Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 147

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

улсын яллагч Д.Сүрэнхор,

иргэдийн төлөөлөгч Б.Ш ,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э д холбогдох эрүүгийн 1915001920129 дугаартай, 163/2019/0148/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 42 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Л.Б ийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ы өгсөн: Өмнө нь миний толгойг алхаар цохиж байсан. Би буруугүй цагдаа намайг тулгаж хэрэг хүлээлгэсэн гэв.Тэр өдөр цагдаа ирээд миний гарыг гэмтээсэн гэв.

1815002220155 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах шатанд:

Хохирогч Л.Б ийн өгсөн: “... Би 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед эхнэр Б ий хамт Булган аймгийн Баяннуур суманд байдаг гэрийнхээ гадаа хатсан аргалаа хураагаад байж байхад хадам дүү Э  ганцаараа ирээд ямарч үг хэлэхгүйгээр миний цээж, гарын шуу, буглага, тохой руу хутгалсан. Би тэр үедээ цохиод байна гэж бодсон чинь гараас цус гарахаар нь хутгалсан юм байна гэж ойлгосон. Эхнэр Б  ч гэсэн наадах чинь хутгатай юм байна гэж орилж хэлсэн. Э  миний цээж, гэдэс, зүүн хавирга, гар гээд нийт 7 удаа хутгаар хатгахад нь би Э ы цээж рүү нь баруун гараараа цохиход Э  хойшоо унасан. Тэгээд би зугтаад портер машинд суусан чинь Б  миний машинд суусан. Машинаа би жолоодож яваад хадам аав Б.гадаа ирсэн чинь хадам аав Б , хадам ээж Р  нар байж байсан. Би тэр хоёрт “намайг Э  хутгалчихлаа” гэж хэлээд гэр рүү орсон. Араас Э  ирж байсан. Тэгсэн чинь хадам ээж Р  эхнэр Б  бид хоёрыг гэрт оруулаад цоожилж Э аас хамгаалсан. Би гэрийнхээ ажлыг хийгээд эрүүл архи уугаагүй байсан. Э  архи уучихсан нилээн согтуу ирсэн юм. Тэр өдөр би Э тай муудалцаж хэрүүл хийгээгүй, ямарч үг хэлэхгүйгээр намайг хутгалсан. Намайг яагаад хутгалсныг би мэдэхгүй байна. 10-аад хоногийн өмнө над руу “муу гуйлгачин” гэх зэргээр хэлж муудалцаж байсан. Өөрөөр муудалцаагүй, өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Н.О ы өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 04-ний орой 18 цаг 20 минутад би Баян уулийн өвөр гэх газраас ирэхэд Б  хүнд хутгалуулсан байна гэсэн дуудлага ирээд манай эмнэлгийн машинтай замаараа цагдаа аваад шууд очсон. Очиход цус нь хатчихсан удсан байдалтай байсан. Уг хүн нь зүүн гарандаа 3 удаа хутгалуулсан. Уг шархнууд нь 3 см өргөнтэй өнгөцхөн хатгасан шархууд, өвчүүний дээр нь 2 хатгасан өргөн нь 2 см, гүн нь мэдэхгүй, өвчүүний доор гэдэс хэсэгт 1 хатгасан нь нилээн гүн шарх байсан бөгөөд нилээн цус алдсан байдалтай байсан. Бид нар гэрт нь ороход архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,  

Гэрч Г.Р ын өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Э  Улаанбаатараас ирээд ирэхдээ халамцуу байсан. Тэгээд хүргэн Б тэй ноцолдоод хутгалсан байсан. Бид нар гэртээ байсан. Б ийг аргал хурааж байхад нь Э  очоод зодолдсон байсан. Урьд нь Б  Э г зодоод толгойг нь хагалаад Улаанбаатарт хэвтэж байгаад ирээд л тийм юм болсон би цагдаа эмнэлэгт хэлээгүй шууд хот руу эмнэлэгт хэвтүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,  

Гэрч Х.Б.өгсөн:...2019 оны 5 дугаар сарын 04-нд би хонинд явж байгаад ирсэн чинь манай хүү Э  хүргэн Б ийг хутгалсан гээд бөөн цус болсон байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэг дууд гээд дуудуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч Б.Б ий өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед байх цагаа сайн санахгүй байна. Би нөхөр болох Б тэй аргал түүж, хураагаад байж байтал манай төрсөн дүү Э  согтуу ирээд манай нөхрийг шууд заамдаад зүүн гар хэсэгт нь 2-3 удаа хутгалах шиг болсон. Тэгээд би нөхөр Б тэй зугтаад аавын Портер машинтай аавын гэрийн гадаа очсон. Бид хоёрыг гэртээ ороход ээж Раднаа бид хоёрыг гэрт түгжсэн..., Э  баруун гартаа 1 төө хиртэй бор иштэй хутга бариад манай нөхрийг хэд хэдэн удаа зүүн гар болон цээжин хэсэгт нь хатгасан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Б.Э ы яллагдагчаар өгсөн:...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Би Б ийг хутгалаагүй, манай хүргэн Б  өмнө нь намайг хутгалж байсан. Алхаар цохиж байсан. Эхнэр Б ийгээ зодоод манай малыг хулгайлаад бид нарыг дээрэлхээд байдаг байсан..., би Б ийг аргал ачаад зогсож байхад би яваад очсон чинь намайг зодох гэж хөөгөөд тэгэхээр нь би айгаад яваад өгсөн. Би хутгатай яваагүй, надад хутга байгаагүй. Би хотоос гарахдаа 1 шил архийг ганцаараа уусан гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын17-ны өдрийн 5818 дугаартай шинжээчийн: 1. Л.Б ийн биед аюулхайн баруун доод хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн цусан хураа /600мл/, цээж зүүн шуу, бугуйнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн: 1. Б.Э  нь сэтгэцийн хувьд эрүүл учир өөрийгөө удирдан жолоодох чадвартай. Хэрэг болох үед Б.Э  нь согтолттой байсан боловч одоо тухайн үеийн согтолтын зэргийг тогтоох боломжгүй. 2. Э  нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3. Б.Э  нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, мэдрэлийн хувьд онош: Паркинсонизм, Посттравматическая энцефалопатия гэсэн өвчтэй. 4. Б.Э  нь мэдрэлийн хувьд дээрхи өвчтэй боловч сэтгэцийн хувьд эрүүл учраас хэрэг хариуцах чадвартай. Дээрхи мэдрэлийн өвчин нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тогтоох тухай тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-12 дугаар хуудас/, эмнэлгийн баримтууд, мэс заслын тэмдэглэл, /хх-ийн 14-29 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 52, 56-57 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 69-80 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 81-82 дугаар хуудас/ зэрэг судалсан болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Б ийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Л.Б , гэрч Н.О , Х.Б , Г.Р , Б.Б  нар нь өгсөн мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй байна.

Түүнчлэн хохирогч Л.Б ийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5818 дугаартай дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  нь гэм буруугийн талаар маргаж, дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж мэтгэлзэж байгаа хэдий ч хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдож байна.        

Тухайлбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Б ийн өгсөн...хадам дүү Э  ганцаараа ирээд ямарч үг хэлэхгүйгээр миний цээж, гарын шуу, буглага, тохой руу хутгалсан..., Э  миний цээж, гэдэс, зүүн хавирга, гар гээд нийт 7 удаа хутгаар хатгахад нь би Э ы цээж рүү нь баруун гараараа цохиход Э  хойшоо унасан..., хадам ээж Р  эхнэр Б  бид хоёрыг гэрт оруулаад цоожилж Э аас хамгаалсан гэх, гэрч Н.О ы...Б  хүнд хутгалуулсан байна гэсэн..., зүүн гарандаа 3 удаа хутгалуулсан..., өвчүүний дээр нь 2 хатгасан өргөн нь 2 см, гүн нь мэдэхгүй, өвчүүний доор гэдэс хэсэгт 1 хатгасан нь нилээн гүн шарх байсан бөгөөд нилээн цус алдсан байдалтай байсан гэх, гэрч Г.Р ын...Э  Улаанбаатараас ирээд ирэхдээ халамцуу байсан..., тэгээд хүргэн Б тэй ноцолдоод хутгалсан байсан гэх, гэрч Х.Б ийн...манай хүү Э  хүргэн Б ийг хутгалсан гээд бөөн цус болсон байсан гэх, гэрч Б.Б ий...манай төрсөн дүү Э  согтуу ирээд манай нөхрийг шууд заамдаад зүүн гар хэсэгт нь 2-3 удаа хутгалах шиг болсон..., Э  баруун гартаа 1 төө хиртэй бор иштэй хутга бариад манай нөхрийг хэд хэдэн удаа зүүн гар болон цээжин хэсэгт нь хатгасан гэх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Э ы үйлдэл нь бусдын халдашгүй чөлөөтэй байх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байгаа төдийгүй гэмт хэрэг үйлдэхдээ “бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалтай хэрэгсэл” буюу хутгыг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, хүний биед хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нь шүүгдэгч Б.Э ыг сэтгэцийн өвчний улмаас эмнэлэгийн хяналтанд байдаг ба хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Э  нь сэтгэцийн хувьд эрүүл учир өөрийгөө удирдан жолоодох чадвартай..., сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, мэдрэлийн хувьд онош: Паркинсонизм, Посттравматическая энцефалопатия гэсэн өвчтэй..., мэдрэлийн хувьд дээрхи өвчтэй боловч сэтгэцийн хувьд эрүүл учраас хэрэг хариуцах чадвартай..., мэдрэлийн өвчин нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлтээс үзэхэд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх” үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Э ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Б ийн биед хүнд хохирол учирсан байх ба хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.           

Шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгч Б.Э ы эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч Л.Б  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН

             ШҮҮГЧИД                                С.ЦЭРЭНДУЛАМ

                                                           С.ЦЭРЭНХАНД