй, хэлбэрийн төдий үйлдэл байхаас гадна талийгаачийн тэрхүү үйлдэл таслан зогсоогдсон байхад шүүгдэгч нь хутга барин дайрч хүнийг санаатай алсан тул хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэж шүүх дүгнээгүй болно.     

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Т.Лхагвасүрэн нь учруулсан материаллаг хохиролдоо 2.850.000 төгрөгийг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэн үзэж хохирогч гомдолтой, хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан нь хэзээ ч нөхөн төлж баршгүй байдлыг хүндрүүлэн үзлээ.

         

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.7 дахь хэсэгт зааснаар хорих ялыг онцгой дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч болон шүүгдэгч нарын өмсөж явсан улаан хүрэн өнгийн футволк, шаргал өнгийн куртик, хөх саарал өнгийн жинсэн өмд, саарал оймс, хар өнгийн гутал, шар өнгийн ясан иштэй хутга, 2 ширхэг чулуу, цус шингэсэн самбай, хар өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, улаан эрээн хүзүүний алчуур, саарал өнгийн дотоож, хар ногоон өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Т.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон 254 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Бямбадорж тээврийн зардалд 120.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байх боловч үүнийг нотолсон баримт байхгүй тул дараа нь жич иргэний журмаар нэхэмжилэх эрхтэйг дурьдлаа.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                         

      ТОГТООХ НЬ  :

            1. Боржигон овогт Төмөрдоржийн Лхагвасүрэн нь танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхагвасүрэнг 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Лхагвасүрэнгийн эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон 254 /хоёр зуун тавин дөрвөн/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Г.Бямбадорж өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн футволк, шаргал өнгийн куртик, хөх саарал өнгийн жинсэн өмд, саарал оймс, хар өнгийн гутал, шар өнгийн ясан иштэй хутга, 2 ширхэг чулуу, цус шингэсэн самбай, хар өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, улаан эрээн хүзүүний алчуур, саарал өнгийн дотоож, хар ногоон өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Лхагвасүрэнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Лхагвасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН               

            Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                       Х.ИДЭР