Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 136

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Н бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Д.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915002370156 дугаартай, 163/2019/0136/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, Х  овогт Д.Л.       

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Л  нь 2019 оны 04 дүгээр сарын эхээр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Д” гэх уулнаас зөвшөөрөлгүйгээр 11.4 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 12558240 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л  өгсөн мэдүүлэгтээ: Булган аймгийн Орхон сумын “Д” гэх газарт өмнө жил ойн тусгаарлалт хийгдсэн. Тэр газраас хүмүүс хуурай, нойтон модыг унагаж, ихээр мод бэлтгэдэг. Тухайн үед би унасан модыг түүж, түүнийгээ ашиглан “Шинэ хөдөө” төсөлд оролцохоор фермерийн хашаа барьсан. Хаягдаж, газар унасан модыг түүсэн болохоор хууль зөрчиж байна гэж бодоогүй. Я.А од хоёр ч удаа унасан модыг ашиглах талаар хэлж байсан гэв.

1915002370156 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Я.А ын өгсөн: “...Д.Л  надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин 2019 оны 03 дугаар сарын сүүлээр миний гар утас руу залгаад “мод хиймээр байна” гэж хэлэхээр нь би “хууль журмын дагуу бэлтгэнэ, Д.Л д хандаж одоо бэлтгэж болохгүй, ой хаачихсан, хуурайшилттай байгаа зөвшөөрөл хэнд ч өгөхгүй” гэж хэлсэн. Мөн Д.Л д сайдуудын хамтарсан тушаа, Аймаг, сумын засаг дарга нарын захирамж гарсан байгаа талаар Д.Л д мэдээлэл өгсөн. ...Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г гийн өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сумынхаа багуудаар Байгаль орчны багц хууль, Ойн тухай хууль, Амьтаны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж эргүүл шалгалт хийж явах үед Булган аймгийн Орхон сумын Халиун 2-р багаар явж байхад Халиун багийн "Н" гэх газарт хууль бусаар 90 ширхэг 6 метрийн урттай хэрэглээний нойтон модыг Орхон сумын 2-р багийн иргэн Д.Л  гэх хүн бэлтгэж өвөлжөө барьсан байсан. Тухайн үед би Д.Л тай уулзах гээд гэрт очиход хүн байхгүй байхаар нь ойролцоох айлын эзнээс асуухад “малдаа явсан” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.А гийн өгсөн: “... Би Орхон аймгийн ... ангид сурдаг. 2019 оны 04 дүгээр сард байх яг өдрийг яг сайн санахгүй байна. Би хичээлээ тараад Орхон аймагт байдаг гэртээ ирэхэд аав ирчихсэн байсан. Тэгээд намайг “хөдөө гэрлүүгээ хамт явъя, ууланд гарч унанги мод түүе” гэж хэлсэн. Тэгээд аавынхаа хамтаар аавын **-** ОРО улсын дугаартай “Kia Bongo Frontier”  маркийн тээврийн хэрэгсэлтэй аавын хамтаар Булган аймгийн Орхон сумын нутагт байрлах гэртээ ирсэн. Маргааш өглөө нь аав бид хоёр “Д” гэх газар луу явж уначихсан байсан унанги модны үзүүрийг ашиглаж болохыг хөрөөдөн авч машиндаа ачиж хаваржаа руугаа зөөж хуучирсан хаваржааны модтой сэлбэж малын хашаа барьсан. Урьд өмнө нь мол бэлтгэх эрхийн бичиг авна гэж яриад байсан. Би аавыг мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар мэдэхгүй. Тухайн үед авсан байх гэж бодсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Булган сум дахь Сум дундын ойн ангийн техникч Б.Мөнгөншагайгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай: 1.Орхон сумын 2 дугаар багийн “Дойт” гэх газраас бэлтгэн тээвэрлэсэн гэх мод нь шинэс төрлийн нойтон мод байна. 2.Уг мод нь хэрэглээний мод байна. 3.Шинжлэгдэж байгаа 111 ширхэг модны эзэлхүүн 11,4 м3 болж байна. 4.Уг модыг бэлтгэсэн Орхон сумын “Дойт” гэх газар нь хамгаалалтын бүсийн ой учир Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325 дугаар тушаалын дагуу 1-р мужын ойд багтаж байна. ... дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1486080 төгрөг болж байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газарт болон модонд, өвөлжөөнд, тээврийн хэрэгсэлд, хөрөөнд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-20 дугаар  хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/, эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл, өвөлжөө /малын хашаа/ битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, болон цагаан өнгийн тагтай, хар өнгийн бариултай цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Л  нь 2019 оны 04 дүгээр сарын эхээр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Д” гэх уулнаас зөвшөөрөлгүйгээр 11.4 метр куб шинэс төрлийн модыг цагаан өнгийн тагтай, хар өнгийн бариултай цахилгаан хөрөөгөөр бэлтгэж, **-** ОРО улсын дугаартай “BongoFrontier” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Д.Л ын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 4186080 төгрөгийн хохирол учирсан болох нь Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Л ын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 4186080 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 12558240 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрт 4000000 сая төгрөг төлсөн, үлдэх 8558240 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Л ын хууль бусаар бэлтгэсэн 111 ширхэг буюу 11.4 м3 модоор барьсан малын хашааг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт цахилгаан хөрөө, шүүгдэгчийн өөрийн өмчлэлийн /хх-ийн 46 дугаар хуудас/ №****************** аралын дугаартай, ногоон өнгийн **-** ОРО улсын дугаартай “Bongo Frontier” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Л аас тус тус албадан гаргуулж, хохирол төлбөрт тооцуулахаар улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Д.Л д 1000 нэгж буюу 1.000.000 сая төгрөгөөр торгох торгуулийн ялын санал гаргаж байх ба шүүгдэгч байгаль экологид 12.558.240 төгрөгний хохирол учруулсан бөгөөд торгуулийн ял оногдуулах нь үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Д.Л  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөөс 4.000.000 сая төгрөг төлсөн, үлдэх 8558240 төгрөгний хохирлыг төлөхөө илэрхийлсэн, Булган аймгийн Орхон сумын байгаль хамгаалагч Я.А той үлдэх хохирол төлбөрийг 2019 оны 12 сар, 2020 оны 5 сар, 2021 оноос өмнө хувааж төлж барагдуулна гэсэн тодорхойлолт хийж өгсөн гэж мэтгэлцэж байгаа хэдий ч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан “Байгаль хамгаалагчийн эрх, үүрэг”-т заасан Орхон сумын байгаль хамгаалагч нь дээрхи тодорхойлолт хийж өгөх эрхгүй субьект байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хохирогчоор тогтоогдсон Я.А ын тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсний дагуу шүүгдэгч Д.Л д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт Д.Л ыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Л аас 8.558.240 /найман сая таван зуун тавин найман мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 111 ширхэг буюу 11.4 м3 модоор барьсан малын хашааг улсын орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт цахилгаан хөрөө, шүүгдэгчийн өөрийн өмчлэлийн /хх-ийн 46 дугаар хуудас/ №****************** аралын дугаартай, ногоон өнгийн **-** ОРО улсын дугаартай “Bongo Frontier” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Л аас тус тус албадан гаргуулж, хохирол төлбөрт тооцуулахаар улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Л д авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ДЭЛГЭРМӨРӨН