Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Э” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч : “Э” ХХК-д холбогдох,

 Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30.869.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагч “............” ХХК-ийн захирал С.Мижиддоржийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “М” групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М. групп компани нь Зам тээврийн яамнаас зохион байгуулсан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт баригдах 25 км хатуу хучилттай автозамын гүйцэтгэгчээр шалгарч хийж гүйцэтгэсэн ба 2013 оны 09 сард уг ажлын урьдчилгаа төлбөрийг МУ-ын Хөгжлийн банкнаас гаргуулахад барьцаа хөрөнгө зайлшгүй шаардагдсан ба ...... групп компанийн нэр дээрх хөрөнгө тухайн үед хүрэлцэхгүй байсны улмаас ..... ХХК-ийн захирал С.Мижиддорж гэх хүнтэй уулзахад тэрбээр өөрийн компанийн нэр дээр бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт орших, үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөөр урьдчилгаа төлбөрийн баталгааг чинь гаргаж өгье, ингэсний хариуд 50.000.000 төгрөгийг .....групп компани төлөхөөр тохиролцсон. Үүнийхээ ч дагуу “Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулах тухай гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд талууд төлбөр тооцооны тухай тохиролцсон хэсэгт төлбөрийг 2 хувааж төлөх ба эхний төлбөрийг Хөгжлийн банкнаас урьдчилгаа төлбөр шилжсэний дараа 3 хоногийн дотор, үлдэгдэлийг гэрээний хугацаа дуусгавар болох үед тус тус төлөх байдлаар зохицуулсан байна.

Ингээд урьдчилгаа төлбөрөө авахаар банкинд хандахад барьцаа хөрөнгийнхөө талаар ШШГЕГ-аас лавлагаа авчир гэснийх нь дагуу лавлагаа авахад дээрх барилга нь Орхон аймгийн ШШГА-нд 30.869.200 төгрөгийн төлбөртэй, захиран зарцуулах эрхэнд нь хязгаарлалт хийгдсэн болох нь нотлогдсон. Гэрээг байгуулах үед С.Мижиддорж нь энэ талаараа огт хэлээгүй бөгөөд хэрэв хэлсэн бол Мадимос групп ХХК нь өөр арга хөөцөлдөх байсан дамжиггүй билээ.

Урьдчилгаа төлбөрөө Хөгжлийн банкнаас авахаас өөр аргагүй, цаг хугацааны хувьд ч маш их шахагдсан, өөр хөрөнгө хайж явах аргагүй нөхцөл байдалд байсан тул дээрх төлбөрийг С.Мижиддоржийн өмнөөс төлөхөөс өөр аргагүй болж, төлсөн билээ. Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг урьд өмнө нь С.Мижиддорж арилжааны бүх банкуудад барьцаалж зээл авах гэж оролдсон, зээлийн түүх нь боломжгүй этгээд байсан бөгөөд бидний зээлийг судалж байсан ХААН банкны эдийн засагч нь уг хөрөнгийн эзэн этгээд болон хөрөнгийн талаар бүхнийг мэдэж байсан тул Мадимос групп компанийн урьдчилгаа төлбөрийг олгохоос эелдэгээр татгалзсан хариуг “Барьцаа хөрөнгийн үнэлгээ доогуур” гэсэн шалтгаанаар өгсөн болно.

..... ХХК-ийн захирал С.Мижиддорж нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох дүнг өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд 2015 оны 06 сарын 30-ны өдөр өгсөн албан бичгээрээ 30 хоногийн дотор төлөхөөр баталгаа гаргасан ба төлбөрөө төлөхгүй өдийг хүрч байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, буцаан шаардаж байна. Эрдмаш ХХК-иас 30.869.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1215 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ”.....” ХХК-наас 30.869.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.................”групп ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 312.300 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 312.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Мижиддорж давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хурал хийхдээ надад шүүх хуралдаан хэдэн цагт болохыг хэлээгүй.Харин 10 дугаар сарын 3-нд болно гэж л хэлсэн бөгөөд миний бие Улаанбаатар хотоос 2016-10-02-нд ирээд 2016-10-03-нд 9 цаг 21 минутанд очтол шүүх хурал хийгээд дууссан гэж хэлсэн. Шүүгчийн туслах над руу 2016-10-03-ны өглөө 8 цаг 56 минутанд “ирсэн үү” гэж утасдсан бөгөөд миний бие 3-р микрын 9-р байрнаас гараад шууд очсон. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа шүүгчийн туслахад хэлж байсан бөгөөд үнэн хэрэгт ................. групп ХХК-д мөнгө төлөх бус харин тус компаниас мөнгө авах учиртай байсан билээ. Тус хэргийн шүүх хуралдааныг өмнө огт зарлаж байгаагүй бөгөөд миний бие  өмнө 1-2 удаа очоогүй юм. Гэтэл намайг шүүхийг үл хүндэтгэдэг гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр, миний тайлбарыг ч авахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нөгөө талаас шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох “.................” ХХК болон манай компанийн хооронд байгуулагдсан “Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах тухай” гэрээнд заасан үүргээ миний бие хангалттай хэрэгжүүлсэн бөгөөд харин нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлээгүй байгааг анхааран үзээгүйд гомдолтой байна. Миний “.................” ХХК-ийн захирлын хувьд “.................” ХХК-ийг залилан мэхэлж, хуурч энэхүү 30.869.200 төгрөгийг аваагүй, тэд өөрсдөө сайн дурын үндсэн дээр энэхүү мөнгийг өөрсдөө төлсөн. Ийм байтал шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг баримтлан надаас 30.869.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Иймээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-03-ны өдрийн 142/ШШ2016/01215 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ................. ХХК нь хариуцагч ................. ХХК-д холбогдуулан 30.869.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ”Эрдмаш” ХХК-наас 30.869.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.................”групп ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Мижиддорж давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хурал хийхдээ надад шүүх хуралдаан хэдэн цагт болохыг хэлээгүй гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч С.Мижиддоржид шүүх хуралдааны товыг 2016 оны 09 дүгээр сарын 26 ны өдөр мэдэгдсэн ба тэрээр гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь  хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсаар  тогтоогдож байх тул түүнд шүүх хуралдаан болох цагийг мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч С.Мижиддоржид нэхэмжлэлийн 1 хувийг 2016 оны 07 дугаар сарын 04 ний өдөр гардуулсан ба тэрээр 14 хоногийн дотор хариу тайлбараа өгөх байсан ч өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ тэрээр биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан шүүхэд ирж тайлбар өгөөгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч С.Мижиддоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “.................” ХХК-ийн захирал С.Мижиддоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Мижиддоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.300 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР