Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2417

 

МАГАДЛАЛ

2017.11.24                                                      № 2417                                                           Төсөл

 

Г.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02173 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “НА” ХХК,

Хариуцагч Ж.Зт тус тус холбогдох,

 

“НА” ХХК болон Ж.З нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Ж.Зын эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Гын нэр дээр гаргаж өгөхийг  “НА” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ж.Зын сөрөг нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг

 

Хариуцагч Ж.Зын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Цэндсүрэн

Хариуцагч Ж.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ган-Од

Хариуцагч “НА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-48 дугаар байрны 27 тоотод оршин суудаг байсан. 2012 онд “НА” ХХК нь тус байрыг буулгаж, 16 давхар 240 айлын орон сууц барихаар болж оршин суугчидтай гэрээ байгуулсан.

Г.Г нь 38 м.кв талбайтай нэг өрөө орон сууцаа 2 өрөө болгон томсгож авахаар тохиролцсон. Орон сууцны зөрүү төлбөрт нь 15 050 000 төгрөгийг төлж, А блокны 11 давхрын 148 тоотын 2 өрөө 53,5 м.кв орон сууцыг авахаар 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “НА” ХХК-тай гэрээ байгуулж гэрээгээр тохиролцсон төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулсан.

Компанийн зүгээс төлбөрөө бүрэн төлсний дараа буюу нийт төлбөрийн 90 хувийг төлсөн тохиолдолд түлхүүрийг хүлээлгэн өгнө гэсэн боловч гэрээний үүргээ зөрчин иргэн Ж.Зтай гэрээ байгуулан уг орон сууцанд оруулсан байна.

Шалтгааныг нь тодруулахаар компанийн байранд удаа дараа очсон боловч тодорхой хариу аваагүй.

“НА” ХХК, иргэн Ж.З нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү. Ж.Зыг уг орон сууцнаас албадан гаргаж Г.Гыг гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 240 айлын орон сууцны А блок, 11 давхрын 148 тоот 53,05 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Гын нэр дээр гаргуулж өгөхийг “НА” ХХК-д даалгаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, Нэхэмжлэгч нь “НА” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш, өмчлөх эрх олгодог этгээд биш юм гэжээ.

 

Хариуцагч Ж.З шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НА” ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Шинэ ирээдүй хорооллын 240 айлын орон сууцны А блок, 11 давхрын 148 тоот 53,05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны төлбөрийг 100 хувь бэлнээр төлөн худалдан авсан билээ.

 “НА” ХХК нь Ж.З миний нэр дээр гэрээ байгуулан нийт төлбөрийн 80 хувь болох 46 684 000 төгрөгийг төлсөн даруйд худалдан авагч, орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулан “Батламж” гардуулан өгч барилгыг дуусгавар болоход төлбөрийг 100 хувь барагдуулж төлбөрийн асуудал дуусгавар болсон.

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барилгыг ашиглалтанд оруулах тухай улсын комиссын акт гарснаар 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “НА” ХХК-ийн захирлын байр хүлээлгэн өгөх зөвшөөрлийн дагуу барилгын инженер н.Билгүүнээс орон сууцаа хүлээн авснаар гэрээний 1.3-т заасны дагуу талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, барилга байгууламж ашиглалтанд орж хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон.

Миний бие Г.Г гэх иргэнийг танихгүй бөгөөд “НА” ХХК-иас таних хүн байхгүй, орон сууцны захиалга явагдаж байгаа зарын дагуу очин уг орон сууцны 80 хувийн төлбөрийг төлсөн билээ.

Иймээс Г.Г болон “НА” ХХК-ийн хооронд үүсэж байгаа уг маргаанд ямар ч хамаагүй бөгөөд хамаарал бүхий этгээд биш юм. Би “НА” ХХК-тай ямар нэгэн төлбөрийн асуудалгүй бөгөөд уг байрнаас гарах ямар ч боломжгүй.

Иймээс Ж.З миний биеийг уг байрны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “НА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.З нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “НА” ХХК-тай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ хийж гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлж барагдуулсан, одоо уг байрандаа ороод амьдарч байгаа болно.

Тухайн орон сууцны хувьд өмнө гэрээ хийсэн иргэн нь “НА” ХХК-тай хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр мөнгөө хугацаанд нь төлөөгүй байсан тул өмнөх гэрээг хүчингүй болгож, дараагийн хүнтэй гэрээ байгуулж байсан болно. Иймд Ж.Зыг 148 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул гэрээг цуцалсанд тооцож, иргэн Ж.Зтай гэрээ байгуулж батламж өгсөн.

Г.Гад тухайн үед н.Сарнайтай хажуугийн баригдаж байгаа блокд байр өгье гэсэн аман тохиролцоо хийсэн байдаг. Тэрнээс хойш барилгын ажил зогсонги байдалд орсон.

Компанийн удирдлагуудад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаад явсан. Тэдэн тоот дээр ийм байр өгнө гэсэн гэрээ байхгүй учир гацаанд орсон байгаа. Одоо барилгыг өөр компани үргэлжлүүлэхээр яригдаж байгаа. Түүний дараагаар хохирлыг барагдуулж болох байх. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 19 дүгээр хороо, 16 давхар 240 айлын орон сууцны 90 А байрны 11 давхарт байрлах 148 тоот, 53.05 м.кв орон сууцны өмчлөгчөөр Г.Гыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НА” ХХК, Ж.З нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, талууд буюу “НА” ХХК, Ж.З нар нь гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй болохыг дурьдаж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 19 дүгээр хороо, 16 давхар 240 айлын орон сууцны 90 А байрны 11 давхарт байрлах 148 тоот орон сууцнаас Ж.Зыг албадан гаргуулж,

Нэхэмжлэгч Г.Гын 148 тоот 53.05 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Гын нэр дээр гаргуулж өгөхийг “НА” ХХК-д  даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Ж.Зын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол,19 дүгээр хороо, 16 давхар 240 айлын орон сууцны 90 А байрны 11 давхарт байрлах 148 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 233 100 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч “НА” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 303 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ж.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499 725 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч "Номтын ам" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 19 дүгээр хороо, 90 А байрны 148 тоот орон сууцыг надад болон нэхэмжлэгч Г.Гад худалдсан.

Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө байрны түлхүүрээ авах үед төлөхөөр тохиролцон гэж шүүхэд тайлбарласан боловч түүний "Номтын ам" ХХК-тай байгуулсан гэрээ болон нэмэлт гэрээнд энэ талаар нэг ч өгүүлбэр байхгүй, тус тайлбарыг нь "Номтын ам" ХХК зөвшөөрдөггүй бөгөөд нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад төлөхгүй байгаа гэж шүүхэд мэдүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нотлоогүй.

Шүүх "Номтын ам" ХХК-ийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээг надтай болон нэхэмжлэгчтэй байгуулсан гэж зөв дүгнэсэн боловч нэмэлт гэрээнд үлдэгдэл төлбөрийг хэзээ, хэрхэн төлөх талаар огт дурьдаагүй байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчин (төлбөрөө төлөөгүй байхад) нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, шударгаар худалдаж авсан орон сууцнаас албадан гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчид орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрх үүсээгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

Миний бие хариуцагч "Номтын ам" ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 4 дүгээр бүлэгт заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болохоо хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар нотолж, шүүхэд гаргаж өгсөөр байтал намайг гэрээний үүргийн 80 хувь буюу 46 684 000 төгрөгийг төлсөн гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг үндэслэн "Номтын ам" ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ"-г хүчин төгөлдөр буст тооцсон нь буруу. Түүнчлэн нэхэмжлэгч худалдаж авсан зүйлийнхээ төлбөрийг төлөхгүй байхад хариуцагч тухайн эд хөрөнгийг бусдад зарж болохгүй гэсэн эрх зүйн  зохицуулалт байхгүй.

Хариуцагч “НА” ХХК-ийн удирдлагуудыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 19 дүгээр хороонд барьсан маргаан бүхий орон сууцны болон бусад барилгыг худалдахдаа Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаас үзвэл хариуцагч миний бие маргаан бүхий орон сууцыг буюу худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхтэй гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий орон сууцыг миний бие хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл ээж, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдарч байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгтэй болон хурлын тэмдэглэлтэй намайг танилцуулахгүй гэж байгаа нь хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй, хязгаарлаж байна. Энэ бүгдээс дүгнэхэд шүүгч нь нэхэмжлэгчид давуу байдал хууль бусаар бий болгож, миний эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулж шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч “НА” ХХК, Ж.Зт тус тус холбогдуулан “НА” ХХК болон Ж.З нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Ж.Зын эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Гын нэр дээр гаргаж өгөхийг “НА” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

            Хариуцагч Ж.З нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Г хариуцагч “НА” ХХК-ийн хооронд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-48 дугаар байрны оршин суугчидтай орон сууцаар хангах” тухай 27 тоот гэрээг байгуулсан байна. Уг гэрээний дагуу Г.Г нь  өөрийн өмчлөлийн орон сууцыг буулгуулахыг зөвшөөрч уг буулгуулсан орон сууцны оронд нь шинээр баригдах барилгаас орон сууц авахдаа хэмжээг хуучин орон сууцны нийт талбайн хэмжээгээр буюу 38 м.квадратаар тооцож, илүү гарсан тохиолдолд талбайн зөрүүг зах зээлийн үнээр тооцож худалдаж авахаар тохиролцсон байна.

 

            Уг гэрээний дагуу Г.Г нь шинээр баригдах орон сууцны А блокын 11 давхарын 148 тоот 53,5 м.кв талбай бүхий орон сууцыг авахаар сонгож, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 27/148 тоот хавсралтаар гэрээнд нэмэлт нөхцөл тохирч, талбайн хэмжээг 15,05 м.кв-аар ихэсгэж, уг талбайн үнэд 15 050 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиолцсон. 

 

            Нэхэмжлэгч Г.Г гэрээний /хх 7 дах тал/ 5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор төлөх 3 010 000 төгрөгийг  2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж, хугацаа хэтрүүлсэн боловч хариуцагч тал гэрээний уг зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах талаар эрхийг хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 6 000 000 төгрөгийг тус тус хүлээн авсан байна. Гэрээний үлдэгдэл 1 040 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

            Талуудын хооронд холимог гэрээ байгуулагдсан байна. Гэрээгээр хуучин орон сууцны оронд шинэ орон сууц өгөхөөр тохиролцсон хэсэг нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ, талбайн зөрүүд үнийг төлөх талаарх тохиролцоо нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх боломжтой тул талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

            Хариуцагч “НА” ХХК нь нэхэмжлэгч Г.Гыг гэрээний үүрэг зөрчсөн тул түүнтэй байгуулсан гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан боловч уг татгалзал хуульд заасан журмыг зөрчжээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзахад гэрээний нөгөө тал нь гэрээний үүргээ зөрчсөн байх, түүнд гэрээний зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоосон байх, уг тогтоосон хугацаанд үүргийн зөрчил арилаагүй байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байх ёстой.

 

Хариуцагч “НА” ХХК нь нэхэмжлэгч Г.Гад гэрээний үлдэгдэл төлбөр төлөх талаар нэмэлт хугацаа тогтоогоогүй тул гэрээнээс татгалзах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Түүнээс гадна нэмэлт гэрээний 7 дахь хэсэгт зааснаар заасан хугацаанд дээрх төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд нэмэлт гэрээ цуцлагдсанд тооцно гэж талууд тохиролцсон боловч дээрх төлбөрт мөн гэрээний 5 дахь хэсэгт заасан тохиролцоог ойлговол нэхэмжлэгч нь 15 050 000 төгрөгийн 20 хувьтай тэнцэн 3 010 000 төгрөгийг нэмэлт гэрээ байгуулагдснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлөх, харин 15 050 000 төгрөгөөс үлдэх хэсгийг хэдийд төлөх талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасан хугацаа үйлчилнэ.

 

Нэмэлт гэрээнд заасан төлбөрийн 20 хувийг нэхэмжлэгч хугацаа хэтрүүлж төлсөн боловч хариуцагч “НА” ХХК нь гэрээнээс татгалзаагүй, татгалзаагүй нь нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийг буцааж өгөөгүйгээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн орон сууцны төлбөрөөс өмнөх орон сууц болон нэмж төлсөн 14 010 000 /15 050 000-1 040 000/ төгрөгийн нийт дүнг төлөгдөөгүй 1 040 000 төгрөгтэй харьцуулбал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчил ялимгүй байх тул энэ үндэслэлээр хариуцагч “НА” ХХК нь гэрээнээс татгалзаж болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд хариуцагч “НА” ХХК нь гэрээнд заасан үүрэг болох орон сууцыг нэхэмжлэгч Г.Гын өмчлөлд шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, уг орон сууц нь гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тул нэхэмжлэгч Г.Гыг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Хариуцагч “НА” ХХК нь нэхэмжлэгч Г.Гтай байгуулсан гэрээг дуусгавар болгоогүй атлаа уг гэрээний зүйл болсон орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Ж.Зтай байгуулсан нь буруу болжээ.

Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин байгаа 240 айлын 16 давхар орон сууцны барилга нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “НА” ХХК болон 3 дугаар хорооны оршин суугчдын төлөөлөгч нарын хооронд 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээний үндсэн дээр баригдаж байгаа тул уг барилгын орон сууцнууд нь гэрээний дагуу тус хорооны иргэдэд хуваарилагдсныг, түүнчлэн хэдэн тоот орон сууц хэнд хувиарлагдсан зэргийг мэдсэн буюу мэдэх боломжтой тул Ж.Зын Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч “НА” ХХК болон хариуцагч Ж.З нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээг хууль зөрчиж байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Уг гэрээг сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчин төгөлдөр гэж тооцож буй бөгөөд гэрээ байгуулсан хэн аль нь гэрээгээр авсан зүйлээ харилцан буцаах шаардлага гаргаагүй, талууд өөрсдөө шийдвэрлэх боломжтой тул үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгов.

 

Дээрх үндэслэлээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж буй Ж.Зын эзэмшлийг хууль бус гэж дүгнэх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар түүний эзэмшлээс уг орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч Г.Гад олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Г нь өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй хамт уг орон сууцны гэрчилгээг хариуцагч “НА” ХХК-иас шаардсан шаардлагын агуулгыг анхан шатны шүүх тодруулалгүй хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Уг шаардлагын агуулга нь өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичгийн баримтыг гаргуулах агуулгатай байгаа гэж давж заалдах шатны шүүх тодруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 Хариуцагч Ж.З нь хариуцагч “НА” ХХК болон нэхэмжлэгч Г.Гад холбогдуулж маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч эрх зүйн маргаанд буруу дүгнэлт өгчээ.

 

Сөрөг нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулж гаргахгүйгээс гадна нэхэмжлэгч Г.Г болон хариуцагч Ж.Зын хооронд хууль болон гэрээнд заасан үүрэг үүсэхгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дутуу шийдвэрлэснийг залруулж, хариуцагч Ж.Заас давж заалдах журмаар төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас илүү төлснийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч Ж.Зын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэсний ард “110 дугаар зүйлийн 110.1” гэж нэмж,

2 дахь заалтад “гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, талууд буюу “НА” ХХК, Ж.З нар нь гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй болохыг дурьдсугай” гэснийг “ гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй” гэж өөрчилж,

4 дэх заалтыг “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 240 айлын орон сууцны 90А байрны 148 тоот орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг Г.Гад гаргаж өгөхийг “НА” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж, 

5 дахь заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж,

6 дахь заалтын “140 200” гэснийг “140 400” гэж, “233 100” гэснийг “449 725” гэж, “303 400”, “499 725” гэснийг “295 062” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Заас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823 125 төгрөгөөс 590 125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 233 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Ж.Зт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

 

                        ШҮҮГЧИД                                                Б.НАРМАНДАХ   

 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА