Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 204

 

 

 

                                                 

 

               

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Уранбайгаль, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар, шүүгдэгч В.И, түүний өмгөөлөгч С.Сүхболд, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ж овогт В-н И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903006460284 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж овогт В-н И- /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч В.И- нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын гудамж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О: “...Нөхөр Н.Н 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гарч яваад ирэхгүй болохоор нь хүүхдүүдтэйгээ хайхад осолд ороод Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан. Н.Нгийн биеийн байдал одоо хэвтэрт байгаа, босохдоо ямар нэг зүйлээс татаж босдог, гомдолтой байна. Шүүгдэгч В.И-аас эмчилгээний зардалд нийтдээ 5 сая гаруй төгрөг авсан байгаа, шинэ баримтаар нэмж 2,875,720 төгрөгийн баримт гаргаж өгсөн, үүнээс манай охины 3-р эмнэлэгт үзүүлсэн 748,220 төгрөгийн баримтыг андуурч хэрэгт өгсөн байна, иймд хасаж тооцоод одоо 2,127,500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Шүүгдэгч В.И: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэг өгөхгүй. Би 1999 оны 3 дугаар сарын 08-ны өдөр жолооч болж байсан, 2009 оноос хойш машин барьж байгаа, тухайн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл, өөр хүн барьдаггүй. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 10 минутын үед тухайн зам битүү бөглөөтэй байсан, явган зорчигчийн босоо тэмдэглэл байгаагүй учир явган хүний гарц руу ойртон ирж байгааг мэдээгүй, анхаарал болгоомжгүй, сонор сэрэмжгүй явсан миний буруу. Явган хүний гарцан дээр явж байгаа явган зорчигч давуу байдалтай гэдгийг мэднэ, хохиролд 5,350,000 төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар баримтаар гарсан 2,875,700 төгрөгийг төлнө, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өндөр настай ээжийн хамт амьдардаг байдлыг харгалзан тэнсэж өгнө үү...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би аавыгаа яаж осолд орсон талаар мэдэхгүй, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өглөө Гэмтэл согог судлалын төвд байхад нь мэдэж очсон. Манай аав эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан, манай гэрийхэн ээлжээр сахиж байгаа. Аавд маань ямар нэгэн хууч өвчин байхгүй, гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний нөхөр Н одоо суумгай хүн болсон байнгын үе мөч нь өвдөөд өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа, оюун санаа нь тогтворгүй, байнгын толгой өвдөж байна гээд толгой, гар, хөлөө бариулдаг, би нөхрөө байнга асарч байгаа. Бид нарт эм тарианы мөнгө байхгүй эмнэлэгт хэвтэж чадахгүй байна. ...Хохиролд 600,000 төгрөг өмнө нь авсан, сүүлд 1,200,000 төгрөг авсан. Сүүлд мөнгө өгөхдөө намайг гомдолгүй гэсэн бичиг хийгээд өг И-ыг гаргамаар байна гээд байхаар нь би гомдолтой гэдгээ хэлсэн...” /2-р хх-ийн 60-62/ гэсэн,

 

Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө манай нөхөр Н Яармаг руу айлд юм хийхээр гэрээсээ гараад явсан, тэр оройноо ирээгүй болохоор нөхрийн ажил нь дуусаагүй гэж бодсон. Маргааш нь уг айлын хүнээс нөхрийгөө асуухад өчигдөр гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би хүүхдүүддээ хэлээд орой болсон байсан учир өглөө эрьё гэж бодсон. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр осолд орсныг нь мэдсэн. Н хөл гараа хөдөлгөж чадахгүй, хүн л эргэж тойруулж хэвтүүлж байгаа, өөрөө огт хөдөлж чадахгүй, бид нартай юм ярихдаа сайнгүй, толгойндоо оёдолтой. Охин Н.Нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад татгалзах зүйлгүй...” /1-р хх-ийн 83/ гэсэн,

 

Гэрч З.Тогтохбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн хүү И-ы хамт 68-44 УНЭ улсын дугаартай машинтай Хан-Уул дүүргийн Яармагийн замд Цагдаагийн хэлстийн урд төв зам дээр 40 км цагийн хурдтай явж байсан. ...Гэтэл замын урд талаас нэг бараан хувцастай, хувцасны энгэр нь задгай, найгасан хүн гэнэт гараад ирсэн. Би хүүдээ хүүе хүн гэж хэлэхийн завдалгүй тас, няс болоод явсан. Тэр хүн машинаас урагшаа 2-3 метрийн зайтай газар унасан. ...Тэр хүн гэнэт гарч ирсэн бөгөөд зогсох боломжгүй байсан. Тэр үед зам битүү, улаан гэрэл асаад унтрах үед машинууд зэрэг хөдөлж байсан. Миний хүү машинаас буугаад тэр хүнийг толгойноос нь өргөхөд тэр хүн хөдлөхгүй байсан, хажуугаар явсан хүмүүс гар хүрээд хэрэггүй, түргэн дууд гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 40-41/ гэсэн,

 

Шүүгдэгч В.И мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би ээж Тогтохбаярын хамт Яармагийн замд өөрийн эзэмшлийн 68-44 УНЭ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машинтай Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урдуур зүүнээсээ баруун тийшээ чиглэлд 3 дугаар эгнээгээр явж байхад миний баруун талын 1 болон 2 дугаар эгнээгээр жаахан урд хэсэгт хар өнгийн хоёр жийп машин явж байсан. Гэтэл тэр хоёр жийп машины урдуур нэг хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг хараад шууд тормосоо гишгэсэн, тэгээд нэг мэдэхэд л тэр хүнийг мөргөсөн. Би машинаа зогсоогоод буугаад нөгөө хүн дээр очиход толгойноос нь цус гоожсон байдалтай замын голд байсан ба би хажууд нь очоод зам хаагаад байж байтал нэг жолооч ирээд эмнэлэг дууд гэж хэлэхээр нь би өөрөө эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. ...Би тэр үед 40 км цагийн хурдтай явж байсан. Би тэр хүнийг хараад шууд машиныхаа тормосыг гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Би өнөөдрийн байдлаар 650,000 төгрөгийг өгсөн байгаа...” /1-р хх-ийн 78-79/ гэсэн мэдүүлгүүд,

- Зам тээврийн осол хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Хан-Уул  дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд хатуу хучилттай замд үйлдэгдсэн байв. Уг зам нь асфальтан, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаггүй, явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, явган хүний замтай, 6 эгнээ, хашлагатай, хайсгүй зам байв.” /1-р хх-ийн 5-7/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хүний биед хийсэн №7190 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Н-гийн биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, баруун талын бөмбөлөгийн гадна капсулын түвшинд тархины эдэд цусан хураа, зулайн ар дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, дагзанд шарх, хамар ясны хугарал, хүзүүний 1, 2 дугаар нугалмын нугасны суваг дайрсан хугарал, мултрал, баруун дал ясны хугарал, цээжний зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” /1-р хх-ийн 55-56/ гэсэн,

 

- Техникийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №186 дугаартай дүгнэлтэд: “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тооромсны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээнүүд стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал иж бүрдлийн хувьд урд салхины шил баруун гар талын доод хэсэгт цохигдон цацарч хагарсан, урд буфер баруун гар талын булангийн доод хэсгээр ханзарсан, баруун гар талын крыло хонхойсон, баруун гар талын толь сууриараа хугарсан, хойд буферын будаг нилэнхүйдээ халцарсан, улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

Урд салхины шил баруун гар талын доод хэсэгт цохигдон цацарч хагарсан, урд буфер баруун гар талын булангийн доод хэсгээр ханзарсан, баруун гар талын крыло хонхойсон, баруун гар талын толь сууриараа хугарсан нь зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Хойд буферын будах нилэнхүйдээ халцарсан, улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэлүүд тул осолд нөлөөлөхгүй. Зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр, хол дээрээ стандарын шаардлага хангах ч осол өдрийн цагаар гэгээтэй болсон гэх тул осолд нөлөөлөхгүй.

Хьюндай маркийн Верна загварын автотээврийн хэрэгсэл энгийн шингэн дамжуулгын тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг автотээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна. Жолоодлого хийн дугуйн тоормосыг гишгэж шалгахад зам дээр тоормосны үргэлжилсэн мөр үүссэн.

Уг автотээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна...” /1-р хх-ийн 62-68/ гэсэн,

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №78 тоот дүгнэлтэд: “...1. Hyundai Accent маркийн 68-44 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч В овогтой И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Д овогтой Н Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” /2-р хх-ийн 55/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл /1-р хх-ийн 4/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-13/,

- Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 14/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 15/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16/,

- Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17, 18/,

- Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1-р хх-ийн 33/,

- Хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 26-27, 93-94/,

- Өвчний түүх /1-р хх-ийн 138-163/,

- Хохиролтой холбоотой баримтууд /1-р хх-ийн 96-125/,

- Техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-ийн 70/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 72/,

- Шүүгдэгч В.И хувийн байдалтай холбоотой гэрч В.Чулуунцэцэг /1-р хх-ийн 85/-ийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 42/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх-ийн 44/, жолоочийн лавлагаа /1-р хх-ийн 45/, ял шалгах хуудас /1-р хх-ийн 128/, бусад баримтууд /1-р хх-ийн 129-130/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, В.И-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч В.И нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд замд 68-44 УНЭ улсын дугаартай Хьюндай Верна загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалтад “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Нг мөргөж, түүний эрүүл мэндэд нь “зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, баруун талын бөмбөлөгийн гадна капсулын түвшинд тархины эдэд цусан хураа, зулайн ар дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, дагзанд шарх, хамар ясны хугарал, хүзүүний 1, 2 дугаар нугалмын нугасны суваг дайрсан хугарал, мултрал, баруун дал ясны хугарал, цээжний зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, Ш.О, гэрч З.Тогтохбаяр нарын болон шүүгдэгч В.И-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №7190, №3435, №3436 дугаартай /1-р хх-ийн 47, 50, 55-56/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны №78 дугаартай /2-р хх-ийн 55/, техникийн шинжээчийн 2019 оны №186 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 62-68/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-8/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч В.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч В.И- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, баруун талын бөмбөлгийн гадна капсулын түвшинд тархины эдэд цусан хураа, зулайн эр дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, нугасны суваг дайрсан хугарал, мултрал, баруун дал ясны хугарал, цээжний зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүнд хохирол учирсан, 1-р хавтаст хэргийн 96-98, 100-126, 195, 201-212, 2-р хавтаст хэргийн 20-32-р талд хохиролтой холбоотой нийт 7,411,736 төгрөгийн нотлох баримтууд авагдсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нийтдээ 5,350,000 төлж барагдуулсан /1-р хх-ийн 192-194, 238/ бөгөөд 2-р хавтаст хэргийн 30 дугаар талд “Эмнэлгийн үйлчилгээ” гэсэн 748,220 төгрөгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О “...тухайн баримтыг андуурсан, манай охины 3-р эмнэлэгт үзүүлсэн 748,220 төгрөгийн баримтыг андуурч хэрэгт өгсөн байна, манай нөхөр Н.Нгийн биед учирсан гэмтэлтэй холбоотой баримт биш тул хохирлоос хасаж тооцуулна...” гэсэн, мөн 2-р хавтаст хэргийн 32 дугаар талд хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар гэсэн 36,000 төгрөгийн баримтаар Ш.О- Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн баримт бөгөөд цаг хугацаагаар нь авч үзэхэд Ш.О- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдохоос өмнөх баримт байх тул хэрэгт хамааралгүй гэж үзэн нийтдээ 784,220 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 7,411,736 төгрөгөөс төлөгдсөн 5,350,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 2,061,736 төгрөгийн шаардлагаас 784,220 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1,277,516 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч В.И нь нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нэхэмжилсэн хэмжээнд төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүгдэгч В.И 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг /1-р хх-ийн 217-220, 2-р хх-ийн 38-39/ хүртэл нийт 104 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.И-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, хэрэгт хураагдаж ирүүлсэн В.И-ы №114475 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 1903006460284 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авах, хохирлоо төлөх учир хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар гаргасан саналыг шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой гэснийг харгалзан шүүгдэгчийг ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт В-н И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч В.И-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.И-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар В.И-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.И-ы цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.И-аас 1,277,516 /нэг сая хоёр зуун далан долоон мянга таван зуун арван зургаа/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О-т олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 784,220 /долоон зуун наян дөрвөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1903006460284 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн В-н И-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №114475 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн 1903006460284 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөлөөгч гомдолтой гэснийг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч В.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Д.АЛТАНЖИГҮҮР