Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0488

 

“Г Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Х.З нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Г Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э Ү” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Г Д” ХХК-ийн “Э Ү” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ““Э Ү” ТӨҮГ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Г Д” ХХК-д хүргүүлсэн ДҮ-112-12/865 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1.7, 16.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтуудыг баримтлан “Г Д” ХХК-ийн гаргасан

-“Э Ү” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “Г Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

-“Э Ү” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах;

-“Э Ү” ТӨҮГ-аас зарласан “Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/2020071067 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд “Г Д” ХХК-г тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах;

-“Э Ү” ТӨҮГазраас зарласан Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт “Г Д” ХХК-ийг шалгаруулахыг “Э Ү” ТӨҮГ-т даалгах

-“Э Ү” ТӨҮГ-т “Г Д” ХХК-тай “Дээврийн материал нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ж давж заалдах гомдолдоо:

“...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хуульд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна.

1. “Э Ү” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот хурлын тэмдэглэлийн “Г Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд 

Шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “... Тендерт оролцогч “Г Д” ХХК нь тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/664 дугаартай албан бичгээр ... 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Г Д” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэсэн шийдвэрийг “Э Ү” ТӨҮГ-т хүргүүлжээ. ... Иймд нэхэмжлэгчийн маргаж буй дээрх маргаан бүхий акт нь эрх зүйн үр дагаваргүй болсон, ... тул “Э Ү” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “Г Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Монгол Улсын Сангийн яам ЭҮХХК/2020071067 дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан “Г Д” ХХК-ийн зүгээс гаргасан гомдлыг хянан үзэж “Э Ү” ТӨҮГ-аас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Г Д” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл буюу тус компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Э Ү” ТӨҮГ-т 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр даалгаж шийдвэрлэж тус шийдвэрийн дагуу “Э Ү” ТӨҮГ тендер шалгаруулалтын үнэлгээг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дахин хийсэн.

Гэсэн хэдий ч Монгол Улсын Сангийн яам 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэртээ “Э Ү” ТӨҮГ-аас “Г Д” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай буюу “Г Д” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгосон тухай тусгасан боловч тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийг давхар хүчингүй болгож байгаагаа дурдаагүй улмаас энэ нь цаашид хууль зүйн маргаан дагуулах болзошгүй учир нэхэмжлэгч тус шаардлагыг гаргасан байхад шүүх түүнийг харгалзан үзэлгүй тус нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон нь хууль нийцэхгүй гэж үзэж байна.

2. “Э Ү” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 05 тоот хурлын тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд Шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “... Хариуцагчаас Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар байгууллагын баримт бичгийн стандартын дагуу хэвлэмэл аргаар бэлтгэсэн хэвлэмэл хуудас үйлдэх шаардлагыг хангаагүй гэж, мөн үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. ... “Г Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Маягт №TШМ-4 буюу Үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэл болох “Н Т” ХХК-ийн итгэмжлэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасан итгэмжлэл тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. ... Иймд Үнэлгээний хороо нь “Г Д” ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ...-т тус тус заасныг зөрчөөгүй. ... ” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан байхад шүүх тендер шалгаруулалтын ажиллагааг дүгнэхдээ тус ажиллагаанд хамааралгүй хууль болох Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг үндэслэл болгосон, мөн шүүх “Г Д” ХХК-ийн ирүүлсэн үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэл нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн хэдий ч тус нөхцөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн тендерээс шууд татгалзах хууль зүйн үндэслэл болохгүй гэдгийг харгалзан үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

3. “Э Ү” ТӨҮГ-аас зарласан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд “Г Д” ХХК-ийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг, “Э Ү” ТӨҮГ-т “Г Д” ХХК-тай “Дээврийн материал нийлүүлэх гэрээ” байгуулахыг тус тус даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 тоот хурлын тэмдэглэл буюу захиргааны актыг эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсний улмаас тус акттай шууд хамаарал бүхий дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй боломжгүй болсон бөгөөд шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаагүй нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байна.

4. “Э Ү” ТӨҮГ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Г Д” ХХК-д ирүүлсэн Дү-112-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “...Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр буюу “Г Д” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичигт тавигдах шаардлага нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэж, тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогч компанид дамжуулан мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг байна. ... Иймд дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ... гэж зааснаар захиргааны актад хамаарахгүй, өөрөөр хэлбэл, энэхүү албан бичиг нь захиргааны акт биш юм. ... “Э Ү” ТӨҮГ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Г Д” ХХК-д ирүүлсэн Дү-112-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд Үнэлгээний хорооны чиг үүргийг тусгасан бөгөөд тус зохицуулалтуудаас үзвэл тендерийн Үнэлгээний хорооноос гарах шийдвэр нь үнэлгээний дүгнэлт болон гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийн хэлбэртэй байхаар заасан, мөн тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл захиалагчийн мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт мөн гэж үзэхээр байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж тус шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Г Д” ХХК-иас “Э Ү” ТӨҮГ-т холбогдуулан “Э Ү” ТӨҮГ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Г Д” ХХК-д ирүүлсэн ДҮ-112-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э Ү” ТӨҮГ-аас зарласан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахыг даалгах, ЭҮХХК/2020071067 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд “Г Д” ХХК-ийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, “Э Ү” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “Г Д” ХХК-д холбогдох хэсгийг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Э Ү” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/411 дугаартай Үнэлгээний хороод байгуулах тухай тушаалын 18 дугаар хавсралтаар Дээврийн материал ЭҮХХК/2020071067 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталжээ.

Улмаар хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Тендерийн урилга гаргаж, тендерт оролцогчид 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагаас өмнө тендерийг ирүүлэх ба 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 10 минутад тендерийг нээхээр заасан байна.

Ийнхүү ЭҮХХК/2020071067 дугаартай тендерийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх бүхий Үнэлгээний хороо 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д зааснын дагуу “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт ирүүлсэн тендерийн баримтуудыг хянаж үзээд нийт оролцсон 6 аж ахуй нэгжээс шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж шийдвэрлэж, нэхэмжлэгч “Г Д” ХХК-ийн тухайд ТОӨЗ 18.1(a) Үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг Маягт ТШМ №4-ийн дагуу албан бланк дээр ирүүлээгүй. Эх хувиас хуулбарлаж нотариатаар гэрчлүүлээгүй тул шаардлагад нийцэхгүй хэмээн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн ба 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Дү-112-12/471 албан бичгээр энэ талаар мэдэгджээ.

Үүнийг нэхэмжлэгч “Г Д” ХХК нь тус тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/664 дугаартай албан бичгээр “... 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Г Д” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг...” мэдэгдсэн шийдвэрийг “Э Ү” ТӨҮГ-т хүргүүлсэн байна.

Иймд “Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” Үнэлгээний хороо нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, “Э Ү” ТӨҮГ-ын хэрэгцээт Дээврийн материал /ЭҮХХК/2020071067/ нийлүүлэгчийн тендерт гарсан гомдол хянасан тухай болон дахин шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж, тус өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг гаргажээ.

Тус тэмдэглэлээр тендерт оролцогч “Г Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийж, “Г Д” ХХК нь Үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг хэвлэмэл хуудсан дээр бичиж ирүүлээгүй нь батлагдсан тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 /а/-д заасан шаардлагад нийцэхгүй байгаа тул шаардлагад нийцээгүй тендер гэх үндэслэлээр дахин тендерээс татгалзаж, “Э Ү” ТӨҮГ-ын Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 тоот нээлттэй тендерт Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзах, тендер шалгаруулалт 2 удаа амжилтгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулах эрхийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, мөн захиалагчийн зүгээс Үнэлгээний хорооны шийдвэрийг зөвшөөрсөн байна.

Энэхүү шийдвэрийг хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/865 албан бичгээр нэхэмжлэгч “Г Д” ХХК-д ирүүлсэн тендер нь тус тендерийн шаардлага хангахгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж зааснаар тендерт шалгараагүй болохыг үнэлгээний хороо дүгнэснийг мэдэгдсэн тул эдгээр 04 болон 05 дугаартай Үнэлгээний хорооны тэмдэглэлүүд болон 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/865 албан бичгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс маргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж зааснаар тендерийн баримт бичгийн дагуу Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” гэж зааснаар ойлгох бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/ болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичиг байна.

Нэг. Энэ тохиолдолд хэргийн оролцогч нарын маргаж буй нэхэмжлэгчийн бүрдүүлж чадаагүй, шаардлага хангаагүй гэх тендерийн баримт бичгийн тухайд дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны Тендерийг нээх, үнэлэх гэсэн хэсгийн 31. Тендерийг хянан үзэх, шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох хэсгийн 31.1-д “Аливаа тендерийг нарийвлан үнэлэхээс өмнө уг тендер нь дараах шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзнэ”, 31.2-т “ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын /а/-/д/-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гээд Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТОӨЗ/ 18.1 /а/-д “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Шаардлагатай. Техникийн тодорхойлолтод зааснаар ирүүлэх. Үйлдвэрлэгч/ борлуулагчийн итгэмжлэлийг Маягт № ТШМ 4-ийн дагуу бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ. Үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг эх хувиас хуулбарлан нотариатаар гэрчлүүлнэ. Баталгаат орчуулгын газраар орчуулж мөн нотариатаар гэрчлүүлсэн байна. Баталгаат орчуулга дээр гарын үсэг зурж орчуулгын тамга дарсныг хүчинтэй гэж үзнэ” гэж тус тус заасан байна.

Мөн Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын маягт гэсэн хэсгийн Маягт №ТШМ-4 буюу Үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэл гэсэн маягтад итгэмжлэлийн тавигдах хэлбэр болоод агуулгын шаардлагыг жишээ болгон тодорхой заасан ба “...Энэхүү итгэмжлэлийг үйлдвэрлэгч/борлуулагчийн албан бланкан дээр бичиж, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байна ...” гэжээ.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч “Г Д” ХХК-ийн “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт ирүүлсэн материалаас Үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг байгууллагын албан бланк дээр ирүүлээгүй. Эх хувиас хуулбарлаж нотариатаар гэрчлүүлээгүй гэсэн үндэслэлээр тус тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо татгалзсан нь ойлгомжгүй шийдвэр болжээ.

Учир нь “Г Д” ХХК-иас итгэмжлэлийг ТШМ-4 маягтыг хуулбарлан авч хүснэгтийг гүйцээн бөглөж, Захиалагч байгуллагад хандан ... борлуулах барааны хувьд гэрээний ерөнхий нөхцөлийн 14-д заасны дагуу чанарын баталгаагаа бүрэн гаргаж, итгэмжлэл олгож байгаагаа дурьдаад Техноникель брэндийн албан ёсны борлуулагч “Н Т” ХХК-ийн захирал Т.Н гарын үсэг зурж, тамга дарагдсан байгаа нь итгэмжлэл олгоогүй, хуурамчаар үйлдсэн гэж үзэхээргүй бөгөөд /ТОӨЗ/ 18.1 /а/-д заасан загвар, хэлбэрийн дагуу үйлдсэн байхад итгэмжлэгч хуулийн этгээдийн албан бланк дээр хэвлүүлээгүй гэх үл ялих шалтгаанаар татгалзсан дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна гэж үзлээ.

 Мөн Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагааг хурдан шуурхай зөв шударга зохион байгуулж, тухайн  ажил  үйлчилгээг  хийх  чадвар  чадамжийг  үнэлэн  шалгаруулах,

эдийн засгийн болоод цаг хугацааны хэмнэлттэй байхыг зорих нь зүйтэй.

Хэдийгээр хариуцагчаас Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулсан тендерийн баримт бичгийн Маягт № ТШМ-4-ийг бэлтгэн ирүүлээгүй гэсэн үндэслэлээ Монгол Улсын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Байгууллагын баримт бичгийг стандартын шаардлагын дагуу хэвлэлийн аргаар бэлтгэсэн хэвлэмэл хуудсан дээр үйлдэх бөгөөд энэ хуулийн 39.3-д заасан журмыг баримтална”, 39.3-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.4.3-д “Албан бичгийг хэвлэмэл аргаар бэлтгэсэн А4, А5 хэмжээтэй, хэвлэмэл хуудсан дээр зохион үйлдэнэ” гэж заасан тул хуульд заасан албан бичгийн хэлбэр, шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байх боловч энэ нь хуулийн этгээдээс төрийн байгууллагад хандан үндэсний архивын сан хөмрөгийн баримтыг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах, хяналт тавих, ашиглах болон албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулахтай холбоотой харилцаанд хамаарагдах бөгөөд энэхүү хуулийн заалтыг хангуулах байсан бол Маягт ТШМ-4 дээр ойлгомжтой, хоёрдмол утгагүй байдлаар бичих нь зүйтэй байжээ.

Нөгөөтэйгүүр Үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэл гэсэн маягтад “Н Т” ХХК итгэмжлэлийн тавигдах хэлбэр болоод агуулгын шаардлага бүрэн ойлгомжтой, тодорхой буюу эрх бүхий этгээд өөрөө гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байхад итгэмжлэлийг хуулбарлан нотариатаар заавал гэрчлүүлэх шаардлагатай гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Мөн “Э Ү” ТӨҮГазрын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Г Д” ХХК-д ирүүлсэн ДҮ-112-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актын тухайд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж зааснаар ойлгох ба маргаан бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн тухайд анхан шатны шүүх захирамжилсан шинжгүй болон эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэсэн үндэслэлээр захиргааны акт биш гэж үзсэн нь  учир

дутагдалтай.

Учир нь “Э Ү” ТӨҮГазраас тендерээс татгалзсан болохыг мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах харилцаа бөгөөд энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор захиргааны маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн байх тул захирамжилсан шинжгүй болон эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж үзэх боломжгүй.

Иймд “Г Д” ХХК-ийн “Э Ү” ТӨҮГ-т холбогдуулах гаргасан Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг бүхэлд нь, “Э Ү” ТӨҮГ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Г Д” ХХК-д хүргүүлсэн ДҮ-112-12/865 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгож болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Хоёр. Үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “Г Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гарасныг Сангийн яам хүлээн авч, хянан үзээд Сангийн яамны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/664 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж зааснаар тус Үнэлгээний хорооны уг тэмдэглэлийг хүчингүй болгосон бөгөөд үүнийг Үнэлгээний хороо хүлээн авч, дахин үнэлгээ явуулсан байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасанчлан нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус болсон захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэлгүй, үр дагавар үүсгэх боломжгүй үндэслэлээр Үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “Г Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Гурав. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Гэтэл маргаан бүхий актуудаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүх тендерээс татгалзсан үр дагавар үүсгэсэн буюу “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт үнэлгээний хороо тендер нээсний дараагаар оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага болон бусад шаардлага зэргийг зөвхөн мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж гаргасан шийдвэр байна.

Өөрөөр хэлбэл тендерийг үнэлэх, сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаагүй байхад нэхэмжлэгч “Г Д” ХХК-ийн тендерийн баримт бичгээс татгалзсан нь хариуцагчийн буруутай үйлдэл байсан гэсэн үндэслэлээр бүх оролцогчдоос татгалзсан тендерт гэрээ байгуулах эрхийг шууд олгох нь хууль зүйн үндэслэлгүй тул “Э Ү” ТӨҮГазраас зарласан Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт “Г Д” ХХК-ийг шалгаруулахыг даалгах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах хууль зүйн боломжгүй.

Дөрөв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Хариуцагч солих тухай” 133 дугаар захирамжаар хариуцагч “Э Ү” ТӨҮГ-ийн Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог хариуцагч “Э Ү” ТӨҮГ-аар сольсон байх тул нэхэмжлэлийн шаардлага бүрийг “Э Ү” ТӨҮГ-т холбогдуулан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Г Д” ХХК-ийн “Э Ү” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ““Э Ү” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “Г Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, гэж 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 16 дугаар зүйлийн 16.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г Д” ХХК-ийн “Э Ү” ТӨҮГ-т холбогдуулах гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг бүхэлд нь, “Э Ү” ТӨҮГ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Г Д” ХХК-д хүргүүлсэн ДҮ-112-12/865 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгож, үлдэх шаардлага болох “Э Ү” ТӨҮГ-аас зарласан “Дээврийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/2020071067 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд “Г Д” ХХК-ийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, “Э Ү” ТӨҮГ-т “Г Д” ХХК-тай “Дээврийн материал нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч дугаарлан 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 /гучин тав нэгэн зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА