Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00980

 

Н.М-ын нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар магадлалтай,

Н.М-ын нэхэмжлэлтэй,

Н.И-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэг 4.409.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М-, хариуцагч Н.И-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.И- нь 2013 онд надаас 5.000.000 төгрөг олж өгөхийг гуйсан. Би Хас банкнаас 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 12.000.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 5.000.000 төгрөгийг Н.И-д итгэж зээлдүүлсэн. Зээлийг ажил тарж байхад авсан тул мөнгөө маргааш нь шилжүүлье гэхэд Н.И- өөрийн найз Ундаръяагаа явуулаад авахуулсан. Би зээлийн гэрээний баримт дээр Ундаръяагаар 5.000.000 төгрөг хүлээн авсан гэдгийг бичүүлж авсан. Үүнээс хойш Н.И-  3.000.000 төгрөгийг буцаан өгч үлдсэн 2.000.000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. Би банкнаас зээлсэн 12.000.000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. 1 сарын зээлийн хүү нь 2.2 хувь байсан ба  5.000.000 төгрөгийн зээлийн хүү 2.409.000 төгрөг болж байгаа. Н.И- мөнгийг  аваагүй, гарын үсэг зурсан н.Ундаръяагаас ав гэдэг. Би Н.И-д мөнгө зээлдүүлсэн тул  түүнээс зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 2.409.000 төгрөг, нийт 4.409.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.И- шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ундаръяа бид нар гэр бүлийн найзууд байсан. Тэрээр нөхрийнхөө дүүтэй нийлж бизнес хийж, Зам-Үүдээс барилгын материал татаж байгаа, мөнгөний шаардлага байна, хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу олж өгөөч гэж гуйсан. Би уг саналыг Мөнхзулд хэлж, хүүтэй мөнгө зээлэх талаар асуухад тэрээр хүлээн зөвшөөрсөн. Мөнхзул зээлэх мөнгө бэлэн болсон гэж ярихаар нь би мөнгө зээлэх хүн чам дээр яваад очно гээд Ундаръяад Мөнхзулын утасны дугаарыг өгч Ундаръяа, Мөнхзул нар өөрсдөө уулзаад мөнгөө өгч авалцсан. Мөнгийг буцаан өгөх хугацаа болж Ундаръяа руу залгахад утсаа авахгүй, уулзахгүй байсан учир аргагүйн эрхэнд гэрт нь очиж Ундаръяагийн нөхөр Л.Одонтүвшин болон ээжтэй нь уулзахад түүнийг гэр бүлийнхэндээ мэдэгдэлгүй олон хүнээс хүүтэй мөнгө зээлж, их хэмжээний өрөнд орсон гэхэд би түүнд хууртсан гэдгээ мэдсэн. Би Мөнхзултай уулзаж энэ талаар хэлж, Ундаръяагийн нөхөр Одонтүвшин эхний сар хүү болох 500.000 төгрөг өгснийг Мөнхзулд өгсөн. Мөн 3.000.000 төгрөгийг миний данс руу хийснийг тухай бүрт нь Н.М-ын данс руу шилжүүлж байсан. Миний хувьд адилхан л хууртаж хохирсон хүн. Би хэн нэгнийг хууран мэхэлж, эд зүйлийг нь авч ашиглан, хохироож байгаагүй, уг мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр сарын 281.1-д зааснаар хариуцагч Н.И-аас 4.409.000 /дөрвөн сая дөрвөн зуун есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.494 /наян таван мянга дөрвөн зуун ерөн дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч Н.М-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Н.М-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2-р сарын 7-ны өдрийн 05 дугаартай магадлалыг үндэслэлгүй үзэж гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Идэрбал нь мөнгө зээлүүлээч гээд өөрийнхөө дансыг мессэжээр миний утас руу явуулсныг нэхэмжлэгч би шүүхэд нотлох баримт болгон өгсөн. Гэтэл шүүх нотлох баримт гэж үзэхгүй байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэхгүй байгаа явдал гаж би үзэж байна. Идэрбал нь тэр өдөр 14 цагийн орчим та миний энэ дансанд мөнгөө хийчхээрэй гэж хэлээд дансныхаа дугаарыг миний утас руу мессэжээр явуулсан юм. Идэрбал хэрвээ надаас мөнгө зээлээгүй юм бол тэр өөрийнхөө дансыг над руу явуулах огт шаардлага байхгүй. Мөн Идэрбал НЬ зээлсэн мөнгөнөөсөө 3.000.000 төгрөгийг буцааж надад өгсөн. Хэрвээ тэр Ундаръяа гэдэг хүн зээлсэн бол Идэрбал над руу мөнгө шилжүүлэх ямар ч шаардлагагүй. Эдгээр тодорхой нотлох баримтуудыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд Идэрбал нь надаас мөнгө зээлээгүй гэж худлаа яриад л байгаа болохоос биш зээлээгүй гэдгээ батлах ямар ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Одоо тэр Ундаръяа гэдэг хүн хаана байдаг тухай ч би мэдэхгүй. Иймд миний гомдлыг хүлээн авч Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1-р сарын 3-ны өдрийн 4 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны 2018 оны 2-р сарын 7-ны өдрийн 05 дугаартай магадлалыг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх Н.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэхэмжлэгч Н.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Н.И- нь Алтанбулагийн хилийн боомтод ээлжийн ахлагч хийдэг байхдаа 2013 онд 5.000.000 төгрөг олж өгөхийг хүссэн, би Хас банкнаас 12.000.000 төгрөг зээлээд үүнээс 5.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, ...зээл авсны маргааш мөнгийг шилжүүлье гэхэд тэрээр найз Ундарьяагаа явуулаад мөнгийг бэлнээр авсан, 3.000.000 төгрөг  төлсөн...” гээд зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөг,  алданги 2.409.000 төгрөг нийт 4.409.000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Б.Ундарьяа бид нар гэр бүлийн найзууд бөгөөд тэрээр мөнгө зээлэх хүн олж өгөөч гэж гуйхаар   Н.М-д хэлэхэд зөвшөөрсөн тул утсыг нь өгсөн, тэд өөрсдөө уулзаад мөнгөө өгч авалцсан, Ундарьяагийн нөхөр Одонтүвшин надад 3.000.000 төгрөг шилжүүлснийг Н.М-д тухайн үед нь өгсөн...” гэсэн тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болох ба хүсэл зоригийн илэрхийллийг  нөгөө тал  хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зохицуулжээ.

Зохигчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараас үзвэл хариуцагчийн  5.000.0000 төгрөг зээлэх хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, уг мөнгийг Хас банкнаас зээлсэн 12.000.000 төгрөгөөс өгчээ.   

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийхээр  заасан ба зээлийн гэрээг заавал бичгээр хийхээр хуульд тусгайлан заагаагүй болно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хэлцэл хийсэн гэж үзэх ба зохигч талууд 5.000.000 төгрөг зээлэх, зээлдүүлэх талаар харилцан тохирсон тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх талаар  Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-т заасан, “...Н.И-ын хүсэлтээр  мөнгийг Б.Ундарьяад өгсөн“ гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй ба нэхэмжлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Н.И- нь нэхэмжлэгчид 3.000.000 төгрөг төлсөн, харин 2.000.000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлээс энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан, талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Н.И-аас 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.М-д олгож, нэхэмжлэлээс 2.409.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2 дах заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч  Н.И-аас улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 85.494 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ