Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2017/00004

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, “Космо трейд” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 154-4-48 тоотод оршин суух, Шарайд овогт Сашкагийн Мөнхсоёлмаагийн /РД: СЙ89111405, утас: 89140006/ нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: 1988 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Сансарын 1-23 тоотод оршин суух, Боржигон овогт Батмөнхийн Мөнхзулд /РД: ЕУ88101611, утас: 88045270/ холбогдох

  

Байрны урьдчилгаанд өгсөн 18 000 000 төгрөг болон банкны хүү 6 227 029 төгрөг, нийт 24 227 029 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Мөнхсоёлмаа, хариуцагч Б.Мөнхзул, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мөнхсоёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Мөнхзултай 2012 оны 10 дугаар сараас хамтын амьдрал зохиохоор шийдэж, “Твин хаус констракшн” ХХК-тай тохиролцон Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 44 дүгээр байр, 45 тоотод байрлах, 1 өрөө, 42 м.кв орон сууцны урьдчилгаанд өгөхөөр 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аав П.Бат-Эрдэнийн 3 өрөө байрыг Хаан банкинд барьцаалан 18 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж, Б.Мөнхзулын 5376187278 тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн. С.Мөнхсоёлмаа миний бие тус зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Бид таарч тохирохгүй, мөн хадам ээжийн дарамт шахалтаас болж хамтран амьдрах боломжгүй болж, 2016 оны 04 дүгээр сараас тус тусдаа амьдарч байна. Үүнээс хойш миний бие түрээсийн байр хөлслөн амьдарч байна. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хамт амьдарч байх хугацаандаа зээлийн төлөлтийг хамтран төлж, мөн өөрийн аав, ээжийн туслалцаагаар 4-5 сар орчим төлөлтийг хийлгэж байсан. Учир нь Б.Мөнхзул нь өвлийн улиралд ажилгүй, орлогогүй байдаг. Үүний зэрэгцээ байраа тохижуулах, хоол, хүнс, байрны дулаан цахилгааныг төлж байсан билээ. Б.Мөнхзул нь байрны төлөлт хийж байсан ба байраа авч үлдэх сонирхолтой байгаа учраас би хохирч байна. Б.Мөнхзул нь цөөхөн төлөлт хийсэн ба хугацаандаа төлөлт хийгээгүй учраас хар данс даруулж, дахин зээл авах боломжгүй нөхцөлд орсоноос гадна цаашдын амьдралд хохиролтой байна. Иймд Б.Мөнхзулд өгсөн 18 000 000 төгрөгийг банкны хүү 6 227 029 төгрөгийн хамт, нийт 24 227 029 төгрөг нэхэмжилж байна. Миний бие банкны хүүг тооцохдоо Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг үндэслэн хүүгээ тооцож нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хамт амьдарч байх хугацаандаа байртай болох зорилгоор хадам аавын нэр дээр зээл авахуулж, 18 000 000 төгрөгийг байрны төлбөрт өгсөн. Миний хувьд 2014 оны 07 дугаар сараас эхлэн “Твин хаус констракшн” ХХК-ийн газар шорооны ажлыг хийж, орон сууцыг бартераар буюу төлбөрийг элс, хайрга зөөх гэх мэт хэрэгтэй зүйлийг нийлүүлж авахаар тохирсон юм. Манай байрны гэрчилгээ одоо тус компанийн захирал болон миний нэр дээр гарсан. Байрны төлбөр 60 000 000 төгрөгөөс 14 000 000 төгрөг үлдсэн.

2014 оны 08 дугаар сараас хойш банкнаас авсан 18 000 000 төгрөгийн төлбөрийг би төлсөн. Сүүлийн 2-3 сарыг хугацаа хэтрүүлж, хагас дутуу төлсөн. Бид хоёр хамт амьдарч байсан болохоор ихэнх дансны хуулга нь С.Мөнхсоёлмаагийн нэр дээр гарч ирнэ. Учир нь би С.Мөнхсоёлмаад мөнгө өгч банкинд зээлийн төлөлт хийлгэдэг байсан. Би бичиг цаасны ажилд хайхрамжгүй ханддаг болохоор зээлийн төлөлтөө биечлэн хийсэн нь цөөхөн. Мөн гэр бүлийн хүмүүсээрээ төлөлт хийлгэсэн удаа байгаа. С.Мөнхсоёлмаа нь тогтмол цалинтай. Миний цалин тогтмол биш ч гэсэн хэрэгцээндээ хангалттай хүрдэг. С.Мөнхсоёлмаа нь сайн дураараа гэрээсээ явсан. Хэзээ ч ирээд байрандаа байж болно. Тийм учраас байр түрээслэн амьдарч байгаа хохирол нь надад хамаагүй. Мөн хоолны зардал нь хэрэгт ач холбогдолгүй тул ярьмааргүй байна. Би С.Мөнхсоёлмаад мөнгө өгөхөөр бүх зүйлийг зохицуулдаг байсан. Миний олсон орлого байрны элс, хайрга банкны төлөлтөнд орж байсан. Салсанаас хойш сүүлийн 2-3 сарын зээлийн төлөлтийг тал, талаар нь хийсэн учраас 4 сарын төлөлтийг бүтэн хийсэн гэж үзэж байна. Зээлийн төлбөрийг төлж байсан тул одоо 10 000 000 төгрөгийг төлөөд эвлэрэх саналтай байна гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мөнхсоёлмаа нь хариуцагч Б.Мөнхзулд  холбогдуулан байрны урьдчилгаанд өгсөн 18 000 000 төгрөг болон банкны хүү 6 227 029 төгрөг, нийт 24 227 029 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

С.Мөнхсоёлмаа нь нэхэмжлэлийн үндэслэлээ Б.Мөнхзултай хамтран амьдарч байх хугацаандаа “Твин хаус констракшн” ХХК-тай тохиролцож, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 44-45 тоотод байрлах, 45 м.кв орон сууцны урьдчилгаа төлбөрт аав П.Бат-Эрдэнийн цалинг барьцаалан зээл авч 18 000 000 төгрөгийг өгсөн, одоо тусдаа амьдрах болсон тул үүнийг банкны хүүгийн хамт Б.Мөнхзулаас гаргуулна гэж тайлбарлаж байна.  

С.Мөнхсоёлмаа болон түүний эцэг П.Бат-Эрдэнэ нар нь “Хаан банк” ХХК-ийн Баянтал тооцооны төвтэй Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 23 000 000 төгрөгийг зээлж, үүнээс 18 000 000 төгрөгийг Б.Мөнхзулын 5376187278 тоот дансруу шилжүүлсэн, уг мөнгийг дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ-221/1627 тоот гэрээ /хх 23-25/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-53/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь байрны төлбөрт 18 000 000 төгрөгийг С.Мөнхсоёлмаа өгсөн талаар маргаагүй ба уг төлбөрөөс зохих хэсгийг банкны хүүгийн хамт төлж байсан гэх боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, 108.8.-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн орон сууцыг худалдан авахад оруулсан хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн хүү нэхэмжилж байгаа шаардлагын үндэслэлээ 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-221/1627 тоот зээлийн гэрээний хавсралт 1 буюу Зээл буцаан төлөх хуваарийн /хх-25/ зээлийн хүүгийн эргэн төлөлтөөр тооцож нэхэмжилсэнийг хариуцагч үгүйсгээгүй, үүнтэй маргахгүй байна. Харин зээлийн эргэн төлөлт хийсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа хэдий ч хэдэн төгрөгийг төлсөн, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох талаар тайлбарлахгүй, энэ талаар нотлоогүй.

Гэвч зохигч зээлийн эргэн төлөлтийг П.Бат-Эрдэнийн дансруу шилжүүлдэг байсан, түүний данснаас автоматаар зээлийн эргэн төлөлтийг татдаг байсан гэсэн тул хэрэгт авагдсан П.Бат-Эрдэнийн 5990142430 тоот дансруу  /Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ “Мөнхзулаас” гэсэн агуулгаар шилжүүлсэн орлогын мэдээллийг үндэслэн хариуцагчийг зээлийн эргэн төлөлтийг төлж байсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцов.  Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг судалж үзэхэд 2014 оны 10-11 сар /хх 51-р хуудасны ар тал, 53-р хуудас/, 2015 оны 03 /хх 52-р хуудасны ар тал/, 05 /хх 50-р хуудасны ар тал/ сард “Мөнхзулаас” гэсэн агуулгаар нийт 2 018 000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 5376187278 тоот данснаас 700 000 төгрөг шилжүүлсэн /хх-47/, уг данс нь Б.Мөнхзулын данс гэсэн тул нийт 2 718 000 хариуцагчаас төлсөн төлбөр гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцлоо.   

 

Хэдийгээр зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулаагүй ч орон сууц авах зорилгоор нэхэмжлэгч нь банкнаас зээл авсан, эргэн төлөлтийг зохигч хамтдаа төлж байсан байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж, банкны хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагчаас орон сууцны урьдчилгаа төлбөр болон зээлийн гэрээний дагуу төлөх хүү нийт 21 509 029 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 718 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, шүүхийн дуудсан цагт ирээгүйгээс хэргийн материалтай шүүх хуралдаан болох өдөр танилцаж, нотлох баримт бүрдүүлэх болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.      

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 085 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 265 495 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар хариуцагч Б.Мөнхзулаас 21 509 029 /хорин нэгэн сая таван зуун есөн мянга хорин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхсоёлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 718 000 /хоёр сая долоон зуун арван найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 085 /хоёр зуун далан есөн мянга наян тав/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамжид 265 495 /хоёр зуун жаран таван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Мөнхсоёлмаад олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ