Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/09

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан

Шүүгдэгч: Ц.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах

ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бүжинлхам шүүгдэгч Б- овогт Ц-гийн Х-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802003920294 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын __ баг ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Б- овогт Ц-гийн Х- /хоч нэр У-/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Х- нь нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг “___” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 19,468,029 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                 /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Х- нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг “___” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Шүүгдэгч Ц.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би  хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Одоо бол уг газарт зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, нөхөрлөл байхгүй. ...Ц.Х- нь намайг 2018 оны 08 сард ээлжийн амралттай байх хугацаанд ___ амны хонгилын дээд үзүүрт техник хэрэгсэл авчирч алт олборлох зорилгоор газар ухаж байгаад цагдаад баригдан шалгагдаж байгаа талаар мэдсэн.  Энэ хэргийн улмаас байгаль орчны газрын хэвлийд учруулсан нөхөн төлбөр болон нөхөн сэргээлт хийхэд гарах зардалыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар төлбөрийг гаргуулж Бат-Өлзий сумын төрийн сангийн эрсдэлийн дансанд оруулж өгнө үү. ___ гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй гэжээ." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  32-33 хуудас/

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...___ ам гэдэг газарт У- гэх хүний уурхайд 2018 оны 08 дугаар сарын 02-нд 3000 LC7 маркийн эксковатарыг машинаар ачиж ирээд тэрнээс хойш эксковатарын оператороор ажиллаж байна.  Ирснээсээ хойш кемпийн гэрүүдийн урд модны захад 5 хоног эксковатароор ухаж шороо ачиж өгсөн. Шинэ газар ирээд 3 хоног шороо ачиж өгсөн.  Уурхайн эзэн У- гэгч миний ухах газруудыг зааж өгдөг байсан.  Дээд талд зааж өгч ухуулсан газар нь эрүүл газар байсан. Миний жолоодож байгаа эксковатар Г- гэдэг хүнийх ... гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 34-35 хуудас

Гэрч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2014 оны 03 дугаар сард " ___" ХХК-наас Хьюндай маркын эксковаторыг 100 сая төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш газар шорооны ажилд түрээсээр ажилуулж байгаа юм. Энэ оны 07 сарын эхээр байсан яг өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай том хүү Б.Г- миний ___ улсын дугаартай эксковаторыг хувь хүнд түрээслүүлнэ гээд аваад явсан. Б.Г- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд алтны уурхайд газар шорооны ажил хийнэ, газар хөлдөх хүртэл хугацаанд 1 сарын 12.000.000 төгрөгөөр түрээслүүлнэ гээд надад урьдчилгаа гэж 6 сая төгрөг өгсөн. Тухайн үед түрээслэх хүнийхээ нэрийг хэлж байсан юм гэвч би хэн гэж байсныг нь санахгүй байна. Тэр хүнтэй нь огт уулзаагүй. Манай хүү Б.Г- түрээсийн гэрээ хийсэн гэж байсан. Энэ сарын эхээр цагдаагаас хүмүүс ирээд эксковатарын компьютерийг хураагаад аваад явсан гэсэн гэх мэдүүлэг /1 хх-ийн 36-37, 2 хх-ийн 141  хуудас/

Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай аав Б- нь 2015 оны үед Шар өнгийн Хюндэй 3000 LC-7 маркын эксковаторыг анх "___" компаниас худалдаж авч газар шорооны ажилд түрээслүүлж байсан юм. 2018 оны 07 дугаар сарын дундуур би Шарын голд ажиллаж байгаад болиод байж байхад Ц.Х-ын хамаатан гэх манай нутгийн залуу надад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нэг ажил байначи хийх үү гэхээр нь би Ц.Х- гэдэг залуутай Улаанбаатар хотод Гурвалжингийн гүүрний дэргэд уулзсан. Тэгтэл Ц.Х- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хороололын гэрээтэй алтны уурхайд хуучин ашиглачихсан шороо угаана сарын 16 сая төгрөгөөр эксковаторыг чинь түрээслэж авъя гэхээр нь би газар чинь асуудалгүй юм байгаа биз дээ гэхэд асуудалгүй хоршооллын гэрээтэй сумынхаа иргэдэд өгдөг газар гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би эксковатороо 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 8 сая төгрөг аваад өгөөд явуулсан. Би эксковаторчин гэж Б- гэдэг хүнийг явуулсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын эхээр байх цагдаа нар ирээд эксковаторын чинь компьютерыг хураагаад аваад явсан гэж Б- надад хэлсэн. Ямар учраас хурааж авсан талаар ярихад уурхайн хажууд байх өвөлжөөний урд талын эрүүл газрыг ухуулсанаас болж хураагаад аваад явсан гэж хэлсэн. Ц.Х- надад Эксковаторын компьютерыг чинь хураагаад аваад явчихсан гэхээр нь би танай газар шүү дээ би түрээсээ гэрээнд зааснаар авна гэж хэлсэн. Бид хоёр гэрээ байгуулсан байсан юм. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын сүүлээр явж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас уг уурхай байсан газраас эксковатороо ачаад аваад ирсэн" гэх мэдүүлэг /1 хх-ийн 38 хуудас/

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ гэх газар байдаг У- гэдэг хүний уурхайд 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс ачааны Хово гэдэг машины жолоочоор ажиллаж байгаа. Миний унаж байгаа машин Ө- гэдэг хүний машин байгаа юм. ___ улсын дугаартай. Ө- гэгч нь миний жолоодож байгаа машиныг У-д түрээслүүлсэн. Ө- надад цалин өгөхөөр тохиролцсон юм. Энэ уурхай зөвшөөрөлтэй эсэхийг би мэдэхгүй Өнөөдөр өглөөнөөс хойш дээр ухсан газраас шороо ачиж кемпийн хажууд байгаа усан буун дээр асгаж байтал цагдаа ирж ажил зогсоосон. ... ___ дугаартай Хово маркийн машинаа шаварт суулгаад сэнс радиорторыг нь эвдчихсэн. Машинаа үлдээчихээд аймгийн төв ороод Ө- ахын ___ дугаартай ачааны автомашиныг авч яваад буцааж очсон.  Тэнд бараг 3 хоносон байх. Сүүлийн өдөр ухсан карьераас шороо ачиж алт угаах төхөөрөмж буюу скруберийн хажуу талд зөөвөрлөж буулгасан. Цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон гэх  мэдүүлэг /1 хх-ийн 39, 2 хх-ийн 139 хуудас/ 

Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний нэр дээр Хово машинаас гадна ___ улсын дугаартай Хово маркын машин байдаг. Би 2017 оны 07 дугаар сард ачаа тээвэр хийх зорилгоор нийлээд 40 сая төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авсан юм. Өвөрхангай аймагт байхад манай дүү Б- 2017 оны 09 дүгээр сарын эхээр над дээр ирээд ачааны машин түрээслэх хүмүүс байна би очоод жоохон ажиллаадахъя гээд 1 машинаа аваад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу нэг уурхай руу явсан. Тэгээд 2 хоног билүү нээх удаагүй шалгалт ирээд уурхай нь ажиллахаа больчихсон гэж хэлсэн. Би ер нь ажиллаж болохоор газар мөн үү үгүй гэдгийг нь анзаарч харж байсан юм. Тэгээд болохоор юм бол сарын 1 машины 6 сая төгрөг авахаар тохирох байсан юм. Дүү тэгж л ярьсан байх. Түрээсийн гэрээ байгуулаагүй. У- буюу Х-тай машинаа шороо зөөх ажилд түрээслүүлэхээр утсаар ярьж тохироод өөрийн дүү Б-од машинаа өгч явуулсан гэх  мэдүүлэг/1  хх-ийн 41-42 , 2 хх-ийн 140 хуудас/

Гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд "___ гэдэг газарт байдаг У- гэсэн жинхэнэ нэрийг нь мэдэхгүй хүний уурхайд 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэж алт угаах усан буучнаар ажиллаж байгаа. У- надад сарын 800000 төгрөгийн цалин өгнө гэж тохирсон гэх мэдүүлэг /1 хх-ийн 43 хуудас/

Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2010 оноос хойш Гурвалжин захын Тэхийн зогсоол дээр техник хэрэгсэл түрээслэх үйл ажиллагаа явуулж байна. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг Тэхийн зогсоол дээр байхад нэг үл таних залуу ирж уулзсан Тэр залуу өөрийгөө У- гэж танилцуулсан бөгөөд Ковш түрээслэх төлбөр мөнгөний талаар асууж тодруулаад явсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирээд миний Ковшийг 1 сарын 10 сая төгрөгөөр түрээслэхээр тохироод урьдчилгаа 8 сая төгрөг өгсөн. Маргааш нь ковшоо ачаад явсан. Би Э- гэдэг залууг ковшныхоо оператороор явуулсан.  2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр У- надтай ирж уулзаад шалгалтаар хүмүүс очоод экскавотарын компютер хурааж аваад техник хэрэгсэл лацдаад үйл ажиллагааг зогсоосон гэсэн гэх мэдүүлэг /1 хх-ийн 44-45 хуудас/

Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/05 тоот дүгнэлтэнд: ... Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ___н амны эхэн болон дунд хоёр хэсэг талбайд уул уурхайн ашиглалт явуулсаны улмаас 1-р талбай: 20 м урт, 14 м өргөн дунджаар 1.1.м гүн 349.1м2ухаш, овоолго, 2-р талбай: 50 м урт, 15 м өргөн, дунджаар 1.1 м гүн, 922.9 м2 ухаш овоолго нийт 0.1272 га буюу 1272 м2 газарт эвдрэл үүссэн байна. ___н амны эхэнд байрлах 1-р талбайд ашиглалт явуулж байгаагүй, эрүүл хөрсөнд эвдрэл учруулсан, ___н амны дунд байрлах 2-р талбай нь ой, усан сан бүхий газарт хамрагдах боловч олборлолтын талбайд ой, мод өртөөгүй, харин усан орчинд хохирол учруулсан байна. Ашиглалтын үйл ажиллагааны улмаас эдэлбэр газарт 1630 төгрөг, газрын хэвлийд 2,344,404 төгрөг, хөрсөнд 4,057,780 төгрөг, усан орчинд 12,303,145 төгрөг ургамлаг нөмрөгт 761.070 төгрөг, нийт 19,468,029 төгрөгийн хохиролыг байгаль орчинд учруулсан баина. Тус талбайд 3036,8 м3 эзэлхүүн бүхий газарт нөхөн сэргээх ажил хийгдэх бөгөөд техникийн нөхөн сэргээлт хийхэд 3,289,900 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 589,700 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 426.700 төгрөг, нийт 4,306,300 төгрөг зарцуулагдах тооцоо гарсан  гэсэн дүгнэлт /1 хх 50-80 хуудас/

Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 7/6544 дугаартай албан бичигт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байх бөгөөд МВ-004929 /талбай-1/, МВ-001080/талбай-2/ тоот хүчингүй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна" гэх албан бичиг /1 хх-ийн 85 хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт орших Бат-Өлзий сумаас 60 км "___ "гэх газар байв...кемпийн гэрүүдийн ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 50 орчим метрийн зайд байрлах 5 хоногийн өмнө ухаж эвдрэлд оруулсан гэх газар байсан ба уг газрын байршлыг шалгахад 1.Е101 55 02.3, N46 52 59.5, 2.Е101 55 02.3,N46 52 59.1 , 3.Е101 54 59.9 N46 52 58.9, 4.Е101 55 00.0 N46 52 59.7 гэсэн солбилцолд байв.

Иргэн У- гэгчийн хариуцан ажиллуулж буй уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон 2 дахь талбайн байршлыг шалгахад талбай нь уурхайн кемпээс баруун хойд зүгт 600 метр орчим зайд байв. Уг газрын байршлыг шалгахад 1.Е101 53 35.4 N46 53 27.9, 2.Е101 53 35.3 N46 53 27.1 , 3.Е101 53 35.8, N46 53 27.3, 4.Е101 53 N46 53 27.9 гэсэн солбилцолд байв. Тус газрын нарийвчилсан хэмжээг гаргахаар хэмжилтийг хулдаасан метр ашиглан явуулахад 19.8 метр урттаи, 14.5 метр өргөнтэи, 3.30 метр гүнтэй байв. Ухаж нүхэнд ажиллаж байсан эксковаторын байршлыг шалгахад Е101 53 35.4, N46 53 27.4 гэсэн солбилцолд байв ... гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 10-21 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Х- нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг “___” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 19,468,029 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч Б.Б-, Г.Б-, Б.Г-, Б.Б-, Б.Ө-, П.Г-, Н.А- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч бөгөөд ашигт малтмал эрж, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй, энэ хуульд заасан журмаар тусгай зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээд авахаар зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Х- нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан байна.

Шүүгдэгч Ц.Х-ыг гэрч нар У- гэж мэдүүлсэн байх ба шүүх хуралдаанд тодруулан асуухад намайг У- гэж дууддаг гэв. / 2 хх 120 хуудас/

Иймд шүүгдэгч  Ц.Х-ыг  2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “___” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж гаргасан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ц.Х- нь байгаль орчинд 19,468,029  төгрөгний хохирол учруулсан, нөхөн сэргээлт хийхэд гарах зардал 4.306.300  төгрөг болж байх ба үүнээс 1,500,000 төгрөгийг төлсөн байна.

Шүүгдэгч Ц.Х-аас байгаль орчинд учруулсан хохиролд 17,968,029 төгрөг, нөхөн сэргээлт хийхэд гарах зардалд 4,360,300 төгрөг нийт 22,274,329 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал 3,000,000 төгрөгийг  Ойт бүс ХХК-д Цагдаагийн ерөнхий газрын с- аж ахуйн албанаас шилжүүлсэн болох нь иргэний нэхэмжлэгч Б.О- /2хх 136-138 хуудас/-ийн мэдүүлэг, тодорхойлолтоор тогтоогдож байх тул уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ алт угаах зориулалт бүхий төхөөрөмж /скруфейр/, ___, ___ улсын дугаартай  STEYR маркийн ачааны автомашин 2 ширхэгийг,  ___ дугаартай хьюндай маркийн экскавотар, ___ улсын дугаартай авто ачигчийг ашигласан болох нь гэрч Г.Б-ы Б.Г-,  Б.Б-, Б.Б-, Б.Ө-, П.Г-, Н.А- нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  өөрийнх нь алт угаах зориулалт бүхий төхөөрөмж /скруфейр/ -ийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 123 дугаар прокурорын тогтоолоор битүүмжилж,/ 1 хх 179 хуудас/, 16187500 төгрөгөөр үнэлсэн /1 хх 211-212 хуудас/, 2009 онд үйлдвэрлэсэн, ___ дугаартай STEYR маркийн ачааны автомашиныг 28,000,000 төгрөгөөр, 2008 онд үйлдвэрлэсэн ___ улсын дугаартай, STEYR маркийн ачааны автомашиныг 24,800,000 төгрөгөөр, ___ дугаартай хьюндай маркийн экскавотарыг  20,000,000 төгрөгөөр, ___ улсын дугаартай авто ачигчийг 35,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг хэрэгт хавсаргасан байна. /2 хх 144-147 хуудас/

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлийнх бол түүнийг хурааж улсын орлогод оруулах, тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдвол тээврийн хэрэгслийг үнэлж үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулах хуулийн зохицуулалттай. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.Х-ын эзэмшлийн 16187500 төгрөгийн үнэлгээтэй алтны шороо угаадаг, усаар шүршдэг төхөөрөмжийг хурааж, худалдан борлуулж  хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дараах тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /2 хх 156-159 хуудас/ тогтоогдож байх тул  2009 онд үйлдвэрлэсэн, ___ дугаартай STEYR маркийн ачааны автомашины үнэ 28,000,000 төгрөгийг, 2008 онд үйлдвэрлэсэн ___ улсын дугаартай, STEYR маркийн ачааны автомашины үнэ 24,800,000 төгрөгийг, ___ дугаартай хьюндай маркийн экскавотарын  20,000,000 төгрөгийг, ___ улсын дугаартай авто ачигчийн үнэ 35,000,000 төгрөгийг нийт  107,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалыг төлүүлж илүү гарсныг нь улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг дурдаж, шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдөөгүй хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогт Ц-гийн Х-ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Ц-гийн Х-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-аас байгаль орчинд учруулсан хохиролд 17,968,029 төгрөг, нөхөн сэргээх зардалд 4,360,300 төгрөг нийт 22,274,329 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,000,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.Х-ын эзэмшлийн 16,187,500 төгрөгийн үнэлгээтэй алтны шороо угаадаг, усаар шүршдэг төхөөрөмжийг хурааж, худалдан борлуулж  хохирол нөхөн төлүүлэх,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дараах тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул  2009 онд үйлдвэрлэсэн, ___ дугаартай STEYR маркийн ачааны автомашины үнэ 28,000,000 төгрөгийг, 2008 онд үйлдвэрлэсэн ___ улсын дугаартай, STEYR маркийн ачааны автомашины үнэ 24,800,000 төгрөгийг, ___ дугаартай хьюндай маркийн экскавотарын үнэ 20,000,000 төгрөгийг, ___ улсын дугаартай, LIU GONG маркийн авто ачигчийн үнэ 35,000,000 төгрөгийг нийт 107,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалыг төлүүлж илүү гарсныг нь улсын орлогод оруулсугай.

 7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА