Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 110/2021/0030/З |
Дугаар | 221/МА2021/0480 |
Огноо | 2021-09-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0480
Ш.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ш.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Толбо сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар шийдвэртэй, Ш.С-ын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 30 дугаар зүйлийн 30.2, 33 дугаар зүйлийн 33.3, 33.12, 46 дугаар зүйлийн 46.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.6, 23.7, 23.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.С-ын шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дугаартай захирамж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай “Томилохоос татгалзах тухай” захирамж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий захиргааны акт болох “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б\09 дугаартай захирамж" дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Уг захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 29.2-д заасныг баримталсан байна. Бодит байдалд мөн хуулийн 29.3-д заасныг баримтлах ёстой. Энэ нь хариуцагч дээрх хуульд заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч нь захирамжид Төрийн албан тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгийг баримталсан боловч энэ нь тодорхой бус байна. Хариуцагч захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.1, 23.2, 23.5-д заасныг баримталжээ. Энэ нь төрийн жинхэнэ албанд нэр дэвшигч Ш.С нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт гаргаагүй гэсэн үндэслэл заасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хурмангазын гарын үсэгтэй Авлигатай тэмцэх газарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.С-ын нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, диплом зэрэг бичиг баримтуудыг хүргүүлэв гэснээр мөн Авилгатай тэмцэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 05\30 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргад уг албан бичгийн хариу ирсэн байдлаар үндэслэлгүй болох нь няцаагдаж байна. Авлигатай тэмцэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05/30 дугаар албан бичигт Авилгын эсрэг хуулийн 9.2, 18.4.6 дахь заалтыг дурдаж, Ш.Сьг урьдчилсан мэдүүлгийг хянах боломжгүй тухай дурджээ. Авилгын эсрэг хуулийн 9.2-т Авилгатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хууль тоомжийн дагуу шийдвэрлэнэ. 18.4.6-д Авилгатай холбогдолтой өргөдөл, гомдол хүлээн авч шалгах гэж заасан байна. Энэхүү албан бичгийн утга агуулгаас харахад нийтийн албанд нэр дэвшигч Ш.С нь маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзсан шинжийг агуулахгүй байна. Ш.С хэн гэдэг иргэний гомдлоор, хэнд хэзээ авилгал өгсөн, ямар хэрэг, зөрчилд хэн гэдэг албан тушаал шалгаж байгаа тухай огт дурдаагүй учир уг албан бичгийг эргэлзээтэй нотлох баримт гэж үзэж байна. Ш.С нь төрийн албанд 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа ба тэрээр Толбо сумын Засаг даргын албан тушаалд ажиллахаар 2016 оны 11 дүгээр сард нэр дэвших үед Авлигатай тэмцэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03\8231 дугаартай албан бичгээр Ш.С-д ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно гэсэн хариу ирж байсан байдлыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Иймээс хариуцагчийн Авлигатай тэмцэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05\30 дугаартай албан бичиг нь эргэлзээтэй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Хариуцагчаас төрийн жинхэнэ албан хаагч Ш.С-ыг төрийн албанд томилохоос татгалзан шийдвэр байгаа эс үйлдэхүй нь дараах байдлаар няцаагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд Төрийн албанд ажиллуулахыг хориглох зүйлийг зохицуулсан. Тухайлбал мөн хуулийн. 31.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно, мөн хуулийн 31.1.1 энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тухай дурдсан. Ш.С нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл Төрийн албанд тавигдах тусгай шаардлага тухайлбал мөн хуулийн 23.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”, мөн хуулийн 23.4-д “Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулах, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” гэж тус тус заасан юм. Ингэхээр маргаан бүхий албан тушаал буюу Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор баталжээ. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 42 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагуудыг нэхэмжлэгч Ш.С бүрэн хангасан байгаа ба түүнчлэн Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байх" шаардлагыг ч Ш.С хангаж байна. Төрийн албаны тухай хуулийн 31.1.2-т төрийн албанаас сахилгын шийтгэлээр болон хууль тогтоомжид заасан үндэслэл, журмаар халагдсанаас хойш төрийн албанд эргэж орох хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй, тодорхой хугацаагаар төрийн жинхэнэ алба хаах эрх хасагдсан иргэний уг хугацаа дуусаагүй, мөн хуулийн 31.1.3-д хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол, мөн хуулийн 31.1.4-д хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд гэдэг нь нэхэмжлэгч Ш.Сад хамааралгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 31.4-д “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэж заасан. Гэтэл Толбо сумын Засаг дарга Н.Е нь Ш.С нь сумын Монгол ардын намын хорооны даргын хувьд улс түүнийг үзэл бодол, намын харьяаллаар ялгаварлан гадуурхаж ажлаас хууль бусаар халсан гэж үзэж байна.
3 Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч \цаашид оролцогч гэнэ\ захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно, мөн хуулийн 15 дугаар зүйлд зааснаар оролцогч нь 15.1.1-15.1.8-д заасан эрхийг эдэлнэ. 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, мөн хуулийн 27 дугаар зүйлд Сонсох ажиллагаа явуулах тухай зохицуулсан байна. Гэтэл хариуцагч Ш.С-ыг ажлаас чөлөөлөх үед Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.8-д заасан эрхийг эдлэх боломжоор хангаагүй, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа явуулаагүй байгаа нь маргаан бүхий актуудыг Захиргаан ерөнхий хуульд зааснаар гараагүй гэж үзэж байна.
4. Төрийн албаны тухай хуулийн Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах томилох, 33 дугаар зүйлд Төрийн албаны шалгалтын асуудлыг зохицуулсан байна. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05\1820 дугаартай Ш.С-д хаягласан албан тоотод “Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны оны 09 дүгээр сарын 09-ний өдөр баталсан хуулиар “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллахаар болсон... бол төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэсэн агуулга бүхий 23.4 дэх заалтыг нэмсэн байна. Дээрх хуулийн заалтыг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б\653 тоот захирамжаар та тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх тул тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн таныг мөн хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор заасан байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай \Шинэчлэн найруулсан\ хуулийг буцаан хэрэглэхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.’’ гэж заасан байна. Дээрх Төрийн албаны зөвлөлд албан бичигт дурдсан нөхцөл байдлыг албан бичигт үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын сул орон тоонд сонгон шалгаруулалтыг улс даяар зарлан улмаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл Ш.С нь төрийн жинхэнэ албаны нөөцөд байх ёстой агуулга бүхий тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн дагуу маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах буюу тусгай шалгалт авах ажлын хэсэг байгуулж, Ш.С-ыг уг албанд тушаалд нэр дэвшигчээр бүртгэж, тусгай шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, шударга зарчимд үндэслэн авч, тусгай шалгалтын дүнг зөвлөлийн хурлаараа хэлэлцэн Ш.С-ыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тухай тогтоол гаргаж, томилох эрх бүхий этгээдэд албан бичгээр уламжилсан нь захиргааны хэрэгт авагдсан аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн олон хуудас бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар нь 5 сарын дараа өөрөө явуулсан тусгай шалгалтыг өөрөө үгүйсгэн Ш.С-ыг нэр дэвшүүлсэн тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн шахалт гэсэн шалтгаар хүчингүй болгож байгаа явдалд гайхаж байна. Тэр тусмаа Ш.С-аас маргаан бүхий албан тушаалын тухай шүүхэд нэхэмжлэл гарган шүүх захиргааны хэрэг үүсгэсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгосон нь хачирхалтай харагдаж байна. Төрийн албаны салбар зөвлөл нь ийнхүү Ш.С-ын төрийн албанд эрх тэгш ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан шийдвэр гаргаж байгаа явдалд гомдолтой байна.
5. Ш.С нь төрийн албанд 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж буй, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч бөгөөд 2016 оны 11 дүгээр сард төрийн захиргааны албанаас төрийн улс төрийн албанд шилжин томилогдсоноор тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцөд байсан гэж үзэж байна Эрх зүйн онолд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байхад түүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг төрийн албаны зөвлөл хэрэглэх ёсгүй гэсэн зарчимтай. Төрийн албаны тухай хууль өөрчлөгдөн батлагдсан асуудалд төрийн албаны нөөцөд байсан, төрийн албан хаагч Ш.С-ыг буруутгаж болохгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуульд төрийн албанд эрх тэгш байдал, шударга ёсны, төрийн албанд тогтвортой, мэргэшсэн байх зарчмуудыг тусгасан юм. Иймд хариуцагч төрийн жинхэнэ албан хаагч Ш.Сыг маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзаж байгаа хууль бус гэж үзэж байна. Төрийн албанд Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой. Гэтэл хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд хуульд заасан тусгай шаардлагыг огт хангахгүй байгаа Ардчилсан намын угшилтай 3 иргэнийг удаа дараа томилох шийдвэр гаргаж явж байгаа нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга төрийн албаар тоглож, төрийн албаны мерит буюу чадахуйн зарчмыг ноцтой зөрчиж байгааг харуулж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны “Төрийн албаны тухай” хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаартай тогтоол хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасан “...хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр..”-т төрийн жинхэнэ албанд нэр дэвшигч болон төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, дэвшүүлэх, үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлэх, зэрэг дэв олгох, сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зэрэг хүний нөөцөд холбогдох асуудлаар гаргасан эрх зүйн актууд хамаарна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
6. Эцэст Ш.С нь төрийн албанд 10-аас доошгүй жил тасралтгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн мэргэшсэн албан хаагч бөгөөд тэрээр төрийн улс төрийн албанд шилжин ажиллах нь болсноор цаашид төрийн албанд огт ажиллаж болохгүй буюу төрийн алба хаах эрхийг хасах үндэслэл болохгүй. Ш.С нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хууль батлагдсанаас хойш төрийн албанд анх ажиллахаар ороогүй, уг хуулийн өмнө үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанд анх орох иргэний нөөцөд байсан. Ш.Сыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” 19 дугаартай тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагч Толбо сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн. Энэхүү тогтоол өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байна. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл. Төрийн албаны зарчим 7.1-д Төрийн албанд Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална. 7.1.2-т мэргэшсэн, тогтвортой байх, 7.1.4-д Монгол улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах. 7.1.-д 6 ил тод байх гэж тус тус заасан зарчимтай нийцэж байна.
7. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.С-ын “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б\09 дугаартай захирамжийг, Төрийн албан зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгуулах тухай” 12 дугаар тогтоолыг, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн “Томилохоос татгалзах тухай” А\20 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Ш.С-ыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн томилох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, давж заалдах гомдлыг хангаж өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, зөв дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.С-аас “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дугаартай захирамж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай “Томилохоос татгалзах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох” тухай нэхэмжлэлийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргажээ.
1. Маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч Ш.С-ыг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй” гэсэн үндэслэлээр тус салбар зөвлөлөөс өмнө нь шийдвэрлэсэн “нэхэмжлэгч Б.С-ыг тусгай шалгалтад бүртгэсэн шалгалтын комиссын бүртгэл, тайлангийн холбогдох хэсэг, Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн 2020 оны 42 дугаар тогтоолыг” хүчингүй болгож, маргаан бүхий албан тушаалын тусгай шалгалтыг дахин зарласан.
Нэхэмжлэгч Ш.С-ын хувьд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд ТЗ-3 шатлалаар төрийн жинхэнэ албан хаагчаар 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтнаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс томилогдон ажилласан[1] гэдэг нь тогтоогдож байна.
Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, ... бол төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.”, 23.5-д “..., мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.” гэж заажээ.
Уг хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.С-ыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга буюу улс төрийн албан тушаалд томилогдсон 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор байна.
Шинэ хууль батлагдсанаар өмнөх хуулийн дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байсан этгээдийг нөөцөөс хасах, нөөцөд байгаад тооцохгүй болох талаар хууль тогтоогчоос шинэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлан гаргаагүй байхад өмнө нь төрийн албан хаагчийн нөөцөд байсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулан шинэ хуулийн дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймээс “улс төрийн албан тушаалд томилогдон ажиллах болсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд тооцдог зохицуулалт нь 2017 оноос дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулиар хуульчлагдаагүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Мөн Төрийн албаны тухай (2017 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “...тусгай шалгалт ...-ыг мөн хуулийн ... мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.”, 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно” гэж зохицуулсан.
Маргааны тохиолдлын хувьд нэхэмжлэгч Ш.С-ыг Төрийн албаны тухай (2017 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байгаа гэж үзэн тусгай шалгалтад бүртгэж, улмаар мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасны дагуу тусгай шалгалтад орж тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 42[2] дугаар тогтоолоор Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Үүний учир маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 тогтоол нь Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Төрийн албаны тухай (2017 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.1-д заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төрийн албаны нөөцөд байгаад тооцогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/09[3] дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.5-д заасныг үндэслэн “хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаагүй байхад томилсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.С-ыг Санхүүгийн албаны даргаар томилсон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаа хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Санхүүгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлжээ.
Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/177 албан бичгээр[4] Авлигатай тэмцэх газарт нэхэмжлэгч Ш.С-ийг Санхүүгийн албаны даргаар томилохтой холбогдуулан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, анкет, холбогдох бичиг баримтын хамт хүргүүлсэн.
Авлигатай тэмцэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 05/30 дугаар албан бичгээр “...Ш.С-ыг Авилгын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 18 дугаар зүйлийн 18.4.6-д заасны дагуу ... шалгаж байх тул нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг одоогоор хянан үзэх боломжгүй байна.” гэсэн хариуг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад хүргүүлсэн байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах ...”, 23.2-д “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.”, 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргасан, мөн нэхэмжлэгчийг томилох эрх бүхий Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаас түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ.
Үүнээс үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг” нэхэмжлэгч болон түүнийг Санхүүгийн албаны даргаар томилох эрх бүхий сумын Засаг даргаас хүргүүлсэн, Авлигатай тэмцэх газраас хариу ирүүлсэн, уг хариунд урьдчилсан мэдүүлгийг одоогоор хянан үзэх боломжгүй талаар мэдэгдсэн зэрэг нөхцөл байдлыг нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.5-д заасныг зөрчиж Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон гэж үзэх үндэслэлгүй.
Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/09 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 23.9-д заасан заалтууд нь Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон нөхцөл байдал болон энэ үед авч хэрэгжүүлэх баталгаа, томилох эрх бүхий этгээдийн шийдвэрийн талаар зохицуулсан.
Эдгээр хуулийн заалтууд нь “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаагүй” энэхүү маргааны тохиолдолтой хамааралгүй байтал эдгээр хуулийн заалтад дурдсан үндэслэлийн дагуу “нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас нь чөлөөлсөн Толбо сумын Засаг даргын Б/09 дугаартай захирамж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
3.Нэхэмжлэгч Ш.С-ыг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн Б/09 дүгээр тушаал гарснаас хойш 15 гаруй өдрийн дараа хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20[5] дугаартай захирамж гарган, “төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага болон тусгай шаардлагыг хангахгүй” гэж Ш.С-ыг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилохоос татгалзаж шийдвэрлэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.” гэж тус тус заажээ.
Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20[6] дугаартай захирамж нь ажлаас нэгэнт чөлөөлөгдсөн нэхэмжлэгчийг өмнө нь хариуцагчаас гаргасан маргаан бүхий Б/09 тушаалдаа заасан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.5-д заасныг болон шинээр “төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага болон тусгай шаардлагыг хангахгүй” гэсэн үндэслэлийн дагуу Ш.С-ыг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилохоос татгалзаж шийдвэрлэсэн агуулгын хувьд ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгчээс “Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг чөлөөлөгдсөн өдрөөс хойш хариуцагчид хандан гаргаагүй” гэж тайлбарлаж байхад хэнээс гаргасан ямар хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэр гаргасан нь мөн агуулгын хувьд ойлгомжгүй, ямар зорилгоор, хэнд чиглэгдэж гарсан захиргааны акт гэдэг нь тодорхойгүй байна.
Иймээс маргаан бүхий А/20 захирамж нь зорилго нь тодорхойгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй, агуулга нь ойлгомжгүй акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасантай нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэх үндэслэлтэй тул уг захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үүнтэй холбоотой гомдлыг хангах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Төрийн албаны тухай (2017 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.С-аас Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дугаартай захирамж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай “Томилохоос татгалзах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Толбо сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэгч Ш.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгч Ш.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ