Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0477

 

         

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-О гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.4, 48.5, 48.7, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан Нийслэлийн нутаг дэвсгэр дэх бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссоос “П-О” ХХК-ийн захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын нэгдсэн зоорийн дулаан зогсоол бүхий орон сууц, үйлчилгээний барилга, байгууламжийг ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэж дахин шинэ акт гарах хүртэл Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Шийдвэрийн үндэслэх хэсэгт комиссын дүгнэлт гаргах үндэслэлийн талаар дурдсан атлаа дээрх үндэслэл хуулийн шаардлага зөрчсөн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.

Шүүх уг комиссын дүгнэлт хуулийн шаардлага хангасан эсэхэд дүгнэлт өгөх бүрэн боломжтой байхад энэ талаар үндэслэх хэсэгт огт дурдаагүй нь шүүх хэргийг тал бүрээс нь судалж дүгнэлт хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Орон сууцны 4 тусдаа барилгын бэлэн болсон 2 барилгыг хүлээн авах нь орон сууц захиалагч нарын эрх ашигт бүрнээ нийцэх асуудал. Орон сууцны барилгын хувьд технологийн хувьд нэгдмэл байх эсэх асуудлаар заавал тусгайлан дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй байхад шүүх хэн нэгний эрх ашигт нийцүүлэн өөрийн санаачилгаар шалтгаан гаргаж байгаа мэт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг үндэслэн захиргааны актыг түдгэлзүүлснийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэсэн үндэслэлээ бүрэн тодорхойлоогүй. Комиссын хуралдааны тэмдэглэлээс олон зүйлийг тодруулж болох байсан, гишүүдийн нэр, хаяг тодорхой байгаа тул тэдгээрийг шүүхэд дуудан ирүүлж асууж тодруулах ч боломжтой, дутуу баримтуудыг архивын сан хөмрөгөөс шүүхийн журмаар гаргуулан авах боломж байсан гэж үзэж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хийх боломжтой арга ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас анх нэхэмжлэлийн шаардлагаа “2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай улсын комиссын актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар улсын комиссын актыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж, дахин шинэ акт гарах хүртэл Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019/310 дугаар дүгнэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасанд нийцээгүй байна.

Учир нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох ёстой. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн, нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор заасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын онцлог нь тухайн актыг хүчингүй болгосноор ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй, учир нь нэгэнт тухайн акт хүчингүй болсон эсхүл бусад байдлаар хэрэгжээд дууссан байдагт оршдог.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж буй энэ тохиолдолд шүүхээс хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргах хууль зүйн хувьд боломжгүй, нэгэнт нэхэмжлэгчээс хүчингүй болгохыг хүссэн актаа хэрэгжээд дууссан, үр дагаваргүй болсон гэж үзэж “хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад тухайн маргаан бүхий актыг түдгэлзүүлэх нь ач холбогдолгүй бөгөөд бодит байдалд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй юм.

Иймд “маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын хувьд юун түрүүнд уг актыг цуцалсан, хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай.

Үүний хүрээнд анхан шатны шүүх Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019/310 дугаар дүгнэлт нь бодит байдалд хэрэгжсэн эсэх, комисс хүлээж авснаар бусад этгээдүүдийн өмчлөлд тухайн барилга бүхэлдээ эсхүл холбогдох хэсэг шилжсэн эсэх, тухайн барилга ашиглалт оруулах комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох ямар ашиг, сонирхол нэхэмжлэгчид байгааг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “...нэхэмжлэгч компани хийсэн ажлаа тайлагнах, гүйцэтгэлийн баталгаа гаргах, гэрээний төлбөрөө авахад хүндрэл учирч, улмаар бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна” гэх үндэслэл нь шүүхийн шийдвэрээр хамгаалагдах ашиг сонирхол мөн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх ямар баримтад үндэслэн “...маргаан бүхий улсын комиссын дүгнэлтэд дээрх барилга байгууламж цогцолбор барилга болох талаар болон технологийн хувьд нэгдмэл бус талаар дурдаагүй байх бөгөөд улсын комисс хүлээн аваагүй байгаа 2 ширхэг орон сууцны барилгыг улсын комисс хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн ... бүхэлд нь ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, хэрэв уг комиссын дүгнэлтээр хүлээн авсан барилгыг цогцолбор барилга гэж үзэж буй тохиолдолд уг объектыг бүхэлд нь нэхэмжлэгч “Б” ХХК барьсан эсэх, аль хэсэгт нь ямар оролцоотой талаарх баримтыг цуглуулах нь ач холбогдолтой байж болохоор байна.

Түүнчлэн Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь Барилгын тухай хуульд зааснаар тухайн барилга холбогдох хууль, журам, стандартад нийцэж баригдсан эсэх, зориулалтын дагуу ашиглаж болох эсэхийг л шалгаж дүгнэлт гаргахаар байх бөгөөд тухайн дүгнэлт хүчингүй болсон эсхүл хууль бус байсан болох нь тогтоогдсоноор нэхэмжлэгчийн ямар эрх, хэрхэн, яаж сэргэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Иймд дээрх нөхцөл байдлууд тодорхойгүй, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН