Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2021/0432

 

“Д ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэдэнбалжир, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхгэрэл, Ц.Солонго, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Болд нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Д ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаар шийдвэрээр: ”Барилгын тухай (2008 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д ...” ХХК-иас Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан “Барилгын хөгжлийн төвийн 416/2015 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгож, дахин дүгнэлт гаргахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “... Маргаан бүхий акт болох 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтэд магадлал хийсэн экспертүүдийг өрсөлдөөний журмаар сонгосон эсэх, гэрээ байгуулж, хийсэн ажилд нь хяналт тавьдаг тухай баримт хавтаст хэрэгт байгаагүй болно.

... Иймд шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1/2021 дүгээр “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжид ... нотлох баримт гаргуулахаар шаардсан боловч тус газраас нотлох баримт ирээгүй.

... Улмаар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1/3683 дугаар “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжийг гаргаж экспертүүдийг сонгон шалгаруулсантай холбоотой баримт, гэрээг гаргуулахаар захирамж гаргаж, Барилгын хөгжлийн төв ... тухайн этгээдүүдтэй гэрээ байгуулаагүй, сонгон шалгаруулаагүй болох нь тогтоогдсон, ... Барилгын хөгжлийн төвөөс удаа дараа 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтэд магадлал хийсэн экспертүүд болох Т.Ч, Д.Г, Б.Л, Б.Б, М.Б нартай гэрээ байгуулсан, хуулийн дагуу зохион байгуулалтаа зөв хийсэн гэж татгалзаж байсан тул тус татгалзлаа нотолсон баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй болно.

... Хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажилласан тухай баримт байхгүй байхад шүүхээс “хуулийн дагуу сонгон шалгарч, гэрээ байгуулж ажиллаж буй экспертүүд” гэж дүгнэсэн нь хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, илт хууль зүйн үндэслэлгүй байна.

... Шүүхээс тус магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу зураг төсөлд тусгагдсан агуулгаар барилгыг барих боломжтой гэж дүгнэж байгаа нь илтэд үндэслэлгүй байна.

... Галын аюулаас хамгаалах дүрэм ноцтой зөрчсөн. ... Шаардлага хангасан гэж үзвэл хянасан хүснэгтэд эксперт гарын үсгээ зурж, огноо бичиж, тэмдгээ дарж баталгаажуулаагүйг гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Б баталгаажуулсан мэтээр тайлбарласныг шүүгч нотлох баримт болгож дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд сонгон шалгаруулалтаар сонгогдоогүй этгээдүүдээр дүгнэлт гаргуулсан нь ... хуульд заасан үүргүүдээ Барилгын хөгжлийн төв биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгыг бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Барилгын хөгжийн төвийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаар магадалалын ерөнхий дүгнэлт нь нэхэмжлэгч “Д ...” ХХК-ийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т заасан “эерэг үйлчлэл бүхий захиргааны акт” байх тул хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Д ...” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “... магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргахдаа зарим экспертийн шаардлага хангаагүй талаар дурдсан байхад зөвшөөрч баталж өгсний улмаас дахин эксперт хийх талаар тавьсан 3 шаардлагыг гүйцэтгэгч компани биелүүлэлгүй, шаардлага хангахгүй зураг, ерөнхий дүгнэлттэй үлдэж, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон” талаар дурдаж, тухайн магадлалын ерөнхий дүгнэлт ямар утгаараа сөрөг үйлчлэлтэй болж, эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байдлаа тайлбарлажээ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийг тодруулж, холбогдох баримтыг бүрэн цуглуулж, тухайн Магадлалын ерөнхий дүгнэлт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, тогтоомжид нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн хийсэн Барилгын тухай 2008 оны хуулийн 3.1.8, 6.2.8, 13.1, 13.4-т заасан Зургийн бүрдэлд орох үзүүлэлт тус бүрийн магадлалын дүгнэлттэй маргаагүй, харин тэдгээрийг нэгтгэж, Барилгын хөгжлийн төвөөс гаргасан 416/2015 тоот Магадлалын ерөнхий дүгнэлтийн Хавсралтын “Барилгын бүтээц” хэсгийн Дүгнэлтэд “1, 2, 3-т заасан дүгнэлтийг зассаны дараа зургийг экспертэд дахин хянуулах шаардлагатай” гэсэн хэсгийг хангаагүй байхад баталгаажуулсан талаар маргасан байхад тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн Зургийн бүрдэл тус бүрт гаргасан магадлалд маргасан мэтээр маргааны үйл баримтыг буруу дүгнэж, тухайн үед батлагдаагүй байсан Барилгын тухай 2016 оны хуулийн “25 дугаар зүйлийн 25.7-д зааснаар “магадлалын дүгнэлттэй холбоотой маргаантай асуудлыг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж хуулийг буруу хэрэглэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэв эерэг үйлчлэлтэй, нэхэмжлэгч маргах шаардлагагүй, өөр этгээд шийдвэрлэх ёстой маргаан гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзахаар байна.

Мөн нэхэмжлэлд “... ерөнхий дүгнэлт гаргахад оролцсон эксперт Б.Б-н Магадлалын ерөнхий дүгнэлтийн Хавсралтад заасан 3 шаардлагыг биелүүлж дахин хянуулах шаардлагатай гэснийг үл тоож баталгаажуулсан 416/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлт хүчинтэй бус, ... Барилгын хөгжлийн төв нь БХБЯамны магадлал хийх ажлыг судлан шийдвэрлэ гэснийг үл хэрэгжүүлж, илт хууль бус үйлдлээ давтан, манай өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй татгалзсан хариу өгч эс үйлдэхүй гаргаж байна ... ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгож, дахин дүгнэлт гаргуулж, зөв дүгнэлтээр барилгаа барихын тулд нэхэмжлэл гаргасан” гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэлийн агуулга, үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх дээрх байдлаар “... эерэг үйлчлэлтэй актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д заасан илт хууль бус акт биш тул нэхэмжлэлийг хангах боломжгүй ...” гэх зэргээр дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн үед хүчин төгөлдөр болоогүй, шинээр батлагдсан хууль, журмын дагуу тайлбар гаргасан, мөн Магадлалын ерөнхий дүгнэлт нь “... зөвхөн нэгдсэн дугаар олгох зохион байгуулалтын ажил” гэсэн нь үндэслэлтэй эсэхийг анхааралгүй, уг тайлбарт дурдсан Барилгын тухай 2016 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7-д заасныг  шийдвэрийн үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэх, байхгүй бол маргаан бүхий актад холбогдох баримтыг цуглуулж, хууль тогтоомжийг зөв хэрэглэж, хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг шийдвэрлэх шаардлагатай байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ