Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 37

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                             Д.Л

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                       М.Даваасүрэн

          Нарийн бичгийн дарга                         Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолтой Д.Л.д холбогдох 1915002370156 дугаартай эрүүгийн хэргийг  шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Д.Л

Д.Л нь 2019 оны 04 дүгээр сарын эхээр Булган аймгийн ...  “Д” гэх уулнаас зөвшөөрөлгүйгээр 11.4 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 12558240 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Д.Л.г зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,   

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулан,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Л.с 8.558.240 /найман сая таван зуун тавин найман мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт олгож,

 Энэ хэрэгт шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 111 ширхэг буюу 11.4 м3 модоор барьсан малын хашааг улсын орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт цахилгаан хөрөө, шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн /хх-ийн 46 дугаар хуудас/ №*************** аралын дугаартай, ногоон өнгийн **-** ОРО улсын дугаартай “Bongo Frontier” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Л.с тус тус албадан гаргуулж, хохирол төлбөрт тооцуулахаар улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Л.д авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.д улсын яллагч нь торгуулийн ял оногдуулах санал гаргасан боловч шүүх шүүгдэгч нь байгаль экологид 12 558 240 төгрөгний хохирол учруулсан бөгөөд торгуулийн ял оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ гээд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Хэдийгээр энэ хэргийн хувьд сонгох санкцитай ял боловч шүүгдэгчийн хувьд өөрийн 100 гаруй бод малаа жилийн 4 улиралд бэлчээрийн аргаар хариулж малладаг малчин хүний хувьд хүнд ял болоод байна. Д.Л  нь байгаль экологид хохирол учруулж ашиг хонжоо олох өчүүхэн ч сэдэл сонирхол байгаагүй, малчин хүнийхээ хувьд малын хашаа хороогоо засаж сайжруулъя, ажпаа нэг мөр амжуулъя гэдэг санаа бодлоор ашиглагдсан байсан талбайд унасан модыг бэлтгэж тээвэрлэснээ үнэн зөвөөр нь мэдүүлж хэргээ хүлээн хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсээр ирсэн.Бэлтгэсэн мод нь нэгэнт талбайд хаягдсанаас цаашид урган төлжих боломжгүй байдал нь түүний хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг бууруулж байгаа. Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, малчин хүний амьдралын нөхцөл байдал, /хүүхдээ сургуульд суралцуулахаар эхнэр нь дагаж төвөлдөг, өөрөө ганцаараа мал дээрээ байдаг/ торгуулийн ялыг төлж чадах эдийн засгийн боломжтой зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. Хуульд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулахаар зохицуулсан. Гэтэл шүүгдэгч Л  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хууль бусаар бэлтгэсэн 111 ширхэг шинэс модоор өвөлжөө хашаагаа сэлбэн зассанаар хөдөлмөрөө шингээсэн хөрөнгө болж мод гэдэг шинж чанараа алдсан.дахин өвөлжөө хашаа барих боломжгүй нь амьдралынх нь эх үүсвэр болсон мал сүргээ өсгөхөд хүндээр тусах зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тогтоолын 6-д заасан “111 ширхэг модоор барьсан малын хашааг улсын орлогод тооцсон заалтыг өөрчлөн Л.д олгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Б.Л.д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 04 дүгээр сарын эхээр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Д” гэх уулнаас зөвшөөрөлгүйгээр 11.4 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 12558240 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Д.Л.г зохих зөвшөөрөлгүйгээр 11.4 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 12558240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Харин шүүгдэгч Д.Л.н хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа зорилго, байгаль экологид учруулсан хохирлоо  төлж хохирлыг барагдуулсан байдал, ар гэрийн ахуй амьдралын байдал  зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь торгуулийн ял болгон өөрчилж, хууль бусаар бэлтгэсэн 111 ширхэг модоор өөрийнхөө өвөлжөөний хашаагаа сэлбэж тордсон байдлыг нь харгалзан үзээд малын хашааг нь шүүгдэгчид буцаан олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн “...торгуулийн ялыг төлж чадах эдийн засгийн боломжтой байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн нийтэд тустай ажил хийх ялыг торгох ял болгон өөрчилж, 111 ширхэг модоор барьсан малын хашааг улсын орлогод тооцсон заалтыг өөрчлөн Д.Л.д олгохоор шийдвэрлэж өгнө үү...”  гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын

2 дахь заалтын ...шүүгдэгч Д.Л ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэснийг

... шүүгдэгч Д.Л.г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж    

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Л.д анхааруулсугай” гэж

6 дахь заалтын “111 ширхэг буюу 11.4 м3 модоор барьсан малын хашааг улсын орлогод тооцож” гэснийг

“111 ширхэг буюу 11.4 м3 модоор барьсан малын хашааг шүүгдэгч Д.Л.д буцаан олгож” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР                                   

                                                     ШҮҮГЧ                               С.ЦЭЦЭГМАА    

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН