Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 03

 

 

Б.Золбоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 153/ШШ2016/00023 дугаар шийдвэртэй, Дархан уул аймгийн Дархан сум, 1-р баг, Пионерийн 0764 тоотод оршин суух Их хойд овогт Болдбаатарын Золбоогийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт оршин суух Зуутраг овогт Чулууны Буяндалайд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 4.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2014 оны 04 дүгээр сард Ховд аймгийн Дөргөн сумын “Хас баян” ХХК-ийн захирал Ч.Буяндалайтай уулзаж том оврын ачааны машины жолоочоор ажиллахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг 150,000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 рейсийг 200,000 төгрөгөөр тохирсон. Энэ тохиролцоог албан ёсоор хийгээгүй ч аман хэлцлээр тохирч, 2015 оны 07 дугаар сарыг дуустал ажилласан.

 

 Ажлын хөлсийг сар бүр өгдөггүй, цувуулж өгдөг байсан. Би Ч.Буяндалайтай ажлын хөлсөө тооцож үзэхэд 4,000,000 төгрөгийг авахаар байсан. Энэ мөнгийг Ч.Буяндалай удахгүй өгнө, мөнгө бүтэхгүй байна гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд “Хас баян” ХХК-ийн захирал Ч.Буяндалайгаас ажлын хөлс 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие “Хас баян” ХХК-ний захирал биш. Би “Хас баян” ХХК-д машин оруулж, тээвэрт явуулдаг. Улмаар иргэн Б.Золбоог 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сар хүртэл тус компанид оруулсан миний машинд жолоочоор ажиллах талаар аман гэрээ байгуулж, 2014 оны 04-11 сарыг дуустал миний машины жолоочоор ажилласан. Бид анх аман гэрээ байгуулахдаа 2014 оны 09 сар хүртэл нэг удаагийн тээврийн 150,000 төгрөгөөр, 09 дүгээр сараас хойш 1 удаагийн тээврийг 200,000 төгрөгөөр явахаар тохиролцсон.

 

Ингээд аман гэрээний дагуу Б.Золбоо нь 2014 оны 04-09 сар хүртэл 39 удаа, 09 сараас хойш 14 удаа тээвэрт явсан. Нийтдээ 54 удаа тээвэрт явсан гэсэн үг. Энэ хугацаанд тээвэрт явсан хөлсийг нарийвчлан гаргавал 2014 оны 04 дүгээр сараас 09 сар хүртэл 39 удаагийн тээвэрт 5,850,000 төгрөг, 09-11 сар хүртэл 14 удаагийн тээвэрт 2,800,000 төгрөгийн ажил хийсэн. Өөрөөр хэлбэл би нийт 8,650,000 төгрөг өгөх ёстой.

Үүнээс 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл Б.Золбоогийн тээвэрт явах хугацаандаа идсэн хоолны мөнгө 1,942,800 төгрөгийг миний бие “Хас баян” ХХК-д машинаа тээвэрт явуулсны хөлсөнд авах ёстой мөнгөнөөсөө хасуулж авсан. Өөрөөр хэлбэл Б.Золбоогийн идсэн хоолны мөнгийг би төлсөн гэсэн үг. Ингээд Б.Золбоод нийтдээ дансаар 6,840,000 төгрөгийг шилжүүлсэн. Эцэст нь би нийтдээ Б.Золбоод 8,782,800 төгрөг өгсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл би Б.Золбоод 3,650,000 төгрөг өгөх ёстойгоос илүү 8,782,800 төгрөг өгч 132,800 төгрөгийг илүү өгсөн. Иймд 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00023 дугаар шийдвэрээр: “

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Буяндалайгаас 3,652,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Золбоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 347,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,395 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Золбоод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй үнэлнэ гэж заасан заалтыг зөрчсөн буюу гэрчээр байцаагдсан С.Мөнхбаатар, П.Батбилэг, Д.Баатарсүрэн нар нь хариуцагч Ч.Буяндалай, нэхэмжлэгч Б.Золбоо нартаа хамт ажиллаж байсан гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Дээрхи гэрчүүд нь хариуцагч ажилладаг Ч.Буяндалай нэхэмжлэгч Б.Золбоо нартаа ямар уялдаа холбоотой ажиллаж байсан хариуцагч нэхэмжлэгч нарын дунд ямар тохиролцоо явагдсан гэдгийг мэдэхгүй мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй учраас анхан шатны шүүх нь гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх нь хариуцагч талаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүх талаас нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй орхигдуулсан байна. Уг шийдвэрт “Хас баян” ХХК-ний нягтлан бодогч Д.Одгэрэлийн гаргасан ажлын тооцооны баримтаар жолооч Б.Золбоогийн идсэн хоолны төлбөрийг болох 1.942.800 төгрөгийг цалингаас суутгасан байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа дахин буюу нэг төрлийн тооцоог нэг хүнээс 2 дахин гаргуулахаар заасан нь ойлгомжгүй ба хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүсэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Золбоо нь хариуцагч “Хас баян” ХХК-ний захирал Ч.Буяндалайд холбогдуулан 4000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан иргэн Ч.Буяндалайд холбогдуулан 3652800 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас 347200 төгрөгөөс татгалзжээ.

 

Хариуцагч Ч.Буяндалай нь нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Б.Золбоод анх тохирсон ажлын хөлсийг бүрэн төлсөн” гэж тайлбарлажээ.

 

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл: нэхэмжлэгч Б.Золбоо, хариуцагч Ч.Буяндалай нар нь амаар тохиролцож Б.Золбоо нь Ч.Буяндалайгийн том оврын ачааны авто машиныг жолоодон “Алтайн Хүдэр” компаний хүдэр зөөдөг “Хас баян” ХХК-нд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарыг дуустал ажиллахаар болжээ. Ингэхдээ талууд ажлын хөлсийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг нь 150000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 рейсийг нь 200000 төгрөгөөр тохиролцсон байна. 

 

Б.Золбоогийн нэхэмжлэл болон хариуцагч Ч.Буяндалайгийн хариу тайлбараас үзэхэд талууд ажлын хөлс буюу нэг рейсийг хэдэн төгрөгөөр тохиролцсон гэдэг дээр маргаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар ажлын хөлсний үлдэгдэл 1710000 төгрөгийг хариуцагч Ч.Буяндалай нэхэмжлэгч Б.Золбоод өгөөгүй байгаа гэдэг дээр талууд мөн маргаагүй байна.

 

Харин хариуцагч Ч.Буяндалайгийн машины тээвэрт явуулсны хөлснөөс “Хас Баян” ХХК-ний суутгаж авсан 1942800 төгрөг буюу Ч.Буяндалайгийн жолооч Б.Золбоогийн идсэн хоолны мөнгийг түүний анх цалин хөлснөөс суутгахаар тохирсон, суутгахгүйгээр тохирсон гэдэг дээр талууд маргаж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл: Гэрч С.Мөнхбаатар, П.Батбилэг, Д.Баатарсүрэн нар нь “хоолны мөнгийг машины эзэн даадаг, өөрөөр хэлбэл машины эзэнтэй тохиролцсон цалин хөлснөөс хоолны мөнгө суутгаж авдаггүй” талаар мэдүүлсэн байна. Эдгээр гэрчүүд нь Ч.Буяндалайгийн машиныг хөлсөөр жолоодож түүнээс цалин хөлс авдаггүй боловч Б.Золбоогийн адил бусдын машин хөлсөөр жолоодож машины эзнээс цалин хөлс авч хамт нэг дор адил төрлийн ажил хийдэг хүмүүс байх тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжтой байна.

 

 Мөн нэхэмжлэгч Б.Золбоогийн ажлын хөлсийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг нь 150000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 рейсийг нь 200000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг хариуцагч Ч.Буяндалайтай үгүйсгээгүй бөгөөд уг ажлын хөлснөөс Б.Золбоогийн идсэн хоолны мөнгийг суутгаж авахаар тохиролцсон гэх татгалзлаа нотолж чадахгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73395 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн болно.

 

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2017/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73395 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ТУЯА

 

                                                ШҮҮГЧИД                            Д.КӨБЕШ

 

                                                                                              М.НЯМБАЯР