Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00470

 

 Ж.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 647 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаар магадлалтай,

Ж.Г-ын нэхэмжлэлтэй,

Г.М-д холбогдох,

Г.М-ын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Ацетелины үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.М-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо, П.Сарантуяа, хариуцагч Г.М-, өмгөөлөгч Р.Болдбаатар, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2007 оны 06 сарын 18-ны өдөр Ц.Нарантуяа түүний хүүхдүүд болох хамтран өмчлөгч М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нартай үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, 000202844 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн Ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1141,0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 75.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлж, улмаар хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн 2007 оны 06 сарын 22-ны өдөр хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл намайг өмчлөгч болсноос хойш 1 жилийн дараа худалдагч талтай хамааралтай хүмүүсийн дунд өв залгамжлалын болон надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан гарсан. Г.М-ын маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Ц.Нарантуяа, Ж.Г- нарт холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2010 оны 02 сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Хаадууд ХХК-ийн 1998 оны 05 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үндэслэн Ж.Г- миний өмчлөх эрхийг хүчингүй болгож, Г.М-ыг өмчлөгчөөр тогтоож, 374 дүгээр шийдвэр гаргасан болно. 2014 онд М.Соёл-Эрдэнэ нь Хаадууд ХХК-ийн захирал З.Мөнхбат 1998 оны 5 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үйлдээгүй, түүний дүү З.Мөнхтуяа хуурамчаар үйлдсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, уг тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Улсын дээд шүүхийн 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоолоор дээрх тушаалыг хүчингүй болгосныг баталсан. Үүний дараа Ж.Г-, М.Соёл-Эрдэнэ, Ж.Наранчимэг бид хамтран Г.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 374 дүгээр шийдвэр, 40 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 485 дугаар тогтоолтой иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргасан бөгөөд хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр 2016 оны 01 сарын 12-ны өдөр тогтоол гаргасан. Энэ тогтоол гарсны дараа нэхэмжлэгч М.Мөнхнаран, М.Шинэ-Од, М.Тэмүүжин нар нь хариуцагчаар З.Мөнхтуяа, Г.М- нарыг татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсан, 2016 оны 02 сарын 26-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 383 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Ж.Г- 2007 оны 06 сарын 18-ны өдөр иргэн Ц.Нарантуяа түүний хүүхдүүд нартай худалдах, худалдан авах гэрээ хийж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Талийгаач З.Мөнхбатын эх Д.Долгорсүрэнгийн нэр тухайн үед улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тэдний хооронд өв залгамжлалын маргаан үүсээгүй байсан. Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах Ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1141,0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдан авч шударга өмчлөгч болсон тул уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авсан Г.М-ын өмчлөх эрхийг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ үйлдвэрийн өмчлөлийн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Учир нь З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагч болох М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар шүүхийн 228 дугаар шийдвэрт шинэ нөхцлөөр хүсэлт гарган, улмаар хэрэг дахин хянагдахад Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1141,0 мкв бүхий улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн Ацетелины үйлдвэрийн өмчлөгч нь Г.М- намайг болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 383 тоот захирамж энэ нөхцлийг тогтоосон тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр захирамж байгаа гэж үзэж байна. Мөн 2011 онд иргэн Ж.Г-ын нэхэмжлэлтэй, 2001 оны 10 сарын 28-ны өдрийн З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт холбогдох маргаан захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн ба үүнийг хуулийн хүчин төгөлдөр 2012 оны 02 тоот шийдвэр, 2013 оны 111 тоот магадлал, 2013 оны 107 тоот тогтоол байдаг. Эдгээр шийдвэр магадлал тогтоолд 2001 оны бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Бэр эгч Ц.Нарантуяа нөхөр З.Мөнхбатыг 2005 онд нас барсны дараа нөхрийнхөө хууль ёсны өвлөгч болох Ацетелины үйлдвэр болон бусад хөрөнгө нь З.Мөнхбатын хөрөнгө тул хууль ёсны өмчлөлд шилжүүлж авах гэсэн шаардлага бүхий З.Мөнхтуяа, Г.М-ыг хариуцагчаар татсан нэхэмжлэл Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа талууд эвлэрч, хариуцагч болох Ц.Нарантуяа, хүүхдүүд нь давах гомдлоосоо татгалзсан боловч давах шатны шүүх эвлэрлийг баталгаажуулаагүй. Харин дараа нь энэ нөхцөл байдлыг ашиглан Ц.Нарантуяа барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч Ж.Г-ад худалдсан байдаг. Миний бие 2010 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж авсан хэдий ч өнөөдрийг хүртэл зөвхөн гэрчилгээтэй явсаар ирсэн, үйлдвэрийг Ганбат ашиглан эзэмшиж байгаа. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 647 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1141,0 мкв талбайтай, Ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.Г-ыг тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1141,0 мкв талбайтай, Ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр Г.М-ыг бүртгэсэн бүртгэл болон 000131446 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Ж.Г-ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгөөс 140.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 392.550 төгрөгийг Төрийн сангаас, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г-ад тус тус олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаар магадлалаар: Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2017.10.26-ны Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 153-р магадлалыг эс хүлээн зөвшөөрч, дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.

Өмчлөгчөөр тогтоох шаардлага, шаардах эрхийн үндэслэлийг зөв шалгаж, дүгнээгүй. Маргаж байгаа хөрөнгийн хувьд хоёр тусдаа шүүхийн шийдвэр байдаг, энэ нь хоёр тусдаа, гэхдээ нэг нь нөгөөгөөсөө хамааралтай хэргийг шийдвэрлэсэн. Эхнийх нь Ц.Нарантуяа нарын нэхэмжлэлээр үүсгэсэн маргаан, үүнийг шийдвэрлэсэн 391, 391/А, 228 дугаар бүхий Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн шийдвэр болон аймгийн шүүхийн магадлал гарсан. Эдгээр шийдвэр гарахаас өмнө маргаж байгаа хөрөнгийн өмчлөгч Г.М- байсан, тухайн маргааныг шүүх шийдвэрлэхдээ, эд хөрөнгийн өмчлөх эрхийг хөндөөгүй буюу өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Г.М- өмчлөгч хэвээрээ байгаа гэсэн үг. Энэхүү магадлалыг шинэ нөхцлөөр дээрх нэхэмжлэгч нар хүсэлт гарган хэргийг дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзан Ацетлинны үйлдвэрийн өмчлөгч нь Г.М- намайг болохыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь тус хэрэгт байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тодруулга, хүсэлтэд маш тодорхой байгаа. 2006 оны 1 сард шүүхэд нэхэмжлэл гараад энэ асуудлыг 2009 онд шийдвэрлэгдэн дуусах үед улсын бүртгэлд өөрчлөлт орчихсон байсан, тэгээд аргагүйн эрхэнд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Харин УДШ-ийн 815 тоот тогтоолын дараа өмчлөлийг асуудлыг нэхэмжлэгч М.Тэмүүжин, М.Шинэ-Од нар дуусган, шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсанаар, 2006 онд эдгээр хүмүүсийн нэхэмжлэл гаргах үед ямар байдалтай байсан, бас л тэр байр сууринд будаан аваачин, Г.М- өмчлөх эрхтэй болохыг тодорхой болсоор байтал шүүх хэргийг илэрхий нэг талд нь шийдлээ.     Ацетлинны үйлдвэрийн өмчлөлийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байхад дахин энэ асуудлыг шийдэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймээс хэргийг хянан, нэхэмжлэлийг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Г- нь хариуцагч Г.М-д холбогдуулан түүний нэр дээрх  үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлд 2007 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Ацетелины үйлдвэрийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн,  М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар намайг өмчлөгчөөр тогтоосныг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгалзсан...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Нарантуяа, М.Шинэ-Од нар хариуцагч З.Мөнхтуяа, Г.М- нарт холбогдуулан өмчлөх эрх сэргээлгэх, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Г.М-ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан Дархан-уул аймаг дах сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шийдвэрээр Ацетилений үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр талийгаач З.Мөнхбатыг тогтоож, Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нарыг З.Мөнхбатын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Г.Мөнхнайрамдлын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн Ц.Нарантуяа,  М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар нь Ацетилений үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд 2006 ны 11 дүгээр сарын 3-ний өдөр бүртгэгдэж, улмаар 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр уг барилгыг Ж.Г-ад худалджээ.

Дархан-Уул аймаг дах сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай Д.Долгорсүрэнгийн хүсэлтийг хангаж, дээрх 391 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр буцаасан ба 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нарын Ацетилений үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...З.Мөнхбат нь 2001 онд өөрийн өмчлөлийн Ацетилений үйлдвэрийн барилгыг З.Мөнхтуяад шилжүүлсэн, тэрээр өмчлөх эрхээ 2003 онд Г.М-д шилжүүлж улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөгч болсон, хэлцэл хүчин төгөлдөр байна...” гэж дүгнэжээ.

Энэхүү 228 дугаар шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон талаар зохигч тайлбар гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа талуудын хооронд 2007 оны 6 дугаар сарын 18-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа, энэхүү гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй гэж үзжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэлийн шаардлага болон шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан дээрх гэрээнд худалдагч Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар нь худалдан авагч  Ж.Г-ад Ацетилений үйлдвэрийн барилгыг газар эзэмших эрхийн хамт 75.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирчээ /хэргийн 10 дугаар тал/.

Хариуцагч Г.М- уг гэрээнд оролцоогүй байх бөгөөд тэрээр  маргааны зүйл болох эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан асуудлаар биш харин тухайн хөрөнгийн өмчлөгч болох талаар тайлбар өгч, маргасныг шүүх хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс гадна түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь  ойлгомжгүй болжээ.     

Түүнчлэн гэрээний тал болох худалдагч нар хэрэгт оролцоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тайлбар гаргаагүй байхад шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн, энэ үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.

Хариуцагч Г.М- маргааны зүйл болсон барилгын өмчлөгчөөр 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан эсэх талаар зохигч  мэтгэлцээгүй, шүүх энэ талаар хэлэлцээгүй байна.  

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т нийцээгүй бөгөөд хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх, улмаар уг баримтуудыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 647 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ