Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00992

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/02837 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 433 дугаар магадлалтай,

Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн “ЕБ 9-р С”-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  би тус сургуульд 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түүх нийгмийн багшаар ажиллаж байсан, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сургалтын менежер Ж.Отгонсүрэн надад мэдэгдэл гардуулж өгсөн. Тушаалд БСШУ-ны сайдын А/61 тоот тушаалаар батлагдсан ахлах ангийн сургалтын хөтөлбөрт шинэчлэлт орсон хэмээн дурдсан, миний хувьд  ахлах ангиудад түүх, нийгмийн хичээл ордоггүй, харин дунд буюу 7, 8 дугаар ангиудад ордог. Мөн багш нарын амралт эхэлсэн байхад шийдвэр гаргаж, мэдэгдэл өгсөн. Мөн А/61 тоот тушаалд түүх, нийгмийн багшийн орон тоог хас гэсэн үг өгүүлбэр байхгүй, орон тоо цөөрүүлэх шаардлагыг хэн ч тавиагүй. Иймд намайг тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн “ЕБ 9-р С” шүүхэд гаргасан тайлбартаа: БСШУ-ны сайдын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-иудын 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө батлах тухай тушаалын төсөл төлөвлөгөөгөөр түүх, нийгмийн багш нарын заах ёстой цаг хүрэлцэхгүй болсон тул бид мэргэжлийн багш нараар төслийн хэлэлцүүлгийг хийлгэж, санал хүсэлтийг нь авсан. Түүх нийгмийн ухааны секцийн гаргасан саналын дагуу дотоод хяналтын албаны ажилтан, 2 сургалтын менежер бид 3 хуралдаж, багш нарын цаг хүрэлцэхгүй байгаа, нэг багш илүүдэлтэй байгаа, 2 багшийн нэгийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, ажлын үзүүлэлт, ажилд томилогдсон байдал зэргийг судалж үзэхэд Н.Б- багш чөлөөлөгдөхөөр байсан. Бид хуралдан шийдвэрээ гаргаж тэмдэглэлээ захиралд танилцуулснаар 2 сарын өмнө мэдэгдэл өгсөн. Багш нарын зуны амралтын хугацаа дуусч 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс ажилдаа орсон ба захирлын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан нэхэмжлэгчид нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/02837 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Б-г Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.421.709 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч “ЕБ 9-р С”д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 37.697 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 433 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/02837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.Б-гнйн нэхэмжлэлтэй СХД-ийн 9-р сургуульд холбогдох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 8 ны өдрийн 182/ШШ2017/02837 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч  гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Б- болон анхан шатны шүүх “амралттай байх хугацаанд мэдэгдэл өгсөн” гэсэн байгаа. БСШУС-ын А/61 тоот тушаалын төсөл 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сургуульд ирж танилцуулагдан, 2017 оны 07 дугаар сарын 04 өдөр батлагдаж ирсэн. Төсөлд дурдсанаар түүх, нийгмийн хичээлийн цаг багассаны улмаас нэг багшийн заах хичээлийн цаг багасаж, улмаар тогтоол журам, дүрмээр тодорхойлсон цагт хүрэхгүй болсонтой холбогдуулан багшийн орон тоог 1-ээр цөөрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон тул 1 багшид ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөх нь гарцаагүй байсан. Энэ үед хичээлийн жил дуусч Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн “багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай” Б/84 тоот тушаал гарсан байсан. Тэгэхээр бид “цаг нь” нэгэнт хүрэлцэхгүй болсон байхад Батнасан багшийг ямар орон тоон дээр, ямар цаг өгч ажиллуулах вэ гэдгийг Боловсролын байгууллагад ажиллаж байгаа бүх багш ажилчид мэдэж ойлгож байгаа. Иймд Н.Б- багшид өгөх цаг, цалин хөлс, орон тоо байхгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 8 ны өдрийн 182/ШШ2017/02837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн “ЕБ 9-р С”-д  холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...орон тоо хасагдсан” гэсэн тайлбар гаргажээ.

Ажил олгогч 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Б/88 дугаар тушаал гаргаж, Н.Б-г түүх нийгмийн багшийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан түүх нийгмийн багшийн орон тоо хасагдсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн тухайн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь буруу.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, хариуцагч нь Н.Б-гийн ажиллаж байсан түүх нийгмийн багшийн орон тоо хасагдсан гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул “...түүх, нийгмийн хичээлийн цаг багассан...” талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй  байна.

Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 433 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/02837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “...128.1.1.” гэснийг “128.1.2” гэж өөрчлөн, мөн заалтаас “...40 дүгээр зүйлийн 40.1.1” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 120.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ