Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 296

 

Х.Үүрцайхад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж,

иргэний хариуцагч А.Баярбат, түүний өмгөөлөгч Ц.Хувцагаан,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 624 дүгээр магадлалтай, Х.Үүрцайхад холбогдох эрүүгийн 2015250000002 дугаартай хэргийг шүүгдэгч Х.Үүрцайх, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, иргэний хариуцагч А.Баярбат, түүний өмгөөлөгч Ц.Хувцагаан нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 2 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Хадбаатарын Үүрцайх нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Үүрцайхыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 565 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Үүрцайхаас нийт 14.880.980 төгрөг гаргуулж, нэр бүхий 12 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож, хохирогч З.Энхцэцэг, Ш.Пүрэвдорж нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Баярбатаас нийт 15.400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Галрагчаад олгох”-оор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хариуцагч А.Баярбат нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Үүрцайх, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, иргэний хариуцагч А.Баярбат, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хувцагаан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Үүрцайх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан. Эд зүйлийг үнэлэхэд эрх зүйн акт гардаг бөгөөд энэхүү акт нь Хууль зүйн яамны сайдын тушаалаар хүчин төгөлдөр болдог гэх заалт байдаг. Гэтэл зарим эд зүйлийг үнэлэхдээ хууль бус эрх зүйн актыг үндэслэн үнэлгээ хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Х.Үүрцайх миний хувьд хуулийг доод албан тушаалтнууд дагаж мөрдөлгүй намайг хохироож эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад туйлын гомдолтой байна. Шүүгдэгч миний мэдүүлгийг хүлээж авалгүй дан хохирогчийн мэдүүлгээр хэт яллах талыг барьж ялласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Хохирогч Энхболдын зургийн аппарат, Ай-пад-ыг 1.000.000 төгрөгөөр хэт өндөр үнэлсэн. Мөн хохирогч Галрагчаагийн хөөргийг анх 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19.500.000 төгрөгөөр үнэлсэн ч 2016 оны 6 дугаар сарын 13-нд 22.000.000 төгрөгөөр үнэлсэн нь хууль бус гэж миний бие үзэж байна. Миний бие анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учир хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хүчин төгөлдөр бус эрх зүйн актыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байсан. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна” гэв.

Иргэний хариуцагч А.Баярбатын өмгөөлөгч Ц.Хувцагаан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хэт нэг талыг баримталж явагдсан. Хөөрөгний үнэлгээний талаар шүүгдэгчийн өмгөөлөгч маргаж байгаа бөгөөд миний үйлчлүүлэгч хөөрөг аваагүй учраас ямар нэгэн маргаан үүсгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан хөөрөгний зургийг хэдэн онд авсан гэдгийг нотолсон ямар ч баримт байдаггүй. Хөөрөгний толгой хагархай, мөн шүр биш байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Гэтэл ямар баримтыг үндэслэж хөөргийг 20 гаруй сая төгрөгөөр үнэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгчийг буруутгах үндэслэл болсон баримт нь эргэлзээтэй байтал анхан шатны шүүх уг баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд иргэний хариуцагч А.Баярбатад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг “... анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Үүрцайхад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Мөн иргэний хариуцагчид холбогдох үйлдлийг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянахад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Х.Үүрцайх нь хулгайн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, ялтайд тооцогдох үедээ буюу 2014 оны 11 дүгээр сарын 6-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд 14 удаагийн давтан үйлдлээр бусдын зуслангийн сууц руу хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж 40.665.980 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байна.

Шүүгдэгч Х.Үүрцайх нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үйлдсэн 1 жил 3 сар 2 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэл тогтоогдсон боловч шүүх Өршөөлийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д зааснаар хорих газраас тэнсэн суллагдсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болсонд тооцсон нь үндэслэлтэй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болжээ.

Шүүх хохирогч Б.Галрагчаагийн үе дамжиж ирсэн дунд гарын гартааман судалтай халтар манан хөөрөгний үнийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр тогтоож гэмт хэргийн хохиролд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Өөрийн хөөрөгний шинж байдлыг тодорхойлж “хуучны шүрэн толгойтой байсан” гэж мэдүүлсэн хохирогч Б.Галрагчаагийн мэдүүлэг нь уг хөөрөгний талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдсан тул шүүх иргэний хариуцагч А.Баярбатын “... хөөрөгний толгойг зарсан хүн буцаагаад авсан байх”, “... эхнэр хог руу хаясан байх, яаснаа сайн санахгүй байна” гэж эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй явдлыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэн А.Баярбат нь хохирогч Б.Галрагчаагийн хулгайд алдсан хөөргийг шүүгдэгч Х.Үүрцайхаас 200.000 төгрөгөөр худалдаж авсан нь мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаагч шүүгдэгчийн мэдүүлгийн дагуу үнэт эдлэлийн дархан А.Баярбатыг олж тогтоон хөөрөгний их биеийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул А.Баярбатыг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж иргэний хариуцагчаар татсан нь зөв болно.

Үүнээс гадна “... Баярбатын үзүүлсэн хөөрөгний толгой нь шүр биш уулын марз байсан” гэж мэдүүлсэн гэрч П.Бямбаа нь шүүхийн хэлэлцүүлэгт “... миний үзсэн толгой намхан толгой байсан, 2 сантиметр орчим өндөртэй байгаагүй” гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд “... Үүрцайхын Баярбатад өгсөн гэх хөөрөгний толгой нь Галрагчаагийн хөөрөгний толгой гэдгийг ямар нотлох баримтаар нотлоод байгаа нь ойлгомжгүй. ... хөөрөгний толгойг Үүрцайхаас авсан нь лавтай нотлогдоогүй байхад сэжиг таамгаар, тэр дундаа Үүрцайхын үгийг туйлын үнэн мэт үнэлж, жирийн иргэнээр хохирол төлүүлэх нь илт хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бодитой хохирол шаардах материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд мөрдөн байцаалтаар хохирлын шинж чанар, хэр хэмжээг заавал нотолж тогтоосон байх ёстой.

Дүүргийн үнэ тогтоох комисс хохирогч Б.Галрагчаагийн хөөргийг үнэлэх боломжгүй тухайгаа мэдэгдсэн учир хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоох зорилгоор мэргэшсэн үнэлгээний байгууллагаар хөөргийг үнэлүүлж дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул “зарим эд зүйлийг хэт өндөр үнэлсэн” гэх шүүгдэгч Х.Үүрцайхын гомдол үндэслэлгүй байна.

Үүнээс гадна хөөрөгний үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь захиргааны актын үндсэн шинж болох захирамжилсан, заавал биелүүлэх шинжийг агуулаагүй тул “... үнэлгээний үндэслэл болсон Сангийн сайдын тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус эрх зүйн баримт бичиг учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин дүгнэлт гаргуулж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 624 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, иргэний хариуцагч А.Баярбат, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Х.Үүрцайх, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                            ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

                            ШҮҮГЧ                                                                     Б.ЦОГТ