Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 23

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан уул аймгийн Дархан сум, 1-р баг, Пионерийн 0764 тоотод оршин суух Их хойд овогт Болдбаатарын Золбоогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт оршин суух Зуутраг овогт Чулууны Буяндалайд холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга А.Золзаяа  нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Золбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 04 дүгээр сард Ховд аймгийн Дөргөн сумын Хас баян ХХК-ийн захирал Ч.Буяндалайтай уулзаж том оврын ачааны машины жолоочоор ажиллахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг 150,000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 рейсийг 200,000 төгрөгөөр тохирсон. Энэ тохиролцоог албан ёсоор хийгээгүй ч аман хэлцлээр тохирч, 2015 оны 07 дугаар сарыг дуустал ажилласан. Ажлын хөлсийг сар бүр өгдөггүй, цувуулж өгдөг байсан. Би Ч.Буяндалайтай ажлын хөлсөө тооцож үзэхэд 4,000,000 төгрөгийг авахаар байсан. Энэ мөнгийг Ч.Буяндалай удахгүй өгнө, мөнгө бүтэхгүй байна гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд Хас баян ХХК-ийн захирал Ч.Буяндалайгаас ажлын хөлс 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Золбоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Золбоо Ч.Буяндалайтай анх уулзаж, түүний машиныг барихаар тохиролцох үед Ч.Буяндалай нь Б.Золбоод “би Хас баян ХХК-ний захирал” гэж ойлгуулсан байдаг. Иймд Б.Золбоо шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Хас баян” ХХК-ний захирал Ч.Буяндалайд холбогдуулан гаргасан. Хэрэг шүүхэд очсоны дараа Ч.Буяндалайг “Хас баян” ХХК-ний захирал биш гэдгийг мэдсэн. Иймд “Хас баян” ХХК-ний захирал Ч.Буяндалайд биш, иргэн Ч.Буяндалайд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна.

Б.Золбоо нь 2014 оны 04 дүгээр сард Ч.Буяндалайтай уулзаж том оврын ачааны машины жолоочоор ажиллахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг 150,000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 рейсийг 200,000 төгрөгөөр тохирч, аман хэлэлцээ хийсэн байдаг. Ингээд 2014 оны 04 -09 сар хүртэл 39 удаагийн рейс буюу үүнийг 150,000 төгрөгөөр тохиролцсон. 2014 оны 09 сараас хойш 14 удаагийн рейс буюу 200,000 төгрөгөөр, нийт 53 удаагийн рейсээр 8,650,000 төгрөгийг Ч.Буяндалай Б.Золбоод өгөх ёстой. Энэ мөнгөнөөс Б.Золбоо нь 6,940,000 төгрөгийг авсан ба одоо 1,710,000 төгрөгийг аваагүй. Үүн дээр нэмээд Б.Золбоо, Ч.Буяндалай нар анх хоорондоо тохиролцохдоо цалингаас хоолны мөнгийг суутгахгүй гэж тохиолцсон, Б.Золбоо нь “Хас баян” ХХК-аас биш иргэн Ч.Буяндалайгаас цалингаа авдаг байсан тул хоолны мөнгөнд суутгасан 1,942,800 төгрөг болон рейсийн үлдэгдэл 1,710,000 төгрөг, нийт 3,652,800 төгрөгийг нэхэмжилж байна. Ч.Буяндалай нь “Хас баян” ХХК-тай Б.Золбоогийн идсэн хоолны төлбөрийг яаж тохиролцсоныг Б.Золбоо мэдэхгүй. Б.Золбоо Ч.Буяндалайтай амаар гэрээ байгуулж, түүнээс цалинжихаар тохиролцож, цалингаасаа хоолны төлбөрийг суутгуулахгүйгээр тохиролцсон байдаг. Анх шүүхэд нэхэмжлэгч 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс одоо 3,652,800 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага 347,200 төгрөгөөс татгалзаж байна гэв.

Хариуцагч Ч.Буяндалай шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Хас баян” ХХК-ний захирал биш. Би “Хас баян” ХХК-д машин оруулж, тээвэрт явуулдаг. Улмаар иргэн Б.Золбоог 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сар хүртэл тус компанид оруулсан миний машинд жолоочоор ажиллах талаар аман гэрээ байгуулж, 2014 оны 04-11 сарыг дуустал миний машины жолоочоор ажилласан. Бид анх аман гэрээ байгуулахдаа 2014 оны 09 сар хүртэл нэг удаагийн тээврийн 150,000 төгрөгөөр, 09 дүгээр сараас хойш 1 удаагийн тээврийг 200,000 төгрөгөөр явахаар тохиролцсон.

Ингээд аман гэрээний дагуу Б.Золбоо нь 2014 оны 04-09 сар хүртэл 39 удаа, 09 сараас хойш 14 удаа тээвэрт явсан. Нийтдээ 54 удаа тээвэрт явсан гэсэн үг. Энэ хугацаанд тээвэрт явсан хөлсийг нарийвчлан гаргавал 2014 оны 04 дүгээр сараас 09 сар хүртэл 39 удаагийн тээвэрт 5,850,000 төгрөг, 09-11 сар хүртэл 14 удаагийн тээвэрт 2,800,000 төгрөгийн ажил хийсэн. Өөрөөр хэлбэл би нийт 8,650,000 төгрөг өгөх ёстой.

Үүнээс 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл Б.Золбоогийн тээвэрт явах хугацаандаа идсэн хоолны мөнгө 1,942,800 төгрөгийг миний бие “Хас баян” ХХК-д машинаа тээвэрт явуулсны хөлсөнд авах ёстой мөнгөнөөсөө хасуулж авсан. Өөрөөр хэлбэл Б.Золбоогийн идсэн хоолны мөнгийг би төлсөн гэсэн үг. Ингээд Б.Золбоод нийтдээ дансаар 6,840,000 төгрөгийг шилжүүлсэн. Эцэст нь би нийтдээ Б.Золбоод 8,782,800 төгрөг өгсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл би Б.Золбоод 3,650,000 төгрөг өгөх ёстойгоос илүү 8,782,800 төгрөг өгч 132,800 төгрөгийг илүү өгсөн. Иймд 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ч.Буяндалайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Золбоо нь хариуцагч Ч.Буяндалайтай амаар тохиролцон ачааны машины жолоочоор ажиллахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг 150,000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 рейсийг 200,000 төгрөгөөр тохирч, аман хэлэлцээ хийсэн байдаг. Ингээд 2014 оны 04 -09 сар хүртэл 39 удаагийн рейс буюу үүнийг 150,000 төгрөгөөр тохиролцсон. 2014 оны 09 сараас хойш 14 удаагийн рейс буюу 200,000 төгрөгөөр, нийт 53 удаагийн рейсээр 8,650,000 төгрөгийг Ч.Буяндалай Б.Золбоод өгөх ёстой. Энэ мөнгөнөөс Б.Золбоод 6,940,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба одоо 1,710,000 төгрөгийг өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин Б.Золбоо, Ч.Буяндалай нар анх хоорондоо тохиролцохдоо цалингаас хоолны мөнгийг суутгахгүй гэж тохиолцсон зүйл байхгүй. “Хас баян” ХХК-аас Ч.Буяндалай цалингаа авахдаа Б.Золбоогийн идсэн хоолны мөнгийг суутгуулж авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан “Хас баян” ХХК-ний ня-бо Д.Одгэрэлийн гаргасан ажлын тооцооны баримтаар нотлогдож байна. Мөн хэрэгт гэрчээр асуугдсан Д.Баатарсүрэн, П.Батбилэг, С.Мөнхбаатар нарын мэдүүлэг авагдсан ч гэсэн эдгээр хүмүүс Б.Золбоотой хамт Ч.Буяндалайгийн машин барьж байсан гэх баримт байхгүй байгаа. Тийм учраас эдгээр гэрч нар Б.Золбоо, Ч.Буяндалай нарын хооронд тохиролцсон хоолны тооцоог мэдэх боломжгүй юм. Иймд “Хас баян” ХХК-нд суутгуулсан Б.Золбоогийн идсэн хоолны мөнгийг Ч.Буяндалай төлөх ёсгүй.

Иймд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагаас рейсийн төлбөрийн үлдэгдэл 1,710,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хоолны төлбөр 1,942,800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Золбоо нь хариуцагч “Хас баян” ХХК-ний захирал Ч.Буяндалайд холбогдуулан4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан иргэн Ч.Буяндалайд холбогдуулан 3,652,800 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас 347,200 төгрөгөөс татгалзжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Золбоо хариуцагч Ч.Буяндалай нар нь хоорондоо ярилцан Б.Золбоо нь Ч.Буяндалайгийн том оврын ачааны машины жолоочоор ажиллахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг 150,000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 рейсийг 200,000 төгрөгөөр тохирч, аман хэлэлцээ хийсэн. 2014 оны 04 -09 сар хүртэл 39 удаагийн рейс буюу үүнийг 150,000 төгрөгөөр тохиролцсоныг тооцвол (39 х 150,000) = 5,850,000 төгрөг болсон.

2014 оны 09 сараас хойш 14 удаагийн рейс буюу 200,000 төгрөгөөр тохирсон ба энэ нь (14 х 200,000) = 2,800,000 төгрөг, нийт 53 удаагийн рейсээр 8,650,000 төгрөгийг Ч.Буяндалай Б.Золбоод өгөх ёстой байсан. Үүнээс Ч.Буяндалай нь Б.Золбоод 6,940,000 төгрөгийг өгсөн, одоо үлдэгдэл рейсийн төлбөр 1,710,000 төгрөгийг Ч.Буяндалай нь Б.Золбоод өгөөгүй байгаа гэдэгт талууд маргаагүй болно.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх нь Б.Золбоо, Ч.Буяндалай нар нь анх хоорондоо тохиролцохдоо цалингаас хоолны мөнгийг суутгахгүйгээр тохиолцсон байдаг ба хоолны мөнгөнд 1,942,800 төгрөгийг өгөх ёстой гэж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь “Хас баян” ХХК-нд суутгуулсан Б.Золбоогийн идсэн хоолны мөнгийг Ч.Буяндалай төлөх ёсгүй гэж мэтгэлцлээ.

Энэхүү үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзлээ.

Дээрх гэрээний дагуу ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Хариуцагч Ч.Буяндалай нь нэхэмжлэгч Б.Золбоод нийт 53 удаагийн рейст явсны хөлс 8,650,000 төгрөгөөс 6,940,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Б.Золбоогийн 5325046407 дансны дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-21-24/, Ч.Буяндалайгийн 5850010956 дансны дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-75-79/, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараарнотлогдож байна.

Харин Ч.Буяндалай, Б.Золбоо нар нь анх гэрээ байгуулахдаа хоолны төлбөр цалингаас хасагдахгүйгээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан:

Гэрч С.Мөнхбаатарын “Б.Золбоо нь Алтайн хүдэрт ажиллаж байхдаа Ч.Буяндалайгийн машиныг унадаг байсан. Тэнд хүдэр зөөдөг байсан. Алтайн Хүдэрт хэд хэдэн хувийн компани ажилладаг байсан. Тэдгээр компаниудын нэг болох “Хас баян” компанид бид нар хамт ажилладаг байсан. 1 рейсийг 150,000 төгрөгөөр тохиролцсон. Хоол нь цаанаасаа гэж байсан. Ажлын хөлснөөс хоолны үнэ суутгагдана гэж тохиролцоогүй. Б.Золбоо нь ажлын хөлсөө 1 удаа аваад тэр мөнгөнөөсөө сэлбэг авч байсан. Одоо 4,000,000 төгрөг авч чадаагүй байгаа” гэх /хх-36/ мэдүүлэг,

Гэрч П.Батбилэгийн “би Б.Золбоотой хамт ажиллаж байсан учраас түүнийг танина. Ч.Буяндалай нь Б.Золбоог өөрийнхөө машин дээр явуулахаар ярилцсан. Алтайн Хүдэрт хүдэр зөөдөг байсан. Ямар нэгэн гэрээ хийгээгүй. 1 рейсийг 150,000 төгрөгөөр цалинжуулна гэж тохиролцсон. Хоолны үнийг машины эзэн даахаар тохиролцсон. Бид нар зөвхөн машинаа барьдаг. Сэлбэг хэрэгслийн үнийг машины эзэн хариуцахаар тохиролцсон. Б.Золбоо нь Ч.Буяндалайгаас ажлын хөлсөө бүрэн авч чадаагүй. Хэрэгцээний мөнгө л авдаг байснаас цалингаа бүрэн аваагүй. Яг хэдэн төгрөг дутууг сайн мэдэхгүй” гэх /хх-38/ мэдүүлэг,

Гэрч Д.Баатарсүрэнгийн “Б.Золбоог хамт ажиллаж байсан учраас танидаг. Ч.Буяндалай бол машины эзэн, Б.Золбоо түүний машиныг нь барьдаг байсан. Цээл сум, Алтайн хүдэрт ажиллаж байсан. 1 рейсийг нь 150,000 төгрөгөөр хоорондоо тохиролцсон. Хоолыг цаанаасаа өгнө, цалингаас хоолны үнэ хасагдахгүй гэж тохирсон. Б.Золбоо Ч.Буяндалайгаас цалингаа аваагүй байх. 4,000,000 төгрөг дутуу байгаа гэж Б.Золбоо ярьж байсан. Цалинг тухай бүрт нь өгдөггүй, хааяа л хэдэн төгрөг өгдөг байсан” гэх /хх-40/ мэдүүлэг болон шүүх хуралдаан гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “хэрэгт гэрчээр асуугдсан Д.Баатарсүрэн, П.Батбилэг, С.Мөнхбаатар нарын мэдүүлэг авагдсан ч эдгээр хүмүүс Б.Золбоотой хамт Ч.Буяндалайгийн машин барьж байсан гэх баримт байхгүй байгаа. Тийм учраас эдгээр гэрч нар Б.Золбоо, Ч.Буяндалай нарын хооронд тохиролцсон хоолны тооцоог мэдэх боломжгүй” гэх боловч энэ нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч С.Мөнхбаатар, П.Батбилэг, Д.Баатарсүрэн нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлэгээр Б.Золбоотой хамт ажиллаж байсан жолооч мөн болох нь нотлогдож байна.

Мөн “Хас баян” ХХК-ний ня-бо Д.Одгэрэлийн гаргасан ажлын тооцооны баримт /хх-65-74/-аар жолооч Б.Золбоогийн идсэн хоолны төлбөрийг цалингаас нь суутгасан байх боловч Б.Золбоо нь “Хас баян” ХХК-тай биш, иргэн Ч.Буяндалайтай гэрээ байгуулан, түүнээс цалинжиж байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгүүдээр, харин Ч.Буяндалай нь “Хас баян” ХХК-д ажиллаж байсан нь тус компаний захирлын тодорхойлолт /хх-64/-оор тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Ч.Буяндалай нь жолооч Б.Золбоогийн идсэн хоолны төлбөрийг цалингаас нь суутгуулах эсэх талаар “Хас баян” ХХК-тай яаж тохиролцсон нь хэрэгт хамааралгүй юм. Учир нь энэхүү маргаан нь иргэн Ч.Буяндалай, Б.Золбоо нарын хооронд байгуулагдсан гэрээ байна.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хөлсөөр ажилласан рейсийн төлбөр 1,710,000 төгрөг, хоолны мөнгө 1,942,800 төгрөг, нийт 3,652,800 төгрөгийг хариуцагч Ч.Буяндалай төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч Б.Золбоо шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,652,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73,395 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Золбоод олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Ч.Буяндалай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...аман гэрээний дагуу Б.Золбоо нь 2014 оны 04-09 сар хүртэл 39 удаа, 09 сараас хойш 14 удаа тээвэрт явсан. Нийтдээ 54 удаа тээвэрт явсан...” гэж буруу нэмсэн байх бөгөөд  зардлыг нэмж тооцоход (39 + 14) =53 гарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Буяндалайгаас 3,652,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Золбоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 347,200 төгрөгийгхэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,395 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Золбоод олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МАРИНА