Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 01

 

Б.Казбекийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 153/ШШ2016/00028 дугаар шийдвэртэй, Казастан улсын иргэн, Ховд аймгийн Ховд сумын Базарын Казбекийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг 14-01 тоотод оршин суух Жантекей овогт Хананын Маратад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Казбек, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 3.600.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Х.Маратад 4 тонн манжин худалдахаар амаар харилцан тохиролцож, 1 кг-ийг нь 1650 төгрөгөөр тооцож нийт 6,600,000 төгрөгөөр зарсан. Х.Марат нь өөрийн биеэр манжинг харсан бөгөөд тэр үед манжин шар цэцэгтэй байсан. Гэхдээ Х.Марат өөрөө “болно” гэж хэлээд урьдчилгаа 3,000,000 төгрөг өгөөд үлдсэн 3,600,000 төгрөгийг маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дансанд хийхээр тохиролцсон. Гэтэл Х.Марат нь тухайн үед манай зоориноос манжинг үзээд “болно” гэж хэлээд авсан атлаа “чи муу ногоо өгсөн байна, тэр манжин чинь хот орох замд муудсан учир би чамд мөнгө өгөхгүй” гэж хэлсэн. Х.Марат нь уг манжинг Ховд аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэхдээ муутгасан. Түүний манжинг тээвэрлэхээс үүссэн эрсдэлийг би хариуцах ёсгүй. Иймд манжингийн үнэ 3,600,000 төгрөгийг хариуцагч Х.Маратаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.Казбекэд хот руу ачиж явах манжингийн үнэ урьдчилгаа болох 3,000,000 төгрөгийг өгсөн. Улаанбаатар хот руу Б.Казбекийн зоориноос ачиж явсан манжин муудсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан учир миний хувьд хохирол амссан бөгөөд Б.Казбекээс элэгдэл хорогдолыг тооцон хасуулах шаардлагатай учир Б.Казбекийн нэхэмжлээд байгаа 3,672,550 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед муудсан манжин байсан гэдгийг нотлох баримт байгаа болно гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 153/ШШ2016/00028 дугаар шийдвэрээр:”

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч Х.Маратаас 3,600,000 төгрөгийг /гурван сая зургаан зуу/ гаргуулж нэхэмжлэгч Б.Казбекэд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Казбекийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маратаас улсын тэмдэгтийн хураамжид 72,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Казбекэд олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч Х.Марат түүний өмгөөлөгчийн Л.Эрдэнэцэцэг миний бие гэрчээр А.Алтанхүү, Ц.Мөнх-Учрал нарыг гэрчээр байцаалгасан.

Уг гэрч нар нь Ховдоос ачиж очиход манжин шар цэцэг ургаж, үс ноос ургаад цөмрөөд ялзарсан, муудсан байсан гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт байсаар байхад хэрэгт үнэн зөв эргэлзээгүй байдлаар хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээнэ гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч Б.Казбек нь манжин авах гээд очиход манжин цэцэг ургаж муудсан байсан ба биет байдлын доголдолтой бараа шилжүүлсэн мөн иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус, хөнгөмсөгөөр хандаж,түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж заасан байдаг.

Харин нэхэмжлэгч Б.Какбек нь анхнаасаа муудсан гэдгийг мэдсээр уг заалтыг зөрчиж амаар худалдах-худалдан авах гэрээ хийж манжин худалдсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.

 Дээрхи заалтуудыг тус тус зөрчиж гаргасан нэхэмжлэгч Б.Казбекийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагч Х.Маратыг шүүх хуралдаанд оролцуулалгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн байна.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаартай шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 168.1.3-т зааснаар хариуцагч Х.Маратын шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн нь  шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

 Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 3.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Х.Маратад холбогдуулан  гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, шийдвэрлэснийг  хариуцагчийн өмгөөлөгч  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

 Нэхэмжлэгч нь Х.Марат  шар цэцэг нь гарсан манжинг өөрөө ирж үзээд зоориноос 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 4 тонн манжинг 1 кг-ыг нь 1650 төгрөгөөр тооцож 6.600.000 төгрөгөөр худалдан авч урьдчилан 3000000 төгрөг өгөөд үлдэгдэл 3600000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дансанд хийхээр тохиролцоод манжингаа ачаад аваад явсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь худалдаж авсан авсан манжингийн үнэнд 3000000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин зоориноос ачиж явсан манжин муудсан эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан учир нэхэмжлэгчийн  нэхэмжилж буй 3.672.550 төгрөгийг төлөх боломжгүй хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.   Талууд манжинг шар цэцэгтэй байсан талаар маргаагүй, харин тээвэрлэж хот орох замд муудсан гэж маргаж байна.

 

  Хэрэгт авагдсан баримтаар худалдагч худалдан авагч нар нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 4 тонн манжинг 1 кг-ыг нь 1650 төгрөгөөр тооцож 6.600.000 төгрөгөөр   худалдаж худалдан авахаар манжингийн үнийн зарим хэсэг буюу 3.000.000 төгрөгийг төлж, 3.600.000  төгрөгийг дараа өгөхөөр  харилцан тохиролцож, худалдан авагч нь уг манжинг хүлээн авсан  үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт,  зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн  тухайн хэрэг хамааралтай талаас нь үнэлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийн зохих хэсгийг төлж, худалдан авсан манжингаа худалдагчийн ногооны зоориноос өөрөө хүлээн авсан талаар үндэслэлтэй  дүгнэлт  хийжээ.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 274.1-д зааснаар “худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж зохицуулжээ.

 Дээрх хуульд зааснаар худалдагч нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр  худалдсан манжингаа худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгөнд цаашид тохиолдлоор гарах эрсдэл худалдан авагчид шилжсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн   анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй   байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа   байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул тэдний гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын нэг үндэслэл нь “анхан шатны шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй нь түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн” гэжээ.

 

  Шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж,  2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, энэ тухай баримтад гарын үсэг зуруулсан байна. /хх-ийн 74 дүгээр тал/ Нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргаж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-ийн 75 дугаар тал/  Шүүх “хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна” гэж үзэж нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж,  хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалттай нийцжээ.

 

Хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 153/ШШ2017/00028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                    Н.ТУЯА