Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00041

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00041

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 10 хороолол 71/1 байр 8 тоотод оршин суух Б.Мөнхжавхлангийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сумын 6 дугаар баг, МСҮТ гудамж 05 тоотод оршин суух Р.Оюунд холбогдох,

Р.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагч А.Оюун, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Би 2013 оны 3 сард барилгыг Нарантуяа гэдэг хүнээс худалдаж аваад, 2013 оны 10 дугаар сарын 11-нд хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Барилгын доторх үйл ажиллагааг өөрчилж засвар хийж байгаад нэг өдөр ирсэн чинь А.Оюун гэдэг хүн барилгын хундаам цутгаад байж байсан. Тэр үед нь би ингэж болохгүй гэж хэлсэн. А.Оюунтай уулзах гэсэн чинь байхгүй гээд уулзаж чадаагүй. Тэгээд 2 хоногийн дараа ирсэн чинь барилгын өрлөг нь талдаа орсон байхад нь А.Оюунтай уулзаж нар салхи үзэхээ байлаа, барилгаа зогсоо гэж хэлсэн. Тэгээд хэлсний дараа тулгаад өрөлт хийгээд талд нь хүргэсэн байсан. Шүүхээс энэ хүнээс цонхоо чөлөөлүүлж нар салхи үзэх шаардлагатай байна. Барилгыг буулгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.Оюун нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар багийн Ирээдүй хотхоны газрыг Д.Халиун гэдэг хүнээс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр худалдаж авсан. Б.Мөнхжавхлангийн утас өөрийг хайгаад олоогүй. Тэгээд сүүлд уулзахад шууд тохиръё 80 сая төгрөг өг гэж хэлсэн. Б.Мөнхжавхлан мөнгө авах зорилготой мөнгө өг гэдэг. Би цонх тагласан нь үнэн, байшингаа 1 метр татаад барья гэхээр мөнгө өг гэж хэлдэг. Би буруугүй. Энэ байшинг барих гэж хүүхдийнхээ байрыг банканд барьцаанд тавьсан байгаа. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 000205390 дугаартай Баасансүрэнгийн Мөнхжавхлангийн өмчлөлийн гэрчилгээ /хх-3/, Б.Мөнхжавхлан,  Д.Нарантуяа нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /хх-4/, Д.Нарантуяагийн 000166690 дугаартай  өмчлөлийн гэрчилгээ /хх-5/, Үзлэг хийсэн фото зураг /хх-6-7/, А.Оюунд газар эзэмшүүлэх эрх олгосон  Төв аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/130 дугаартай захирамж /хх-18/, А.Оюуны газар эзэмшүүлэх гэрээ /хх-19-20/, Үзлэгийн тэмдэглэл /хх-52/,

Хариуцагчийн өмгөөлөгч: Хөдлөх хөрөнгө худалдан авсан гэрээ /хх4/ Д.,Нарантуяагийн газар өмчлөлийн гэрчилгээ /хх-5/, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/380 дугаартай газар эзэмшүүлэх захирамж /хх-18/, Д.Халиунд газар эзэмшүүлэх гэрээ /хх-19/, Гэр бүлийн хүрээнд газар эзэмшүүлэх гэрээ /хх-21/, Газрын кадастрын зураг /хх-22/, Гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэх 000632800 дугаартай гэрчилгээ /хх-45/, Үл хөдлөх хөрөнгийн 000422360 дугаартай гэрчилгээ /хх-46/, 2016 оны 07 дугаар сарын 01-ний Төв аймгийн Засаг даргын А/362 дугаартай захирамж /хх-47/ зэрэг нотлох баримтууд эдгээр болно.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

            -Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан нь Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн Ирээдүй хотхоны 3-р байрны 6 тоот 106,045 м/2 талбайтай байрыг өмчлөх, эзэмших эрх зөрчигдөж байх тул иргэн А.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож барьж буй барилгыг буулгуулах гэж хариуцагч А.Оюун нь иргэн Д.Халиунаас шилжүүлж авсан 108 м/2  амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газар дээр орон сууц барьж байгаа тул бусдын эрхийг зөрчөөгүй гэж тус тус маргажээ.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-т зааснаар шаардах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч газар олгосон эрхийн акт болон газартай холбоотой бусад баримтуудын талаар маргаагүй бөгөөд зөвхөн нар тусах боломжийг хааж эрхийг нь зөрчиж байгаа тухай маргаж байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч дээрхи маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 зааснаар уг хэрэг маань газартай холбоотой маргаан гэж үзэж байна. Мөн хэргийн харьяалал буруу гэж бодож байна. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 3.1.7, 4.1.1, 4.1.10 дах заалтын зөрчиж нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3 дах зүйлд заасны үндэслэн мөн хуулийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн дээрхи хуулийн 3.1.7 нь шүүгчийн захирамжийн талаархи заалт байх бөгөөд энэ заалт нь уг маргаанд хамааралгүй байна. Харин дээрхи хуулинд 4.1.1, 4.1.10 гэсэн заалт байхгүй байна. Нэхэмжлэгч нь дээрхи маргаантай барилгын газрын эзэмшил болон газар олгосон Засаг даргын захирамжийн талаар маргаагүй А.Оюуны хууль бус үйлдлийг таслан зогсоож, барьж буй барилгыг буулгуулах гэсэн шаардлага гаргасныг шүүх хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтуудыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаан үүссэн шалтгаан, нөхцөл байдлыг тодруулахын тулд хоёр байшингийн байрлал болон нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан, хариуцагч А.Оюун нарын шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох Б.Мөнхжавхланд олгосон Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Баруун Зуунмод Ирээдүй 3 дугаар байрны 6 тоотод байрлалтай, орон сууцны зориулалттай, 106,045 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-1427000964 дугаарт бүртгэж олгосон 000205360 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, 2013 оны 10 сарын 10-ны өдрийн Д.Нарантуяа, Б.Мөнжавхлан нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-4/, А.Оюунд Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Ирээдүй хотхонд байрлах 108 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон 0006328000 дугаартай гэрчилгээ /хх-45/, А.Оюунд олгосон Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Баруун Зуунмод Ирээдүй 3 дугаар байрны 4 тоотод байрлалтай, хувийн сууцны зориулалттай, 50 хувийн гүйцэтгэлтэй 108 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-1427003144 бүртгэлийн дугаарт бүртгэж олгосон 000422360 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-46/, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 01 өдрийн газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх  тухай А/362 дугаартай захирамж /хх-47/, А.Оюуны Төв аймаг, Зуунмод сум, 6-р багт  байрлах 4110061216 нэгж талбарын дугаарт бүхий кадастрын зураг, 18646288677041 дугаар бүхий кадастрын зураг  /хх-48-49/, 2016 оны 08 сарын 10 өдрийн 43 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-50/ олгосон баримтуудыг тал бүрээс нь судалж үзэхэд А.Оюун нь байшин барихдаа нэхэмжлэгч Б.Мөнхжавхлангийн байшин барьсан газрын хил хязгаарыг зөрчөөгүй, газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өгөгдлүүд болох талбайн хэмжээ, хилийн шугам, түүний геодезийн байнгын цэг, тэмдэглэлтийг тэмдэгшүүлсэн байршилтай давхцаагүй, хөрш газрынхаа хилийн шугамыг давж ороогүй, өөрийн эзэмшлийн газарт барьсан болох нь нотлогдож байна.

            Монгол улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 6 дугаар сарны 30-ны өдрийн 130 дугаартай тушаалаар батлагдсан  “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД-30-01-04-ийн  2.11-д “Орон сууц хоорондын......нарны тусгалд хамааралтай зайг энэхүү дүрмийн 9.19 дүгээр зүйлд заасны дагуу ...төлөвлөнө.” гэсэн байх ба уг дүрмийн “Бичил уур амьсгалын төлөвлөлт” гэсэн хэсгийн 9.19-д “...орон сууц, ...иргэний барилга байгууламжийн цонхоор хавар зун намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын I,II бүсэд 3 цаг, ...байхаар тооцож төлөвлөнө” гэж нарийвчлан заажээ.

Учир нь Төв аймгийн нутаг дэвсгэр нь уур амьсгалын II бүст хамрагддаг байх /“Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД-30-01-04-ийн 1.5-д заасан/ ба Б.Мөнхжавхлангийн орон сууц нь 1 өрөө байр байх ба уг байр нь нарны тусгалыг нь хаасан гэх цонхноос гадна баруун болон хойд талдаа тус бүр нэг нэг цонхтой байгаа нь энэ нормд заасан өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хугацаа хавар, зун намрын улирлын нэг өдөрт 3 цагаас багагүй байна гэснийг зөрчөөгүй, эдгээр цонхоор нь  хавар, зун, намрын улиралд /эдгээр улиралд өдөрт багадаа 5-8 цагийн хугацаанд нар тусдаг нь нийтэд илэрхий бөгөөд энгийн хүн мэдэх зүйл/ өдөрт 3 цагаас багагүй хугацаанд нар тусах боломжтой байна. 

Хариуцагч А.Оюун нь нэхэмжлэгч Б.Мөнхжавхлангийн байшингийн урд хэсэгт зэрэгцүүлэн байшин барьж байгаа нь нөгөө хөршдөө сөрөг нөлөөлөлд тооцогдож хөрш залгаа газрын эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй байгаа хэдий ч уг байшингийн цонхоор тусах нарны тусгалын хэмжээ нь дээрхи “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ээр /БНбД-30-01-04/ тогтоосон хэмжээнээс багасаагүй, нарны тусгал буюу гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг бүрэн хаагаагүй тул нөлөөлөл нь ноцтой биш,түүний хэвийн аж төрөхөд саад учруулхааргүй байна гэж шүүх үзлээ. 

Иймд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй.” гэж  зааснаар А.Оюуны барьж буй барилгаас үүдэлтэй нөлөөлөлийн хэмжээ нь тухайлбал Б.Мөнхжавхлангийн байшингийн цонхоор өдөрт тусах нарны тусгалын хэмжээ нь тогтоосон хэмжээнээс  /“Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД-30-01-04-ийн  9 хэсгийн 9.19-д “...орон сууц, ...иргэний барилга байгууламжийн цонхоор хавар зун намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын I,II бүсэд 3 цаг/ хэтрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.          

Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан нь хариуцагчид өөрийнх нь эрхийг зөрчиж байгаа талаар шаардаж байшинг барихыг зогсоох талаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч  үүнийгээ баримтаар нотлоогүй  болно.

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар Б.Мөнхжавхлангийн гаргасан А.Оюунд холбогдох А.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож, барьж буй барилгыг буулгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд  үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

4.Энэхүү шийдвэр нь уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.МӨНХЦЭЦЭГ