Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0268/З |
Дугаар | 221/МА2021/0441 |
Огноо | 2021-08-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2021/0441
“Х...” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, хариуцагч Ч.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Х...” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.4.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-д тус тус заасныг баримтлан “Х...” ХХК-ийн гомдолтой Татварын ерөнхий газрын Хууль хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Ч.О-т холбогдох Татварын ерөнхий газрын Хууль хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Ч.О-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0182501 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Татварын ерөнхий хууль болон захиргааны хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т “Татвар төлөгч нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу банканд шинээр данс нээсэн, эсхүл хуучин дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн бол харилцагч банк нь энэ тухай мэдээллийг 10 хоногийн дотор татварын албанд өгөх” гэж заасан. Энэхүү хуулийн заалтын дагуу тус банк 2018 оны 16,037 хуулийн этгээдийн, 2019 оны 11,578 хуулийн этгээдийн банканд шинээр данс нээсэн, эсхүл хуучин дансанд өөрчлөлт, хөдөлгөөний мэдээллийг хүргүүлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна.
Монгол Улсын Их Хурлаас Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга /2019 онд баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн/-ийн 34 дүгээр зүйлийн 34.4.2-т “татвар төлөгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллагад шинээр төлбөр тооцоо, хадгаламжийн болон бусад төрлийн данс нээсэн, эсхүл өмнө нээсэн дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийлгэсэн бол энэ тухай мэдээллийг тухай бүр” гэж тус тус хуульчилжээ.
Энэхүү шинэчилсэн найруулгын хүрээнд дээрх хуулийн холбогдох зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Татварын ерөнхий газар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудад хамтран ажиллах гэрээгээр хэрэгжүүлэхээр 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/966 дугаар хамтран ажиллах тухай албан бичгээр Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1-34.4.3-т заасан хуулийн зохицуулалтын дагуу татвар төлөхөөс зайлсхийх явдлыг бууруулах, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл харилцан солилцож “Хамтран ажиллах тухай гэрээ”-ний төслийг боловсруулан хүргүүлж байна гэх агуулга бүхий албан тоот ирүүлсэн.
Дээрх албан тоотын дагуу банк Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйлийн 34.4.2-т заасныг уг гэрээгээр мэдээлэл солилцох байдлаар хэрэгжүүлнэ гэж ойлгож уг гэрээнд холбогдох саналаа тусгаж хүргүүлсэн.
Банкны хувьд уг хамтран ажиллах гэрээний төсөлтэй танилцаад 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 29/4865 дугаартай албан бичгээр хамтран ажиллах гэрээнд тусгах саналаа, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29/6406 дугаартай албан бичгээр гэрээний төсөлд өгсөн зарчмын шинжтэй саналыг, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1078 дугаартай Хамтран ажиллах гэрээг баталгаажуулж, гэрээ байгуулах тухай, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1905 дугаартай албан бичгээр хамтран ажиллах гэрээг байгуулж гэрээ байгуулах тухай тус тус хүргүүлсэн.
Иймээс талууд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйлийн 34.4.2-т заасан мэдээллийг хамтран ажиллах гэрээгээр зохицуулахаар талууд саналаа хэн алиндаа хүргүүлэн ажилласан.
Анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.2-т данс нээсэн, эсхүл өмнө нээсэн дансанд өөрчлөлт, хөдөлгөөний хийлгэсэн бол энэ тухай мэдээллийг тухайн бүр нь татварын албанд хүргүүлэхийг банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд үүрэг болгожээ. Хэдийгээр гомдол гаргагчаас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 29/4865, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29/6406, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 29/7800 тоот албан бичгүүдээр гэрээнд тусгах санал, гэрээний төсөл зэргийг хүргүүлж байсан хэдий ч энэ нь дээрх хуульд заасан мэдээлэл хүргүүлэх үүргийг биелүүлээгүй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна гэж дүгнэсэн.
Зөрчлийн хэрэг нээхдээ Татварын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06/3645 дугаартай “Хууль ёсны төлөөлөгч томилон ирүүлэх тухай” албан бичиг ирүүлэхдээ “... дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд татвар төлөхөөс зайлсхийх явдлыг бууруулах, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл харилцан солилцож, гэрээ байгуулж, хамтран ажиллах саналыг шууд болон Монгол Банкны холбоогоор дамжуулан удаа дараа хүргүүлж ажилласан боловч гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлөө үргэлжлүүлсээр байна” гэх агуулга бүхий үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн атлаа мэдээлэл Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж зөрчил ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлага хангаагүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2021/0420 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Хууль хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Ч.О-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0182501 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, “Х...” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0182501 дүгээр шийтгэлийн хуудсаар “Х...” ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.4.2-т заасан үүргээ биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-д заасныг зөрчсөн зөрчил гэж үзэж, 4 000 нэгжтэй тэнцэх 4,0 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Татварын ерөнхий хуулийн 34.4-д “Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллага дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ: ... 34.4.2.татвар төлөгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллагад шинээр төлбөр тооцоо, хадгаламжийн болон бусад төрлийн данс нээсэн, эсхүл өмнө нээсэн дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийлгэсэн бол энэ тухай мэдээллийг тухай бүр” гэж заасан.
“Х...” ХХК нь уг хуульд заасан мэдээлэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тус банкны тайлбараар тогтоогдож байх бөгөөд Татварын ерөнхий газраас энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой хамтран ажиллах гэрээний төсөлд санал хүргүүлсэн, гэрээ байгуулахаар уг мэдээллийг хүргүүлнэ гэж ойлгосон учраас мэдээлэл хүргүүлээгүй гэх тайлбарыг хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан гэж үзэхээргүй байна.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн.
Давж заалдах гомдолд “... зөрчлийн хэрэг нээхдээ гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлөө үргэлжлүүлсээр байна гэсэн атлаа Татварын ерөнхий хуулийн 34.4.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж зөрчил ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй” гэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч “Х...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдүүлэг авахдаа ... хамтран ажиллах гэрээ байгуулахаас татгалзсан шалтгааныг асуусан байх боловч зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол болон Шийтгэлийн хуудсанд “гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг зөрчил” гэж заагаагүй, зөвхөн дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-т “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж заасан зөрчилд холбогдуулж хэрэг нээж, тус хуульд заасан шийтгэл ногдуулсан байх тул энэхүү давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ