Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2017/00006

 

 

 

 

 

 

 

 

Б.Мөнхжавхлангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрийн 151/ШШ2017/00041 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Оюунд холбогдох

“А.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан, түүний өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагч А.Оюун, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 2013 оны 3 сард барилгыг Нарантуяа гэдэг хүнээс худалдаж аваад, 2013 оны 10 дугаар сарын 11-нд хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Барилгын доторх үйл ажиллагааг өөрчилж засвар хийж байгаад нэг өдөр ирсэн чинь А.Оюун гэдэг хүн барилгын хундаам цутгаад байж байсан. Тэр үед нь би ингэж болохгүй гэж хэлсэн. А.Оюунтай уулзах гэсэн чинь байхгүй гээд уулзаж чадаагүй. Тэгээд 2 хоногийн дараа ирсэн чинь барилгын өрлөг нь талдаа орсон байхад нь А.Оюунтай уулзаж нар салхи үзэхээ байлаа, барилгаа зогсоо гэж хэлсэн. Тэгээд хэлсний дараа тулгаад өрөлт хийгээд талд нь хүргэсэн байсан. Шүүхээс энэ хүнээс цонхоо чөлөөлүүлж нар салхи үзэх шаардлагатай байна. Барилгыг буулгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.Оюун нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар багийн Ирээдүй хотхоны газрыг Д.Халиун гэдэг хүнээс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр худалдаж авсан. Б.Мөнхжавхлангийн утас, өөрийг нь хайгаад олоогүй. Тэгээд сүүлд уулзахад шууд тохиръё 80 сая төгрөг өг гэж хэлсэн. Б.Мөнхжавхлан мөнгө авах зорилготой мөнгө өг гэдэг. Би цонх тагласан нь үнэн, байшингаа 1 метр татаад барья гэхээр мөнгө өг гэж хэлдэг. Би буруугүй. Энэ байшинг барих гэж хүүхдийнхээ байрыг банканд барьцаанд тавьсан байгаа. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар Б.Мөнхжавхлангийн гаргасан А.Оюунд холбогдох А.Оюуны хууль бус үйлдлийг зогсоож, барьж буй барилгыг буулгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

Энэхүү шийдвэр нь уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан давж заалдах гомдолдоо: “Б.Мөнхжавхлангийн нэхэмжлэлтэй, А.Оюунд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 10-ны өдрийн 151/ШШ2017/00041 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс “...А.Оюун байшин барихдаа нэхэмжлэгчийн байшин барьсан хил хязгаарыг зөрчөөгүй, газрын улсын мэдээллийн санд байгаа өгөгдлүүд болох талбайн хэмжээ, хилийн шугам, түүний геодезийн байнгын цэг, тэмдэглэлийг тэмдэгшүүлсэн байршилтай давхцаагүй, хөрш газрын хилийн шугамыг давж ороогүй, өөрийн эзэмшилд барьсан болох нь тогтоогдсон...” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч А.Оюун нь өөрийн эзэмшиж буй газрын хил хязгаар дотор байшингаа барьсан хэдий ч ийнхүү газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль ёсны эрхийг зөрчихгүй, нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт хуульчилж өгсөн байна.

Мөн хариуцагчийн газар эзэмших эрх нь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг зөрчихгүй байх талаар Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолд тусгагдсан байна.

Хариуцагч, нэхэмжлэгчийн байшингийн цонхыг хааж барилга барьж буй үйлдэл иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг ноцтой хохироож болох барилга байгууламжинд хамаарч байгаа болохыг Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолын 16 дахь хэсэгт “...ноцтой хохироож болох барилга байгууламж” гэж хөрш залгаа газрыг эзэмшигч нөгөө этгээдийн хил хязгаарыг зөрчөөгүй буюу Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өгөгдлүүд болох талбайн хэмжээ, хилийн шугам, түүний геодезийн байнгын цэг, тэмдэглэлтийг тэмдэгшүүлсэн байршилтай давхцаагүй, хөрш залгаа этгээдийн хилийн шугамыг агаарын эсхүл газрын хэвлийн хэсгээр давж ороогүй, өөрийн эзэмшлийн газарт барьж байгаа боловч уг барилга, байгууламжаас бий болох нөлөөлөл нь хөрш залгаа газрын эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн ажиллах, аж төрөхөд саад учруулах нь илэрхий болсон үл хөдлөх эд хөрөнгийг хэлнэ...” гэж тогтоож өгсөн байхад шүүхийн шийдвэрт тухайн маргаантай холбоогүй хэсгийг үндэслэл болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Нийтээр дагаж мөрдөж буй Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 6-р сарын 30-ны өдрийн 130 дугаартай “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД-30-01-04 дугаарын дүрмийн заалтын 2.11 дэх хэсэгт заасан “...Орон сууц хооронд, орон сууц олон нийтийн барилга байгууламж хооронд, болон орон сууц, үйлдвэрийн барилга байгууламж хоорондын зай хэмжээг нормчилно.2-3 давхар барилгын тууш болон хөндлөн байрлалтай 2 барилгын хувьд 10 м-аас багагүй байх ёстой...” гэж барилга хоорондын зай хэмжээг норм ба дүрмээр тогтоож өгсөн байхад маргааны гол үндэслэл болсон дүрмийн заалтыг орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1-р сарын 10-ны өдрийн 151/ШШ2017/00041 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл  муутай, хэргийн зохигчийн эрхийг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаарх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхжавхлан түүний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой нөлөөлж, амины орон сууцтай нь тулгаж барьж хэвийн амьдрахад нь саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг зогсоож, барилгыг буулгах шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг  “...хаасан цонхоо чөлөөлүүлж, нар салхи үзэх шаардлагатай...”  хэмээн тодорхойлжээ.

Хариуцагч А.Оюун нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн барилгын цонхыг хааж барилга барьж буйгаа хүлээн зөвшөөрсөн боловч өөрийгөө буруугүй, зохих байгууллагаас нь оноож өгсөн цэгээс өөр газарт барилгаа бариагүй тул хариуцлагыг хүлээхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчжээ. Тухайлбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд хариуцагч А.Оюуны барьж буй барилга нь барилгын норм, стандарт болон Барилгын тухай хуульд заасан шаардлага, хэм хэмжээнд нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг шүүх 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02370 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилжээ.

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаартай албан бичигт “Хувийн болон амины орон сууцны барилга угсралт, засварын ажил, дуу чимээ, хийц, хэсэглэл өөрчилж буулгах, шинээр болон өргөтгөл барих, илэрсэн эвдрэл, гэмтэл, зөрчилд дүгнэлт гаргуулах” тухай шалгалт хийх нь мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй ...тул шинжээч томилон ажиллуулах боломжгүй тухай хариу ирүүлсэн байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийн биелэлт хангагдаагүй, хэргийн зохигч уг хүсэлтээсээ татгалзаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааны журмыг зөрчсөн, тусгай мэдлэг шаардлагатай асуудлаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу ажиллагаа хийхгүйгээр хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг  зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий барилгад үзлэг хийлгэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03117 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ үзлэг хийхийг шүүгчийн туслахад даалгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг...ажиллагааг хийх...”, Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг ойлгох тухай заалтуудыг тус тус зөрчжээ.

Хариуцагчийн барилга барьж буй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн ямар байдлаар зөрчигдсөн гэж үзэж шүүхээр сэргээн тогтоолгохоор шаардаж буй үндэслэл тодорхой бус байх бөгөөд шүүх нэхэмжлэлд бичигдсэн ...хаасан цонхоо чөлөөлүүлж, нар салхи үзэх шаардлагатай... гэснээр шүүх зөвхөн нэхэмжлэгчийн орон сууцны нарны тусгалтай  холбоотой үйл баримтад үнэлэлт өгч, Иргэний хуулийн хөршийн эрхтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэж, тухайн маргаантай харилцааны эрх зүйн төрлийг зөв тодорхойлоогүйгээс хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон түүний агуулгын үндэслэлийг зөв тогтоосноор тухайн маргаантай харилцаанд хэрэлэвэл зохих хуулийг зөв сонгон хэрэглэх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулж буй холбогдох хуулийн зохицуулалт, түүнд туссан шаардах эрхийн урьдчилсан нөхцлүүд хангагдсан эсэхэд эрх зүйн үнэлэлт өгөх, нотлох баримттай субсумци хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээр дурдсан алдаа зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д  зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2017/00041 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхжавхлангийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ТӨМӨРБААТАР

             ШҮҮГЧИД                                              Ш.ОЮУНХАНД

 Ц.ӨРНӨНДЭЛГЭР