Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 539

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “УБТЗ-” МОХНН-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

580 280 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.О- нь УБТЗ ХНН-д Хүний нөөцийн албаны даргаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр томилогдон ажиллаж ирсэн. УБТЗ ХНН-ийн шинэчилсэн бүтэц, орон тоог бодлогын чанартай, үр ашигтайгаар зохион байгуулан бүх алба, хэлтэс, салбар нэгжийн хэмжээнд хэрэгжүүлсэн. Гэтэл Замын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр цуцалж, захиргааны санаачлагаар ажлаас халсан тухай замын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1-415 дугаар тушаал гарсан. Замын дарга энэхүү тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ- нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалт, Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Авлигын эсрэг хуулийн заалтууд зөрчигдсөн талаар өгсөн зөвлөмжийг тус тус үндэслэн гаргасан байна. Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлах ёстой бөгөөд тухайн байгууллагын тушаалд мөн хуулийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт зааснаар Б.О-ийг халсан гэдэг нь байхгүй байгаа учир хууль зөрчсөн, зөрчилтэй үйлдэл болсон. Албан тушаалд томилогдохоос өмнө Б.О- Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх, байгууллага Авлигатай тэмцэх газар хүргэх үүрэгтэй. АТГ-аас тушаал чинь алдаатай гарсан, цаашид гаргахдаа анхаар гэсэн болохоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцал гэсэн хариу ирүүлээгүй. Б.О- нь өөрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ байгууллагад гаргаж өгсөн. Энэ дагуу хариуцагч Авлигатай тэмцэх газарт 10 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас албан тушаалд томилоход харшлах зүйлгүй ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу ирүүлсэн. Энэ албан бичиг хариуцагчид эх хувиараа, бидэнд хуулбар нь байгаа. Иймд Б.О-ийг Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 15 822 720 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэгийн даргын туслах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-ийг УБТЗ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-1-228 дугаартай тушаалаар Хүний нөөцийн албаны даргаар томилон ажиллуулсан. Хүний нөөцийн албаны даргаар томилсоны дараа 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр түүний хуулийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж Авлигатай тэмцэх газраас уг зөрчлийг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах тодорхой арга хэмжээ авах зөвлөмж, шаардсан агуулга бүхий албан бичгийг хариуцагчид ирүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гомдол гаргах 1 сарын хугацаанд гомдлоо гаргасан учир энэ хүн тушаал гарсан эсэхийг мэдээгүй гэх зүйл байхгүй. Ажил олгогчийн санаачлагаар халах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл тусгагдсан байх ёстой боловч нэхэмжлэгч ажил олгогчийн санаачлагаар халах сахилгын шийтгэл байгаагүй. Энэ бол хөдөлмөрийн маргаан биш нийтийн албан тушаалтай холбоотой маргаан юм. Нийтийн албан тушаалтан өөрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ ажилд томилогдохоос өмнө бөглөх ёстой байсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт хууль хэрэгжүүлэхийг шаардсан байгаа. Б.О- ажилд орохоос өмнө ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөж өгөх ёстой. Авлигатай тэмцэх газраас хал гээгүй тушаалаа зас гэсэн байгаа боловч үүнийг яаж засаж зөвтгөх байсан юм. Энэ талаар нэхэмжлэгч тал хуулийн тайлбар хэлсэнгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБТЗ- хувь нийлүүлсэн нийгэмлэг нь тодорхой албан тушаалтан, ажилтнууддаа дүрэмт хувцас олгож, ахлах, удирдах албан тушаалтны дүрэмт хувцаст алтан өнгөт утсаар чимэглэл хийлгэдэг. Нэхэмжлэгч Б.О- нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шинэ дүрэмт хувцас захиалан, чимэглэл хийлгэсэн. Ахлах албан тушаалтны хувьд дүрэмт хувцасны төлбөрийн тодорхой хувийг байгууллага хариуцан хөнгөлөлт үзүүлдэг боловч Б.О-ийн хувьд 2017 оны 9 дүгээр сард хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул дүрэмт хувцасны үнийг бүхэлд нь нэхэмжилж байна. Б.О-ийн дүрэмт хувцасны төлбөрт 220 000 төгрөг, дүрэмт хувцасны хатгамал чимэглэлд 409 813 төгрөг зарцуулснаас түүний цалингаас 49 533 төгрөг суутгасан. Иймд Б.О-ээс 580 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.О- хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд хариуцагч байгууллага тодорхой албан тушаалтан, ажилтнууддаа дүрэмт хувцас олгож, ахлах, удирдах албан тушаалтны дүрэмт хувцаст алтан өнгөт утсаар чимэглэл хийлгэдэг байсан. Хариуцагч нь өөрийн тогтоосон журам, дүрмийн дагуу ажилтан, албан тушаалтнууддаа дүрэмт хувцас, түүний чимэглэл олгож байсан нь албаны зорилгоор ажилтнаа хувцас хэрэгслээр хангаж байсан хэрэг болохоос Б.О-ийн хувийн хэрэгцээнд зориулан олгоогүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийг МОХНН- УБТЗ-ын Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар МОХНН- УБТЗ-аас 13 901 888 гаргуулж, үлдэх 1 920 832 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг МОХНН- УБТЗ-д үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-т холбогдох дүрэмт хувцасны үнэ 580 280 төгрөг гаргуулах тухай МОХНН- УБТЗ-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч МОХНН- УБТЗ-аас 227 459 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 059 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч албан бичгийн хавсралт нотлох баримтаар гаргуулах хүсэлтээс татгалзсаныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дугаар шийдвэрийг хариуцагч талаас эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчсөн.

Анхан шатны шүүх “... түүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх үүргээ биелүүлэлгүй ажилд томилсноос хойш 2 хоногийн дараа хүргүүлсэн боловч, ашиг сонирхлын зөрчилтэй байдал тогтоогдоогүй” буюу ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь буруу гэж дүгнэсэн. Энэхүү маргаан нь Б.О-ийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаарх маргаан бус харин тухайн албан тушаалд нэр дэвшигч ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хуульд заасан хугацаанд эpx бүхий байгууллагад хүргүүлээгүй нь хууль зөрчсөн, үүнээс үүссэн үр дагаврыг хэрхэн арилгах тухай маргаан байхад үүнийг зөв тодорхойлж чадсангүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасан нь нэр дэвшсэн этгээд урьдчилсан мэдүүлгээ гаргаж өгснөөр хүлээн авч хүргүүлэх тухай ойлголт байх бөгөөд нэхэмжлэгч ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хэзээ гаргаж өгсөн нь тодорхойгүй, хариуцагчийн буруутайг нотлох баримт байхгүй байхад нотлох баримтад тулгуурлалгүй “хариуцагчийг үүргээ биелүүлээгүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг эрх бүхий байгууллагаас хэрхэн хянасан, ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсэхгүй талаарх дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад ийм баримт хэрэг авагдаагүй нь нэхэмжлэгчид ашиг сонирхлын зөрчил үүсээгүйг нотлох мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг тус тус зөрчжээ. Мөн анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын үг үсэгт ач холбогдол өгөхөөс илүүтэй маргаж буй харилцааг тал бүрээс нь бүхэлд нь шинжлэн дүгнэж, тушаалд заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтлан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.О- ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “УБТЗ-” МОХНН-т холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дүрэмт хувцасны үнэ 580 280 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.   

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч УБТЗ- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хүний нөөцийн албаны даргаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-I-415 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалт, Монгол Улсын Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн авилгын эсрэг хуулийн заалтууд зөрчигдсөн талаар өгсөн зөвлөмж зэрэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хэргийн 45 дугаар тал/

 

Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.О- нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараар хариуцагч “УБТЗ-” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05/2768, мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03/5861 тоот албан бичгүүдтэй холбоотойгоор Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Б.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг Хүний нөөцийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ. /хэргийн 49, 78-79 дүгээр тал/

 

Авлигатай тэмцэх газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05/2768, мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03/5861 тоот албан бичгүүдийн агуулгаас үзэхэд ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд авахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7 дахь заалтыг зөрчиж томилгоо хийж байгаа талаар мэдэгджээ. Харин уг албан бичигт дурьдсан хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянуулаагүй иргэнийг хариуцагч байгууллагаас ажилд авах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдалд нэхэмжлэгчийг буруутгах буюу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар цуцлах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй байх үед ажил олгогч өөрөө нэхэмжлэгчийг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа энэ үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болгосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд заагдсан ажил үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх дүгнэлт хэрэгт авагдаагүй талаарх шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь хариуцагч өөрийн татгалзал, түүний тайлбар, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.   

 

Иймд  анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.О-ийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хувьд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнгээр буюу 13 901 888 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                           С.ЭНХТӨР