Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2020/0221/З |
Дугаар | 221/МА2021/0474 |
Огноо | 2021-09-07 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0474
Д.Ц-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 445 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 445 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий /2009/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3-д заасныг баримтлан иргэн Д.Ц-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Т м” ХХК-ийн “гишүүдийн тоо 2”, “гүйцэтгэх захирлаар Б.Мийн томилсон” тухай, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх “Т м” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчиж, хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн “Хувьцааг бэлэглэх гэрээгээр шилжүүлэх” тухай заалт нь хэрэгт чухал ач холбогдолтой байхад анхан шатны шүүх уг шийдвэрт дурдаагүй. Иргэний хуульд байхгүй “хувьцааг шилжүүлэх” гэсэн ерөнхий ойлголтоор тайлбарлаж, “бэлэглэлийн гэрээ”-г нэрлэхээс илэрхий зайлсхийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн.
Мөн Д.Ц нь “Талст молор” ХХК-ийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх итгэмжлэлийг Ц.Бадамханд гэдэг хүнд огт олгоогүй бөгөөд хэрэгт авагдсан итгэмжлэл дээрх гарын үсэг нь Д.Цийн биш хуурамч болох нь шүүхийн томилсон шинжээчийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон байхад анхан шатны шүүх “Д.Цээс олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Бадамханд өргөдөл гаргасан” гэсэн үндэслэлгүй худал дүгнэлтийг хийжээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл дээрх Д.Цийн гарын үсэг нь шүүхийн томилсон шинжээчийн дүгнэлтээр мөн л хуурамч гэдэг нь тогтоогдсон. Дээрх байдлаар уг өргөдлийг эрх бүхий этгээд Д.Ц гаргаагүй нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д нийцсэн гэж үзэх ямар ч боломжгүй.
Улмаар хуурамч гарын үсэг бүхий “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээг бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4-д заасныг илэрхий зөрчсөн.
Компанийн шинэчилсэн дүрмийг баталсан гэх хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэлийн аль, аль нь байхгүй, шинэчилсэн дүрэм дээрх хувьцаа эзэмшигчдийн болон итгэмжлэл, өргөдөл, гэрээ дээрх гарын үсгүүд бүгд хуурамч болох нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.
Хуурамч гарын үсгийг “бүртгэх үед мэдэх боломжгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад үндэслээгүй, захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй үйлдлийг илт хаацайлсан худал, хуурмаг, хууль зөрчсөн үйлдлийг өөхшүүлсэн шинжтэй, шударга бус дүгнэлт болжээ.
Анхан шатны шүүх бүртгэлийн байгууллагад гаргасан баримт бичгүүд дээрх гарын үсэг нь тухайн эрх бүхий этгээдийнх мөн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэн удаа дараа захирамж гарган шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан атлаа түүнийг үнэлэхээс татгалзаж, улмаар хуурамч гарын үсэг бүхий баримтаар бүртгэл хийгдсэн нь тодорхой байхад “хуурамчаар бүрдүүлснийг тухайн үед тогтоогдоогүй байсан” хэмээн эргэлзээтэй дүгнэлт хийжээ.
Д.Ц өөрийнх нь гарын үсгийг дуурайлган зурсан хуурамч баримт бичгийг үндэслэн бүртгэл хийгдсэнийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн удаа дараагийн томилсон шинжээчийн дүгнэлтүүдээр уг үндэслэл тогтоогдсон байхад нэхэмжлэгчийг шүүхэд дахин хандах эрхтэй гэсэн ойлгомжгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 3-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж гаргаад нэхэмжлэгчид гардуулсан атлаа хожим засварласан, тэмдэглэл алдаатай, дутуу зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 130 дугаар зүйлийн 130.1-д заасантай нийцээгүй байна.
Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас анхан шатны шүүх хуралдааны өмнө шинээр гаргасан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч талд танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Ц-ээс ““Т м” ХХК-ийн “гишүүдийн тоо 2”, “гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон тухай”, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх “Талст молор” ХХК-ийн дүрэм /хувьцаа эзэмшигчээр Б.М анх бүртгэгдсэн/-ийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, компанийн шинэчилсэн дүрэм дээр, Ц.Бадамхандад олгосон итгэмжлэл дээрх гарын үсгийг би зураагүй, миний гарын үсгээс илт зөрүүтэй байхад нягталж шалгахгүйгээр бүртгэсэн ...” хэмээн тайлбарлан маргасан байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах” үүргээ бүрэн хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж, удаа дараа шинжээч томилсон атлаа уг шинжээчийн дүгнэлтүүдийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ огт тусгаагүй нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3681 дүгээр шинжээчийн дүгнэлтээр 1/ “...итгэмжлэл дээрх Д.Цийн гарын үсэг чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй”, 2/ “... “компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ” дээрх Б.М-ийн гарын үсэг харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй”, 3/ “... “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл” дээр зурагдсан Д.Ц-ийн гарын үсэг чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй”,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 614 дүгээр шинжээчийн дүгнэлтээр 1/ “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Талст молор” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм” дэх Д.Ц, Б.М-ийн гарын үсэг харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй” болох нь тус тус тогтоогдсон байх боловч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” дээрх Д.Ц-ийн гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй үлдсэн байна.
Нэхэмжлэгчээс “...хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэх шийдвэр гаргасан байхад бүртгэлд хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн гэж бүртгэсэн” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” дээрх Д.Цийн гарын үсэг мөн эсэхийг тогтоох нь энэхүү маргааны хувьд ач холбогдолтой байна.
Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг болон нэхэмжлэгчид гардуулсан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь илт зөрүүтэй, үүний улмаас шүүх ямар шийдвэр гаргасан болох, нэхэмжлэлийг хангасан эсхүл хэрэгсэхгүй болгосны аль болох нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн “... шийдвэрээ нэхэмжлэгчид гардуулсан атлаа хожим засварласан, тэмдэглэл, шийдвэр зөрүүтэй” талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгчээс анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... улсын бүртгэлийн байгууллага зөрчилтэй баримтыг нягталж, шалгахгүйгээр хүлээн авч, бүртгэсэн” гэж тодорхойлон маргасан байхад анхан шатны шүүх уг үндэслэлд дүгнэлт хийлгүй “...улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ бүртгүүлсэн баримт бичгийг нэхэмжлэгч хуурамч гэж үзэж байгаа бол эрх бүхий байгууллага болон шүүхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хандаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой” хэмээн нэхэмжлэгчийг дахин шүүхэд хандаж, уг асуудлыг шийдвэрлүүлэх ёстой мэтээр ойлгомжгүй дүгнэлт хийжээ.
Хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт өгч хэргийг нэр мөр шийдвэрлэх учиртай.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН