Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00472

 

        Г.Г-ын нэхэмжлэлтэй

         иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02173 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2417 дугаар магадлалтай,

Г.Г-ын нэхэмжлэлтэй,

“Н” ХХК, Ж.З нарт холбогдох,

“Н” ХХК болон Ж.З нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Ж.Золбаярын эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах  тухай үндсэн,

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ж.Золбаярын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч Ж.Золбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Г.Г-, М.Цэндсүрэн, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.Золбаяр, Ц.Ган-од, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, нарийн бичгийн дарга  Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би СХД-ийн 19-р хороо, 3-48-р байрны 27 тоотод оршин суудаг байсан. 2012 онд Н ХХК нь тус байрыг буулгаж, 16 давхар 240 айлын орон сууц барихаар болж оршин суугчидтай гэрээ байгуулсан. Г.Г- нь 38 кв.м талбайтай нэг өрөө орон сууцаа 2 өрөө болгон томсгож авахаар тохиролцсон. Ингээд орон сууцны зөрүү төлбөрт нь 15.050.000 төгрөгийг төлж, А блокны 11 давхрын 148 тоотын 2 өрөө 53,5 кв.м орон сууцыг авахаар  2012 оны 4-р сарын 13-нд Н ХХК-тай гэрээ байгуулж,  төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулсан. Компанийн зүгээс төлбөрөө бүрэн төлсний дараа буюу нийт төлбөрийн 90 хувийг төлсөн тохиолдолд түлхүүрийг хүлээлгэн өгнө гэсэн боловч гэрээний үүргээ зөрчин иргэн Ж.Золбаяртай гэрээ байгуулан уг орон сууцанд оруулсан байна. Би өөрийн амьдарч байсан орон сууцаа нураалгаснаас хойш өнөөдрийг хүртэл орон гэргүй явж байна.  Иймд Ж.Золбаярыг уг орон сууцнаас албадан гаргаж Г.Г-ыг гэрээний дагуу СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 240 айлын орон сууцны А блок,11 давхрын 148 тоот 53,05 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: “Н” ХХК, иргэн Ж.З нарын хооронд 2014 оны 12-р сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,90 а байрны 148 тоотод байрлах 53,05 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулж өгөхийг Н ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул гэрээг цуцалсанд тооцож, иргэн Ж.Золбаяртай гэрээ байгуулж батламж өгсөн. Н ХХК нь эхний гэрээ нь хүчингүй, дараачийн гэрээ нь хүчинтэй гэсэн байр суурьтай байгаа. Г.Г-ад тухайн үед н.Сарнай хажуугийн баригдаж байгаа блокт  байр өгье гэсэн аман тохиролцоо хийсэн байдаг. Тэрнээс хойш барилгын ажил зогсонги байдалд орсон. Компанийн удирдлагуудад  эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаад явсан. Тэдэн тоотод ийм байр өгнө гэсэн гэрээ байхгүй учир гацаанд орсон байгаа. Одоо барилгыг өөр компани үргэлжлүүлэхээр яригдаж байгаа. Түүний дараагаар хохирлыг барагдуулж болох байх гэжээ.

Хариуцагч Ж.З шүүхэд гаргасан тайлбартаа: Н ХХК-тай 2014 оны 12-р сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээгээр СХД-ийн 19-р хороо, Шинэ ирээдүй хорооллын 240 айлын орон сууцны А блок,11 давхрын 148 тоот 53,05 кв.м талбайтай 3 өрөө орон сууцны төлбөрийг 100 хувь бэлнээр төлөн худалдан авсан. 2016 оны 04-р сарын 06-ны өдөр барилгыг ашиглалтад оруулах тухай улсын комиссын акт гарснаар 2016 оны 04-р сарын 23-ны өдөр Н ХХК-ний захирлын байр хүлээлгэн өгөх зөвшөөрлийн дагуу орон сууцаа хүлээн авснаар барилга байгууламж ашиглалтад орж хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон. Иймээс Г.Г- болон Н ХХК-ны хооронд үүсэж байгаа уг маргаанд ямар ч хамаагүй бөгөөд хамаарал бүхий этгээд биш гэжээ.

Хариуцагч Ж.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Н ХХК-тай ямар нэгэн төлбөрийн асуудалгүй бөгөөд уг байрнаас гарах ямар ч боломжгүй тул намайг уг байрны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би Н ХХК-ны эрх бүхий албан тушаалтан биш,  өмчлөх эрх олгодог этгээд биш. Харин  өөрийн гэр орноо Н ХХК-д нураалгасан, орох оронгүй, айлд толгой хорогдож байгаа өндөр насны тэтгэвэрт байдаг иргэн хүн. Иймд сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлд заасан шаардлагад нийцэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ж.Золбаярын гаргасан СХД-ийн 19-р хороо, Шинэ ирээдүй хорооллын 240 айлын орон сууцны 90 А байрны 148 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх шаардлагатай танилцаад түүнийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй болохыг мэдэгдэж байна. Ж.З нь 2014 оны 12-р сарын 24-ны өдөр “Н” ХХК-тай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ хийж гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлж барагдуулсан, одоо уг байрандаа ороод амьдарч байгаа болно гэжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02173 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол,19 дүгээр хороо, 16 давхар 240 айлын орон сууцны 90А байрны 11 давхарт байрлах 148 тоот, 53.05 м2 орон сууцны өмчлөгчөөр Гэндэнжамцын Гэрэлбадрахыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХКомпани, Ж.З нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, талууд буюу Н ХХКомпани, Ж.З нар нь гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1дэх заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол,19 дүгээр хороо, 16 давхар 240 айлын орон сууцны 90 А байрны 11 давхарт байрлах 148 тоот орон сууцнаас Жаргалсайханы Золбаярыг албадан гаргуулж, Нэхэмжлэгч Г.Г-ын 148 тоот 53.05 м2 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулж өгөхийг Н ХХКомпанид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч Ж.Золбаярын Сонгинохайрхан дүүргийн 21дүгээр хороолол,19 дүгээр хороо, 16 давхар 240 айлын орон сууцны 90 А байрны 11 давхарт байрлах 148 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 233.100 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Н ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 303.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ж.Золбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499.725 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2417 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэсний ард “110 дугаар зүйлийн 110.1” гэж нэмж, 2 дахь заалтад “гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, талууд буюу Н ХХК, Ж.З нар нь гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй болохыг дурьдсугай” гэснийг “гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй” гэж өөрчилж, 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 240 айлын орон сууцны 90А байрны 148 тоот орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг Г.Г-ад гаргаж өгөхийг Н ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж, 5 дахь заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж, 6 дахь заалтын “140.200” гэснийг “140.400” гэж, “233.100” гэснийг “449.725” гэж, “303.400, 499.725” гэснийг “295.062” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Золбаяраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823.125 төгрөгөөс 590.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 233.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Ж.Золбаярт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 24-ний өдрийн 2417 дугаар магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гомдол гаргаж байна.

Хариуцагч “Н” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол, 19 дүгээр хороо, 90А байрны 148 тоот 53,05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг иргэн Г.Г-ад болон иргэн Ж.З надад давхар худалдсан. Би ээж, эхнэр болон 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Нэхэмжлэгч нь өөрийн худалдаж авсан орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлөөгүй байж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, намайг хариуцагчаар татсан. Би орон сууц худалдаж авсан төлбөрөө бүрэн төлсөн \100 хувь\ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн, байрыг худалдагч тал мөнгийг бүрэн авснаа хүлээн зөвшөөрсөөр байтал намайг 80%-ийн төлбөрөө төлсөн гэж үзэж, “Н” ХХК-тай байгуулсан 2014 оны “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ -г хүчин төгөлдөр бус тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие “Н” ХХК-тай “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулах үед тухайн орон сууцыг бусдад худалдсан талаар огт хэлээгүй, орон сууцны ҮХЭХ-ийн гэрчилгээ гараагүй байсан тул бусдад худалдсан эсэхийг шалгах боломж огт байгаагүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.” гэж заасны дагуу миний бие өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцогдоно гэж үзэж байна.

Дээрх зөрчлүүдээс болж давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд” үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02173 дугаар Шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 24-ний өдрийн 2417 дугаар Магадлалыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол, 19-р хороо, 90А байрны 148 тоот 53,05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагч Ж.Золбаярын гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Н ХХК болон Ж.З нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Ж.Золбаярын эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх,  өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг “Н” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан ба хариуцагч Ж.З “...орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай сөрөг шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч “Н” ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-48 дугаар байрны оршин суугчидтай орон сууцаар хангах” тухай 27 тоот гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцаа  буулгахыг зөвшөөрч, шинээр баригдах барилгаас хуучин орон сууцны талбайн хэмжээ буюу 38 м.квадратаар, илүү гарсан тохиолдолд талбайн зөрүүг зах зээлийн үнээр тооцож худалдаж авахаар харилцан тохирчээ. Талууд дээрх гэрээнд 2013 оны 3 дугаар сарын 30-ний өдөр нэмэлт оруулж, нэхэмжлэгч нь А блокын 11 дүгээр давхарт 148 тоотын 53.05 м.кв талбай бүхий орон сууцыг сонгож, илүү 15.05 м.кв-ын үнэд 15.050.000 төгрөг төлөхөөр болжээ /хэргийн 3-4, 7 дугаар тал/.

Нэхэмжлэгч 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3.010.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг нийт 14.010.000 төгрөг төлснийг хариуцагч хүлээн авснаа үгүйсгээгүй  байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд  гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгчийг гэрээгээр тохирсон мөнгийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээг цуцалж, Ж.Золбаяртай 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн эсэх, хариуцагч “Н” ХХК гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.            

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Тодруулбал,  гэрээг цуцлахад нөгөө тал гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна нэмэлт хугацаанд үүргийг биелүүлээгүй байх шаардлагатай.   

Гэрээний 5-т “...15.050.000 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 3.010.000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногт төлнө” гэж заасан ба харин үлдэх хэсгийг хэдийд төлөх талаар гэрээнд тодорхой заагаагүй байна.

Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасан, “Н” ХХК нэхэмжлэгчээс төлбөр төлөхийг шаардаж байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэмэлт гэрээнд заасан төлбөрийн 20 хувийг нэхэмжлэгч хугацаа хэтрүүлж төлсөн хэдий ч тухайн үед хариуцагч гэрээнээс татгалзаагүй байна.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч төлөх ёстой төлбөрөөс 1.040.000 төгрөгийг төлөөгүй, энэ тохиолдолд үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-т нийцээгүй тул маргаан бүхий орон сууцыг эзэмшиж буй хариуцагч Ж.Золбаярын  эзэмшил  хууль бус байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь зөв боловч зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.           

Нэхэмжлэгчийн “...өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах” шаардлага нь өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичгийн баримтыг хариуцагчаас гаргуулах агуулгатай байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, уг шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-г зөрчөөгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-г зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2417 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Золбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 590.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ