Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 500

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: эмэгтэй, 1991 оны 12 сарын 30-нд төрсөн, 25 настай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Б.Доржийн гудамжны 50/2-13 тоотод оршин суух Баяхай овогт Ганболдын Гантуяагийн /РД:АБ91123001/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: эмэгтэй, 1964 оны 08 сарын 10-нд төрсөн, 52 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ТОСК-ийн 16 тоотод оршин суух Сахлаг овогт Долгорсүрэнгийн Эрдэнэтуяад /РД:АЗ64081021/ холбогдох

“Бүргэдэй” зоогийн газар  гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Ганболд, хариуцагч Д.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гантуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 7-р сарын 4-ний өдрийн 350 дугаартай шүүхийн шийдвэрээр манай гэр бүлийн 4 гишүүний хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийг 101 441 600 төгрөгөөр тогтоож гэр бүлийн 4 гишүүнд адил тэнцүү хувааж надад 25 360 400 төгрөг олгогдсон. Одоо сургуулиа төгссөн тодорхой ажил албанд ороогүй байгаа тул өөрт оногдсон 25 360 400 төгрөгийн эд хөрөнгийг авъя гэсэн саналыг ээжид хэлсэн. Ээж тийм их зүйл байхгүй одоо “Хануй-Инж” ХХК-нд Тариат сумын Мөрөн багт байрлах Бүргэдэй зоогийн газар байгаа өөр үндсэн хөрөнгө байхгүй үүнийг өгөхгүй, шаардлагатай бол шүүхээр нэхэмжилж ав гэсэн.  Иймээс надад оногдох 25 360 400 төгрөгийн хөрөнгөөс одоо үлдсэн байгаа 5 000 000 төгрөгөөр үнэлэгдэх “Хануй-Инж” ХХК-ийг олгож өгнө үү. Одоо нэгэнт байхгүй болсон 20 360 400 төгрөгийг нэхэмжилж авахаас татгалзаж байна гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Ганболд өөрчилсөн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй Д.Эрдэнэтуяад холбогдох  иргэний хэрэгт гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаа  дараах байдлаар өөрчилж байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгө болох “Бүргэдэй” зоогийн газар  бүхий  өмчтэй “Хануй-Инж” ХХК-ийг авах  нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Б.Эрдэнэтуяагийн өмчлөлд байдаг “Бүргэдэй” зоогийн газрыг  дундын өмчлөлийн эд хөрөнгөөр гаргаж өгнө үү.

Өнөөдөр Монгол Улсад тангараг өргөсөн шүүгч тодорхой хэмжээний ажиллагаа явуулаад хянан хэлэлцсэн учраас энэ шүүхийн шийдвэрийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Тухайн хэрэг давж заалдах шатны шүүх хурлаар хэрэгсэхгүй болсон. Гэхдээ энэ үндэслэлээр биш, журам зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Миний хувьд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлтэй, хууль ёсны байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Архангай аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 350 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 130 дугаар зүйл болон 14 дүгээр зүйлүүдийг үндэслэж гаргасан байдаг. В.Ганболдоос нийт 76000000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж Д.Эрдэнэтуяад олгосон уг шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Эрдэнэтуяа нь  Г.Гантуяа, Г.Эрдэнэбаатар нарт тус бүр 25000000 төгрөгийн эд хөрөнгийг ногдуулж нийт 76000000 төгрөгийг В.Ганболдоос гаргуулж  Д.Эрдэнэтуяад олгосон. Өөрөөр хэлбэл гэрлэлт цуцлахдаа Г.Эрдэнэбаатар, Г.Гантуяа нарт ногдох гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг эх Д.Эрдэнэтуяад бүхэлд нь олгосон. Энэ нэхэмжлэгчийн хариуцагчаас гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх эрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэсэн болохыг харуулж байна гэж шүүхийн шийдвэр гарсан байгаа. Энэ шийдвэрээр “Хануй инж” ХХК-д холбогдох эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд хуваасан гэх баримт байхгүй байгаа учраас Хануй-Инж” ХХК-ийг дундын эд хөрөнгөнд байсан гэх үндэслэл байхгүй. Өмнө нь хэлсэн Г.Гантуяагийн Д.Эрдэнэтуяаас гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох  хэсгийг нэхэмжлэх эрх нь нээлттэй гэх боловч “Хануй-Инж” ХХК-ийн хувьд шүүхээр хэрэг хянан шийдвэрлэж буй цаг хугацаанд Д.Эрдэнэтуяад байгаа болохыг нэхэмжлэгч талаас нотлоогүй байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд авч үзвэл Архангай аймгийн сум дундын шүүхийн 350 дугаартай шийдвэрээр “Чулуут тур” аялал жуулчлалын бааз болон “Бүргэдэй” зоогийн газрыг 22000000 төгрөгөөр үнэлж дүгнэлт өгсөн боловч дээрх үнийн дүнгээс “Чулуут тур” аялал жуулчлалын бааз  нь хэдэн төгрөгөөр, “Бүргэдэй” зоогийн газар нь хэдэн төгрөгөөр тус тус үнэлэгдэж байгаа болохыг тодорхойлоогүй. Мөн нэхэмжлэгч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна гэсэн үндэслэл гаргасан. Ийм үндэслэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Би “Чулуут тур” аялал жуулчлалын бааз, “Бүргэдэй” зоогийн газар хоёрыг улсын комиссоос үнэлсэн үнэлгээгээр нотлох баримтын хэмжээнд шүүхийн архиваас авсан. Бүргэдэй зоогийн газрыг 7000000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнийг бид 10000000 төгрөгөөр үнэлсэн байсныг үнэлгээний комиссын үнэлгээчид 7000000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Үүний дагуу 76000000 төгрөг шүүхийн шийдвэрийн дагуу гарсан юм. Тэр хэмжээгээр нь нотлох баримтын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлсэн. Тийм учраас “Бүргэдэй” зоогийн газар хэдэн төгрөгийн үнэтэй бэ гэдгийг нэхэмжлэх тодорхой нотлох баримт бий болсон гэж үзэж байна. Иймээс 7000000 төгрөгийн үнэтэй “Бүргэдэй” зоогийн газрыг дундын эд хөрөнгөнд авна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учраас үүнийг хууль ёсны дагуу гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн байгаатай холбогдуулаад хариуцагчаас тайлбар ирүүлсэн. Хариуцагч “амьжиргааны эд зүйл байгаа учраас үүнийг гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариу тайлбарыг ирүүлсэн байсан. Хариуцагч өөрөө төрийн албанд ажилладаг, тодорхой хэмжээний цалин хөлс, төрийн баталгаат орон тоон дээр ажилладаг учраас энэ нь амьжиргааны зүйл болохгүй. Хоёрдугаарт өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн хариуцагчийн хариу тайлбарт “Бүргэдэй” зоогийн газар бол алдагдалтай, манаачийн цалин өгдөг, надад маш дарамттай байдаг талаар тайлбар хэлсэн. Үүнээс харахад амьжиргааны зүйл биш харин бүр амьжиргааг дордуулж байгаа асуудал юм байна гэж үзэж байна. Бодит байдал дээр ч гэсэн зуны ганц сар алдагдалтай ажиллуулж байсан. Ер нь бол амьжиргааг нь залгуулаад байдаг үржил шимтэй саалийн үнээ биш юм. Тийм учраас гаргасан тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байна гэжээ.

 

          Хариуцагч Д.Эрдэнэтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Д.Эрдэнэтуяад холбогдох “Бүргэдэй” зоогийн газар  гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх нэхэмжлэлийн эд хөрөнгө миний амьдралыг  залгуулж байгаа ганц зүйл юм.

Бидний дундын өмчийг 75000000 төгрөгөөр үнэлж тухайн үеийн хурлын шийдвэрээр дундын эд хөрөнгийг бүхэлд нь надад өгөх шийдвэр гарсан. Тухайн үед миний хүүхдүүд насанд хүрээгүй байсан учраас надад өгч, бид гурав дундын эд хөрөнгөө дундаа эдэлж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрт гарсан эд хөрөнгөөс тавилга энэ тэрийг хэрэглээгүй байгаа. Түүнээс дэлгүүр энэ тэр болох зүйлсийг зараад нийтдээ 40000000-50000000 төгрөг болгоод хүний нүдэнд ил байгаа аялал жуулчлалын баазад гэрэл тог тавьж засвар хийсэн. Миний хүүхдүүд дунд сургууль болон их сургуульд ороход нь аялал жуулчлалын баазыг тухайн үед ажиллуулж сургалтын төлбөр болон хэрэглээг нь төлдөг байсан. Миний бие 2007 оноос хойш 2015 оныг дуустал сургалтын төлбөрөөс салаагүй бөгөөд энэ жил дөнгөж салсан. Дундын эд хөрөнгөөс олсон мөнгөөр хүүхдүүдтэйгээ дундаа л эдэлж хэрэглэж, өмсөж зүүж, сургалтын төлбөр, хэрэглээгээ болгож байсан гэж бодож байна. Г.Гантуяагийн хувьд надаас өмч хөрөнгө нэхэх биш, харин төрүүлж өсгөж бойжуулуулан өдий зэрэгтэй болгосон ээжийгээ асарч хамгаалах үүрэгтэй. Тийм учраас би Г.Гантуяаг нэхэмжлэл гаргаагүй гэж үзэж байгаа. Г.Гантуяа өөрөө ч надад хэлсэн учраас Г.Гантуяагаас гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрдугаарт Г.Гантуяаг сургуульд явах гэж байгааг нь ашиглаж В.Ганболд “тэр газар авч өг, газар авч өгөхгүй бол ээжийг чинь шүүхэд өгнө” гэж дарамталж байгаад шүүхэд өгүүлж өргөдөл дээр гарын үсэг зуруулсан. Би үүнийг мэдэж байгаа. Миний зүгээс гэрч оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжаар татгалзсан. Дараа дараагийн хурал дээр гэрч оролцуулж болно гэж үзэж байна. Г.Гантуяа бол “Бүргэдэй” зоогийн газрыг бол нэхэмжлээгүй, өөрөө авахгүй гэсэн мессежээр явуулсан тайлбар ч гэсэн тодорхой байгаа. Г.Гантуяа “би зоогийн газар гэж мэдээгүй, аав л газар авч өг” гэж дарамтлаад байгаа гэж товч тодорхой бичсэн мессежүүдээс харахад надаас ингэж нэхэмжлээгүй гэж ойлгож байгаа. В.Ганболд намайг ажил төрөл эрхэлдэг гэж яриад байна. 2016 оны 09 сарын 05-ны өдрөөс бүтцийн өөрчлөлттэй холбогдуулаад ажилчид нарыг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхөөр би ганцаараа ам бүл нэг гэж явдаг учраас намайг харж хандах хүн ганц Г.Гантуяа болж байна. Г.Гантуяа хэлэхдээ “та одоо ажил төрөлгүй болчихвол хэцүү байна, намайг очтол байгаа юмаа ажиллуулаад байж бай, тэгээд хүүхэд л харах байх” гэж хэлсэн. Тийм учраас Иргэний хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ авах боловч гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах хөрөнгийг авах эрхгүй гэж заасан байдаг. Энэ утгаараа миний амьжиргааг залгуулах ганц юм бөгөөд үүгээр дутахгүй миний хоёр хүүхэд өдөр болгон л надаас мөнгө төгрөг нэхэж байна. Тусдаа гарсан хүүхэд байхгүй, хурим найраа хийгээгүй ийм учраас би ажилгүй болчихвол энэ газраар би өөрийнхөө амьдралыг залгуулж, хоёр хүүхдээ тэжээн гэж бодож байна. Мөн хуульд хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан заалтаас харахад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хугацаа нь 3 жил, 6 жил гэж заасан байдаг учраас би энэ хэргийн хугацааг дууссан гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд Г.Гантуяа бол миний ганц охин бөгөөд би үр хүүхдийнхээ төлөө л явж байгаа. Шүүхтэй, шүүхгүй эд хөрөнгийг өгөх ёстой цагтаа өгнө. Г.Гантуяаг надаас эд хөрөнгө салгуулах гэж нэхэмжлэл гаргаж байгаад би итгэхгүй байна. Тийм учраас В.Ганболдын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Барьцаалж байгаа газрын асуудал бол тусдаа. Тэр бол шүүхийн шийдвэр “Хануй-Инж” ХХК-ийн талд гарвал н.Батсүх гэдэг хүнтэй өөрөө тохиролцох байх. Миний нэр дээр 40300000 төгрөгийн өртэй компанийг үлдээсэн бөгөөд би өрөнд нь 7-8 жил тамлагдсан. Тэгээд тухайн үед өртэй компанийг татан буулгаж болохгүй, өрний асуудлыг шийдэх ёстой гэсэн учраас н.Батсүх гэдэг хүнд манайх 15000000 төгрөгийн үл хөлдөх хөрөнгөтэй, цаашид үйл ажиллагааг нь явуулж чадахгүй байна, тийм учраас энэ компанийг шилжүүлж өгье гэж тохиролцоод тухайн хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тийм учраас газрын асуудал надад хамаагүй. Хоёрдугаарт Г.Гантуяатай газрыг холбоод байгаа. Яагаад Г.Гантуяатай газрыг холбоод байгааг би ойлгохгүй  байна. Г.Гантуяад тухайн газар ямар ч холбоогүй. В.Ганболд охиныг “газраа өг, газраа өгөхгүй бол ээжээсээ тэр юм ав” гэж хүүхэд дарамтлаад байдаг. Бид нарын амьдралд сүүлийн 10 жил тус болоогүй байж өнөөдөр гэнэт гарч ирээд үр “хүүхдийн юмыг өг, чи авсан, гаргаж өг” гэх эрх хаана байгаа юм. Гэр бүлийн баталгаагаа салгуулчихсан, өчнөөн жил тусдаа амьдарч байж өөрийнхөө амьдралыг хөөгөөд явахгүй хоёр хүүхдийг эхээс нь салгачихаад яаж хүнийг амьд явна гэж боддог юм. Хуульч хүн байж надаас илүү хуулийг хэрэгжүүлж баймаар юм.  Ингээд заргалдаад явж байгааг нь ойлгохгүй байна. Иймд Г.Гантуяа бол надаас юм авна гээгүй, итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй, өөрөөс нь ирсэн мессежүүдээр бүгд нотлогдож байгаа учраас Г.Гантуяаг нэхэмжлэл гаргаагүй гэж бодож байна. Би үхэн үхтлээ үр хүүхдүүдээрээ асруулан, асран, ач зээгээ асарч хамгаална. Үр хүүхэдтэй байхад намайг асрамжийн газар авахгүй учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй. Г.Гантуяа нэхэмжлэл гаргаагүй нь нотлох баримтаар нотлогдож байхад заавал нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд байгааг нь бас ойлгохгүй байна. Энэ асуудлыг тодруулахад зоогийн газар гэсэн юм байхгүй. Тухайн үедээ нэг байсан аялал жуулчлалын баазыг 7000000 төгрөгөөр үнэлээгүй байсан. Аялал жуулчлалын газар гээд 22000000 төгрөг байсныг би уг үнээр нь  авсан. Авсан үедээ маш их хөрөнгө оруулалт хийсэн учраас огт амьжиргаа залгах юмгүй хоосон үлдэхээр гэж бодоод Тариат суманд 0.5 га газар аваад яриад байгаа байшинг тусад нь салгаж аваад хийсэн. Тэр бол шүүхийн гэр бүлийн дундын эд хөрөнгөнд баазаар тооцогдсон бөгөөд би авч салгасан. Үнэлгээнд ороход бол манай хоёр хүүхэд таны гэр энэ тэрийг ав гэсэн болохоор хамаг юмыг зарсан. Миний хүүхдүүд “бид нар ийш тийшээ явж мөнгө олох юм бол ээждээ өгнө, таниар юм хийлгэнэ” гэж ярьдаг. Тийм учраас “Бүргэдэй” зоогийн газрыг 7000000 төгрөг гэж үнэлсэн юм байхгүй ба  аялал жуулчлалын баазаараа байгаа гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Г.Гантуяа хариуцагч Д.Эрдэнэтуяад холбогдуулан “Хануй-Инж” ХХК гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Ганболд “Бүргэдэй” зоогийн газрыг гаргуулахаар нэхэмжлэлийг өөрчилжээ.

          Зохигчдын тайлбар болон Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 923 дугаар  албан бичгээс үзвэл нэхэмжлэгч Г.Гантуяа нь Д.Эрдэнэтуяагийн  гэр бүлийн бүрэлдэхүүнээс  гарсан байна.

          Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй “Бүргэдэй” зоогийн газар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх  дундын хөрөнгө  болох нь  Архангай аймаг дахь сум дундын  шүүхийн 2006 оны 07 сарын 04-ний өдрийн 350 дугаар шийдвэрээр  нотлогдож байна.

          Шүүхийн  дээрх 350 дугаар шийдвэрээр буудлын 2 өрөө байр гэр бүлийн гишүүдийн  хамтран өмчлөх эд хөрөнгөд хамрагдаагүй байх ба харин хариуцагчийн тайлбар болон  эд хөрөнгө өмчлөх  эрх, түүнтэй холбоотой  эд хөрөнгийн  бусад эрхийн  улсын бүртгэлийн 000061913 дугаар  гэрчилгээ, Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн  газрын 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 695 дугаар албан бичгээс үзвэл уг буудлын 2 өрөө байр нь хариуцагч Д.Эрдэнэтуяагийн  өмч болох нь  нотлогдож байна. Иймд Г.Гантуяа нь буудлын 2 өрөө байрыг нэхэмжлэх эрхгүй юм.

          Г.Эрдэнэбат гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх  дундын хөрөнгөөс Чулуут тур  аялал жуулчлалын баазыг авсан ба өөр эд хөрөнгө авахаас татгалзсан нь түүний тодорхойлолтоор  нотлогдож байна.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Ганболд нь “Бүргэдэй” зоогийн газрыг  7000000 төгрөгөөр үнэлж  нэхэмжилсэн боловч Чулуут тур  аялал жуулчлалын  баазын хөрөнгийн  жагсаалтын /хх-113-114 дүгээр тал/ 76-д “Бүргэдэй”  зоогийн газрыг 4000000 төгрөгөөр үнэлсэн байна.

            Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т  зааснаар  гэр  бүлийн нэг гишүүнд  ногдох эд хөрөнгийн  хэмжээ нь нийт  гишүүдэд  адил байх  ёстой тул 4000000 төгрөгний үнэлгээ бүхий  “Бүргэдэй” зоогийн газрын 50 хувь буюу  2000000 төгрөгийг Д.Эрдэнэтуяагаас гаргуулж Г.Гантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5000000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

         

1. Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар Д.Эрдэнэтуяагаас 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулж Г.Гантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5000000 /таван сая/ төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Гантуяагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141950 төгрөгөөс 126950 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 15000 төгрөг, хариуцагч Д.Эрдэнэтуяагаас 46950 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Г.Гантуяад олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

                       

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН