Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2017/ДШМ/79

 

А.Б-д холбогдох

                                                                эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн

шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Г.Мөнхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 447 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч А.Б-д холбогдох, эрүүгийн 201710010104 дугаартай, 1 хавтас, 114 хуудас бүхий хэргийг прокурор Г.Мөнхтүвшингийн шүүгчийн захирамжинд гаргасан гомдлыг үндэслэн  2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 447 дугаар шүүгчийн захирамжинд: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын хяналтын прокурор Г.Мөнхтүвшингийн улсын яллагчийн эсэргүүцэл хүлээн авах, эсхүл эсэргүүцэл бичих хугацааг сэргээх асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж,

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 447 дугаар захирамжийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч дараах хүсэлтийг гаргаж байна. Тус аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурорын эсэргүүцэл бичсэн боловч эсэргүүцэл бичих хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр шүүх хүлээн аваагүй  ба улмаар миний бие нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Байцаах хороо, Эрээн хотын байцаах хороо, Дорноговь аймгийн Прокурорын газрын хамтарсан ажил хэргийн уулзалт, спортын арга хэмжээнд оролцож, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хилээр орж ирсэн гэх үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэхээр хүсэлтээ гаргасан боловч хүндэтгэн үзэх боломжгүй гээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ба мөн миний бие нь эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэх хүсэлтээ өөрөө гаргасан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар А.Б нарт холбогдох хэрэгт дээрх байдлыг харгалзан үзэж прокурорын эсэргүүцэл бичих хугацааг сэргээх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх прокурор Г.Мөнхтүвшингээс гаргасан шүүгдэгч А.Б-д холбогдох шийтгэх тогтоол гардаж авсан хугацааг дахин хянуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан  тухай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 447 дугаар шүүгчийн захирамжийг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Учир нь хавтаст хэрэгт прокурорын бичсэн эсэргүүцэл хэдийд Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд ирсэн нь тодорхойгүй,  прокурорын бичсэн эсэргүүцэл нь хавтаст хэрэгт байхгүй, мөн анхан шатны шүүх прокурорын эсэргүүцлийг ямар үндэслэлээр, ямар эрх зүйн актаар буцаасан нь хэрэгт байхгүй, тодорхойгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч ... –д гардуулан өгнө” 4 дэх хэсэгт зааснаар  энэхүү заасан 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу ... байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж энэ тухай баталгаажуулахаар зохицуулжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан хугацаанд улсын яллагчид өөрт нь гардуулж өгсөн талаарх баримтгүй, мөн гардаж авсан гэх нөхцөл байдал тогтоогдогүй, хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан шийтгэх тогтоол танилцуулсан, мэдэгдсэн, гардуулсан тухай баримтад шүүх цагаатгах тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 15-нд Батзолбоо гэх хүнд танилцуулсан гэж үзэхээр байх ба гардуулсан тухай хүснэгтэд тэмдэглэгээ хийгдээгүйгээс улсын яллагчид уг тогтоолыг хэдийд гардуулж өгсөн  нь тодорхойгүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг гардуулж өгөх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хийсэн гэж үзэх үндэслэлгүйн гадна прокурорын эсэргүүцлийг хэдийд хүлээж аваад, ямар үндэслэлээр буцаасан нь хэргээс харагдахгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс прокурорыг эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл  болно.

Иймд эдгээр нөхцөл байдлуудад  үндэслэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  хэргийг Замын-Үүд дэх  Сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 447 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын Сум дундын шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                  Н.БОЛОРМАА

                                                                                        А.САЙНТӨГС