Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

2017 оны 1 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00109

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн А-5-б тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар МЗ 85062318, Анч овогт Баяраагийн  Гантөгсийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь УБТЗ-ын Зүүнхараа Ачааны Вагон Засварын Депо

 

Хариуцагч:Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, Монгол Оросын Хувь Нийлүүлсэн  Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинд 12 000 000  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Гантөгс, түүний өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Гантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Зүүнхараагийн ачааны воган засварын депод сэлгээний туслах машинчаар ажиллаж байгаад зөрчил гаргасан шалтгаанаар Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б2-168 тоот тушаалаар ажлаас халагдсан ба би энэ тушаалыг үндэсгүй гэж үзээд Сум дундын 21 дүгээр шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 301 тоот шийдвэрээр 169 тоот тушаалыг хүчингүй болгож намайг туслах машинчийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн.Би тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээгүй байсан.Гэтэл Депогийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй намайг бүрэн 10 сар ажилд авахгүй чирэгдүүлсэн ба шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусламжтайгаар 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ажилдаа эргэж орсон боловч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Депогийн даргын 449 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр дахин ажлаас халсан.Би одоо 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд 12 000 000 төгрөгийг Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас гаргуулахыг хүсэж байна.Би Монгол Оросын ХНН Төмөр Замын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б-2 57 тоот тушаалыг тухайн үед мэдээгүй, энэ шүүх дээр ирээд мэдсэн, энэ тушаалыг надад гардуулаагүй, Улаанбаатар Төмөр Замын Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депод холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хөдөлмөрийн харилцаа тогтоосон байдлын талаар хэлэхэд Б.Гантөгс болон ажил олгогчийн хооронд 2012 оны 2 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсч, Б.Гантөгс Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депод сэлгээний бригадын тусах машинчаар ажиллах болсон.Хөдөлмөрийн тухай Хуулийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаатан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж Б.Гантөгстэй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэг хувийг түүнд олгоогүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогчид хадгалагдаж байна.Тус гэрээний өөрт ногдох хувийг авах тухай Б.Гантөгсийн шаардлагад ажил олгогчоос татгалзсан хариу өгсөн байна.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тухайд 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн орчим 4 дүгээр зам дээр сэлгээ хийх үед тус замын хаалгыг сэлгээний ТГМ-23Б дугаартай зүтгүүр мөргөж, цөмлөсөн осол гарсан бөгөөд тус осолд Б.Гантөгсийг “гол хоолой холбоогүй байхад сэлгээ хийсний улмаас засварын замын хаалга эвдэж хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.21-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Төмөр Замын Зүүнхараагийн Ачааны Вагоны засварын Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-169 дугаартай тушаал гарсан бөгөөд Б.Гантөгстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажаас халсан тухай Зүүнхараагийн Ачааны Вагоны Засварын Депогийн даргын Б-II-169 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн  43.32-т заасны дагуу ажилтанд ажлаас халагдсан өдөр буюу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгсөн байна.

 

Ажил хүлээлгэн өгсөн буюу ажлаас халагдсан тухайд Б-II-169 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуульд заасан дараах агуулгатай байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 43.13-т заасны дагуу Сэлгээний бригадын туслах машинч Б.Гантөгстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас халахаар тушаах хэсгийн 2-т заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.24-т заасны дагуу тушаалд заасан хугацаанд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож , ажлаас халах үйл явцад буюу тушаалын биелэлтэд хяналт тавихыг тушаах хэсгийн 9-д заасан Хүний нөөцийн менежерт үүрэг болгосон.Тушаалын агуулгаас дүгнэвэл Сэлгээний бригадын туслах машинчийн ажлыг ажилтан хүлээлгэж өгөх, ажил олгогч хүлээн авах хугацааг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоосон гэж үзэхээр бөгөөд тушаалын биелэлтэд Хүний нөөцийн менежер хяналт тавьж 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажил олгогч Сэлгээний бригадын туслах машинчийн ажлыг Б.Гантөгсөөс хүлээн авсанаар талуудын хооронд тогтоосон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.

 

Ажлаас халах тухай шийдвэр гарсан тохиолдолд ажил хүлээлцэхээс бусад хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмаар хүлээсэн ажилтны эрх, үүрэг дуусгавар болдог бөгөөд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноор дараах үр дагавартай. Үүнд:Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэх үүрэг дуусгавар болох, хөдөлмөрлөхтэй холбоотой бусад үүрэг, тухайлбал, ажил хүлээлцэх үүрэг дуусгавар болох, ажил олгогчоос тогтоосон аливаа хэм хэмжээ, шийдвэрийг биелүүлэх үүрэг дуусгавар болно.

 

Ажлаас үндэслэлгүй халсныг тогтоосон тухайд Төмөр Замын Зүүнхараагийн Ачааны Вагоны  Засварын Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-169 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсныг Б.Гантөгс үл хүлээн зөвшөөрч ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, урьд эрхлэж байсан ажилд эргүүлэн тогтоолгох тухай шаардлагатай нэхэмжлэлийг  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон хариуцагчийг чөлөөтэй тодорхойлох эрхийн дагуу тус тушаалыг гаргасан этгээдэд холбогдуулан Сум Дундын 21 дүгээр Шүүхэд гаргасан байна.Б.Гантөгсийн нэхэмжлэлтэй хэргийг Сум Дундын 21 дүгээр Шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, Б-II-169 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Гантөгсийг Замын Зүүнхараагийн Ачааны Вагоны Депогийн сэлгээний бригадын туслах машинистын ажилд эргүүлэн тогтоосон тус шүүхийн 301 дугаартай шийдвэр гарсан байна.Ажил олгогч нь ажлаас  халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-т заасан    “Цалин хөлсийг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах  тухай зохицуулахаас бус ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болохгүй” тул тус зохицуулалтаар ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан нь үндэслэлгүй, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Б.Гантөгсийг ажлаас халсан үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг нотолж чадсангүй, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг  татгалзах үндэслэл болон түүнийг нотох баримтыг ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товийг мэдсэн боловч тус хуулийн 77 зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож тус хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл бүрдсэн.Тус шийдвэрт  гаргасан хариуцагчийн гомдлыг ИХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг үндэслэл хүлээн авахаас татгалзсан Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны 9 дүгээр Шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай захирамж гарсан байна.

 

Б-II-57 дугаартай тушаалын тухайд хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10\86 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах үндэслэлээ “...Б.Гантөгсийг Б-II-169 дугаартай тушаалаар ажлаас халаагүй.Харин 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Замын дарга Б-II-57 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм” гэж нотлох баримтаар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Орос Монголын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын Б-II-57 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гаргаж өгсөн байна.Тус тушаалыг 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн орчим 4 дүгээр зам дээр сэлгээ хийх үед тус замын хаалгыг сэлгээний ТГМ-23Б дугаартай зүтгүүр мөргөж, цөмлөсөн осол гарсантай холбогдуулан гаргасан багаад Б.Гантөгсийг “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34 болон Техник ашиглалтын дүрмийн 2.2-т заасныг зөрчсөн” гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.2, 131.1.3, Төмөр Замын Тээврийн тухай Хуулийн 30.2.2, 30.2.4-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан гэрээг 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын  шийтгэл ногдуулжээ.Б-II-57 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаал дараах үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд тус хуулийн 43.3-т зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халсан өдөр гэж үзэхээр хуульчилжээ.Тус тушаалын тушаах хэсгийн 2-т Б.Гантөгстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах шийтгэл ногдуулсны дагуу түүнтэй 6-р сарын 20-ны өдрийн дотор ажил хүлээлцүүлэхээр хүний нөөцийн менежер болон нягтлан бодогч нарт даалгаж шийдвэрлэсэн тул Б-II-57 дугаартай тушаалыг Б.Гантөгст 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гардуулах байсан ч гардуулаагүй тул тус шийдвэр биелээгүй, түүний үндэслэл хүчин төгөдөр болоогүй.Учир нь шийдвэрийг гардуулаагүй нь ажлаас халагдсан үндэслэлийг ажилтан мэдэх боломжгүйд хүргэснээр түүний маргах эрхийг хязгаарлах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.25-т заасан гомдол гаргах хугацааг тодорхойгүй болгох үр дагавартай.Тиймээс энэ тохиолдолд үндэслэл нь хуульд нийцсэн эсэхээс үл хамаарч шийдвэр гаргалгүйгээр ажлаас халсанд тооцох бөгөөд ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзнэ. Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан  хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно, 15.4.1-т давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж тайбарласан.Гэтэл 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн орчим гарсан ослоос өмнө Б.Гантөгсийн гаргасан зөрчил тогтоогдоогүй.Мөн 33 дугаартай тогтоолын 15.4.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “Ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино.Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тогтоол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласан бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн орчим гарсан осол нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэж заасан ноцтой зөрчлийн  тохиолдол болох нь тогтоогдоогүй. Сахилгын ногдуулах тухай тушаалыг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан боловч сэлгээний бригадын туслах машинч Б.Гантөгстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халахаар тушаах хэсгийн 2-т заасан байна.Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гархаас өмнө буюу шийдвэргүйгээр ажилтан Б.Гантөгст ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн   131.1-т заасан “Ажил олгогч бүюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэргийн сахилгын шийтгэлийн шийдвэр гаргаж ногдуулна” гэснийг зөрчсөн бөгөөд ажил олгогч өөрийн харьцангуй давуу байдал дотоод захирамжилсан баримт бичгийг дурын хугацаанд үлдэх боломжийг ашиглан тус тушаалыг нөхөж гаргасан, огноог нөхөж бичсэнийг илэрхийлж байна.Учир нь осол гаргасан 21 цагийн орчим тухайн өдрийн ажлыг цаг дууссан тул сахилгын шийтгэл ногдуулахаар эрх бүхий этгээд ажил үүргээ гүйцэтгэж, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөртөө багтаж ажилласан, мөн Сэлгээний бригадын туслах машинчийн ажлыг Б.Гантөгсөөс хүлээн авах нь бодитоор боломжгүй. Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-169  дугаартай тушаалын тушаах хэсгийн 2-т заасны дагуу ажилтан Б.Гантөгсөөс 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр сэлгээний бригадын туслах машинчийн ажлыг ажил олгогчид хүлээлгэн өгсөн тул “УБТЗ” ХХН-ийн даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тушаалыг тушаах хэсгийн 2-т заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ажил олгогчид хүлээлгэн өгөх ажил ажилтан Б.Гантөгст үлдээгүй.Тиймээс “УБТЗ” ХНН-ийн даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б-II-57 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг биелүүлэх боломжгүй тул биелүүлээгүй бөгөөд тус тушаал эрх зүйн үр дагаварыг үүсгээгүй тул түүнийг хүчин төгөлдөр үйлчилсэн гэж үзэх үндэслэлгүй.Эрх зүйн үр дагаваргүй тул тус тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй.

 

Хариуцагчийн тайлбар, татгазал үндэслэлгүй тухайд Зүүнхараагийн Ачааны Вагоны Засварын Депогийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, тус хуулийн 40.1.4-т заасны дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй эсэх талаар маргаагүй бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй юм.Харин дээрх эрх олгогдсон эсэхээс үл хамааран тус Депогийн дарга тушаал гаргаж, Б.Гантөгст ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаагаар цуцалж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Улаанбаатар Төмөр Замын Зүүнхараагийн Ачааны Вагоны Засварын Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б-II-169 дугаартай тушаалаар нотлогдох бөгөөд энэхүү тушаалын тушаах хэсгийн 2-т зааснаар сэлгээний бригадын туслах машинч Б.Гантөгстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас халсанаар тус Депогийн даргын шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж, эрх зүйн дараах үр дагавар үүсгэсэн байна.Үүнд Б.Гантөгсийг Зүүнхараагийн Вагон Засварын Депод сэлгээний бригадын туслах машинчийн  ажлаас 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр халсанаас хойш тус Депогийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б-118 дугаартай тушаалаар ажилд эргүүлэн авах хүртэл нийт 10 сарын хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй, Улаанбаатарт Төмөр Замын Зүүнхараагийн Ачааны Вагоны Засварын Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б-II-169 дугаартай тушаал бодитоор оршиж байсан бөгөөд түүний эрх зүйн үйлчлэл, үр дагавар иргэн Б.Гантөгсийн эрхийг зөрчиж, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг түүнийг зохих этгээдэд холбогдуулан гаргасан.Энэ тохиолдолд “УБТЗ” ХНН-ийн даргын 2014 оны 6 дугаар  сарын 17-ны өдрийн Б-II-57 дугаартай тушаалыг ажилтанд гардуулаагүйн улмаас тус тушаалыг мэдээгүй тул Б.Гантөгсийн эрхийг зөрчөөгүй, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэхгүй бөгөөд эрхийг зөрчөөгүй, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд шаардлага гаргах үндэслэлгүй.Депогийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б-118 дугаартай тушаалын тушаах хэсгийн 1-т Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 301 дугаартай шийдвэрийн дагуу Б.Гантөгсийг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн сэлгээний туслах машинчаар эргүүлэн авч ажиллуулсугай гэж зааснаас үзвэл Б-II-169 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн эрхийн акт хүчин төгөлдөр байдлыг олсон бөгөөд түүний хүчин төгөлдөр байдал яг энэ цаг мөчид хэвээр үйлчилж байна.

 

Шаардах эрх, түүнийг хэрэгжүүлэх тухайд- Хөдөлмөрийн тухай хуулийн  69.1-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд Улаанбаатар Төмөр Замын Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депогийн даргын 2014 оны 6 дугааар сарын 10-ны өдөр Б-II-169 дугаартай тушаалыг хүчингүй болгосон Сум Дундын 21 дүгээр Шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 301 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр тул ажилтан Б.Гантөгсийг ажлаас үндэслэлгүй халсан үйл баримтыг ИХШХШТХ-ийн 40.46-т заасны дагуу нь дахин нотлохгүй.Ажлаас үндэслэлгүй халсан нь шүүхийн хүчин төгөлдөр актаар тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрх нэхэмжлэгчид нээгдэх бөгөөд шүүхийн эрхийн 301 дугаартай актын тогтоох хэсэгт ажилгүй байсан хугацааны олговор олгуулах тухай шаардлагыг хангаж эсвэл хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй нь асуудлаар нэхэмжлэгчээс шүүхэд шаардлага гаргаагүйг илэрхийлэх тул ИХШХШТХ-ийн 120.47-т заасны дагуу ажлаас үндэслэлгүй халсны улмаас ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхийг алдаагүй байна.Иймд Б.Гантөгсийг ажлаас үндэслэлгүй халсны улмаас 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл 10 сар ажилгүй байсан хугацааны олговорт нийт 12 000 000 төгрөгийг хариуцагч Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам шүүхэд гаргасан тайлбартаа:Б.Гантөгсийн 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод сэлгээний туслах машинчаар ажиллаж байгаад ажлын зөрчил гаргасан шалтгаанаар Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б2-169 тоот тушаалаар ажлаас халагдсныг үндэслэлгүй гэж үзэж Сум дундын 21 дүгээр шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх 2014 оны 10 дугаар сарын  6-ны өдрийн 301 дугаар шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоолгосон ба тухайн үед ажилгүй байсан хугацааны цалин шаардаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны 10 сарын нэхэмжилсэн байна.УБТЗ-ын Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн дарга Б.Азжаргал нь Б.Гантөгсийг Б2-169 дугаартай тушаалаар ажлаас халаагүй, харин 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Замын даргын Б-2-57 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.Б.Гантөгстэй байгуулсан хөдөмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн үед сэлгээний бригад 4 дүгээр зам дээр сэлгээ хийх үедээ засварын замын 4 дүгээр замын хаалгыг мөргөсөн тухай ослын талаар УБТЗ-ын Вагон Депогийн дарга Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод очиж шуурхай хурал хийж, шийдвэр гаргасан.Монгол Оросын Хувь Нийлүүлсэн  Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын шуурхай хурлаар сахилгын шийтгэл ногдуулах тухай 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн шуурхай хурлаар Техник ашиглалтын дүрмийн 2.2, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй, ажлын гүйцэтгэл чанар хангалтгүй, шуурхай нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаагүй, технологи мөрдөлтөд тавих хяналтыг сулруулсан гэх үндэслэлээр Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн дарга, орлогч дарга, технологи инженер, сумчин нарын цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34, Техник ашиглалтын дүрмийн  2.2-т заасныг зөрчиж сэлгээний бригад 4 дүгээр зам дээр сэлгээ хийх үедээ засварын замын 4 дүгээр замын хаалгыг мөргөж цөмөлсөн зөрчил гаргасан сэлгээний бригадын машинч Б.Батцэнгэл, туслах машинч Б.Гантөгс нартай байгуулсан хөдөмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн үед сэлгээний бригад 4 дүгээр зам дээр сэлгээ хийх үедээ засварын замын 4 дүгээр замын хаалгыг мөргөсөн осол нь Төмөр замын хэмжээнд ноцтой осолд тооцогдоно гэж Төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол, гологдлыг шинжлэн судлах журамд заасан байдаг.Онцгой тооцоот гологдлыг хэзээ ч салбар нэгж шийддэггүй учир Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн даргын гаргасан тушаал үндэслэлгүй бөгөөд Б-II-169 гэсэн тушаал хаанаас гарсныг мэдэхгүй, огт байхгүй тушаалын дугаар бичиж, ажилд эргүүлэн тогтоосон гэх шүүхийн шийдвэр нь энэ асуудалд нотлох баримт болж чадахгүй.Орон нутгийн шүүхүүд 2013 оноос эхлэн УБТЗ ХНН-ийн салбар нэгжийг хариуцагчаар татсан нэг ч хэрэг маргааныг шийдвэрлээгүй бөгөөд Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн  28.1-т “хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ” гэж заасан.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т хариуцагч нь хуулийн этгээд байьал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан байна.Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлд бүртгэгдсэн Зүүнхараа ачааны вагон засварын депо гэсэн хуулийн этгээд бүртгэлгүй байхад Б.Гантөгс Сум дундын 21 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоосон нь шүүх хэргийн харъяалал зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэсэн байна.Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн дарга Б.Амаржаргал 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн сахигын шийтгэл ногдуулах тухай Б2-169 гэсэн тушаал огт байхгүй, огт байхгүй тушаалыг шүүх хүчингүй болгож, Б.Гантөгсийг эргүүлэн ажилд тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.Б.Гантөгс Зүүнхараагийн ачааны вагон засварын депогоос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 449 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан байна, энэ талаар маргаан гаргаагүй байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг.Б.Гантөгстэй холбоотой тушаал шийдвэрийг Замын дарга гаргасан ба хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй тул Б.Гантөгсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Гантөгсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Төмөр замтай холбоогүй байх бөгөөд Монгол Оросын ХНН Улаанбаатар Төмөр Замын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б-2 57 тоот тушаал хүчин төгөлдөр байгаа, энэ  тушаалын талаар Б.Гантөгс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хооронд аль шүүхэд маргаан гаргаагүй, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байна. Мөн Иргэний хуулийн  369 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн хууль нь хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хууль байдаг тул Б.Гантөгсийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.Сэлэнгэ аймгийн Сум дундын 21 дүгээр шүүхийн 301 дугаар шийдвэрт Б.Гантөгсийг ажлаас чөлөөлсөн өөр тушаал байдаг бөгөөд энэ тушаалаар Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депогийн дарга Б.Азжаргал болон бусад хүмүүст арга хэмжээ авсан байдаг.Хөдөмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан ноцтой зөрчил гаргасан байхад түүнийг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депогийн дарга Б.Азжаргал гаргах эрхгүй байдаг бөгөөд Б.Азжаргал өөрөө өөртөө сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй юм.Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн, иргэний хэрэг үүсгэсэн зэрэг ажиллагаа болон хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцээгүй шилжүүлсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан байна.Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б-II-57 тоот тушаал хүчин төгөлдөр байгаа, энэ тушаалыг Б.Гантөгсөд гардуулсан гэдгийг гэрч мэдүүлсэн байгаа.Б.Гантөгс Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4-т заасан үндэсэлээр ажлаас халагдсан байдаг.Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тухайлан заасан байдаг.Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж байгаа бол 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах, цалин хөлс дутуу олгосон гэж үзэж байгаа бол 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг.Гэтэл өнгөрсөн 2014 оны 6 дугаар сарын асуудлаар 2016 онд гаргасан гомдлыг шүүх хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Гантөгс хариуцагч Монгол-Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдуулан ажилгүй байсан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх хугацааны цалинд 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. 

 

Улаанбаатар Төмөр Замын Зүүнхараагийн Ачааны Вагоны Засварын Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б-II-169 дугаартай тушаалаар тухайн депогийн засвар эрхэлсэн орлогч дарга, найруулагч, сумчин, ахлах мастер, техник хэлтсийн дарга-технологич инженер, засварын бригадын дарга, гэмтлийн техникч нарт цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, сэлгээний бригадын туслах машинч Б.Батцэнгэл, Б.Гантөгс нарыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 301 дугаартай шийдвэрээр Зүүнхараагийн Ачааны Вагоны Засварын Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б-II-169 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Гантөгсийг Зүүнхараагийн Ачааны Вагоны Засварын Депогийн сэлгээний бригадын туслах машинчийн ажилд нь эргүүлэн тогтоосон байна.

 

Зүүнхараагийн Ачааны Вагоны Засварын Депогийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажилд эргүүлэн авах тухай” Б-118 дугаар тушаалаар Б.Гантөгсийг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн сэлгээний туслах машинчийн 5 дугаар зэргээр эргүүлэн авч ажиллуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байхад хариуцагч байгууллага нь Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 301 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Б.Гантөгсийг ажлын байраар хангаагүй буруутай байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч байгууллага төлөх үндэстэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг Сум дундын 21 дүгээр шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс түүний эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилсон Зүүнхараагийн Ачааны Вагоны Засварын Депогийн даргын гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх байдлаар тооцож гаргах үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Гантөгс Сум дундын 21 дүгээр шүүхэд хандаж ажил эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан боловч энэ талаар шаардага гаргаагүй байж, түүнийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дахин ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээр 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халагдсан үеийн цалингийн олговрыг шаардах боломжгүй байна.

 

Иймд Б.Гантөгсийн 2014 оны 3, 4, 5 дугаар саруудын цалингийн нийлбэр 2 735 330 төгрөгөөс дундаж цалинг бодож, ажилгүй байсан 133 хоногийн цалингийн олговорт 5 774 461 төгрөгийг Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депогийн дарга Б.Азжаргал ноцтой зөрчил гаргасан Б.Гантөгсийг ажлаас халах тушаал гаргах эрхгүй, Б.Гантөгсийг Монгол Оросын ХНН Улаанбаатар Төмөр Замын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б-2 57 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байхад Б.Гантөгс уг тушаалыг энэ шүүх дээр ирээд мэдсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын хүсэлтийн дагуу гэрчээр асуугдсан Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депогийн хүний нөөцийн менежер нь Б.Гантөгсийг ажлаас чөлөөлсөн тухай Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б-2 57 тоот тушаалыг түүнд гардуулж өгсөн тухайгаа тодорхой мэдэж тайлбарлахгүй байна.

 

Нөгөө талаар Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депогийн дарга Б.Гантөгсийг ажлаас халах тушаал гаргах эрхгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх бөгөөд тэрээр Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын нэгж болох Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депогийн дарга нь Б.Гантөгсийг ажлаас халж, шүүхийн шийдвэрийн дагуу эргүүлэн ажилд авч байгаа үйл баримтыг мэдэхгүй гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч Б.Гантөгс Төмөр Замын Зүүнхараагийн Ачааны Вагон Засварын Депод холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Монгол-Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас 5 774 461 /таван сая долоон зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулан Баяраагийн Гантөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6 225 539 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Монгол-Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас улсын тэмдэгтийн хураамжид 107 341 /нэг зуун долоон мянга гурван зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод олгосугай. 

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН