Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/356

 

  2020        4           17                                        2020/ШЦТ/356                                     

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0321/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

хохирогч Б.Баярсайхан,

шинжээч Ц.Нандинцэцэг,

шүүгдэгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ч-д холбогдох эрүүгийн “2009005000274” дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Наран” группэд сантехникч ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл гэх газарт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш.Ч /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран плаза” төвд иргэн Б.Баярсайхантай “мөнгө задал гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ч-н өгсөн: “Хохирогч мөнгө задлаад өгөөч гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй гэсэн чинь чи дээшээ ороод задлаад өг гэхээр нь чи өөрөө дээшээ гараад задал гэж хэлсэн. Маргалдсан зүйл байхгүй. Эрдэнэхүү байцаагч надад хэлэхдээ “чи түлхсэн нь үнэн хохирогч унасан. Чи тэр хүнд гар хүрээгүй байсан бол тэр хүн гэмтэхгүй байсан. Чиний буруу” гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Зүгээр ажлаа хийж байхад орж ирээд би түлхээд гаргасан. Намайг ажлаа хийх гээд гарсан байхад мөрдөгч Эрдэнэхүү намайг чиний гар яагаад цус болсон байсан юм бэ. Чи тэр хүнд гар хүрсэн л юм чинь чи буруутай гэж хэлсэн. Би бохирын цооног янзлаад гараа зүсээд цус болсон орж ирсэн. Баярсайхан миний хойноос өөрөө цус болсон орж ирсэн. Тэгсэн найз нь араас нь орж ирээд дайраад байсан. Би мөрдөгчид та яаж байгаа юм бэ гэхэд мөрдөгч “чиний амьдралаар чинь тоглоно шүү” чи хүрсэн болохоор заавал буруутай гэж хэлсэн. Би тэр орой камерын бичлэг үзэхэд Баярсайхан намайг гадаа гарчихаад орж ирж куртикээ тайлаад гарах хооронд 2-3 удаа орж гарахдаа над руу хараад байсан. Өмнө нь би гэр бүлийн хүчирхийлэл гээд хадам ахтайгаа муудалцсан түүнээс болоод намайг буруугаар ойлгоод байх шиг байна...хохирогчийг түлхсэн нь үнэн. Түлхэхэд газар унасан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярсайханы өгсөн: “Ш.Ч намайг улаан цагаан зодчихоод зодоогүй гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Чи бид хоёрыг харсан олон гэрч байгаа. Намайг дагуулж  гарч тонгорч унагааж зодоод нүдний шил хагалж түүнээс болж би Гэмтэл дээр очиж олон оёдол тавиулсан. Ш.Чод зодуулснаас болж би 20 гаруй хоног ажлаа хийж чадаагүй түрээсийн өрөнд орсон. Би нүүрэн дээрээ сорвитой болсон 5 оёдол тавиулсан. Би үсчний салон ажиллуулдаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг хүний хувьд хэцүү байна. Ажлаа хаалгах хэмжээний асуудал үүсээд байна. Би сорви арилгадаг эмнэлэгт хандсан 1.000.000 төгрөгийн эмчилгээ оёдол эдгэсний дараа хийлгэнэ. Би Зам тээврийн яамны хажууд байдаг Наран худалдааны төв дотор “CHIC” нэртэй үсчний салон ажиллуулдаг. Зодуулснаас хойш 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 30-ны хооронд сарын 1.800.000 төгрөгийн түрээсийн төлбөрт орсон байгаа. Би 120.000 төгрөгөөр томографид үзүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг болсон. Шүүгдэгчээс би 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд энэ дээр түрээсийн мөнгө болох 1.800.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг гээд нийт 2.938.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.”  гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Баярсайханы мэдүүлэг, гэрч Б.Даваа-Очир, Ч.Болдбаатар, Д.Оюун нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №1933 тоот дүгнэлт зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Шинжээгийн Ш.Ч нь 2020.01.24-нөөс 25-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран плаза худалдааны төвд хохирогч Бямбадоржийн Баярсайханыг өөрийг нь “мөнгө задалж өг” гэлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт шарх, баруун ташаанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Б.Баярсайханы хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн "... 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим дуудлагын жолооч дуудах гээд Наран плаза орсон. Намайг ороход Наран плаза төвийн слесарь Ш.Ч сууж байсан. Би 20.000 төгрөг задлаад өгөөч гэхэд чи ямар овоо пизда вэ гээд намайг тус төвөөс дагуулж гараад гаражийн үүдэнд тонгорч унагаад, миний нүүр хэсэгт гараараа нилээд хэдэн удаа цохисон. Би Ш.Чод зодуулаад цус нөжтэйгөө холилдоод машинаа халаагаад хамт явж байсан Нямцэрэнтэй таарсан...миний биед учирсан гэмтлийг Ш.Ч дагуулж гараад гараашийн үүдэнд зодож учруулсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 тал/,

Гэрч Б.Даваа-Очирын өгсөн: "...ресепшний хажуу талын ариун цэврийн өрөөнд Ш.Ч хохирогч гээд байгаа үсчин хийдэг залуу, түүний найз гэх залуучууд хоорондоо маргалдаж байсан. Тэгээд Болдбаатар бид 2 ороод Ш.Чыг ариун цэврийн өрөөний үүднээс холдуулсан. Болдбаатар бид хоёрыг ороход хохирогч гээд байгаа залуугийн нүүр нь цус болчихсон байсан...Ш.Чын надад ярьж байгаагаар бол Ш.Чыг ресепшний тэнд сууж байхад хохирогч гээд байгаа залуу ирээд мөнгө задал гэж хэлснээс болж маргалдсан гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Гэрч Ч.Болдбаатарын өгсөн: "...Даваа-Очир бид хоёрыг Наран плазагаас гарахад Ш.Ч ресепшний сандал дээр суугаад үлдсэн.  ...Даваа-Очир бид 2 ажлаа дуусгаад Наран плаза руу ороход ариун цэврийн өрөөнд Ш.Ч хохирогч гээд байгаа үсчин хийдэг залуу, түүний найз гэх залуучууд хоорондоо маргалдаж байсан. Даваа-Очир Ш.Чыг дагуулаад гарсан. ...тухайн үед хохирогч гээд байгаа Баярсайхан гэх залуу согтуу, хацар нь цус болчихсон зогсож байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...хохирогч Б.Баярсайхан Ш.Ч-н сууж байсан угтах хэсгийн ард бичлэгний 11:33 минутанд оров. Бичлэгнээс харахад хохирогч Баярсайхан Ш.Чыг сууж байхад нь татах үйлдэл хийх ба бичлэгний 11:47 минутанд хохирогч Б.Баярсайхан Ш.Чын барьж байсан гар утсыг угтах хэсгийн ширээн дээр тавиулав. Бичлэгний 12:23 минутанд хохирогч Ш.Ч гадуур өмссөн хар өнгийн куртикээ хагас тайлахад цэнхэр өнгийн цамцтай байв. Бичлэгийн 13:00 минутанд Ш.Ч угтах хэсгийн сандалнаас босож гадуур хувцсаа тайлаад хохирогч Б.Баярсайханы хамт Наран плаза төвийн үүдээр гарав. ...бичлэгний 20:40 минутанд гэрч Ш.Ч гаднаас ханцуйгаа шуусан байдалтай гэрч Оюуны хамт орж ирсэн ба гар нь улаан хүрэн өнгийн зүйл болсон хаалгаар орж ирээд камерын доор байх ариун цэврийн өрөө рүү шууд орлоо. Бичлэгийн 21:16 минутанд хохирогч Б.Баярсайхан цэнхэр өнгийн цамцтай бусдад зодуулсан байдалтай орж ирээд гэрч Ш.Чтой хэрүүл маргаан хийж байгаад 24:37 цагт ариун цэврийн өрөө рүү орлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 22 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1933 дугаартай: "... Б.Баярсайханы биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт шарх, баруун ташаанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." гэх дүгнэлт /хх-ийн 9-10 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй. Мөн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Мөн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Ш.Чод яллах дүгнэлтийг хэзээ, хэрхэн гардуулж өгсөн талаар тэмдэглэл хавтаст хэрэгт байдаггүй. Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхойгүй. Тухайлбал 224 дугаартай яллах дүгнэлтэд 2020 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө гэх байдлаар бичигдсэн. Энэ хэргийн бүрдэл хангагдаагүй бөгөөд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чаддаггүй. Гэмт хэргийг хэзээ, хэн үйлдсэн нь тодорхойгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд үүнд дараах байдлаар дүгнэлт хийв.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Баярсайханы биед үзлэг хийж дүгнэлт гаргасан шинжээч Ц.Нандинцэцэг оролцож, дүгнэлтийн талаар эргэлзээгүй, дэлгэрэнгүй тайлбарласан. Хохирогч Б.Баярсайхан өөрийг нь шүүгдэгч Ш.Ч зодсон гэдгийг анхнаасаа тогтвортой удаа дараа мэдүүлж, түүнийг шууд заасан болон хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс мөн хохирогч шүүгдэгч 2 маргалдаад хохирогч Б. Баярсайханыг шүүгдэгч Ш. Ш.Ч нь дагуулаад гарсан...тэдний араас хүмүүс гарч очиход хохирогч зодуулсан байдалтай нүүр ам нь цус болсон байсан талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэг бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш. Ш.Ч нь хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж улмаар түүнийг дагуулж гарч унагаж байгаад зодож цохин санаатайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдож байна.

Иймд хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоосон, шүүгдэгч Ш.Ч-н бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан, сөргөлдөөнийг үүсгэн уур бухимдал, хүч бяраар асуудлыг шийдвэрлэх гэсэн балмад түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Чын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Баярсайхан нь гоо сайхны мэс засалд орох эмчилгээний зардалд    1 сая төгрөг болон хувиараа Наран плаза төв дотор үсчний салон түрээсэлж ажиллуулсан түрээсийн төлбөр 1 800 000 төгрөг, толгойн компьютерт томографийн  шинжилгээ өгсөн 120.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлж дүгнэлт гаргуулахад төлсөн хураамж 8.000 төгрөг, гоо сайхны эмнэлэгт эмнэлэгт үзүүлсэн хураамж 10.000 төгрөг гээд нийт 2 938.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Чоос нэхэмжилж байна.

Шүүх хохирогчоос нэхэмжилж байгаа хацрын сорви арилгах гоо сайхны мэс засал хийлгэх зардал 1 000 000 төгрөг болон 2020 оны 2 сард Наран плаза худалдааны төвд үсчний салон ажиллуулсан түрээсийн төлбөр 1 800 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь эдгээр нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй байна.

Харин шүүгдэгчид зодуулсаны дараа толгойн компьютерт томографийн  шинжилгээ өгсөн 120.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад төлсөн хураамж 8.000 төгрөг, гоо сайхны эмнэлэгт үзүүлэхэд төлсөн 10.000 төгрөгийн хураамж, нийт 138 000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлогдсож байх тул энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Баярсайханы тухайд нэхэмжлэлээс үлдэх бусад шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Чод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ш.Ч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ш.Ч-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ч-с 138.000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Баярсайханд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Хохирогч Б.Баярсайхан нь эрүүл мэндэд учирсан гэм хорын болон бусад хохирол, зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жичдээ нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ш.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР