Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00982

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 539 дүгээр магадлалтай,

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

“МОХННУБТЗ”-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн,  

580.280 төгрөг гаргуулах сөрөг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяагийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрням, өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.                                                    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О нь УБТЗ ХНН-д  хүний нөөцийн албаны даргаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр томилогдон ажиллаж ирсэн. Гэтэл хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цуцалж, захиргааны санаачлагаар ажлаас халсан тухай замын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-I-415 дугаар тушаал гарсан. Тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж байна. Албан тушаалд томилогдохоос өмнө Б.О- Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгсөн ба  байгууллага  Авлигатай тэмцэх газар хүргэх үүрэгтэй. АТГ-с  тушаал чинь алдаатай гарсан, цаашид тушаал гаргахдаа анхаар гэсэн болохоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцал гэсэн хариу ирүүлээгүй. Иймд Б.О-ийг Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 15.822.720 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МОХННУБТЗ”- шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэгийн даргын туслах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-ийг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-1-228 дугаартай тушаалаар Хүний нөөцийн албаны даргаар томилон ажиллуулсан. Хүний нөөцийн албаны даргаар томилсны дараа 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж Авлигатай тэмцэх газраас уг зөрчлийг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах тодорхой арга хэмжээ авах зөвлөмж, шаардсан агуулга бүхий албан бичгийг хариуцагчид ирүүлсэн. Ажил олгогчийн санаачлагаар халах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл тусгагдсан байх ёстой боловч нэхэмжлэгч ажил олгогчийн санаачлагаар халах сахилгын шийтгэл байгаагүй. Энэ бол хөдөлмөрийн маргаан биш нийтийн албан тушаалтай холбоотой маргаан юм. Б.О- ажилд орохоос өмнө ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөж өгөх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ”МОХННУБТЗ” шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус нийгэмлэг нь тодорхой албан тушаалтан, ажилтнууддаа дүрэмт хувцас олгож, ахлах, удирдах албан тушаалтны дүрэмт хувцаст алтан өнгөт утсаар чимэглэл хийлгэдэг. Б.О- нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шинэ дүрэмт хувцас захиалан, чимэглэл хийлгэсэн. Б.О-ийн хувьд 2017 оны 09 дүгээр сард хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул дүрэмт хувцасны үнийг бүхэлд нь нэхэмжилж байна. Б.О-ийн дүрэмт хувцасны төлбөрт 220.000 төгрөг, дүрэмт хувцасны хатгамал чимэглэлд 409.813 төгрөг зарцуулснаас түүний цалингаас 49.533 төгрөг суутгасан. Иймд Б.О-ээс 580.280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.О- хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд хариуцагч байгууллага тодорхой албан тушаалтан, ажилтнууддаа дүрэмт хувцас олгож, ахлах, удирдах албан тушаалтны дүрэмт хувцаст алтан өнгөт утсаар чимэглэл хийлгэдэг байсан. Хариуцагч нь өөрийн тогтоосон журам, дүрмийн дагуу ажилтан, албан тушаалтнууддаа дүрэмт хувцас, түүний чимэглэл олгож байсан нь албаны зорилгоор ажилтнаа хувцас хэрэгслээр хангаж байсан хэрэг болохоос Б.О-ийн хувийн хэрэгцээнд зориулан олгоогүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийг “МОХННУБТЗ”-ын Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ”МОХННУБТЗ”-аас 13.901.888 гаргуулж, үлдэх 1.920.832 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “МОХННУБТЗ”-д үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-т холбогдох дүрэмт хувцасны үнэ 580.280 төгрөг гаргуулах тухай “МОХННУБТЗ”-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ”МОХННУБТЗ”-аас 227.459төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.059 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 539 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны 539 дүгээр магадлалыг хариуцагч талаас эс хүлээн зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагчийн зүгээс энэ маргаан нь Б.О-ийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаарх маргаан бус харин тухайн албан тушаалд нэр дэвшигч ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй нь хууль зөрчсөн, үүнээс үүссэн үр дагаврыг хэрхэн арилгах тухай маргаан болохыг тайлбарласаар байтал давж заалдах шатны шүүх үүнийг залруулаагүй нь үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хэзээ гаргаж өгсөн нь  тодорхойгүй, нэхэмжлэгчийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг эрх бүхий байгууллагаас хэрхэн хянасан, ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсэхгүй талаарх дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад ийм баримт хэрэг авагдаагүй нь нэхэмжлэгчид ашиг сонирхлын зөрчил үүсээгүйг нотлох мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг тус тус зөрчжээ. Маргаан бүхий харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль төдийгүй нэхэмжлэгч нь нийтийн албан тушаалтан болохын хувьд Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх ёстой байсан. Учир нь дээрх хууль зөрчигдсөн учраас хууль хэрэгжүүлэхийг АТГ-аас шаардсан, уг шаардлагын дагуу ажлаас халсан тушаал гарсан байхад зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хуульд заасан журмын дагуу хянуулаагүй этгээдийг албан тушаалд томилж болно гэсэн хууль зөрчсөн үр дагаврыг үүсгэхэд хүргэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 102/ШШ2017/03459 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 539 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Б.О нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн,  “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх  олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулаагүй, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нь хууль зөрчсөн...” тул  хөдөлмөрийн харилцааг  дуусгавар болгосон гэсэн тайлбар гаргаж, улмаар  дүрэмт хувцасны үнэ 580.280 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогч нь Б.О-ийг  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн харилцааны албаны даргаар томилсон,  2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр уг ажлаас чөлөөлж, хүний нөөцийн албаны даргаар  томилж,   2017 оны 9 дүгээр сарын 01-ний   өдөр  ажлаас  чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 42, 43, 45 дугаар тал/.  

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.-т “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ”, 23.6.-т “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ”, 23.7.-т ”нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар ажил олгогч нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийг ажилд томилохдоо түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг тодруулсны дараа тухайн албанд томилох эсэхийг шийдвэрлэх ёстой бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг анх ажилд томилохдоо хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Авлигатай тэмцэх газрын 2017 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрийн 05/2768, 05/2850 тоот албан бичигт “...Б.О-ийг хөдөлмөрийн харилцааны албаны даргаар томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн нь ...хууль зөрчсөн, ...олон нийтийн зүгээс ашиг сонирхлын  зөрчилтэй гэж ойлгогдохуйц  нөхцөл байдлыг бий болгосон...” талаар дурдсан, ажил олгогч нэхэмжлэгчийг  хөдөлмөрийн харилцааны албаны даргын ажлаас чөлөөлж, хүний нөөцийн албаны  даргаар томилжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, ...энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заажээ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авлигын эсрэг хуулийн 18.4.16-т зааснаар Авлигатай тэмцэх газар нь хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад хяналт тавих, бичгээр дүгнэлт, зөвлөмж гаргах бүрэн эрхтэй.

Нэхэмжлэгчийг  хүний нөөцийн  албаны даргаар томилсон ажил олгогчийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд эрх бүхий байгууллагын шаардсанаар ажлаас чөлөөлсөн талаарх хариуцагчийн тайлбар  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т нийцээгүй гэж үзнэ.   

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо  хийсэн дүгнэлт  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2., 135 дугаар зүйлийн 135.1.2-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 539 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 245.518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ