Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 28

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Казакстан улсын иргэн, КАZ 00000000408, Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, Монгол Улсын ПЛ88012531 регистрийн дугаартай,  Базарын Казбекийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг Жаргалант сумын Рашаант баг 14-01 тоотод оршин суух, ПЛ77032610 регистрийн дугаартай, Жантекей овогт Хананын Маратад холбогдох 3,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/00382/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Казбек, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Казбек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Х.Маратад 4 тонн манжин худалдахаар амаар харилцан тохиролцож, 1 кг-ийг нь 1650 төгрөгөөр тооцож нийт 6,600,000 төгрөгөөр зарсан. Х.Марат нь өөрийн биеэр манжинг харсан бөгөөд тэр үед манжин шар цэцэгтэй байсан. Гэхдээ Х.Марат өөрөө “болно” гэж хэлээд урьдчилгаа 3,000,000 төгрөг өгөөд үлдсэн 3,600,000 төгрөгийг маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дансанд хийхээр тохиролцсон. Гэтэл Х.Марат нь тухайн үед манай зоориноос манжинг үзээд “болно” гэж хэлээд авсан атлаа “чи муу ногоо өгсөн байна, тэр манжин чинь хот орох замд муудсан учир би чамд мөнгө өгөхгүй” гэж хэлсэн. Х.Марат нь уг манжинг Ховд аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэхдээ муутгасан. Түүний манжинг тээвэрлэхээс үүссэн эрсдэлийг би хариуцах ёсгүй. Иймд манжингийн үнэ 3,600,000 төгрөгийг хариуцагч Х.Маратаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Марат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.Казбекэд хот руу ачиж явах манжингийн үнэ урьдчилгаа болох 3,000,000 төгрөгийг өгсөн. Улаанбаатар хот руу Б.Казбекийн зоориноос ачиж явсан манжин муудсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан учир миний хувьд хохирол амссан бөгөөд Б.Казбекээс элэгдэл хорогдолыг тооцон хасуулах шаардлагатай учир Б.Казбекийн нэхэмжлээд байгаа 3,672,550 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед муудсан манжин байсан гэдгийг нотлох баримт байгаа болно гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.Казбек нь хариуцагч Х.Маратад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 3,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

Хариуцагч Х.Маратад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалыг танилцуулж /хх-73/, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-74/ боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийг байлцуулан нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Казбек нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Х.Маратад 4 тонн манжинхудалдахаар амаар харилцан тохиролцож, хариуцагч Х.Марат нь өөрийн биеэр манжинг харж аван урьдчилгаа 3,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд талууд манжин худалдах, худалдан авсан, 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй байна.

Дээрх байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр, амаар аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-д “амаар хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” бол гэж тус тус заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Х.Марат уг манжинг надаас авахад зөвхөн шар цэцэг ургасан байсан. Гэхдээ хэрэглэж болохоор байсан тул Х.Марат өөрийн биеэр ирж “болно” гэж хэлээд худалдан авсан. Тэрээр манжинг тээвэрлэхдээ муутгасан учир дутуу төлсөн үнийг төлөх ёстой гэж” тайлбарласан тайлбараас үзэхэд хариуцагч Х.Марат нь уг манжинг шар цэцэгтэй байсан ч худалдан авахаар тохиролцож, биечлэн очиж худалдан авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эрх үүргийг үүсгэсэн байх тул нэхэмжлэгч Б.Казбект хариуцагч Х.Маратаас манжингийн төлбөрийг шаардах эрх үүсчээ.

Хариуцагч Х.Марат нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Улаанбаатар хот руу Б.Казбекийн зоориноос ачиж явсан манжин муудсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан”  гэх боловч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Марат нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, уг эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

Хэрэгт хариуцагч Х.Маратын өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч нарыг асуусан бөгөөд гэрч А.Алтанхүүгийн “Х.Маратыг танина. Х.Маратаас ногоо худалдан авдаг. Х.Марат Ховд аймгаас муудсан манжин байна ачиж болох уу гэхэд би аваад ир гэж хэлээгүй. Телевизийн зооринд манжин ирсэн байна очоод үз гэхээр нь очиж үзсэн. Намайг очиход өөрсдөө 4, 5 хүнтэй цуг ялгаад сууж байсан. Манжин нь үс ноос ургаад цөмрөөд ялзарсан байсан. Ногоог Улаанбаатар хотод Х.Марат ачаад очиход муудсан байсан нь үнэн. Би Х.Маратын ногоог ялгалцаагүй. Очиж үзэхэд манжин нь халуудаад муудсан үнэртэй байсан. Ялгасан манжингаас нь 30 шуудайг Барс захын Туяа гэдэг хүнд өгсөн. Оронд нь сонгино авсан. Нөгөөдөр нь Туяа утасдаад энэ манжингаа ав гээд буцаагаад ачаад явуулсан байсан. Манжин нь цөмрөөд цөмрөөд орсон байсан. Тэгээд зарах аргагүй байсан учраас би Х.Маратад буцааж өгсөн. Х.Марат телевизийн зоориныхоо урд талын нурсан зоорины нүх руу хаясан” гэх /хх-64/ мэдүүлэг,

гэрч Ц.Мөнх-Учиралын “Х.Марат надад Ховд аймгаас муудсан манжин байна ачиж болох уу юм уу гэхэд би аваад ир гэж хэлээгүй. Зүгээр манжин байна ачаад очих уу гэхэд тэгээ гэж хэлсэн. Муудсан ногоог аваад ир гэж хэлээгүй. Муудсан ногоог хэн ч авахгүй гэж хэлнэ шүү дээ. Ногоог Улаанбаатар хотод Х.Марат ачаад очиход муудсан байсан нь үнэн. Би Х.Маратын ногоог ялгалцаагүй. Ачаад ирэхэд муудсан байдалтай байсан. Би бүгдийг нь тоо ёсоор нь буцаасан” гэх /хх-66/ мэдүүлэгүүдээр болон манжингийн байдлыг харуулсан гэрэл зургуудаар /хх-22-23/ Х.Марат нь манжинг Ховд аймгаас ачаад Улаанбаатар хот руу тээвэрлээд Улаанбаатар хотод очиход муудсан байдлыг  нотлож байна. Харин уг манжинг Б.Казбекээс худалдаж авах үед буюу Ховдод байхад муудсаныг нотлоогүй байна.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн эрсдэл худалдан авагчид шилжинэ.

Иймд нэхэмжлэгч Б.Казбек нь хариуцагч Х.Маратад холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 3,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч Х.Маратаас  3,600,000 төгрөгийг /гурван сая зургаан зуу/ гаргуулж нэхэмжлэгч Б.Казбекэд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Казбекийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маратаас улсын тэмдэгтийн хураамжид 72,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Казбекэд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА