Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 134/2017/00066/И |
Дугаар | 001/ХТ2018/00473 |
Огноо | 2018-03-22 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00473
Ц.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00327 дугаар шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00034 дүгээр магадлалтай,
Ц.С-ын нэхэмжлэлтэй,
Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Ц.С-, Э.Сайханаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын захирлаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн захирамжаар ажлаас халагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд тэр өдөр би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн өдөр аймгийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Уранцэцэг, мэргэжилтний хамт өрөөнд орж ирэхээр нь аймгийн Засаг дарга өөрчлөгдсөн болон Уранцэцэг дарга болсноос хойш ажил дээр ирж байнга шалгаж байгаа болохоор би “за одоо бас л шалгаж байна уу, шалгаж дуусаагүй юу” гээд хэлтэл “та архи уучихсан байгаа юм уу” гэхээр нь өөдөөс нь хэдэрлээд, “тийм архи уусан, архи уусан хүнийг та нар яадаг юм” гэж хэлсэн. Миний тэр хэлсэн үгийг утсандаа бичиж авсан юм шиг байна лээ. Энэ талаар хуулийн хэлтсийн дарга Д.Магвансүрэн хэлсэн. Би тухайн өдөр согтуу байгаагүй, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглээгүйг манай ажилчид мэднэ. Засаг дарга хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох хэсгийг баримтлах ёстой атал ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуулийн зүйл заалтыг огт баримтлаагүй. Хууль бусаар утас чагнах буюу дүрс, дуу бичлэг хийх хэрэгсэл тавих зэргээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн. Иймд Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Боржигин чуулгын захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын байран дээр удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж байсан нь ажилчдын болон бусад этгээдүүдийн тайлбараар нотлогддог. Тухайлбал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны ажлын өдрийн 15 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, мэргэжилтэн Г.Анхбаатар нар Боржигин чуулгын ажил байдалтай танилцах зорилгоор очиход ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Мөн аймгийн Засаг даргын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/45 тоот албан бичгийн хариу тайлбарыг Ц.С- ирүүлэхдээ “Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан зөрчлийг ажлаас халагдах шалтгаан гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн бусад арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэсэн байна. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн архи уусан зөрчлөө бүрэн хүлээн зөвшөөрсөн байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч Ц.С- нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг болон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно” гэж заасны дагуу Хөдөлмөрийн дотоод журамд тодорхойлсон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул Боржигин чуулгын Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4.1.а дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэн түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ц.С-ыг хууль бусаар чагнаж дуу бичлэг хийсэн зүйл байхгүй ба энэ талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаагүй болно. Иймд Ц.С-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00327 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-ыг Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 5,685,616 төгрөгийн олговрыг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.С-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын холбогдох төсвөөс ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад 105,920 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00034 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймаг дахь сумд дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00327 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/000347 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ, нотлох баримтын хамт /Боржигин чуулгын хөдөлмөрийн дотоод журам/ шүүхэд баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч тухайн шуудан нь шүүх хуралдааны өмнө шүүхэд ирээгүйг шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлага хангалтгүйгээс болсон гэж үзэх үндэслэлгүй ба тухайн шүүх хуралдааны товыг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу 10 хоногийн өмнө мэдэгдсэн байхад хүсэлтийг шүүхэд ирэх боломжит хугацаанд хүргүүлээгүй хариуцлага, эрсдэлд шүүхийг буруутгаж, хариуцагч талын эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болгох боломжгүй юм хэмээн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Уг магадлалд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн 99038577 дугаарын утсанд мэдэгдсэн гэж дурдсан атлаа 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу 10 хоногийн өмнө мэдэгдсэн хэмээн үзсэн нь зөрчилдөж байна. Мөн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлттэй хамт хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт /Боржигин чуулгын хөдөлмөрийн дотоод журам/-ыг хүргүүлсэн байтал хүлээж авалгүй шуух хурлыг хийж хариуцагч талын мэтгэлцэх, гаргасан шийдвэрээ хамгаалах боломжийг хаасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Боржигин чуулгын захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын байран дээр удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж байсан нь ажилчдын болон бусад этгээдүүдийн тайлбараар нотлогддог. Тухайлбал, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны ажлын өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, мэргэжилтэн Г.Анхбаатар нар Боржигин чуулгын ажил байдалтай танилцах зорилгоор очиход ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Ц.С- 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан зөрчлийг ажлаас халагдах шалтгаан гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн бусад арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэж хүргүүлсэн байдаг. Эндээс нэхэмжлэгч Ц.С- нь архи ууж, зөрчил гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэтэл архи уусан үед нь уулзсан гэрч Д.Мөнхцэцэгийн мэдүүлгийг үнэлээгүй нь хэргийн гол маргаж байгаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох боломжгүй болгосон байна. Мөн шүүх хурлын хойшлуулах хүсэлтийг албан ёсоор шуудангаар хүргүүлсэн боловч шүүхийн зохион байгуулалт муугаас болж хүсэлтийг шүүх хурлаас өмнө авалгүй, шүүх хурлыг хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр хийж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасан мэтгэлцэх зарчмыг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ц.С-ын нэхэмжлэлийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга эс зөвшөөрч, маргажээ.
Ажил олгогч Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Б/05 дугаар захирамж гаргаж, нэхэмжлэгч Ц.С-ыг Боржигон чуулгын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.1.1, 13.4.1а, 14.4 дэх заалтыг үндэслэл болгожээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж, ноцтой зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргажээ.
Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол зөрчил гаргасныг нотлох үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч “...нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан” гэх тайлбараа нотолж чадаагүй байна.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан эсэх нь тодорхой бус, хэрэгт хөдөлмөрийн гэрээ, дотоод журам авагдаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дэх зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулсан боловч тэрээр шүүхэд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг түүний эзгүйд явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00327 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00034 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ