Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 38

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор 

         Шүүгдэгч                                             Б.Э 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                       П.Ган-Очир

          Нарийн бичгийн дарга                        С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолтой Б.Э-д холбогдох 1915001920129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э-ны давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б.Э.  

Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Л.Ба-г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 08 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор:

 1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

2.  Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурьдаж,

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед юу болсныг би санахгүй байгаа. Хохирогчид хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон байгаа тул энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Миний биеийн байдал энэ газарт байхад хүнд байгаа тул миний ялыг хөнгөлж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Сүрэнхор дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э-ы давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Л.Б-г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа талаараа давж заалдах шатны шүүхэд мэдүүлсэн харин хохирогч Л.Ба нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ анхан шатны шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, хувийн болон биеийн эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан үзээд ьүүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд шүүгдэгч Б.Э-ны “...Миний биеийн байдал энэ газарт байхад хүнд байгаа тул миний ялыг хөнгөлж өгнө үү...”  гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн

2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан

“Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Шүүгдэгч Б.Э-ы давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ХҮРЭЛБААТАР                                   

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                З.ХОСБАЯР                                                  

                                                                                            Ё.БЯМБАЦЭРЭН