Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00007

 

 

 

 

 

 

 

 

“Акума Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч М.Лханаад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1371 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : “Акума Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч :”МГВХЭ” ХХК-ийн захирал М.Лханаад холбогдох,

 

“16.600.200 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч М.Лханаагийн “2.450.000” төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч М.Лханаа, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Акума-Эрин” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015-06-04-ний өдөр “Акума-Эрин” ХХК, “МГВХЭ” ХХК-ний захирал М.Лханаатай “Тос, тосолгооны материал, аккумлятор, сэлбэг нийлүүлэх гэрээ” байгуулсан. Дээрх гэрээний дагуу түүнд 2015-006-09-ний өдөр гэрээнд заасан 14,000,000 төгрөгний үнэ бүхий 401-00023а travel motor маркийн эксковаторын сэлбэгийг 564 дугаартай ”бараа материалын борлуулалтын падаан”-ы хамт хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг нэхэмжлэл хүлээн авсан өдөр буюу 2015-06-09-ний өдрөөс ажлын 21 хоногийн дотор төлөх ёстой байсан. Компаниас 2015-60-20-ны өдөр түүнтэй холбогдон сэлбэгийн үнэ 12,000,000 төгрөгийг төлөх талаар сануулахад тэр “...асуудалгүй төлнө” гэж байсан ч түүнээс хойш утас нь холбогдох боломжгүй байдаг болсон тул сэлбэгийн үнийг төлүүлэх арга хэмжээ авхуулахаар менежер П.Пүрэвдоржийг Орхон аймаг руу томилолтоор ажиллуулсан боловч М.Лханаа мөн л утсаа авахгүй байсан. Түүний авсан сэлбэгийн үнэ болох 12,000,000 төгрөг, 265 хоногийн алданги 3,180,000 төгрөг, менежер П.Пүрэвдоржийн Орхон аймагт очиэ ажилласан томиололтын зардал 150,000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1,200,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбогдон УТХ-д төлсөн 70,200 төгрөг. Нийт 16,600,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Акума-Эрин" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэхэмжпэгч тал надтай 2015-06-04-ны өдрийн Тос тосолгооны материал, аккумулятор, сэлбэг нийлүүлэх гэрээгээр ямар сэлбэг авах талаараа харилцан тохиролцоогүй бөгөөд миний захиалсан бол Солонгос Улсад үйлдвэрлэсэн DOOSAN-255-LСU маркийн эксковаторын мотор байсан бөгөөд би мотороо захиалаад 2 сар хүлээж байж нэг мотор ирсэн боловч мотор нь таарахгүй байсан учир инженер нь ирж тавих гээд чадаагүй би моторыг нь ачаад хот ороод буцааж өгөх гэтэл өөрсдөө аваагүй. Би моторыг нь 3 удаа ачиж авчраад энд хадгалж байна. Би моторыг нь буцааж өгнө гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хариуцагч М.Лханаа би өөрийн МГВХЭ ХХК-хаа өмчлөлийн экскаворт мотор захиалж, 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Акума ХХК-д өгсөн. Гэтэл мотор нь таарахгүй хуучин байсан учир би 2 удаа Улаанбаатар хотод авч очоод мотороо надаас аваагүй учир би буцааж авчирсан зардалд нийт 450,000 төгрөгний зардал гаргасан. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир би өөрийн өгсөн мөнгө болон зардлаа гаргуулж авах нь зүйд нийцнэ. Иймд Акума ХХК-иас 2,450,000 төгрөг гаргуулан МГВХЭ ХХК-д гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тогтохбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийг дэмжиж байна.Акума-Эрин ХХК хариуцагчтай гэрээ байгуулж 14 сая төгрөгний үнэ бүхий эксковаторын сэлбэг хүлээлгэж өгсөн.Гэрээний дагуу 2 сая төгрөг төлөөд үлдсэн мөнгийг дараа төлөхөөр тохиролцсон.Төлөөгүй тул 12 000 000 төгрөг,гэрээний дагуу алданги бусад зардал нийт 16 600 200  төгрөг нэхэмжилж байгаа.Захиалагчийн хүссэн сэлбэгийг нийлүүлсэн.Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэсгүй.МГВХ ХХК худалдан авсан тухай зарлагын баримт хэрэгт байгаа гэжээ.          

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1371 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул МГВХ”ХХК-наас 16 600 200 төгрөг гаргуулах тухай “Акума Эрин” ХХК-ны  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан “Акума-Эрин” ХХК-аас 2 300 000 төгрөг гаргуулан “МГВХ”ХХК-д олгож,

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлээс 150 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 271990 төгрөг,сөрөг нэхэмжлэлийн хураамж 54150 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, “Акума-Эрин ХХК-аас 51750 төгрөг гаргуулан “МГВХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр давж заалдсан гомдолдоо:

Нэг. Нотлох баримт үнэлсэн талаар.

1. Хариуцагчаас нотлох баримтаар гарган өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр 53-10 УБ Улсын дугаартай DOOSAN solar 255с-v маркийн эксковаторын өмчлөгчөөр М.Лханаа нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн байдаг бөгөөд дээрх эксковатороо өмнө нь худалдан авсан боловч 2015 оны 08 сард нэр дээрээ шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч энэ үйл баримттайгаа холбоотой гэх баримт гарган өгөөгүй. Талууд “Тос, тосолгооны материал, аккумлятор, сэлбэг нийлүүлэх гэрээ”-г 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу хоёр сарын өмнө байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн “...захиалсан сэлбэгээс нь өөр сэлбэг нийлүүлсэн...” гэх тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй болох нь дээр дурьдсан баримтаас харагддаг.

2. Хариуцагчаас өмнө нь Сүхээ гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан болно. “АКУМА -ЭРИН” ХХК -д Сүхээ гэдэг хүн ажилладаггүй, ажиллаж байгаагүй нь тодорхой болоход Б.Нармандах, Ж.Батболд нарыг шүүх хуралдаанд гарчээр оролцуулах хүсэлт гаргасан байдаг. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Нармандах “... 2016 оны 6 сарын 14-ний өдөр ачаа хүлээж байхад энэ хүн ирээд ачаа ачъя гэсэн...” гэж мэдүүлсэн байхад өөр нэг гэрч болох Ж.Батболд "... 2015 оны 6 сард Сүхээ гэдэг хүн миний утас руу залгаж эксковаторын хөтлөгч угсруулъя гэсэн..:” гэж мэдүүлдэг. Гэрч Б.Нармандах гэрчээр мэдүүлэхдээ “... 2016 онд ...” гэж хэлэх үеэр нь хариуцагчийн төлөөлөгч “...биш, 2015 онд ...” гэж гэрчид үг зааж, нөлөөлөхөөр оролдсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрчээс мэдүүлэг өгснийх нь дараа 2015 болон 2016 оны аль нь болохыг асууж, тодруулахад 2016 онд гэж хариулдаг. Шүүх хуралдаанд оролцсон хоёр гэрчийн мэдүүлэг илт зөрүүтэй, эргэлзээтэй байхад гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Бидний зүгээс М.Лханаа болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон иргэн Б.Нармандах, Ж.Батболд нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 254 болон 256 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэгт шалгуулахаар холбогдох байгууллагад нь хандах болно.

Учир нь “МГВХЭ” ХХК-ийн захирал М.Лханаа нь худалдан авсан сэлбэгийн үнэ 12.000.000 төгрөгийг төлнө гэж прокурорын газарт өгсөн тайлбартаа хэлдэг боловч энэ хэрэгт огт холбоогүй иргэдийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, шүүхээс хууль бус шийдвэр гарахад нөлөөлж байгаа үйлдэл нь бидэнд маш их хохирол, чирэгдэл болж байна.

3. Орхон аймгийн Прокурорын газрын 2015 оны 10 сарын 16-ны өдрийн 5/203 дугаартай мэдэгдэх хуудсанд “АКУМА-ЭРИН” ХХК “МГВХЭ” ХХК-ийн захирал М.Лханаагаас үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөгөө аваагүй болох нь тогтоогдож байгааг дурьдсан байдаг. Аймгийн прокурорын газраас нэхэмжлэгчийн төлөөлөгч болон М.Лханааг дуудан тайлбар авахад М.Лханаа нь “АКУМА-ЭРИН” ХХК-иас худалдан авсан сэлбэгээ эксковатортоо суурилуулж, эксковатороо бусдад худалдсан ч мөнгөө авч чадахгүй байгаа тухайгаа. Мөн үлдэгдэл 12.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлнө гэж тайлбар өгч байсан нь үнэн юм.

Ийм ч учраас дээрх үйл баримттай холбогдуулж тухайн үед тэмдэглэл үйлдсэн прокурорын туслах ажилтныг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байсан ч шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй нь шүүхийн шийдвэр бодит үнэнд үндэслэгдсэн байх шаардлагад нийцээгүй.

4. Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр ч мөн компаниас "МГВХЭ" ХХК-ийн захирал М.Лханаагийн утас нь холбогдох боломжгүй байдаг, утас нь дуудлага хүлээн авч байгаа үедээ утсаа огт авдаггүй байсан тул түүнийг олж уулзаж, худалдан авсан сэлбэгийн үнийг төлүүлэх арга хэмжээ авахуулахаар компанийн худалдааны менежер П.Пүрэвдоржийг 2015 оны 09 болон 11 саруудад Орхон аймагт томилолтоор ажиллуулсан тухайг дурьдсан. М.Лханаа нь энэ байдлыг үгүйсгэж, маргадаггүй. Эндээс дүгнэхэд “МГВХЭ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь харагдана.

Нөгөөтэйгүүр, үнэхээр буруу сэлбэг нийлүүлсэн байсан бол “АКУМА -ЭРИН" ХХК-ийн худалдааны төлөөлөгч П.Пүрэвдоржийг Орхон аймагт хоёр ч удаа ирж байхад нь сэлбэгийг түүнд хүлээлгэээд өгчих боломжтой байсан.

Хоёр. Хууль хэрэглээний талаар

Талуудын хооронд байгуулсан “Тос тосолгооны материал, аккумлятор, сэлбэг нийлүүлэх гэрээ”-гээр “Акума Эрин” ХХК нь “МГВХЭ” ХХК-ийн захиалгын дагуу нийт 14 сая төгрөгийн үнэ бүхий 401-00023а 1гауе1 то1ог маркийн эксковаторын сэлбэгийг нийлүүлсэн. Гэрээний 3.3-т худалдан авагч барааг хүлээн авахдаа шалгах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд нэгэнт шалгаж хүлээн авахдаа захиалснаас өөр маркийн техник хэрэгслийг шилжүүлсэн бол Иргэний хуульд зааснаар татгалзал, шаардлагаа гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 болон 255.1.2 дахь хэсгийн зохицуулалтаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг доголдлын талаар мэдсэн буюу мэдэж боломжтой байхад түүнийг хүлээж авсан, мөн эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар хуульчилсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй. Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсгүүд болон 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Акума Эрин” ХХК нь хариуцагч МГВХЭ ХХК-д холбогдуулан сэлбэгийн үнэ “16.600.200 төгрөг гаргуулах” тухай, үндсэн нэхэмжлэл, МГВХЭ ХХК нь Акума Эрин ХХК-д холбогдуулан 2.450.000 төгрөг гаргуулахаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул МГВХ”ХХК-наас 16 600 200 төгрөг гаргуулах тухай “Акума Эрин” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан “Акума-Эрин” ХХК-аас 2 300 000 төгрөг гаргуулан “МГВХ”ХХК-д олгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлээс 150 .000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр давж заалдсан гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл хариуцагчийн “...захиалсан сэлбэгээс нь өөр сэлбэг нийлүүлсэн...” гэх тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй болох нь дээр дурьдсан баримтаас харагддаг гэжээ.

            МГВХЭ” компаний захирал М.Лханаа нь Акума-Эрин ХХК-иас 2015 оны 6 сард 401-00023а travel motor маркийн моторыг аваад өөрийн DOOSAN SOLAR 255 Lc-v маркийн эксковаторт тавих гэсэн боловч таараагүй болох нь,таараагүй тул буцаан өгөхөөр Улаанбаатар хот руу ачиж явсан,”Акума-Эрин” ХХК хүлээж аваагүй тул буцааж авчирсан болох нь гэрч Б.Нармандах, гэрч Ж.Батболд нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдож  байх тул хариуцагчийн захиалсан мотор биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-д заасан болон хариуцагч бараа хүлээн авсан байх тул гэрээ байгуулагдсан гэж үзэх боловч уг гэрээгээр “МГВХ” ХХК ямар нэр, төрлийн, хэдэн ширхэг,ямар чанарын,хэдэн төгрөгний үнэтэй бараа худалдаж авсан болохыг тодорхойлох боломжгүйн дээр,түүнчлэн хэргийн 5 дугаар хуудаст авагдсан “бараа материалын борлуулалтын падаанд 401-00023а travel motor маркийн моторыг 14 000 000 төгрөгөөр худалдан авагч МГВХ”ХХК-д шилжүүлж байгааг тодорхойлсон боловч хүлээн авсан талын гарын үсэг зурагдаагүй байх тул МГВХ” ХХК”ний худалдаж авсан моторыг 14 000 000 төгрөгний үнэтэй гэж дүгнэх боломжгүй бөгөөд дээрхи гэрээ,падааныг  үндэслэн нэхэмжлэгч талд моторын үнэ 12 000 000 төгрөг бусад зардал гаргуулахаар шаардах эрхийн үндэслэл нотлогдохгүй байна гэж үзнэ.Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулахдаа заавал тусгах нөхцөлүүдийг заасан ба зохигчдын хооронд хийсэн гэрээнд эдгээр нөхцөлүүд тусгагдаагүй.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу худалдсан эд зүйлийн үнэ гаргуулахаар шаардах эрх хэрэгжүүлэх үндэслэл нотлогдохгүй байна дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

            Хариуцагчийн худалдан авсан барааг зориулалтаар ашиглах боломжгүй, тоо хэмжээний хувьд тохироогүй тул М.Лханаа гомдлын шаардлага гаргаж барааг буцаах хүсэлт гаргасан нь гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргах тухай Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д нийцсэн ба хариуцагчийг биет байдлын доголдолтой бараа авсан гэж үзнэ.Хариуцагч барааны доголдлыг арилгуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээж аваагүй тул гэрээнээс татгалзаж барааны үнэд төлсөн 2 000 000 төгрөг,зардал нэхэмжилсэн нь үндэстэй гэж дүгнэн Акума-Эрин ХХК-иас 2.300.000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгний зардал нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

            Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр давж заалдсан гомдолдоо Аймгийн прокурорын газраас нэхэмжлэгчийн төлөөлөгч болон М.Лханааг дуудан тайлбар авахад М.Лханаа нь “АКУМА-ЭРИН” ХХК-иас худалдан авсан сэлбэгээ эксковатортоо суурилуулж, эксковатороо бусдад худалдсан ч мөнгөө авч чадахгүй байгаа тухайгаа. Мөн үлдэгдэл 12.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлнө гэж тайлбар өгч байсан нь үнэн юм гэжээ.Гэтэл энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Шүүх хуралдаанд оролцсон хоёр гэрчийн мэдүүлэг илт зөрүүтэй, эргэлзээтэй байхад гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Прокурорын туслах ажилтныг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байсан ч шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй нь шүүхийн шийдвэр бодит үнэнд үндэслэгдсэн байх шаардлагад нийцээгүй гэжээ.

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсний дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул буруутгах боломжгүй юм. 

           Давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.460 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.460 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР